Франсуа Бедарида
Орчуулсан Ц.Гомбосүрэн

Их Британийн ерөнхий сайдаар хоёронтоо томилогдон ажилласан Винстон Чөрчилл бол ХХ зууны түүхэнд тод томруунаар дуурсагдан үлдсэн улс төрийн зүтгэлтэн юм. Удам дамжсан язгууртан тэрээр улс төрийн тогоонд 60-аад жил “чанагдаж”, 9 удаа сайдаар сонгогдон, зууны тал хэртэй хугацаанд Их Британийн парламентын Нийтийн танхимын гишүүнээр сууж, Нэгдсэн улсын 4 хаан, 2 хатан хааны төрд зүтгэхдээ тоо томшгүй саадыг давж, олон омголон шуургыг номхруулж, ер бусын яруу цогтой амьдрал туулжээ. Чөрчилл дэлхийн I дайны үед Их Британийн Тэнгисийн цэргийн яамны сайд, Армийн хангамжийн яамны сайдаар ажиллаж байснаас гадна дэлхийн II дайны хүнд жилүүдэд Их Британийн ерөнхий сайдын өндөр, хариуцлагатай албыг хашиж, улс орноо нэр төртэй удирдан, Тэнхлэгийн гүрнүүдийг ялахад томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэр зөвхөн улс төрч төдийгүй цэргийн зүтгэлтэн, уран илтгэгч, түүхч, зохиолч, сурвалжлагч, зураач гээд туйлын олон талын авьяастай, ер бусын хурц ухаантай хүн байв. Винстон Чөрчилл бол Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Их Британийн цорын ганц ерөнхий сайд, мөн АНУ-ын Хүндэт иргэн цолоор шагнуулсан анхны хүн юм. Будант Альбион нутгийн хамгийн алдартай хүүгийн алдаатай, оноотой амьдралын тухай өгүүлэх Ф.Бедаридагийн энэхүү намтарчилсан бүтээл нэрт Ц. Гомбосүрэнгийн орчуулгаар таны гарт очиж байна.