Манай 29 тамирчин Лон­дон явлаа. Тэд тэнд очоод хэрхэн уралдаж байгаа нь дэлхий даяар шууд цацаг­дана. Улаанбаатар Лондон­гийн цагийн зөрүү долоон цаг. Тэмцээн голдуу орон нутгийн цагаар үдээс хойш голдуу өрнөх байх. Ялангуяа ме­далийн төлөөх тэмцэл орой­хон тийшээ явагдаж таараа. Энэ нь Монголын цагаар шөнө дундаас хойш гэсэн үг.

Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн том наадмыг газар дээр нь очиж амжихгүй ч зурагтаар үзчих сонирхол олон хүнд бий. Спортын уралдаан, биеийн тамирын арга хэмжээг бүх нийтээр үзэж сонирхох нь өнөө цагийн соёлт хүн төрөлхтний амьд­ралын нэг хэсэг болчихсон гэхэд үгүйсгэхгүй. Хүмүүс улам бүр биеийн тамираар хичээллэж эрүүл саруул ява­хыг ухамсарлах болсон. Олим­пизм өөрөө хүн тө­рөлхтний сайн сайхан ба энхтайван өрсөлдөөний бэл­гэ тэмдэг болохоор бүгд оролцдог. Чухам л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь "пара"-даж орчлон даяараа Лондонг анхаарч байхад бид ной­рондоо дийлдээд хурхираад өнгөрөөх үү.

Олимпийн дараа спор­тоор хичээллэгч хүүхэд за­луусын тоо эрс өсч, спиртийн хэрэглээ арай багасдаг сайн үзүүлэлт бий. Ялангуяа өөрийн орны тамирчин олим­пийн аварга болох, медальд хүрсэн бол хамгийн сайхан үлгэр жишээ тэр юм. Тэгэхээр энэ наадмыг төр засаг анхаа­ралдаа авч иргэддээ хандсан хөөрхөн бодлого шийдвэр гаргачихад ер буруудахгүй.

Наймдугаар сар бол ихэнх хүмүүсийн амралтын улирал. Албан байгууллага аж ахуйн нэгжүүд үндсэндээ хагас ажил­ладаг назгай цаг. Зав чөлөө их байна. Харуй бүрий болмогц эртээ орондоо ор­чих­­дог залуучууд тийм олон биш байх. Төв суурин газар, Улаанбаатар шиг нүргэлсэн их хотын амьдрал шөнө унт­даггүй. Олимпийн үеэр улам л их бужигнах нь тодорхой. Үүнд тохирсон түр ажлын хуваарь гаргах шаардлагатай боллоо. Олон хүн нойргүй хонож нүдээ гархилуулсаар ажилдаа ирж болзошгүй.  Хү­мүүс төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн сонирхож жаахан спортлог болж л байг.

Түр зууртаа ажлын цагийг өглөө найм ест биш 11, 12 цагт эхлүүлж оройдоо жаахан сунгаад өөрчилчихмөөр бай­на. Лондон хот нь Гринвигийн цагийн зүүний эхлэл цэг. Дэлхийн төв цаг гэсэн үг. Энэ цагаар дэлхийтэй цуг хэсэг­хэн амьдраад үзсэн ч яадаг юм.

Өнөөдөр шөнийн цагаар ажилладаг газар манайд их ховор байна. Олимпийн наад­мын энэ өдрүүдээр да­лимдуулж улсын байгуул­лагууд, томоохон аж ахуйн нэгжүүд  ядаж тэг цаг хүртэл ажиллаад үзэх хэрэгтэй.

"Нарантуул" зах шөнө хоёр гурав хүртэл хаалгаа барихгүй, захиргаа контор яамд шөнөжин нээлттэй, УИХ-ын чуулган шөнөжин хуралдаж өдөр амрах, эм­нэлэгийн амбулторийн үзлэг шинжилгээ, боловсролын сургалт дамжааг шөнийн ца­гийн хуваарьт шилжүүлж үз­вэл яасан юм. Шөнийн ца­гаар иймэрхүү албан ажлууд хийгдэхгүй болохоор тэгсгээд замын цагдаа хүртэл ажлаа­саа тарж  эзэнгүйддэг. Оронд нь  танигдахын аргагүй өөр амьдрал, ёс суртахуун, зав­хай зайдан явдал ноёрхон үүр цайтал үргэлждэг. Шөнө биднийг явсны дараа чөт­гөрүүд, сүнснүүд энэ хотоор дүүрч залуучуудыг хорлож бузарлаж байна. Улс орны бүх санаачлага  баар, саун, биллиард, зочид буудал, амралтын гэрүүдэд шилжиж тэнд уусан архи дарс хя­налтаас гарна. Одоо тэртэй тэргүй баар савнууд олим­пийн үеэр шөнөжин хаалгаа нээж баахан архидуулж зо­долдуулж нэгнийг нь бүрэл­гэж өгнө. Энэ бүгдийг ээл­жинд гарсан эргүүлийн хэдэн цагдаа хаанаа ч хүчрэхгүй. Тэгэхээр яршиг зүгээр цө­мөөрөө шөнө ажлаа хийж үзэцгээе. Бас сонин байж магадгүй. Үүрээр ажлаасаа тараад тэр бааранд нь орж үзсэн ч яадаг юм. Хөдөө аж ахуйн хувьд ч гэсэн шөнийн сэрүүнд малаа хариулж, та­риа ногоогоо уриншилж, ус­лахад илүү үр дүнтэй болдог. Зам барилгын ажил бол мэдээж.

Яваандаа төрийн ба хувийн хэвшлийн ажлууд хоёр ээлжээр явагддаг бол­моор байгаа юм. Шөнө үр дүнгүй маш их эрчим хүч үйлдвэрлэгдэж хойд хөрш рүү үнэгүй шахдаг. Байр са­ваа хөлдөөхгүйн тулд шөнө­жин галлаж нүүрс шатааж байна. Ажлын байраа орхиж явцгааснаас өчнөөн олон хулгайчийг шөнөжин ажиллах бололцоо олгож тэжээж байх шив.  Ядаж байхад энэ зам засварынхан бидэнтэй барь­цаад шөнө амарцгаадаг нь юу ч вэ.

Гурван ээлж гаргаад бушуухан ажлаа дуусгаж хүмүүсийг бага бухимдуулдаг болмоорсон. 24 цаг гэсэн хаягтай дэлгүүр, ШТС, түргэн тусламж энэ тэрээс ажлын туршлага судалж бүгдээрээ хэсэг хугацаанд шөнө ажил­лаад үзвэл яасан юм. Тэгээд ч зуны шөнө богинохон доо.