Английн примиер лиг болон Европын томоохон лигүүд эхэлж байна. Ер нь хөлбөмбөг яагаад дэлхийн номер 1 спорт гэж? Өнөөгийн амьдралын гол хэлбэрүүд шууд туссан учраас хүнийг ингэтлээ татдаг ч байж магад. Сэтгэл хөдлөл, аз, мөнгө, зүтгэл, осол, тэмцэл, луйвар, ялалт, ялагдал бас хайр – энэ бүгд хөлбөмбөгт бий.

Зүтгэл. Зохион бүтээгч Томас Эдисоны бүтээлүүдээс бараг 90 хувь нь хүнд хэрэггүй хог байсан гэдэг. Харин үлдсэн 10 хувь нь дэлхийг өөрчилсөнийг бүгд мэднэ. Хөлбөмбөгт ч бас арван удаа довтолж ганцхан нь гоол болдог. Тэр ганц гоол ялалт авчирна. Үр дүнгүй өнөөх 9 довтолгоон хэрэггүй хөдөлмөр ч байж магад, гэхдээ л тэр 9 довтолгоонгүй бол гоол орохгүй. Амьдралын дүрэм ч ийм. Чи маш олон юм оролдож, хичээж зүтгэж, өчнөөн хөдөлмөрөө дэмий үрж байж хэрэгтэй зарим үр дүн гардаг. Тэгэхээр амжилтгүй оролдлогуудаас нэг их айх хэрэггүй шүү залуусаа, дэмий ангайж сууснаас хамаагүй дээр.