Зуны сүүлч сар, ялангуяа алтан намар цагт, тэгээд Балжинням, Дашнямтай өдрүүдэд бол манай Хуримын ордон гэрлэгсдийн ба тэдний ахан дүүс, найз нөхдийн хөлд дарагддагсан. Ардчиллын жилүүдэд хуримлагдсын тоо эрс өссөн, тэр хэрээрээ Хуримын ордон цаг наргүй ажиллаж, оочер ч тасрахгүй, мөн тэр хэрээрээ орлого чамгүй олдог болсон доо. Хуримын ордонд ёслосны тэр оройд бол нийслэлийн нэр хүндтэй ресторанууд захиалгаа дийлэхгүй, мөн л цаг наргүй ажиллаж, найр цэнгүүнд дарагддаг билээ. Монгол хуримын ёс жаяг, идээ будаа, ёслолын цайллага будаалгын тухайд энд би олон тайлбар хэлэх гээгүй.

Гэхдээ нэгэн загварт баригдчихсан, хэн нэгэн хөтлөгчийн уриа цууриа хуримыг авч явдаг нь худлаа биш. Монгол хуримын танилцуулгын үгс, хундагын үгс хэт олдоод, нөгөө хос залуусын маань жинхэнэ цэнгүүн нь хомсдуу байхыг хэд хэдэн хуримаас би мэдэх юм. Хурим гэдэг бол хуримлагч хоёр залуу хосын нэг насны баяр,тэр хоёрын аз жаргалтай мөч байх ёстой. Нэг насандаа мартагдашгүй баярт мөч нь байх ёстой юм. Харин монголчууд бид бол аав ээж, ахан дүүс, анд нөхдөө баярлуулах гээдмөнгөцаасихзарцуулж, хахталньхоолложундаалж согтоох гээдтэр хуримаа тэдэндээ зориулчих шиг болдог. 

Монгол хуримаас гадна дэлхийн олон оронд олон ч төрлийн хуримд уригдаж оролцож явсны хувьд харьцуулах юм надад бас байна. Арваад жилийн тэртээ Энэтхэгт алба хашиж явахдаа хиндү, сикх, мусульман гэр бүлийн хуримд бишгүй уригддаг байлаа.Бид Ражастан мужийн нийслэл Жайпур хотод найз сикх нөхрийн хүүгийн хуриманд хонуутаар  уригдаж, сикх айл охиноо хадамд гаргах гэж хагас өдөржин хичнээн их уйлж (бараг уй гашуу) дуулж байхыг хараад элэг эмтрэх шахуу явсансан. Шашнаараа ялгарч, шашин нэгтэнтэйгээ хуримлаж, шашныхаа ёс жаягийг зарим нь хатуу мөрдөж байхыг Египетэд олон хуримдээрхарсан даа. Христиан коптууд сүмд очиж мөргөлийн дуу сонсоод, ламаар адислуулаад, гэрлэлтээ ламаар батлуулаад дараа нь тансаг цэнгүүн зохиож байхад нь хүүхдүүдтэйгээ уригдаж байлаа.

Саяхан би охины хамт гэр бүлээ төлөөлөн мусульман шашинт иордан айлын хуримд уригдлаа. Суннит мусульман гэхлээр египетийн лал шашинтнууд санаанд бууж байгаа юм. Тэр хавьцаа сэтгэсээр яваад очтол юу үзсэн гээч. Христиан копт айлын хуримаас хол давсан олон улсын хэмжээний баяр, цэнгүүнээр нэг оройжин амьсгаллаа.


Миний иордан найзын зусланд энэ хуримыг товложээ. Зуслангийн гадаа машин багширч, үйлчлэгч залуус бүчин авч, зочдыг хөтөлж цааш оруулж байлаа. Филиппин зарц нараа ч учиргүй гоёжээ. Гол хаалгаар ороод цааш цэцэрлэгийн талбайд гарвал ийм уянгалаг хөгжим эгшиглэж угтлаа. Аарф буюу босоо ятгаар энэ бүсгүй шааран бөмбөлөг дотор европын сонгодог аясаас тоглож байлаа. Шааран бөмбөлөг гэснээс залуус энэ дотор тоглож наадаж бөмбөрч байсныг харснаас бус амьд сонгодог хөгжим эгшиглүүлнэ чинээ санасангүй. Аяс нь агаарт цууриатаад цаанаа нэг л тааламжтай. 


Миний иордан найз – уригч маань бид хоёрыг угтан авч мэндчиллээ. Энэ маань гурван охин, ганц хүүтэй. Отгон охиноо өнөөдөр хадамд өгч байгаа. Хоёр эгч нь аль хэдийнэ гэрлэсэн. Хүү нь отгон нь юм. Гэрлэхэд арай эрт байна гэлээ.


Худ нь. Хүргэнийх нь аав.  Иорданы нэртэй дипломатч, олон оронд Элчин сайдаар ажиллаж асан нэр хүндтэй эрхэмтэй би танилцлаа. “Аперитив” гэгч “Архитай угтлага” буюу оноосон суудалгүй зогсоо хийгддэг ёслолоор хурим дөнгөж эхэлж байлаа. Зогсоо гэдэг нь найзын маань зуслангийн цэцэрлэгийн гадаа талбайд болж буй хүлээн авалт л даа. 


Ер нь ийм зогсоо хүлээн авалт нь бэлтгэх, үйлчлэхэд хялбараас гадна уригдсан олон зочид нь өөр хоорондоо танилцах, ажил хэргийн яриа өрнүүлэх боломж олгодог давуу талтай.  Бид 30 минут хэртэй аперитив барьсны дараа амьд цэцгийн хэлхээгээр эмжсэн ийм аркаар цаашаа уруудан хурим болох гол задгай талбай руу явлаа. Тэнд ширээнд уригдана. Гэхдээ шууд идэж уугаад эхлэхгүй. Наана нь олон ёслол бий.




Иордан хуримын ширээ засалт. Бусдад санаа өгөх үүднээс нарийвчлан бичиж байгааг өршөөгээрэй. Таван тивээс 1000 гаруй зочин уригдсан, Иорданы нийгэм-улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүд (Ойрхи Дорнодын толгой баячуудаасирсэн) цугласан хуримын ширээ засалтаас санаа туршлага авч юу нь болохгүй билээ. Энэ ширээн дээр архи,  дарс, лаазтай шилтэй ундаа пиво, зууш алга. Анхилуун үнэрт амьд цэцэг, зориулалтын тусгай саванд асаасан лаа, цул мөнгөн хутга сэрээ,  алтан эмжээрт том таваг, дээр нь мөнгөн бугуйвчинд эвхэж хийсэн алчуур ширээн дээр байна. Зочид хундагатай дарсаа өөрсдөө барьж ирнэ, эсвэл ширээнд суугаад захиална.


Welcome Drinks буюу дээр дурдсан аперитив (aperitif) хэмээх нэгэн өвөрмөц ёслолыг тайлбарлая. Аperitif гэх энэ үг нь хэл зүйн талаасаа “нээх”, “сэргээх” гэсэн утгатай, харин ёслолын талаасаа францчууд вино, ликёр, вермут уухыг тэгж ойлгодог. Ухаан нь Таныг хүлээн авалтад уригдаад очиход өмнөөс чинь цар (поднос) дээр архи, дарс, шар айраг, ундаа өөрөөстэй офицент тосч байгааг хэлж байна. Аперитив нь зочид цуглахыг хүлээх хооронд хоол идэх дур хүргэх, хооллохын өмнө “дотроо халааж”, зочдыг өөр хооронд нь танилцуулах, ярианы сэдэв өрнүүлэх зорилготой. Аперитив барих хугацаа ихэвчлэн 15-30 минут байдаг. Жижиг тавганд самар, хушга, эсвэл лууван, өргөст хэмхийг амтлагчийн хамт хийж тавина. Тэр бол хоол хүртэл шийр зугаа гэсэн утгатай юм. “Аперитив барих” хэмээх ёслолд цай, кофе, сүү, таргаардайлахгүй. Зөвхөн архи, дарс, пиво, ундаа, жүүс, цэвэр усаар бага зэрэг дайлах ёстой.








Хурим эхэлснийг илтгэж даашинзтай охид орж ирж бүжиглэлээ. Залуу хосууд орж иртэл бас зай байна. Даашинзтай охидыг бүжиглэх зуур бид офицент залууст уух архи, дарс, ундаагаа захиаллаа. Надтай хамт иордан, ливан, маррокийн бизнесчид, Лондон хотынгоо сайхны өмнөө барьдаг мэс засалч нэг эрхэм гэр бүлийн хамт ширээнээ сууж, эрчүүд бид виски захиаллаа. Виски гэснээс нэгэн тайлбар хэлье. Ерөнхийдөө виксиний зочилгоо хоёр тусдаа цар дээр хийгддэг. Нэг цар дээр зөвхөн вискитэй стаканууд өрөөстэй, хажууд нь савтай мөс бэлтгэх, нөгөө цар дээр өөр нэг үйлчлэгч цэвэр ус, сода ус тусгай шилэн колбонд хийж дагаж, зочин болгоноосоо юу нэмэхийг, хэдэн мөс хийхийг заавала сууж үйлчилнэ. Ингээд гурван тусдаа юм дагалдаж холигдох нь байна.








Даашинзтай охидыг бүжиглэх зуур цэрэг хувцастай бөмбөрчин залуус шатаар уруудан хуримын гол задгай талбай руу орж ирлээ. Цоглог аяс зочдыг хөгжөөж нийтийн бүжиг цэнгүүн ийнхүү эхэллээ. Виски гэснээс нөгөө тайлбараа үргэлжлүүлье. Энэ бол зөвлөлгөө гэж ойлгоорой. Миний дээр дурдсан мөс, ус бол үнэмлэхүй дагаж мөрдөх загвар биш л дээ. Жишээ нь Шотландад вискиний коктейлийг маш олон төрлөөр, зөвхөн мөс, ус төдийхөн бус, улаан лоолийн шүүс, нимбэг, жинжер, вермут холих гэхчлэн төрлүүд нь арилж өгнө. Тэр бүхнээс суралцахад бас ч үгүй нэлээд цаг орно.
 








Бөмбөрчид дуулцгааж “цасан” охид бүжиглэж байх зуур багт наадмын бололтой багтай бүжигчин охид орж ирлээ. Энэ завсарт би вискигэх нөгөө тайлбараа дуусгая. Анхаарах нэг зүйл буй. Юу гэвэл Scotch Whisky болгоныг нэг янз гэж ойлгож үл болно. Англи нэр нь ч дотроо Whisky, Whiskey гээд хоёр янз байгаа. Дотроо нэрмэл (Distilled), холимог (Blended) гээд ялгаатай. Ялангуяа холимогийг нь бол нэр хүндтэй тансаг зоог дээр гаргалтгүй, хэрэв Та үнэхээр зочлоё гэвэл, нэр хүндэд чинь хэрэгтэй гэж үзвэл Single Malt Whiskey гэдгээр зочлох хэрэгтэй. Энэ төрлийн вискийг дэлхийд дээд зэрэглэлийнх гэж үздэг юм. Тиймийг нь бид энэ хурим дээр хүртлээ.




Хуримын гол эзэд – хуримлагч хосууд орж ирлээ.  Тэр хоёрыг орж иртэл их ч удлаа. Аперитив эхэлжзочид “дотроо халааснаас” хойш лав нэг цаг өнгөрлөө. Хэн ч нээж үг хэлсэнгүй. Хөтлөгч гэж алга. Микрофон цууриатсангүй. Оройн хоол бүр байдаггүй. Бүр зууш ч алга. Би юу хэлэх гээд байна вэ гэхлээр нэр хүндтэй иймэрхүү тансаг зоогт очихдоо өлсгөлөн байж болохгүй ээ, гэдэс гарахаар очиж болохгүй ээ л гэх гээд байна. Энэ бол ердөө л цэнгүүн. Найр наадам биш. Зарлаж нээж, үг хэлж, ах дүүсээ харилцан танилцуулна гэж тэнд байдаггүй юм байна. Хэлгүй улс шиг л дор бүрнээ бүжиглээд цэнгээд байх нь тэр. 






Хуримын гол эзэд – хуримлагч хоёр хос хуримын анхны бүжгээ ёслолын буудлагын дор хийв ээ. Өмнө нь уригдаж байсан христианчуудын хуримд бол Tonight I Celebrate my Love For You гэх америкийн уянгын харилцаа поп дууг дуулдагсан, энэ удаа арай өөр дууны аянд тэд бүжиглэлээ. Хурим албан ёсоор эхэллээ гэсэн үг. Тэр хоёр нүүр хагарч зочдын дунд орж ирлээ.




Охин хүргэнтэйгээ алс хол Монголоос уригдан ирсэн хүндэт зочноо найз маань  танилцууллаа. Танилцах ч биш л дээ. Мэндичлүүлэв гэе. Учир нь бид өнгөрсөн 4 дүгээр сард Амманд очихдоо тэдний гэрт зочлоод танилцчихсан байсан юм. Тэр үед танилцаж байсан олон нөхөд энэ хурим дээр ирсэн байлаа.




Энэ бол найзын маань зээ нар. Соёлжсон, европжсон араб хөвгүүд. Гурван хөвгүүнээр би шал өөр тайлбар хэлэх гэж байна. Эднийг мухар сүсэгт мусульманчууд гэх үү дээ? Иорданы хүн амын 70 хувь нь лалууд, 30 хувь нь христианчууд. Шашин хоорондын хүлцэл тэвчил, харилцан хүндэтгэл гэдгийг арабын ертөнцөд чухам Иордан нь хангаж чадсан. Тэр хэрээрээ лалууд нь ингэж наргиж цэнгэж, орчин үежэж чадсан хэрэг. Энэ үзүүлэлтээр миний мэдэх Египет бол арай өөр, Саудын Араб бол бүр тэс өөр, бүр харш гээч. Шашин хоорондын мөргөлдөөнд идэгдсэн хөршүүд нь Иорданаас сургамж авууштай юм шиг.




Хуримын гол эзэд – хуримлагч хоёр хос хуримын анхны бүжгээ хийснээр хурим албан ёсоор эхэллээ гэж би дээр бичсэн. Тэр нь одоо Та оройн зоогоо зооглож болноо гэсэн үг юм. Тэр болтол “мацаг” барьж байсан хэрэг.




Олон төрлийн, олон улсын (хятад, япон ч хүртэл тэнд байсан) халуун хоолыг тусдаа өөр зааланд олон том ширээн дээр өрж тавьсан байх ба захад нь таваг сэрээ, хутга, сальфетк тавьсан байв. Зарим хоолыг тогооч захиалгаар дор нь хийж өгч байв. Тэгэхдээ олон хүн шавсан, дугаарласан байхааргүйгээр, тун хөнгөн хялбар зохион байгуулав. Зочид тэнд өөртөө үйлчилж, өөрсдөө хоолоо сонгон авлаа. Зарим нь босоо зогсож, чөлөөтэй явж, бусадтай хүүрнэж хооллов. Хүсвэл үйлчлэгчээр ширээнээсээ захиалж болохоор байв.


Хосууд орж ирлээ гээд бэлэг цувсангүй. Индэрт гарч микрофон аван баяр хүргэж, аз жаргал хүсч, ерөөл магтаал хэлж байгаа хүн нэгээхэн ч гарсангүй. Нийтээрээ хоороороо дуу дуулахгүй юм. Хундаганы ая дуу гэж алга.




Оройн зоог удтал үргэлжилж байх зуур бүжигчид орж ирлээ. Тэд орчин үеийн рок аянд адтай бүжиглэлээ. Дууны үг нь арабаар бөмбөрийн хүчтэй аянд эгшиглэлээ. Энэ бүжиглэж байгаа залуусыг мухар сүсэгт мусульманчууд гэх үү дээ? Иордан орон хэр орчиж үежэж вэ гэдгийн илэрхийлэл гэж би ойлголоо. Дөрвөн жил лалын сүмийн мөргөлийн дуунд чихээ дөжрүүлсэн надад бол лалын оронд байна гэх мэдрэмж энэ удаа төрсөнгүй.




Хуримын бялуу. Лав 2 метрээс өндөр бялууг хоёр хос ийнхүү эхлэн хуваалаа.




Хуримын бялуу ёслолын буудлага хоёр зэрэгцлээ. Оройн зоогийн талаархи хичээл – зөвлөмжөө энэ завсарт дуусгая. Ер нь хэн бэ гуай ч зоогийн ширээнд суучихаад засч тавьсан хутга, халбага, сэрээ, тавгаа оролдох, байрыг нь сольж тавих, шаазан эдлэлийг авч ёроолын бичгийг харах, хэт шохоорхох зэрэг нь зохимжгүй. Загасанд зориулсан хутгаар зуушаа идэх, шөлний халбага бялуунд хэрэглэх зэргээр зориулалтын бус байдлаар хэрэглэх явдал түгээмэл тул мэдэхгүй бол хажуугийнхаа мэддэг хүнийг сэмхэн дагаж дууриавал алзахгүй.




Иорданд зундаа хэт халаад, +40 хэмд юун хурим манатай, тэгээд ч энэ зун 7-8 дугаар сарыг дамнуулан лалын шашны рамадан сарыг тэмдэглэсэн, рамаданы дараахи баяр амралт гэж үргэлжлээд энэ хуримыг намрын эхэн сард хийсэн нь тэр байлаа. Манайд алтан намарт хуримын хур буудаг шиг Иорданд хуримын ид сезон эхэлжээ. Бид хоёр тэнд дөрөв хонохдоо гурван ч хуримтай таарлаа. Ажиглагдсан зүйл бол мөнгө цаас их зарцуулж, хахтал нь хооллож согтоохдоо бус, аль болох хөгжөөнтэй, хүн бүхэнд хүртээмжтэй, ялангуяа хуримлагч хосууд хэзээ ч мартахгүйгээр (ийм хурим хийсэн хоёр салах нь юу л бол?) зохион байгуулах ажгуу.






Ер нь Иорданд зуны аагим халууныг өнгөрөөгөөд намартаа хуримладаг аж. Намар нь оройдоо сэрүүвтэр, хур бороо ордоггүй, цөлөвтөр нутаг тул чухам энэ цаг үеийг сонгон авдаг гэв. Асууж лавлаад байвал тэдэнд лалын “Балжиннямтай өдөр”, “Дашнямтай өдөр” гэж байдаггүй, ерөөсөө шашны ёс жаягийг дагаагүй, ерөөсөө л “Олон улсын хурим” хэмээн нэрлэсэн хэмээн өөрсдөө ярьж байлаа.Ийнхүү охин бид хоёр Амманд зочиллоо. Миний хувьд гурав дахь, охины маань хувьд хоёр дахь аялал маань ийнхүү өндөрлөлөө.

-о0о-