Монголчууд ээлжит улс төрийн сонголтоо хийлээ. Сурталчилгааны явцад арай ч дээ гэмээр хуваагдан талцаж, хэрэлдэн тэмцэж, гүжирдэн гүтгэлцдэг ч сонгуулийн өглөө иргэний үүргээ хүндэтгэн, ёслол төгөлдөр очиж саналаа өгцгөөдөг жамаараа 28-ны өглөөг бид эхлүүлцгээсэн. Ерөөс жам бол жам ажээ.

Урьдын л адил торгон дээлтэй, тоорцгон малгайтай, одон тэмдэгтэй, огшсон сэтгэлтэй өвөрмөц өглөөг эхлүүлж, харин дуусгахдаа агсрах нь агсарч, арга тасрах нь арга тасарч, хараал зүхэлтэй, хавтгай бухимдалтай дуусдаг ёсоороо л 28-ны үдшийг бид дуусгацгаав. Үнэхээр жам бол жам л юм байна.  

Энэ удаа бид шинэ технологиор сонгуулиа явуулцгаав. Хуулийн шинэ орчинд, техникийн ч шив шинэхэн нөхцөлд иргэд маань саналаа өгсөн нь энэ. Мэдээж шинэ юм бол шинэ л юм байдаг. Улс төрийн тохироо бүрдэж өгөлгүй хойшлогдож явсаар сонгуулийн хуулиа хэдхэн сарын өмнө шинэчлэн баталсан. Түүнийхээ хэрээр ард олонд тайлбарлан таниулах хугацаа бага байсан нь ойлгомжтой. Гэхдээ өнөөдрийн уур хилэн, хардлага сэрдлэгийг дээрх шалтгаанаас уях нь гэнэн хэрэг болно. Учир нь сонгуулийн шинэ хууль бол бүрэн эрх нь дуусч буй энэхүү парламентын үед батлагдсан түүхэнд үлдэх дэвшилтэд хуулиудын нэг юм. Харин УИХ, НИТХ-ын сонгуулийг хамт явуулах шийдвэрийг тухайн үед нэлээдгүй маргаан мэтгэлцээний дунд шийдэж байсныг ард иргэд маань арайхан мартаагүй байгаа байх. Үнэн хэрэгтээ бол хоёр том нам нэг нь хүч хэрэглэн бойкотлож, нөгөө нь хулчийн бууж өгч байгаад хуулийн өлмий дээр гишгэж гаргасан шийдвэр. Өнөөгийн эрх баригчдын өвдөглөж унасан эхний нүх энэ гээд хэлчихвэл ам асуусан болохгүй биз. Яг хууль ёсоор бол одоогийн “ажиллаж” байгаа НИТХ-ын бүрэн эрх 10 сард өндөрлөх ёстой. Гэвч Ардчилсан намын шилдэг тархинууд энүүгээр тэнүүгээр эрээлжилтэл гүйсээр байгаад эрхээ хэзээ хаана эцэслэгдэхийг ч мэддэггүй энэхүү “жижиг гар”-уудын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө хуйлаад эвхчихсэн. Ийм л юм болсон.      

Бусдаар бол хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, хяналтыг сайжруулах тал дээр хагас алхмын ч болов ахиц гарсан байх гэж найднам. Мэдээж цахим хувилбарт шилжүүлсэн явдал бол энэ жи­лийн сонгуулийн хамгийн чухал онцлог. Мөн санал хураалтыг пүрэв гаригийг сонгож явуулсан нь бас энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон нь оновчтой шийдвэр байсан гэж олонхи ажиглагч үзэж байгаа юм. Санал хураалт өмнөх үеүдийнхээс хоёр цагаар богиносч 07.00-20.00 цагийн хооронд явагдах болсонд хүмүүс жаахан эргэлзэж байсан ч шинэхэн нөхцөл байдлыг тун дажгүй давцгаав. Үүнээс гадна бас нэгэн онцлог нь анх удаа гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ саналыг авсан явдал байв. Энэ бол олон жил ярьж байж хийгдсэн алхам.

Ийнхүү бид шинэ нөхцөл байдалд сонгуулиа явуулж өндөрлөлөө. Сонгууль болгоны ард босдог шороо өнөөдөр ахин босч байна. Заримынх нь зүгээс ялагдсандаа багтарсан дэмий гэмээр гонгиноон сонсогдовч, заримынх нь тухайд эргэлзмээр юм олон гарчээ. Жишээ нь, нэрсийн жагсаалт тойрсон жонхуу бас зуурагдаад авч. Нэг хүний нэрийг хэд хэд давхардуулсан, нэг гэр бүлийн ам бүл дээр өөрсдийнх нь ч танихгүй өдий төдий хүн нэмж бичсэн, санал өгөхөөр ирсэн сонгогчийн нэр хаана ч бүртгэлгүй байх зэрэг өчнөөн будлиан босч ирж байна. Өөр нэг гайхашрал дагуулж буй маапаан мөнөөх хил дамнуулан, хэл ам татлуулан байж олж ирсэн “алтан” машаануудыг маань тойрч байна. Санал тоолох машинтай холбоотой асар их зөрчил дутагдал илэрч, СЕХ-г гороолж байгаа явдал эс тоох хэмжээнээс нэгэнт давжээ. Автоматаар тоологдсон саналын дүн ажиглагчдад өгсөн дискний дүн зөрүүтэй гарсан барин тавин явдлуудыг яаж үл хэрэгсэх юм.



Дараагийн нэг том үйл явдал Монголын улс төрд үйл ажиллагаа явуулж буй 10 нам эсэргүүцлийн мэдэгдэл гаргаад байна. Энэ акцийг бага явдал гэж басамжлах аргагүй юм. УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураах, дүн гаргах үйл ажиллагаанд алдаа, зөрчил гарсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчиж, бүрэн эрхэд нь халдсан гэж үзэж байгаагаа сонгуульд оролцсон эдгээр улс төрийн нам, эвслүүд мэдэгдээд байна. Уг мэдэгдлийн гол шаардлага “Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дээдлэн сонгуулийг шударга, хуулийн хүрээнд явуулах, санал хураах автоматжуулсан системд хандах эргэлзээг арилгах үүднээс улс орон даяар бүх тооллогыг уламжлалт гар ажиллагаагаар ахин хийх.

Тус мэдэгдлийг МАН, Иргэний зориг Ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Монголын ногоон нам, Эх орон нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Гурав дахь хүчин эвслээс хийсэн юм. Одоо энэ асуудлыг хэрхэн авч хэлэлцэхийг тэд хүлээж байна.
 
​​Ямартай ч сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Сонгууль холимог тогтолцоогоор явсан болохоор сонгогчид 26 тойрогт нэр дэвшигчдээс сонголт хийсэн. Мөн пропорциональ тогтолцооны дагуу намын нэр дугуйлсан. СЕХ-ны танилцуулсан дүнгээр нийт сонгогчдын арай илүү хувь нь АН-ыг дугуйлжээ. Олон янзын мэдээлэл ирж байгаа ч багцаагаар АН-ын жагсаалтаар нэр дэвшсэн 28 хүний эхний 11 нь УИХ-д суух эрхтэй болж байх шиг байна.

Харин МАН тэднээс үл ялиг дутуу хувийн санал авч. Юутай ч тус намын жагсаалтаар нэр дэвшсэн 28 хүний эхний 9 нь УИХ-д орох бололтой. Тэдний араас  МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл орж байна. Эднийг нийт сонгогчдын 20 гаруй хувь нь дэмжжээ. Тиймээс тус эвслээс нэр дэвшсэн 28 хүний эхний зургаа нь УИХ-д орж ирж байх шиг байна. Иргэний зориг ногоон намаас хоёр хүн парламентад орох бололтой. Үлдсэн намууд нь таван хувийн босго давж чадаагүй. 

Энэ удаагийн парламентад гурван бие даагч орж ирэх нь тодорхой болоод байна. Дархан-Уул аймагт нэр дэвшсэн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, Хөвсгөл аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Дорнод аймагт нэр дэвшсэн Х.Болорчулуун нар бие даан өрсөлдөөд тойргоосоо гарчээ. Энэ гурван бие даагчийн хоёр нь буюу Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын нэр доор явдаг хүмүүс. Тэдэнд нам нь нэр дэвших боломж олгоогүй ч тэд өрсөлдөөнд нам ч үгүй, лам ч үгүй зоримогоор хөл тавин орж, ялалт байгууллаа. Үнэхээр шийртэй л эрсийн хийх ажил. 

Одоо 28 хувийн босгондоо хүрээгүй хоёр нэр дэвшигчийн асуудал шийдэгдээгүй байна. Тэгэхээр гурван тойрогт дахин санал хураана гэсэн үг. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.4 зааснаар тухайн тойрогт нэр дэвшигч 28 хувиас дээш хувийн санал авч, сонгогдох эрхтэй гэсэн хуулийн заалтын дагуу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах ажээ. Тодруулбал, Гурван мандаттай Баянзүрх дүүргийн эхний хоёрт жагссан нэр дэвшигчид тодорхой болсон бол урьдчилсан дүнгээр саналын тоогоор гуравт бичигдэж буй Б.Батзоригийн авсан санал 28 хувьд хүрээгүй буюу 24,66 хувийн санал авсан байна. Хоёрт, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр саналын тоогоор гуравт жагссан ч 26,09 хувийн санал авсан тул дахин санал хураалт явуулах бололтой. 

Мэдээллүүд маш зөрөөтэй цацагдаж байгаа ч нэг юм тодоос тод тодорхой болжээ. Тэр бол МАН цөөнх болсон явдал. Маш хүчирхэг цөөнх бараа сураг төдий биш биетээрээ өмнө маань зогсч байна. АН-ын Генсекээс авахуулаад алдарт З.Энхболд, С.Эрдэнэ, Женко Баттулга, Фортуна Батбаяр нарын амнаас “МАН-тай ахиж хэзээ ч эвсэхгүй” гэсэн ам тангарагийн үг байнга унаж байдаг болохоор МАН ч нэг их эвсэх гэхгүй болов уу. Ерөөс энэ удаа МАН цөөнхөөрөө үлдэж, гэр орныхоо асуудлыг цэгцлэхийг илүүд үзэж ч мэднэ. Хэрэв МАН ингэж гэдийвэл АН-ын өмнө наашаа харж инээн, цаашаа харж уйлан байж мөнөөх МАХН-МҮАН-ын эвсэлтэйгээ нийлж хамтарсан засаг байгуулах зовлон ирнэ. Одооноос л МАХН-МҮАН-ын эвсэл дотор таван сайдын нэр тодорчихсон мэдээлэл дуулдана. Хууль зүйн сайд Л.Цог, НХХЯ-ны сайд Удвал, Барилга, хот байгуулалтын сайд Цолмон, Сангийн сайд Ч.Улаан гээд дээр нь УИХ-ын нэг дэд даргын орон нэмээд зургаан том эрх мэдэл нэхсэн захиаг АН-ын чихэнд “хүргүүлсэн” мэдээ ид нисч байна. Мэдээж цаадуулынх нь дотор эвгүйрч байгаа. Гэвч яая гэхэв, хувь заяаны тохуурхал гэмээр саналыг ард түмэн тэдэнд ахин өгчихсөн. 39 биш л юм чинь тэд олонхи биш. 39 биш л юм чинь тэдэнд дангаараа засаг байгуулах бололцоо байхгүй. Ийм л ээдрээтэй байдалд орчихоод байна даа.