Ардчилсан улсын эрх чөлөөний хамгийн тод илэрхийлэл бол чөлөөт сонгууль. Бүх хүн төр засгийн эрхийг зэрэг барих боломжгүй учир ардчилсан оронд иргэд өөрсдийн төлөөлөгчөө, улс төрийн намуудын гишүүд, эсвэл бие даан өрсөлдөгчдөөс сонгон, дараачийн сонгууль хүртэл томилон ажиллуулдаг.

Чөлөөт сонгууль бол хүн төрөлхтний бий болгосон гайхамшигт ололт амжилт болох хүний эрх, эрх чөлөө, ардчилал зэрэг үнэт зүйлүүдийн зүй ёсны үр дагавар, бас оршин тогтнох үндсэн нөхцөл. Ардчилсан сонгууль бол эрүүл хүн, эсвэл аз жаргалтай хүн өдөр тутмын амьдралдаа анзаардаггүй атлаа алга болчихвол эрж хайдаг, олж авахын төлөө юугаа ч хайрлахгүй өгдөг нандин эрдэнүүдийн нэг. Энэ эрдэнийг олж авах, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, төр засгаа иргэд нь өөрсдөө сонгох эрхийг бий болгохын төлөө олон үеийн гэгээрсэн хүмүүс мөрөөдөж, басхүү тэмцэж байсан юм. Олон аавын хүүхдүүд амь насаа өгсөн юм. Зөвхөн чөлөөт орны чөлөөт иргэд л аз жаргалтай, сайн сайхан амьдарч чаддаг билээ.

Тухайн улс орны төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд бүх нийтээрээ даган мөрдөх ёстой хууль журам, дэг ёсыг тогтоодог Төлөөлөгчдийн Хуралд (конг ресс, сенат, сейм гэх мэтээр нэрлэдэг) иргэн бүр нь сонгох, сонгогдох тэгш эрхтэй байхыг дэлхийн хүн амын нэлээдгүй хэсэг нь мөрөөдсөөр л байна. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд чөлөөт сонгууль явуулах эрхээ олж авахын төлөө Арабын олон орны иргэд “хаврын” хувьсгал хийсэн. Тэдгээрээс анх удаа чөлөөт сонгуульд оролцох гэж байгаа ливи өвгөн гоёлын цагаан хувцсаа өмсөөд, тойргийнхоо сонгуулийн хэсэг онгойхыг сэтгэл догдлон хүлээж байгаа дүрсийг та зурагтаар харсан байх. Дарангуйлагч дэглэмд 40 жил амьдарсан тэр өвгөн “Эрх чөлөө, сонгууль гэдэг үг ямар сайхан эгшигтэй юм бэ” гэж CNN-ээр нүдэндээ нулимстай ч аз жаргалтайгаар инээмсэглэн хэлж байсан.

Энэхүү эрхэм эрхийг хэзээ нэгэн цагт жинхэнэ ёсоор олж авахын төлөө манай хөршүүд ч сэтгэлийн гүндээ мөрөөдөж яваа. Урд хөршийн иргэдийг улс төрийн ганцхан нам, хойд хөршийн иргэдийг ганцхан хүн л даргалдаг, чөлөөт сонголт байдаггүй учир дунд нь орших монголчууд бидэнд бахархах давуу тал бий.

Монголчууд бид энэ аугаа гайхамшигт үнэ цэнийг бүтээн бий болгосноор хориодхон жилийн нүүр үзэж байна. Хэдийгээр алдаа оноотой байсан ч эдүгээ чөлөөт сонгууль бол манай нийгмийн амьдралын салшг үй хэсэг, ардчилал, хүний эрх, зах зээлийн хөгжлийн баталгаа нэгэнт болжээ.

Маргааш 2012 оны зургаадугаар сарын 28. Пүрэв гариг. Энэ өдөр бол сонгогч та бидний баярын, бас амралтын өдөр. Тиймээс бид бүгдээрээ сонгуульд оролцож, эрх чөлөөний баяраа тэмдэглэх ёстой. Яагаад гэвэл та оролцсон ч, оролцоогүй ч хариуцлага хүлээнэ. Хэрэв та сонгуульд саналаа өгвөл хувь заяаныхаа төлөө шийдвэр гаргахад оролцсон гэсэн үг. Харин саналаа өгөхгүй бол таны хувь заяаг таны өмнөөс хэн нэгэн шийдэж байна гэсэн үг. Та бид өөрсдөө хувь заяаныхаа эзэн байх ёстой байтал таны хүсээгүй хүн, аль нэг улс төрийн нам эзэн нь болчихсон байх ёсгүйн учир Та заавал саналаа өгөх ёстой. Хэнийг, ямар улс төрийн хүчнийг сонгох нь зөвхөн таны сонголт. Харин та сонгосныхоо дараа гомдол гаргах ёсгүй. Сонгосон нам, хувь хүнээ амлалтаа биелүүлэхийг шаардаж, байн га сануулж байх нь таны үүрэг. Таны төлөөлөгч амлалтаа биелүүлэхгүй бол ахиад сонгогдохгүй гэдгээ мэдэж байгаа. Тэр таны төлөө ажиллаж байгаа, ажил лах ёстой гэдгийг бүү март.

Сонгуульд ялсан ч, ялагдсан ч бид хувь хүний хувьд шал өөр болсон, улс төрийн бодит туршлагатай, нийгмийн идэвхтэй, ирээд үйн олон төлөөлөгчтэй болж байгаа юм. Бусдын төлөө амьдрах, бусдад үйлчлэх, бусдын сайн сайхны төлөө ажиллах зорилт хэцүү боловч аугаа ажил гэдгийг тэд сонгуулийн дараа ойлгосон байх учиртай. Их Хурлын болон НИТХ-д нэрээ дэвшүүлэн, нийгмээ өөрчлөн шинэчлэхийн төлөө сонгуульд оролцсон бүх нэр дэвшигчдэдээ Монголын иргэд талархаж байгаа.

Монголын ардчилал сонгуулиас сонгуульд бэхжиж, та бидний сонгосон төр засаг таны, миний, бидний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах, бидний өсөж хөгжихийг дэмжих, нийгмийн аюулгүй, тогтвортой байд лыг хангахын төлөө тасралтгүйгээр хичээн зүтгэх ёстой.

Ардчилсан, чөлөөт сонгууль мандтугай. Монгол Улс минь хөгжин бадартугай.