Номхон далайн Хавайн арлын нийслэл Хонолулу хотод АНУ-ын Номхон далайн командлалын дэргэдэх Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд (Asia-Pacific Center for Security Studies буюу товчоор APCSS) зочлох хувь (аз л гэе дээ) эхнэр, хүү бид гуравт тохиосон тухай ээлжит зурагт нийтлэлээ Бямба, Ням гаригийн амралтын энэ өдрүүдэд толилуулсу. “Currents” хэмээх сэтгүүл, түүний вэб сайтыг байнга хүлээн авч үздэг, түүнд байнга бичигддэг нийт монголчуудаа төлөөлж эл нийтлэлийг тавьж байна гэчихвэл арай ахдах байх, гэхдээ тэглээ гэж таашаах хүн нэгээр тогтохгүй гараад ирнэ гэсэн итгэл байна. Хавайн амьдралыг чинь эргэж сануулъя гэсэн чин санаа надад байна.   


Малийтлаа инээмсэглэн ярайтлаа сууж буй олон хэлийн, олон үндэстний энэ нөхдөөрөө фото цомгоо эхлэе. Эд бол надтай хамт Хавайд хэд хоногийг өнгөрөөсөн нөхөд минь, бид нэг багийнхан. Энд Азийн голдуу 27 улс орны 56 иргэн (Монголоос ГХЯ-ны газрын дарга Б.Дорж бид хоёр), үүнд зэвсэгт хүчний 4 генерал, 10 гаруй хурандаа, цаашлаад сайд, дипломатч, хуульч зэрэг төрөл мэргэжлээс бүрдсэн томхон баг цугларсан. Бидний очсон зорилго, санаа бодол үндсэндээ нэг. Бид 5 багт хуваагдан семинарласан. Бид бол Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг онол-практикийн үүднээс судлаж тархиа цэнэглэхээр очицгоосон улс юм.


Хавай гээд байгаа маань бидний очсон тэр арал биш л дээ. Хавай гэдэг нь тэр хэсэг бүлэг арлын хамгийн том нь. Унтаж буй, амьд галт уулсаараа алдартай, байгаль-экологийн аялал жуулчлалын гол төв нь. Хот суурин гээд байхаар том газар байхгүй, ерөөсөө л цэвэр байгалиараа байгаа арлыг хэлж буй хэрэг. Харин энэ бол Оаху арал – полинез хэлээрээ “Oahu”. Томоороо хоёрт орно. Гэхдээ АНУ-ын энэ муж улсын улс төр-засаг захиргааны нийслэл нь. Энэ уулсын өнгө төрх, тогтоц бол ерөөсөө Оаху арлын нийтлэг дүр зураг, нэрийн хуудас нь. Сөнөсөн галт уулс ингэж харагдаж байна. Чийглэгээс болж битүү халиурсан ногоон төгөл, ургамал нарны тусгал хэсэгт нь ургажээ.


Энэ өвөрмөц лут хөшөөг өмнө нь би “Вашингтоны хөшөөнүүд” гэх нийтлэлдээ үзүүлж байсан. Яг тэр хөшөөний оригналь эх загвар нь энэ байна. Хонолулу хотын төвд мужийн Сенатын ордны өмнө талбайд буй Камахамеха хааны хөшөө. Полинез үндэстний энэ хаан арлуудаа АНУ-д нийлүүлсэн гавьятан аж. Тиймдээ ч АНУ-ын Конгрессын лут ордонд хөшөөгөөрөө мөнхлөгджээ.


Бидний буусан байр маань Нахуа-444 (Nahua) гэж хаягтай, далайн эргээсээ 200 метр зайтай, Хонолулу хотын хамгийн сайхан дүүрэгт. Энэ бол жуулчлалын дүүрэг. Би шөнийн цагт хот ба далайн зургийг кино хальс, фото дурандаа буулгалаа. Манай тэр хавийн газар болох Вайкики бич (Waikiki) гэхлээр юм үзэж нүд тайлсан хэнбэ гуай ч андахгүй. Ер нь тэндхийн бүх гудамж талбай нь Хавайн уугуул полинез нэрээр нэрлэгдсэн юм билээ. Арал маань Oahu, гол өргөн чөлөө нь Калакауа (Kalakaua), манай хажуугийн өргөн чөлөө Кухио (Kuhio) гэх мэт.


Биднийг урьж аваачсан институт маань харагдаж байна. Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төв (Asia-Pacific Center for Security Studies буюу товчоор APCSS) – байр институт хоёр алхахад 10 ч хүрэхгүй минутын газар, гэтэл бидэнд хоёрын хоёр автобус үйлчилж байв.


“Хамилтон” хэмээх байлдааны аварга том крейсер дээр биднийг аваачлаа. Энэ мэт тэнгисийн цэргийн баазаар их ч явлаа даа. Далайгаас алс хол эх газарт түгжигдсэн орны бидэнд бол сонин л юм билээ.


Судлаач–сонсогч бидний хувьд XXI зууны Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудад онол-практикийн үүднээс стратегийн дүн шинжилгээ хийх явдал гол зорилт байсан юм.  



Бид семинар семинараараа (баг багаараа) хуваагдаж компьютерээ хүлээн авлаа. Их зааланд нээлтээ хийж байна. Баахан цэргийн дарга нартай тохой зэрэгцэн суулаа.


Би 4-р семинарт англи, япон хоёр удирдагчтай (багшаа тэгж нэрлэнэ), балбын армийн генерал, бангладешийн дипломатч, индонезийн нисэх хүчний хурандаа, лаосын дипломатч, малайзын нисэх хүчний хурандаа, шри ланкийн санхүүч, тонгагийн тэнгисийн цэргийн хошууч, америкийн дипломатч, Пентагоны цөмийн зэвсгийн мэргэжилтэн зэрэг нөхөдтэй хамт орлоо. АНУ-аас 3 сонсогч байснаа нэг нь (тэнгисийн цэргийн дэд хурандаа) Афганд байлдахаар яваад өглөө. Ер нь семинар болгонд 2-3 америк оноож өгсөнийг бодвол зориудын бодлогоор, тэгэхээс тэгэх гэж зохицуулсан хэрэг байх.




Миний хувьд авч яривал олон улсын харилцааны онол, бүс нутгийн олон талт харилцааны институци, механизм, форум, тэдгээрийн хандлага, даяаршлын онол, хямралын менежментийн онол, АНУ-ын  гадаад бодлого, дипломатын урлаг зэрэг нэн чухал сэдвээр лекц сонсож, семинар, сонгоноор харилцан ярилцсан нь миний үндсэн ажил албанаас гадна миний судалгааны ажил, багшлах лекцлэх ажилд маань маш том боломж боллоо.





APCSS маань нийллэг, зугаа цэнгэл, найр наадмыг ёстой угсруулж өглөө. “Ice Breaker Social” гэсэн нэрээр очсон даруйд нүүр хагарч танилцах хүлээн авалт хийлээ. “Beer Busting” нэрээр пивоны найр хийлээ.


Энд пакистан, балба, микронез, бангладешийн генерал хурандаа нар зогсож байна. Бид сайхан нөхөрлөж ёстой нэг харилцан ойлголцоно гэдгийг үзүүлж өгсөн дөө. Бүр эхнэрүүд нь хүртэл ар талд байр орцондоо нөхөрлөж байлаа.





Бидний суудаг байрны дээвэр дээрхи гэгээвчнээс (25-р давхрын орой дээрхи сул талбай) суваг шөнө ингэж харагдаж байна. Шөнө ч гэж дээ. Хавай нь нам дор газар орших тул эрт, 18.00 цаг гэхэд нар жаргачихна, 18.30 цагт тас харанхуй. Тэр үед авсан зураг ба үйл явдал. Манай “Нахуа-444” (Nahua) байрны эзэн нь бидэнд зориулж “Rooftop Social Party” гэдгийг зохиолоо. Ер нь дээвэр дээр болох аливаа нийллэгийг “Rooftop Social Party” гээд нэрлэчихсэн.  Дэргэдээ бассейн, саунатай, олон ширээ сандалтай, мах шарах тогоотой, бүжиглэх талбайтай, бялдаржуулах танхимтай.




Гаднын зочид гийчдийг “Arizona” хэмээх дурсгалын цогцолборт эхлээд очуулдаг журамтай. 1941 оны 12 дугаар сард Пёрл Харборыг япончууд гэнэт довтлоод алах шахдаг даа. Тэр тухай кино ч бий. “Arizona” гэж сөнөөд живчихсэн хөлөг онгоцны дээр дурсгалын том хана босгожээ. Тэр ханан дээрхи нэрс бол амиа алдсан усан цэргүүдийн нэрс, тэр цаана байгаа дун цагаан бөөрөнхий нь нөгөө “Пёрл” буюу сувдаа дүрсэн хөшөө маягтай, символ. Тийшээ хөлөг онгоцоор очно. Тэр хавьд үзэх юм мундахгүй.



“Даймонд” толгой гэж олон зуун мянганы тэртээ сөнөсөн галт уул манай тэр хорооллын ойролцоо байх. Тийшээ заавал очих хэрэгтэй юм билээ. Түүний орой дээр гарсан хүнд тусгай сертификат олгодог. Орой дээрээс нь Хонолулу хот, Вайкики дүүргийг хараад хараад ханашгүй. Өөрөө би фото аваад байгаа учраас гол төлөв найз нараа үзүүлж байна. Тэр толгойгоо даавуугаар ороосон сикх хүн бол Энэтхэгийг хуурай замын цэргийн генерал, дивизийн захирагч найз маань. Цаана нь цэлэлзэн цэнхэртэж буй Номхон далай, тэр цагаан хот энд гол үзүүлэх нь.




Тэмдэглүүштэй нь APCSS-ээс зохион байгуулсан амралт зугаалгын дооз ёстой хэтрэх шиг боллоо. Би ч муу камер, фото аппаратаараа хань хийгээд л явж өглөө. Сониноос би Хавайгаас гэр бүлийн аяллын 4 ангит видео кинотой буцсан.



Хавайн кофе дэлхийд нэгд орно гэж бид баттай үзэх болсон кофений тариалангийн талбайд биднийг зочлуулж кофегоор баахан дайлуулсан аяллын зураг энд байна. Тэр шар ууттай баахан эгнэсэн юм бол нөгөө кофе нь. Эхлээд уулгаж амтлуулаад дараа нь худалдана. Ер нь тэнд нэр зүсийг нь мэдэхгүй, танихгүй ургамал цэцэг навчис тоймгүй олон юм билээ.



Ер нь Oahu арлыг хэд ч тойров доо бүү мэд. Би ч муу камераа үүрээд кино зураг авалтад угсраа угсраагаар явж өгсөн дөө. Бямба, Ням гариг, баярын өдрүүдэд нэг тийшээ аваад давхичихна. Бас “Dole” нэртэй хан боргоцойн тариалангийн талбай байна. Бид ч эхнэр хүүхэдтэйгээ л үнэгүй зугаалаад байгаа хэрэг шүү дээ.




Хавай дахь япон буддын сүм. Сүмийн гаднахи уулын гол. Горхи ч арай биш ээ. Уулын энэ цэнгэг уст голд загас нь багтахгүй оволзож, бас хунгууд хөвж явах аж. Энэ эрээн цамцтай эрхэм бол Тонга улсын усан цэргийн хошууч – миний найз Соло. Монголд айлчилж байсан. Сологийн цаадхи нь нөгөө япон сүм. Энэ сүмийн ойролцоо япон иргэдийн буяны томхон газар байна. Багцаагаар 150 гаран жилийн тэртээ тийшээ япончууд шилжин суурьшсан юм билээ. Энэ хавийг “Сүм хийдүүдийн хөндий” гэх ба жуулчдыг аялуулдаг нэг гол маршрут үүгээр дайрч өнгөрнө.





Миний бие тэнд судлаач-сонсогч (Fellow) гэдэг албанд түр очингоо эхнэр, хүүгээ Хавай үзүүлчихнэ гэдэг том олз боллоо. Бэлэн сайхан байртай, унаатай, үйлчилгээтэй, диваажин болсон газар өдөр бүр Номхон далайд умбаж сууна гэдэг жаргал байлгүй яахав. Тэгээд ч биднийг урьж аваачсан институт маань гэр бүлийнхнийг маань тусгайлан урьж айлчлуулан ажил амьдралаа ийнхүү танилцууллаа. Нөхрүүдийг нь аваачаад юу ч хийж байдаг юм, юу ч зааж байдаг юм хэмээн гайхах, сонирхох явдал байж таарна, түүнд нь ёстой нэг хариу барья гэсэн шиг. Тэд маань танилцуулга лекц сонсож, дайлуулж цайлуулж, бүр хавайн полинез ардын бүжин заалгаад буцав аа.


Шилтэй дарс хосоор нь барьж инээмсэглэн буй энэ эрхэм бол Элчин сайд Ч.Сальмон гэгч. АНУ-ыг төлөөлөн Лаост сууж асан. Төрийн департаментаас Хавайн институтэд суугаа төлөөлөгч. Түүний харшид уригдаж дайлуулсан энэ орой бидний сэтгэлд нэн дотно үлджээ.





Ч.Сальмон сайдын лекц надад, бидэнд тун таалагдсан. Тэрээр АНУ-ын Дипломат албаны гал тогоог бидэнд таниулахыг үзүүлж өгсөн дөө. Ер нь тэр институтэд дарга цэргийн болон уригч зочлогчийн ялгаа гэж байхгүй, бүгд тэгш эрхтэй. Тэр утгаараа Сальмон гуай нэг оройг бидэндээ зориулсан юм. Тэр олуулаа авахуулсан зураг дээр миний эхнэр, хүү хоёр нүүрэн эгнээнд сууж байна.  




Амралт зугаалгын дооз ёстой хэтрэх шиг боллоо гэж би дээр бичсэн дээ. Энэ бол пикникийн үеийн олс таталтын тэмцээн. Америк пикник манайхаас юугаараа ялгаатай вэ гэж сонирхох магад. Биеийн тамирын уралдаан тэмцээнийг байгалийн сайханд очиж зохион байгуулаад үдийн цайны цагаар шарсан зайдас идэхийг тэнд пикник гэж үздэг аж. Ууя гэвэл шар айраг байна л даа. Харин хатуу архи байхгүй, байх ч ёсгүй. Спортын төрлөөр уралдаж байгаа улс чинь яалаа гэж пиво уув гэж. Согтсон, дуулсан, тасарсан хүн тэнд байхгүй. Манайхны хорхог, хул хулаар айраг, хатуу юм, найрлах гэдэг бол шал өмнөө юм билээ дээ.


Ингээд бичээд тоочоод байвал залхтал бичихээр их тэмдэглэл, кино хальс, фото цомог надад байна. Бид аялсаар нөгөө Камахамеха хааныхаа хөшөөн дээр эргэж  ирлээ. Хавайд бидний тархинд гүн сууж, сэтгэл эзэмдэн хоногшсон нэгэн дуунаас эшлээд нийтлэлээ төгсгөе. Danny Couch гэдэг дуучны дуулсан “These Islands” хэмээх уянгын поп дуу бий. Гадны зочид очмогц л хамгийн түрүүн сонсгоод аянд нь нутгийн охидыг бүжиглүүлнэ. Тэр дууны үгэнд:

Have you seen "These Islands"?
Have you seen the beauty of this land?
Do you know its people,
Brothers, sisters walking hand in hand?
Have you seen the ocean?
Miles and miles of crystal deep blue seas?
Can you smell the flowers
Fill the air with fragrances for free?
This is Aloha
This is Aloha,
This is Aloha
This land of Hawaii...
гээд л тэр арал тэг чигтээ нүднээ буутал уянгалнаа

-о0о-