-фельетон-

Аяа намар, чи хуралд цадах болоогүй юу?

Шинэ засгийн ерөнхий сайд зөвхөн амралтын өдрүүдэд ажиллана гээд хагас сайнд хуралдав. Харин ажлын өдрүүдэд яах нь тодорхойгүй байна. Тэрээр “сайд хүн жилд хоёроос илүү удаа гадаадад очих учиргүй” гэж мэдэгдлээ. Харин гадаадын аль ч улсад хэдэн ч удаа ирсэн болох юм байна.

Намуудын дарга уулзалт их хийж байна. МАН-ын дарга саяхан зөвхөн тэргүүний тариаланчидтай уулзалт хийлээ. Тэргүүний биш тариаланчид нь арвин ургац хураагаад завгүй байгаа аж.

МАХН-ын удирдагчид даргатайгаа уулзах гэсэн боловч шүүхийнхэн зөвшөөрөөгүй гэнэ. Гэвч намар болж байхад хэнтэй ч уулзахгүй байх нь намуудын номонд хазгай болох тул  тэд бие биетэйгээ уулзсан байна.

Ногоон чиг баримжаатай намын дарга нар ногоочидтой тасралтгүй уулзалт хийж байна. Ийм нам маш олон салбарласан учраас ногоочдын тоо хүрэлцэхээ байжээ. Гэвч уулзалтаа таслах нь ямар ч намд үхлийн цохилт болдог тул тэд ногоо зардаг улсыг лангууных нь араас чирж авчраад уулзалт хийж байна.

Бэлчээрийн чиг баримжаатай өөр нэг намынхан “малчдыг авчирч хуралдснаас очиж хуралдах нь ардчилал мөн” гэсэн уриа дэвшүүлжээ. Тэд намрын дунд сарын 17-н хүртэлх бүх балжинням, дашнямтай өдрүүдэд аль л олон малчин цуглаж байгаа газарт төлөөлөгчөө илгээн хуралдана гэж байна.

Тэд хуралдах урлагт инноваци нэвтрүүлж зөвхөн үг хэлэх, шүүмжлэх байдлаар  хийдэг догматик арга барилыг халахаа амлаж байна. Магтаалыг дуулж, санал сэтгэгдлийг уйлж, шүүмжлэлийг агсам тавьж илэрхийлэх шинэ арга барилыг нэвтрүүлнэ гэнэ.

Нэгэнт л хурлын улирал ирсэн тул залуус “ойрдоо хуралдсангүй өнөө орой бааранд шуурхай зөвлөлгөөн хийе”, “шөнөжин хийсэн хурлын сэдэв толгойд гарчихаад үхлээ. Ганц илтгэл аваад ирэх буянтай хүн байна уу”, “ганц бие илтгэгч хамт хуралдах бүсгүй хайж байна”гэхчлэнгийн мессежийг хоорондоо нисгэж байна.

Үнэмшмээргүй, үнэмшмээргүй хурлын мэдээлэл ч бишгүй. Төрөх тасагт эхийн хэвлээс дөнгөж цухуйсан хүүхэд “ноёд, хатагтай нар аа. Анхаарлаа хандуулахыг хүсъе” гэсэн ч гэх шиг. Нэг бүрлээч “анхаарал тавьсанд баярлалаа” гээд нүд аньсан ч гэх шиг.

Замын цагдаагийн илтгэлд “хурал хийж байхдаа машин барьсан”, “микрофон үлээлгэж үзэхэд 0,9 процентийн илтгэлтэй гарсан” гэхчлэнгийн тэмдэглэл дурайж байна.

Зөвхөн намууд ч хуралдаад байгаа юм биш. Жирийн иргэд ч бүхий ажил төрлөө хурлын зохион байгуулалтад оруулсан байна. Жишээ болгон нэгэн албан мэдээг толилуулъя.

“Хүлээн авч уулзав”

ВВS.Ulaanbaatar. 2012.08.28.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн задгайд суух иргэн Чогломжав хадам ээж Жинжиймаагаа ёслолын пиндээ хүлээн авч уулзан элэгсэг дотно ярилцав.

Уулзалтын үеэр Чогломжав хэлсэн үгэндээ, Жинжиймаа болон тэдний гэр бүлийнхэн хадмынхаа үүргийг нэр төртэй биелүүлж ирснийг цохон тэмдэглэв. Тэрээр хоёр бүлийн хадам, хүргэний найрсаг харилцаа цаашид цэцэглэн хөгжинө гэдэг итгэж байгаагаа илэрхийллээ.

 Олон жилийн турш маргаантай явсан жорлон ба муу усны нүхийг салган өмчлөх болсноор газар нутгийн маргаан шийдэгдэж хоёр гэр бүлийн хашаа бүрэн димаркаци хилтэй болсныг тэрээр өндрөөр үнэлэв.

Иргэн Жинжиймаа хариу хэлсэн үгэндээ, иргэн Чогломжав нь тэдний хүргэнээр хорь гаруй жил тогтвор суурьшилтай ажиллаж байгааг сайшаан тэмдэглэв.

Хоёр гэр бүлийн харилцаа, хамтын ажиллагаа зээл, тусламжийн салбарт амжилттай цэцэглэн хөгжиж байгааг дурьдаад цаашид энэ хэвээр үргэлжилнэ гэдэгт бат итгэж  байгаагаа илэрхийллээ.

Тэрээр  хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахын чухлыг тэмдэглээд өвлийг өнтэй давахын тулд түлээ нүүрсний мөнгөөр туслах, мөн өнгөрсөн жилийн зээлийн төлөх хугацааг сунгах, уржнангийн зээлийг найдваргүйд тооцон хүчингүй болгох зэрэг бүтээлч санал санаачилга дэвшүүллээ.

Мөн уулзалтын үеэр хаврын шуурганаар хэцэн дээрээс хийсч хашаа давсан зарим хувцсыг хүлээлгэн өглөө. Мөн хадмын хашаанд тогтолгүй цаашаа хииссэн хувцаснуудыг төрөл хостой  уулзуулж өмсөх асуудлаар “гурван талт хэлэлцээр” ойрын үед санаачлах хэрэгтэй байгаа дээр талууд санал нэгдэв.

Цаашид харилцан хэсэлцэх журмыг хөнгөвлөх талаар санал солилцов. Хоёр гэрийн дундах хашааны цоорхойг 24 цагаар ажиллуулах, тэнд нохой уяхгүй байх асуудлыг судалж үзэхээр болов.

Харин иргэн Жинжиймаа зургаан хүргэний хадмаар давхардуулан ажиллаж, бүгдэнгээс нь түлээний мөнгө авдаг боловч ганц ч тайлан гаргадаггүй, гэхчлэнгийн маргаантай асуудлыг дараагийн уулзалт болтол хойшлуулав.

Уулзалтын төгсгөлд эрхэмсэг зочныг хүндэтгэн хуушуур авчруулан зоог барив. Зоог элэгсэг дотно байдалд болов. Уузалт, зоогт Чогломжавын эхнэр Дүүриймаа, Жинжиймаагийн гал дээр гарсан зээ Түнтүүш нар  болон албаны бусад хүн байлцав. Мөн Жинжиймаагийн бага хүргэний үүрэг гүйцэтгэгч Галтайхүү ажиглагчаар оролцов... гэсэн байна.