Албан тушаалын наймаа ид явагдаж байна. Энэ явдал нь  төр засаг солигдсоны дараа гарцаагүй явагддаг жам ёсны үйл явц болтол манайд тогтсон юм. Төр солигдлоо, дараагийн үйл явц нь төрийн албаны бужигнаан. Халаа сэлгээ. Олон зуун төрийн албан хаагчид ажлаас халагдаж байгаа ч “түр хүлээж бай, түр зуурын зохи­цуулалт хийж байна. Ийш тийш элдэв гомдол санал гаргаж гүйвэл өөрсдөө л хохирно шүү” гэх аятайханаар хэлбэл аман мэх, аягүйгээр илчилбэл за­нал­хийлэл хүлээж аван гайх­шаа барж сууна. Гэхдээ амьд­ралд мөнхийн хадаатай суудал гэж үгүй. Ээлжилж байдаг, ирж буцаж байдгаараа албаны ч бай, ахуйн ч бай бүх түүх өөр өөрийн хэв шинжийг хадгалж байдаг. Тэгэхээр хэт муу үзэгд­лийн төвшинд хүртэл хэл­бийчихгүй л бол эрх баригчид руу тэгтэл их давшаад байх хэрэггүй.  Үнэндээ манай тө­рийн алба чанаргүйжсэн нь үнэн. Арав хорин жилээр суу­дал бөглөсөн ч ахиж дэвшээ ч үгүй, зүгээр л цалин хороогчид болж хувирсан төрийн албан хаагчдын лагс эгнээ улс орны хөгжлийг уяж байдаг муу хүчин зүйлсийн нэг болж тогтсон нь яах аргагүй үнэн. Тэднийг хо­мор­голон халах биш, нарийн су­далгааны үндсэн дээр ха­рилцан зөвшилцөж төрийн албыг чөлөөлж авч бас болно шүү дээ. Алдаа дутагдал гарга­даг, тэрийгээ элдэв арга саа­маар хаацайлж зуршсан, тө­рийн албанаас хөрөнгөжсөн, ийн хууль бусаар олсон орлогоороо улс төр, хууль хүч­нийх­нийг барьдаг технологитой, бараг мафийн толгойлогч шиг бол­чихсон агентлагийн дарга, улсын үйлдвэрийн захирлууд, яамдын том газрын дарга на­рын бүхэл бүтэн арми бий. Тэд­нийг бол гуйгаад явахгүй байх. Гуядаад зайлуулахаас аргагүй юманд тулж ирсэн ч байж мэднэ. Төрийн албаны ха­лаа сэлгээг ийм этгээ­дүүдтэй тэмцэх явдалтай хольж хут­гахгүй байхыг хаа хаанаа хи­чээх ёстой юм. 

Боловсролтой, хүсэл мө­рөө­дөлтэй мянга мянган за­луус Төрдөө хүчин зүтгэхийг хү­сэмжлээд гадаа зогсч байна. Тэдний өмнө хаалгаа нээх хэ­рэгтэй. Харин дээрх этгээ­дүү­дийн өмнө хаах ёстой.

Улс төрийн албан тушаалт­нууд өөрчлөгдөх нь зүй ёсны явдал суудал юм. Гэхдээ далд тохироон дээр явагддаг өндөр өртөгтэй бизнес байдаг жиш­гээс гармаар байна. Ирж буй мэ­дээллүүдээс үзэхэд үнэ­хээр халагламаар, шударгаар өнгөрснийг сануулж Төрийн чихэнд хонх болон жин­гэ­нүүл­мээр бохир тохироонууд хийг­дэж эхэлжээ. Одоо мэдээж дэд сайдуудаас эхлээд томилгоонууд хийгдэнэ. Томилгоо­нууд дээр урьд нь тарьсан ба­лаг ихтэй, лай ланчиг нь дийл­дэхээ байсан, хууль хянал­тын­хан байтугай бурхнаас ч эмээ­хээ больчихсон том гарын луйварчдыг алхуулахгүй баймаар байна. Жишээ нь, ТЭЦ-4-өөс төрсөн тэрбумт­нуу­дын толгойлогч Ц.Баярбаатар гэдэг нөхрийг Эрчим хүчний яамны дэд сайдаар томилох тухай мэдээлэл ид нисч байна. Ийм юм байж болох уу гэж сал­барынхан нь гайхширч байна гэнэ. Манай хамгийн том цахилгаан станцыг өөрийн ша­хааны бизнесийнхээ талбар бол­гож балласан, дараа нь Эрчим хүчний газрын даргаар очиж баахан талласан хүн бод­логын яамны оройд очих ёс сур­тахууны эрхтэй гэж үү. Эр­чим хүчний салбарт бизнес эр­хэлдэг компаниудыг ангилж ялга­варлах, тендерт толгойг нь ч цу­хуйлахгүй дарах зэрэг бол түүнд юу ч биш гэлцдэг. Эцэст нь хувийн харилцаатай ком­паниуддаа тендерүүдээ өгдөг, тэр шугамаараа сая саяын авил­га авч хөлжсөн энэ этгээ­дийн хувьд охиндоо япон ресто­ран бэлэглэх, хувьдаа тан­саг харш сүндэрлүүлэх зэ­рэг бол юу ч биш болсон нэгэн.

Хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лүүдээр олон жилийн турш түүний хэрхэн улсын хөрөнгийг шамшигдуулсан, хууль хяналтын бай­гуул­ла­гуу­дыг гартаа оруулсан талаар цацагд­сан ч бүгдийг аргалд­гаа­раа зартай. Аргалаад ч өнгө­рөх­гүй хэвлэлүүдээр төлбөр­тэй урт урт материал нийт­лүүлж өөрийгөө өмгөөлдөг. Ийм башир юмнуудад төрийн босго өндөр баймаар байна.  

Салбар нь дайсан шигээ үздэг болтол жигшигдсэн ийм хүмүүс одоо ял зэмгүйхэн шиг тэтгэвэртээ суувал яасан юм бэ. Эцэж цуцашгүй шуналаа татаж жаахан ч атугай улс орноо бодох хувийн соёлгүй ийм нөхдүүдийг таслан зог­соох цаг иржээ. Ц.Баярбаатар нь өөрийн хэлхээ холбоотой компаниудаа тендерт шалгаруул­даг, тэдэнтэйгээ мөнгө угаа­даг, хууль бус ашиг орлого олдог, тарифын орлогыг хууль бусаар зарцуулдаг, албан хаагч­даа эрхшээлдээ оруулж элдэв бохир юм хийдэг зэр­гээ­рээ зартай. Хичнээн аудитын газрууд шалгаад, хич­нээн удаа хуулийн байгууллага мөшгөөд ч тэр сугарч үлдээд л байдаг. ТЭЦ-4-өөс арга буюу ичсэн нүүрэндээ холдсон ч Эр­чим хүчний газрын дарга болж хуучин “бизнес”-ээ цэ­цэг­лүүлсэн. Өөрөө явсан ч өөрийн хүндээ тамгаа өгдөг. Тэр нь бүх жогорхойг нь цээжээрээ хам­гаалаад сууж байх тангаргатай юм шиг авирлаж байдаг. Ийм ичгүүргүй бүлэглэл дамнасан хэлхээ холбоог тас татах цаг болжээ. 

Одоо Ц.Баярбаа­тар­тан дэд сайдын сэнтий зүү­дэл­чихсэн найраа хийж явна. Ер нь цахилгаан станцуудыг UBS бүлэглэлийнхэнд насан тур­шаар нь өмчлүүлчихээгүй биз дээ. Монголд тэднээс лүү тар­хитай аавын хөвгүүд байхгүй юм уу. Төрд ийм албан хаагчид хэрэггүй. Ийм улсууд байх ёстой газраа очоогүй нь их юм гэж залбирч явах ёстой байтал улам л төрийн энгэрт мацаад бай­даг нь шударга иргэдийн дур­­гүйцлийг төрүүлж байна. Мянга мянган ийм дургүйцэл, дотоод эсэргүүцэл нэгдэж нэг л өдөр тэсрэнэ шүү. Ийм тэс­рэлтээс заавал дохио авч байж Төрийн анти вирусын эсрэг прог­рамм ажиллаж эхлэх ёсгүй биз дээ. Энэ программ мөн­хөд ажиллаж байх ёстой. Ажил­луулж байх ёстой биш гэж үү.