Гурван нохойн тойргоос “Наран туул” захын баруун уулзвар хүртэл гуравхан км замыг нэг цагт туулбал та азтай хүн. Хэрэв Офицерийн ордноос зүүн дөрвөн зам хүртэл яг адилхан зайг туулахад хоёр цаг гацдаг.

Шарга Морьтын зуслангийнхан өглөө нэг, оройд хоёр цаг замын түгжээнд гацаж хайран цагаа алдаж, шөнөдөө авсан эрүүл агаараа урд машиныхаа утаагаар даруулдаг. Энэ дүр зургийг хотын бүх чиглэлийн зам дээр харж болно.

Олон зуун мянган хүн ийнхүү машинд сууж, бензин шатааж байгаа нь монголчуудын хөдөлмөрийн бүтээмжийг алдагдуулж, эдийн засгийн өгөөжийг ноцтой унагааж буй. Улаанбаатрын хотын замын гацаа бол Монгол Улсын хөгжлийн чөдөр нэгэнт болжээ.

Үүнийг хотын эрх баригчид машин олон болсных гэх боловч бодит шалтгаан нь хотын төлөвлөлт муу, хэрэгжүүлэлт нь түүнээсээ муу, хот, дүүргийн удирдлагад ямар нэг замаар орсон этгээдүүд хууль журмыг зувшуулан, газрын “зөвшөөрөл” гэгчийг хуйвалдан гаргаж, нийтийн хөрөнгийг завшиж буйтай холбоотой.

ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ ГЭЖ БИЙ ЮҮ?

Улаанбаатар хотод уг нь ерөнхий төлөвлөгөө байдаг гэх ч арван жилийн өмнө хүн ам, тээврийн хэрэгслийн огцом өсөлт болон гэр хорооллын тэлэлтийг тооцоогүй учир эдүгээ Японы ЖАЙКА байгууллагаар шинэчлүүлж байгаа гэнэ.

Аль ч хотын төлөвлөлт нь хөгжлийн хэтийн зорилгоо тодорхойлсон, оршин суугчдынхаа эрэлт хэрэгцээг тусгасан амрах, ажиллах тавлаг, тохь тухтай орчин бүрдүүлсэн, тээврийн болон бусад хөнгөн шуурхай үйчилгээтэй байх тогтвортой хөгжлийг эдийн засаг, нийгэм, байгаль орчны талаас тэнцвэржүүлсэн байх учиртай.

Хотын зам талбай, ногоон байгууламжийг болон үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууцны хорооллын талбайг тодорхой харь цаатайгаар хэсэгчлэн тогтоосон (zoning) байх ёстой.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрүүдийг, түүний дотор тухайн нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн татвар, ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн болон хүн амын албан татвар, түүгээр барьцаалан гаргасан үнэт цаас (Bond)зэргээс бүрдэхийг тодорхой заасан байх учиртай.

Хот татвараа авч, бонд гаргаж чадахгүй бол бүх төлөвлөлт ерөөл болдгийг бид ойлгосон. Улаанбаатар хотын төлөвлөгөөг байгаль цаг уурын төсөөтэй Канад, Финланд, АНУ-ын аль нэг хотоос иж бүрнээр нь тусгаж аваад хийвэл хямдхан, бас хурдан болно.

Хотын ерөнхий төлөвлөгөө нь Засгийн газрын тогтоол биш хууль болох ёстой. Хууль зөрч сөн учир хариуцлага тооцож болно.

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

Ямар ч төлөвлөгөөг хэнээр ч хийлгэсэн хэрэгжүүлэхгүй л бол хоосон яриа болдог. Хаана орон сууц, ямар үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, тээврийн зангилаа цэгүүд байхыг бүсчлэн төлөвлөж, тэднийг холбосон гол болон туслах зам, бусад дэд бүтцийг нарийвчлан төлөвлөсний дараа объектуудаа барьдаг. Харин монголчууд эхлээд байшингаа бариад дараа нь дэд бүтцээ шийдэхийг оролддог учир маш их өртөгтэй болдог.

“Нарантуул”-ын зүүн талын “Өгөөмөр” гэх авто машины сэлбэгийн захын урд зам уг нь зургаан эгнээ боловч хоёр эгнээг машины зогсоол, дугуй, тос сольдог газар болгожээ. Хотын гол замын сөрөг урсгал голын дөрвөн эгнээгээр багтахгүй учир гацаа үүсдэг.Уг нь энэ төрлийн захуудыг хотоос арай зайтай газар төрөлжүүлэн байршуулж болохгүй гэж үү?

Мөн хотын гол замуудыг дагасан туслах замууд, гол уулзваруудаас гадна олон туслах уулзвар байж хөдөлгөөнийг шингэлэн хурдасгаж болно. Гэтэл Улаанбаатар хотод туслах зам байтугай гол замаа өргөтгөх ч зай байхгүй болжээ. Уг нь замаас 50 метрийн зайд барилга барихгүй, доогуур нь ус зайлуулах болон бусад дэд бүтцийн шугам, дээр нь явган хүний зам байх хууль байдаг. Ганцхан түүнийг хэн ч биелүүлдэггүй.

Улаанбаатарын шинээр баригдаж буй бүх зам ус зайлуулах суваггүй учир борооны ус бялхан тунасаар, төдөлгүй том том нүх гарч заримд нь жижиг машинууд живж байна.

Монгол Улсын нийслэлийн замд хамгийн тохиромжтой унаа “Ландкруйзер” биш, газар уснаа явдаг цэргийн гинжит машин болжээ.

Замаа жил бүр дахин засдаг боллоо. Бас зам хаасан тэмдэг анхааруулан тавьдаггүй учир тулж ирээд буцаж буй машинууд түгжрээ үүсгэдэг нь хэвийн үзэгдэл.

ХУУЛЬ ЖУРМЫГ БҮДЭГРҮҮЛЭХ СОНИРХОЛ

Улсын болон орон нутгийн түвшинд, нийтийн засаглалыг хэрэгжүүлэгчид хууль журмыг үл ойшоох түүнийг бүдгэрүүлэх, өөрсдөдөө ашигтайгаар хууль гаргах, тайлбарлах сонирхолтой болоод удаж байна.

Нийтийн хөрөнгийг эзэнгүй байлгах, улмаар өөрсдөө завших хүсэл сонирхол засаглалын бүх түвшинд шингэжээ. Урт цагаан, “Өргөө” зочид буудал, алдарт “Хэвлэх үйлдвэрийн” барилга, сургуулийн биеийн тамирын болон тоглоомын талбайг зувчуулан завшсаар байна.

Газар ашиглах эрхийг хот, дүүргийн дарга хоёулаа өгдөг болсон нь бас л зориуд бий болгосон завших арга.Энэ замаар уулын амуудыг эрх баригчид хуйвалдан завшив. Улаанбаатар хот бол зургаан дүүргийн биш, зургаан хотын нийлбэр болжээ. Дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэртэй засаг захиргааны нэгж учир Засаг дарга нь газар олгох эрхтэй гэж шунахай зорилгоо хууль барин хамгаалдаг болжээ.

Дүүрэг бол иргэдийн оролцоог хотоос ихээр тусгах бүтэц болохоос хотоос том эрх мэдэлтэй байх учиргүй. Монгол Улсад газрын Кадастрын сан бий болсон ч түүнийг ашиглах сонирхол засаглалд алга.

Хууль тогтоогч, хэрэгжүүлэгч байгууллагууд институцийн хувьд бэхжиж чадахгүй, бэхжүүлэх сонирхолгүй байсны үр дүнд эдүгээ нийтийн засаглалд хуулийн заалтаас илүү даргын даалгавар хүчтэй хэвээрээ байна.

Өнгөрсөн сард, хотыг тодорхой төлөвлөлтгүй, хот, дүүргийн удирдлагууд хувийн эрх ашигтаа зохицуулан явсаар иргэд нь тэвчин суух аргагүй болсон учир нийслэлчүүд Улаанбаатар хотыг бараг зуун жил удирдаж ирсэн намыг сольж Ардчилсан намыг сонгоод байна.

Сонгуулиас хойш нэг сар өнгөрөөд байгаа ч хуучин удирдлага ажлаа хийсээр л байна. Энэ хугацаанд хотын олон хэсэгт хашаа босож, борооны дараах мөөг шиг олон объектууд нийтийн зам, талбай дээгүүр баригдаж эхлэв. Олон сар хүлээгдэж байсан нийтийн төслүүдийн тендер шил дараалан батлагдаж, нийтийн засаглалын томоохон худалдан авалт хийгдсээр байна.

Сонгуулийн дараа төр, засаг солигдох үед тодорхой ажлыг хийхгүй байх хуулийн заалт байдаггүй бололтой.

Ямар ч гэсэн Ардчилсан нам ийм хотыг хүлээн авах гэж байна. Төлөвлөгөөгөө зөв хийж, санхүүжилтийн эх үүсвэрээ тодорхой болгож, төлөвлөгөөний дагуу ажлаа явуулан, хотын хөрөнгийг тодорхой бүртгэлтэй болгож, заримыг нь өөрсдөө холилдохгүй байж дуудлагаар хувьчилж, эсвэл хувьцаат компани болгож, сонгуулийн амлалтаа бүрэн хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн иргэд шинэ удирдлагаас хүлээж байна.