Эрт орой нэгэн цагт чи Бурханы өмнө зогсч, нүгэл буянаа дэнслүүлнэ. Энэ тунхаглал маш олон хүнийг айлгадаг. Бурхантай нүүрэлдэнэ гэхээс олон хүн дотроо дагжин чичирдэг. Тиймдээ ч, Бурханыг үгүйсгэж, өөрсдийн логикийг тахин шүтдэг. Эрх мэдэл, өнгө мөнгө, хорвоогийн худал хуурмаг бүхний төлөө амь тавин хөөцөлдсөн тэдний амьдрал хог хаягдлаас өөр юу ч биш. Эрэмшиж хөөрцөглөсөн эд баялаг, эрх мэдэл, өмсгөл зүүсгэл бүхнээ тайчин Бурханы өмнө нүв нүцгэн очихдоо тэд дотроосоо туяарах гоо сайхан үгүйн ичгүүр гутамшгийг эдлэх вий.

Их Александр дорно зүгт одох зам зуураа Диогентэй уулзжээ. Диоген бол хүн төрөлхтөний дотоод ухамсрын ховорхон цэцэглэл байлаа. Александр түүний тухай хэдийнээс сонсч, уулзахыг битүүхэн мөрөөсдөг байж. Гэвч зорин очихоосоо зүрхшээж, ихэмсэг бардам зандаа тушигддаг байв. Дорно зүг рүү явах замд нэгэн голын эрэгт түүний сууж байгааг сонсчээ. Энэ удаа уулзах хүслийг нь юу ч торгоож дийлсэнгүй. “Би түүн дээр зорьж очоогүй, зүгээр л зам зуур тааралдсан гэж хүмүүст хэлье” хэмээн тооцоолжээ.



Ингээд тэр Диогентэй уулзахаар явав. Өвлийн сэрүүн салхи үлээсэн өглөө байлаа. Диоген голын хөвөөнд элсэн дээр биеэ наранд шарж байгаа аятай нүцгэн суунам. Тэр үнэхээр биширмээр сайхан хүн байлаа. Түүний гоо сайхан ер бусын агаад ойлгомжгүй. Хэрэв Александр сайхан харагдаж байвал ойлгомжтой. Түүнд эрх мэдэл, эд баялаг, хорвоод гайхуулах юм бүхэн бий. Гэтэл Диогенд юу ч байхгүй, мөрөндөө хэдрэх хувцас, гартаа барих аяга ч байхгүй. Буддад хүртэл бадар аяга бий. Диогенд эхлээд аяга байсан юм. Нэг өдөр голын уснаас аягаараа утган уух гэж байхад нь тэнэмэл нохой иржээ. Нохой шууд л гол руу үсэрч ороод ундаалахыг хараад Диогений инээд хүрч, “Энэ нохой надад хичээл зааж байна. Нохой аягагүй амьдарч чадаж байхад би чадахгүй гэж үү?” гээд аягаа чулуудчихаад нохой шиг ус руу үсэрч  орсон гэнэ. Тэр нохой ч жирийн нохой байгаагүй бололтой. Диоген, тэр хоёр анд нөхөд болж, хамт амьдрах болжээ.

Ийм л хүн дээр Александр ирсэн юм. Тэр үгээгүү хүнээс цацарч буй ер бусын гоо сайхан, тайлшгүй нууцлаг сүр сүлдэнд автаж, гайхан алмайрчээ. Чухам яагаад гэдгийг ойлгож чадахгүй байв. Тэгээд Александр сүрдэн биширсэн дуугаар “Эрхэм ээ! ...” гэж дуудав. Тэр өмнө нь хэнийг ч эрхэм дээдээр нь дуудаж явсангүй.

“Таны буй байдал намайг үнэхээр бишрүүлж байна. Би таны төлөө ямар нэг зүйл хиймээр байна. Хэлж ажаамуу” гэлээ. Диоген хариуд нь, “Та жаахан хашуу тийшээ болчихгүй юу. Нар халхлаад байна. Надад өөр хүсэх юм алга аа” гэж хэлэв.

Александр “Хэрэв энэ дэлхийд эргэж ирэх хувь тохиол байх юм бол намайг Александр болгохын оронд Диоген болгохыг Бурханаас би гуйх болно” гэлээ.

Диоген инээд алдаад, “Та тэгж гуйхгүй л болов уу. Учир нь, та одоо ч Диоген болох боломжтой. Бурхан таныг хориогүй биз дээ? Хэдэн сарын турш цэрэг цуух цувлаа. Хаашаа, юуны төлөө зорино вэ?” гэж асуув.

Александр “Би дэлхий дахиныг байлдан дагуулахаар дорно зүг, Энэтхэгийг зорьж байна” гэлээ. “Тэгээд дараа нь юу хийх вэ?” гэж Диогенийг асуухад, “Тэгчихээд л амарна даа” гэж Александр хариулав.

Диоген түс хийтэл инээснээ, “Би дэлхийг эзлээгүй мөртлөө амар амгалан байна. Хэн танд дэлхийг эзэлсэн хойноо л амарч болно гэж хэлсэн юм бэ? Би үнэнийг хэлье. Одоо л амсхийхгүй бол та хэзээ ч амсхийхгүй. Нэгийн араас нөгөө нь гарч ирсээр, нэг л мэдэхэд амьдрал чинь дуусч, аян замын алжаал дундаа үхэх болно. Хөөрхий хүмүүс ийм л тавиланг эдэлдэг юм” гэжээ.

Александр “Таны зөвлөгөөг би яг одоо бол дагаж чадахгүй. Гэвч ой тойндоо хадгалж явъя. Үнэт сургаалд чинь баярлалаа” гэв.

Александр үнэхээр аян замд өнгөрсөн юм. Тэр эх нутагтаа эргэж ирээгүй. Энэтхэг хүртэл аялаад эргэх замдаа нөгчжээ. Эцсийн амьсгал хураах тэр мөчдөө Диогений үгийг санасан буйза.

Домог цаашаа ийн үргэлжилдэг. Түүний нас нөгчсөн өдөр Диоген ч бас тэнгэрт хальжээ. Бурханы зүг одох голын гарман дээр тэд уулзсан гэнэ. Александр арай л түрүүнд алхаж байв. Ард нь хэн нэгэн алхах чимээг сонссон тэрбээр эргэн хараад, Диогенийг танив. Сүнслэг гоо сайхнаар туяарч буй түүний дэргэд өөрийнхөө сүр сүлдгүй үхээнц байдлаас ичиж зовжээ. Гэвч тэр ичингүйрлээ нуухыг оролдож, “Эзэн хаан, гуйлгачин хоёр эргээд учирдаг юм байжээ” гэхэд нь Диоген “Тийм ээ, эзэн хаан, гуйлгачин хоёрын учрал гэдэг үнэн. Гэхдээ хэн нь хаан, хэн нь гуйлгачин гэдгийг та эндүүрээд байх шиг. Би сэтгэл хангалуун амьдарч, Бурхан зүг итгэл дүүрэн алхаж байна. Харин та надаас хүртэл далдичих мөртлөө Бурхантай яаж нүүр учрах гээв? Үгээгүү хоосон амьдрал гэж үүнийг л хэлэх биш үү?” гэжээ.

Эх сурвалж: “Zen and the Art of enlightenment” by Osho.