УИХ-ын 24 дүгээр тойр­гийн хороо бие даагч М.Ичин­­норовын гомдлоор асууд­лыг ахин нягталж үзээд шийдвэрээ гаргажээ. Мэ­дээж түүнд нэр дэв­шиг­чийн статус олгохгүй гэсэн шийдвэр гарсан байна. Нө­хөн сонгуульд бие даан нэр дэвших санаачилгыг нь дэмжиж гарын үсэг зурсан нөхдийн зарим иргэний үнэмлэхийн дугааргүй, за­рим нь бүртгэлийн ду­гаар­гүй, зарим нь оршин суух хаяг нь тодорхойгүй, бас зарим нь насанд хүрээгүй байсан гэх шалтгаан энэ удаа түүнд хаалт болов. Хуульд зааснаар бол ян тан ху­вийн бүртгэлтэй 801 хү­ний гарын үсэгтэй дэмжлэг бүрдсэн байх ёстой юм байна. Гэвч өөлөх хүнд өөнтөг мунддаггүйн жамаар яаж ийгээд ийм нэг “ду­таг­дал” гарч ирээд хатагтай М.Ичинноровыг шахаж гар­гах сайхан шалтаг болжээ. За, яахав энэ нь түүнийг арчиж хаяж байгаа хууль ёсны дагуухь “ажиллагаа” юм биз. Харин хөөрхий эмэг­т­эйг хавчиж хяхсан хө­шиг­ний арын довтолгоо багагүй байсан гэх мэ­дээ­лэл гэрлийн хурдаар түгж байна.

Сэтгүүлч миний эг­дүү­цээд буй цорын ганц зүйл энэ л дээ. Хүний эрхийн хууль зүйгээр мэргэшсэн ха­тагтай М.Ичин­норов ний­гэмд бас ч гэж өндөр дэмж­лэгтэй хүн болох нь сая ха­рагд­лаа. Шударгаар хэ­лэ­хэд шударга гэсэн хийрхүү хийсгэлэн уриаг алчуур бол­­гож зангидчихаад дав­хиад байгаа Р.Бурмаагаас илүү олны анхаарлыг татах бүсгүй болохоо үзүүл­чих­лээ гэж хэлж болно. Хуульч М.Ичинноровт нийгмийн хамгийн тарчиг хэс­гийн­хэн­тэй танил шинж түлхүү бай­на. Дэмжигчид нь ердөө хуу­лийн туслалцаанаас ор­хигд­сон цоорхой хүрэмтэй да­руухан эрхмүүд, цээ­жин­дээ цэвэр ариун нийгмийн тухай цав цагаан мө­рөөд­лөөс өөр юмгүй гэнэн цайл­ган оюутнууд, өрх тол­гойл­сон эхчүүд байлаа.   

Нэртэй төртэй гэж үнэлэгд­дэг дээд зиндааныхны хэн нь ч энэ эмэг­тэйд дэмжлэгийн ганц үг ган хийлгээ­гүйгээс энэ бүхэн улам бүр батлагд­сан. Нэг талд буланд хярсан туулай шиг нүд нь бүлтгэнэсэн ганц бүсгүй харагдаж, нөгөө талд улаан хөхийг тунаруулсан туг далбаа­тай машин дээр, тал талын дэмжлэгтэй даналз­сан Р.Бур­маа (энэ удаа эрчүүдийн тухай авч үзсэнгүй) үзэгдэж, илэрхий хүч тэнцвэргүй нөхцөл байдал эхний хэдэн өдрийг хулдлаа.

Мөн М.Ичинноров улс төрд ямар ч дэмжлэггүй хүн болохыг та бид харлаа. Түүнийг өрөө­лийн байтугай өөрийнх нь нам ч дэмжсэнгүй. Мэ­дээж тэд урдаа сонгуулийн өмнөх эвслийн гэрээг барих байх. Энэ хэдий­гээр зарчим ч гэлээ хамтдаа хүйтэнд хөрж, халуунд халж, талбай дээр нударга зангидан хашгирч явсан үеэ хүндэтгэж, хүний ёсны үүд­нээс ч болов дэмжсэн бол хөндлөнгийн бидэнд сайхан харагдах байлаа.

Би М.Ичинноровтой танил биш. Бие даачихаад, ганцаараа гүйж явааг нь хараад сая тэсэлгүй “Ярилцъя” бу­ландаа урьж сэтгэлийг нь хуваалцсан. Ма­шинаа зарж хэдэн төгрөг болгодог юм бил үү гэхийг нь сонсоод, хөдөө суманд хүнд сур­тал, хөлдүү тогтолцоотой улаан нүц­гэн тэмцэж яваа нийтлэ­лийн минь баа­тар Шар Туяа  санаг­даж сэтгэл өвдсөн.

М.Ичинноров орж ирвэл Р.Бур­маагийн л санал хувааг­дана. Илүү сүртэй юм юу ч болохгүй. Тэрэн шиг тодорхой юм байхгүй. Тэрийгээ ч Р.Бурмаа мэдэж байна.

Харин улс төрийн ийм то­дорхой орчинд хүүхнүүд маань хөнгөдөж, нэгийгээ айх­тар хавсайдаж байгаа дүр зураг харагдаж, эрчүүдийн амны зугааг нэгээр нэмсэн нь илүү харам­салтай санагдаад болох­гүй байна. Иргэний хөдөлгөөний “баатрууд”-ын ихэнх нь хүүхнүүд. М.Ичин­норов, Ж.Занаа, Р.Бурмаа... Өөр хэн хэн ч билээ. Өнөө­дөр харин нөгөө хэд нь нийлчихээд эргэж М.Ичинноров руугаа дайрч байх шиг. Бүр эсэргүүц­лийн мэдэгдэл хийхээр зэхэж байгаа сураг чих дэлсч байхыг бодоход хө­дөл­гөөний гэсэн хөмсөгтэй хүүхнүүд нийлж байгаад нэгийгээ шахаж бай­гаа даг аа. Хатагтай Р.Бур­маа төвийн нэгэн хэвлэлийн тавьсан асуултуудад хариулах­даа М.Ичинноров руу улаан цайм дайрч давшиж, хажуудаа зогсч байгаа өрсөлдөгчийнхөө өмнө өөртөө хасах оноог шуудай шуудайгаар нь савлаад аваа­дахлаа. Цаадахынх нь түвшин, даруу төлөв жин даран үзэгдэж, манай хүн хөршийнхөө нэг авгайтай муудса­наа нөгөөд нь ам мэдэн чалчиж уураа барж байгаа төрхийг л үзүүлчих шиг болсон. Дуугүй өнгөрөөчихөөд, дараа нь харин М.Ичинноровын дэмжлэгийг аваад давхичих боломж түүнд харин байсан байж магадгүй.

Хүүхнүүдийг ингэж хүйс нь л “алдаг”. Эрчүүд бол ондоо. Цу­саа гартал зодол­дож байвч дараа нь ёс­той тосоо гартал тэврэлдэж, тасарт­лаа савж аваад мөрөн дээрээ алга­дал­цаад л урагшаа гэдэг. Хүүхнүүд хэлхэлдээд л гүйгээд байдаг атлаа яг нэдэр дээрээ очоод бүгд нэг нэгэндээ хорсдог. Хүүхнүүдийн замд газар ухаж тавьдаг хавх хүүхнүү­дийнх л байдаг. Дэндүү муухай энэ аран­шин маань гоё нь дээшээ хэнийг маань ч гаргадаггүй. Сонгуульд өрсөлд­сөн эмэгтэйчүүд хүүхнүү­дийнхээ сана­лаар л дутдаг. Ийм жижиг зангаа бид энэ удаа ч бас ил гаргаж “шогт­лоо”. Нөхөн сонгуульд манай эгнээнээс гэхэд сэтгүүлч Г.Уянга нэр дэвшиж бай­гаа. Гэвч өнөөдрийг хүртэл бид­ний хэн маань ч түүний талаар ганц үсэг тавиагүй байна. Энэ бол бидний төрмөл гэж болох муу араншин.

Хөдөлгөөн энэ тэрээр овоглож, хүүхнүүдийнхээ төлөө жендер ярьж зурагтаар тодор­дог хэд жинхэнэдээ эмэг­тэйчүүдийнхээ төлөө юу ч хийдэг­гүй. Малайзад амиа алдсан Алтантуяа агсны төлөө яагаад ганц удаа хуруу хө­дөлгөөгүй юм бэ гэж тэднээс асуумаар байдаг. Шоронд өчнөөн жил хоригдоод өршөө­лөөр арай ядан наранд гарч ирсэн эмэг­тэй­чүүддээ шинэ амьдралд нь амжилт хүссэн зурвас биччихээгүйг нь гайх­даг. Амиа алдсан, амьдралд эндсэн хэсгээ орхилоо гэхэд алдрын тавцанд мандаж, авъяас билгээрээ уралдаж, эх орныхоо нэрийг гаргаад ирсэн нэгэндээ ч цэцэг чулууддаггүй харам сэтгэлтэй тэд сонгууль болохоор л энд тэндгүй өөрсдөө нэр дэвшээд гүйдэг. Гүйх мөрөөрөө гүйхгүй нэг нэ­гийгээ унагаж, өөр хоорондоо өрсөл­дөж шившгээ тарьж яваад л хоосон ганзагатай ирдэг. Энэ явдал Монголд хэвшсэн гэж үзэхэд хилсдэхгүй.

Охидыг хил дамнан най­маалж, эхчүүд архичин нөхрийнхөө гарт үрэгдэж байхад хэн нь ч дуугардаггүй. Ярьдаг юмных нь ариун, явдал сууд­лынх нь жигшмээр хоёрыг харьцуу­лахад ийм л байна.

Бид нэг нэгэндээ дэмжлэг үзүүлдэг­гүй юм гэхэд гай болж баймааргүй байна. Энэ бүх араншин маань бидэнд “муу­сайн нэг тахианы тархитай юмнууд” гэсэн галзуурмаар муухай нэр хочийг зүүлгээд байна шүү дээ....