Ардчилсан намд ард түмэн засгийн эрхийг авч өглөө. Мон­голын ард түмэн энэ намд хангалт­тай сайн санал өгсөн юм. Сонгуу­лийн өмнөх санал асуулгаар ямар ч нам ялгаа алга гэцгээж байсан ч ихэнх нь сонгуульдаа оролцож дийлэнх нь АН-ыг дэмжлээ.

Одоо бид цоо шинэ, сүүлийн үеийн хийц загвартай, жинхэнэ ардчилсан шударга сайн чанарын "гутал" өмсөнө гээд хүлээгээд сууж байна. Манай захиалсан бараа ирж яваа сурагтай. Сураг сонсож байхад дэмий юманд горьдсон бололтой.

АН-д засаг байгуулах эрх өгөөтөх­сөн чинь арзайсан олон яам бүхий данхайсан нүсэр тогтол­цоог бий болгохоор ухуулаад эхэллээ. Шинэ Засгийн газар 20-25 яамнаас бүрэлдэж, тэр тоолонгоор жинхэнэ, дэд сайдуудтай, төрийн нарийнтай, мөн шадар, тэргүүн шадар гээд "Зуун яаманд жаран ухна" гэмээр агуу төлөвлөгөө сэтгэж олжээ. Гурван сая хүрэхгүй хүн амын гурван хүн тутмын нэг нь дарга биш бүр сайд болчих юм байна л даа.

Хүмүүс тэр жар далан тал, бүтэн  сайдуудыг байтугай яамных нь нэрийг тогтоож цээжилж барахгүй байсаар дараагийн сонгуультай золгох байх. Хожим  Алтанхуягийн Засгийн газрыг муу жишээ болгон дээр дурсаж 25 толгойтой хотгойл­жин хар мангас шиг болох гээ юу гэцгээх биз. Дэлхий манай энэ санаачлагыг дууриах юм бол улс орон тус бүр 100-10000 яам бүхий төр засаг байгуулцгааж хоёр нүд­тэй иргэнээ түмэн нүдээр цоо шир­тэнэ гэсэн үг. Ер нь бол олон яамтай байж болохгүй гэсэн хууль байхгүй л дээ. НҮБ болон нөлөө бүхий гадны гүрнээс тэг ингэ гэсэн лимитийг Монголд тулгах биш  засаглалын бүтэц ямар байх нь бидний асуудал. Цаашдаа 340 сумаа аймаг болгочихвол олон хүний санал гомдлыг барагдуулах нөөц бололцоо харагдаж байна. Ингэж л аргадаж тойлохгүй бол саналаа өгөхөө больж дайсагнадаг болчихсон юм уу хаашаа юм.

Орчин үеийн хэрэглээ, хөг­жилөө дагаад хувь хүн болгон нийгмийн олон салбараас хамаа­ралтай амьдрах боллоо. Гэхдээ энэ нь нийгмийн салбар бүр дээр донхойж суух улс төрчдөөс хамаарч амьдрана гэсэн үг биш. Компьютер, автомашин, эхо аппа­рат­наас эхлээд бөө удган хүртэл чухалгүй юм алга. Тэр болгон дээр төр ач холбогдол өгөөд байх юм бол "Чадварлаг цомхон бүтэц" бүхий Гар утасны яам ч байгуулах нөхцөл шаардлага бий. Хүнээсээ олон үүрэн холбоо­ны хэрэгсэлтэй болчихоод байхад одоо хүртэл Гар утасны яам алга гээд орилоод байвал бас л бодол­цох асуудал уу?

Одоогоор боловсролын, нийг­мийн, хууль зүйн яамдыг хувааж соёлын, хөдөлмөрийн, дотоод хэргийн яамдыг шинээр нэмэх гэж байна. Тухайн салбар дахь нарийн мэргэжлийн хүмүүсийг цомхтгоод оронд нь данхайсан том улс төрийн байгууллага үйл ажиллагаа явуулна. Тийм тохиолдолд ажил биш үзэл суртал зонхилдгийг бид даанч сайн мэднэ дээ.  Бүр социа­лизм, коммунизм, МАН, МАХН-аас ч долоон дор юм боллоо. Ард түмэн шинэ хуучин хоёр "Ху"-гаас үнэхээр залхаж, тэдний төрийн дарамт хүнд суртлаас ангижрахын тулд МАН-д саналаа өгөөгүй юм. Тэгсэн одоо чонын амнаас гараад барын аманд орж байна уу?. Ухамсар бүхий иргэд дураараа байх гэж төрийн, улс төрийн бай­гууллагыг  ад үзээд байгаа юм биш. Нэгнийгээ сайд болох гэхээр татаад байгааг тамын тогооны үлгэртэй зүйрлэж болохгүй. Бид­нийг коммунизм ерэн жилийн турш яаж залхааж зовоо­лоо. Түүхээс харахад улс төрд хамаарахгүй нийгмийн салбар нэгж дээр хүртэл коминтерний төлөөлөгч, дараа нь Зөвлөлтийн мэргэжилтэн, эцэст нь МАХН-ын хороо гэсэн орон тооны зааж зурдаг байгууллага хянасаар ирсэн. Саяхан болтол сум гэсэн төрийн байгууллага байхад түүний хажууд тэрнээс том эрх мэдэл бүхий сумын намын хороон дарга түүний бүхэл бүтэн аппарат, дал­дуур тагнах чагнах хичнээн ч орон тоо байсан юм. Энэ уламжлалыг ардчиллын жилүүдэд МАХН зас­гийн эрхийг аваад мөн л улс төрж­сөн төрийн байгууллагыг  үргэлж­лүүлсэн юм. Халаагаа өгөх гэж байгаа одоогийн МАН-ын  арван хэдэн яам гэхэд л хэт нүсэрдээд дотор нь салбарын ажлыг гаргуун мэддэг мэргэжилтэн дутагдалтай, орон тоон дээр нь нам танил талаараа орж ирэгсэд шавчихсан байгаа. Нөгөөдүүл нь амьдралаас тасархай мэдээлэл бэлдэж сайды­гаа эвгүй байдалд байнга оруул­саар ирсэн юмдаг. Ажил төрөл хөөцөлдөж явдаг олон хүн үүнийг хэлнэ дээ. Үүнийг Н.Алтан­хуяг дарга өөрчлөхгүй улам төгөл­дөр­жүүлэх нь. Яамдыг улам олшруулна гэдэг чинь мэргэжсэн биш улс төржсөн бүтэц  бий болно гэсэн үг. Төр данхар том бүтэцгүй гэж хэлүү­лэхийн тулд яаманд бай­гаа хүний тоог цөөхөн харагдуулах юм гэнэ. Яам агентлагуудаар зах зээлийн нийгэмд тохирохоо бай­сан хоц­рогд­сон мэргэжилтнүүд пиг дүүрэн байгаа. Тэднийг өмөөрч ажилд нь үлдээх гээд байгаа юм биш. Угаасаа яамдын тоог нэмэх нь утгагүй. Амьдрал дээр хамгийн ядуу айлд хүртэл  амбаар бариад өгөхөөр нэг л мэдэхэд хэрэгтэй хэрэггүй новшоор дүүргэчихдэг биз дээ. Соёлын яам гэсэн амбаар барилаа гэхэд хажууд нь үлэг гүрвэлийн яс хариуцсан хэлтэс зайлшгүй хэрэг боллоо гэнэ. Тэр­нийг нь бараг өмчилчихсөн цөөн тооны нарийн мэргэжлийнхэн мэддэг ухаантай. Хажуудаа авч­рах­гүй бол бас болдоггүй. Дахиад хэлэхэд өнөөгийн амьдрал дээр чухалгүй юм ховор болчихоод байна. Яг өнөөдөр гэхэд л жүдо бөхийн амжилтыг үнэлж дэмжих хэрэгтэй. Урам зоригийг нь хугалж яавч болохгүй. Буудлагын спортыг цаашид төрөөс сайн анхаарахгүй бол Гүндэгмаа медаль авч чадахаа байх нь. Зөвхөн спортод л гэхэд ийм тулгамдсан асуудал байна.

Онолоор бол нэг хүн арваас илүү хүнийг тасралтгүй удирд­лагаар хангаж чаддаггүй. Агуу Чингэс хаан, Модун Шаньюй хүртэл аравтаар  багцалж дэлхийг бүхэлд нь хянасаар ирсэн. Хорь гучин  сайдтай нэг бүрчлэн тулж зохицуу­лалт хийнэ гэдэг бараг юу ч хийхгүй гэсэнтэй адил. Эсрэг тэсрэг болон ойролцоо үйл ажиллагаатай сал­баруудыг нэг гарт төвлөрүүлж ухаалаг зохицуулалт хийхийн оронд явцуу эрх ашигт хатуу үйл­чилсэн эрх мэдэл бүхий баахан сайдууд сэлэм эргүүлцгээх нь бай­на ш дээ. Тэгээд дээр нь улс төрийн өөр үзэл бодолтой намын төлөө­лөл. Ажил мөн урагшаа явна гэж яаж санаа вэ. Зурагтаар харахад гоё ардчилсан мэтгэлцээн өрнөх л юм байгаа биз. "Үйлд­вэрчний" Ганбаатар, "Амлалт нэхэх" Уянга гээд бүх тэмцэгчид эрх баригчид болцгоосон. Тэд хүртэл энэ ээл­жинд мориноосоо бууж улс гэрийг төвхнүүлнэ. Эсвэл мөн л гомдолтой нэг юм бодож олоод мэтгэлцээд сууж байх юм уу?   

Яамд олон байгаад дэмий гэж хэлчих мэдээллийн хэрэгсэл бараг алга болчихож. Одоо эргээд харсан чинь мэдээллийн бүх хэрэгсэл том компани, группүүдийн өмч юм бай­на. Компанийн эзэд нь улс төрд орцгоосон ба төлөөллөө байр­шуулсан. Жижигхээн сонины газар, FM хүртэл "Женко", "Бодь" груп­пийн мэдэлд оччихсон тэдний  дуу хоолой болж буй нь нууц биш.

Төр засгийн үнэн нүүр царайг хэлчих хоншоортой мэдээллийн хэрэгсэл байхгүй болсон нь нэн харамсалтай. Маш олон хэдэн мянган мэдээллийн хэрэгслүүд эхлээд МАН-д одоо ялчихаар нь АН-д долигноцгоон утгаа алдлаа.  Гудамжинд байсан тэмцэгчид ордонд орчихлоо. Одоо энэ ард түмний төлөө тууштай явсаар ирсэн, явж байгаа тийм өмөг түшиг байна уу таминь ээ. МАН гэдэг олигархиудын бүлэглэл бүхий лайнаас ард түмэн арай гэж сая салсан. Тэдэнд дахиж эрх мэдэл өгөхгүй гэсэндээ АН-ыг сонгоцгоо­сон. Энэ нам боломж олдсон дээрээ "улс шиг" төрийг байгуу­лахын оронд 15 биш 25 толгойтой хар мангас болоод хувирлаа. Ард түмний төлөө үйлчлэхгүй юм бол дахиж сонгууль хийж цомхон чад­вар­лаг Засгийн газар байгуулах нь зөв юм байна.