Парламентын хоёр гишүүн нударга зөрүүлсэн дуулиан энэ намрын хит шуугианы нэг болов. Үсэг өрдөг болгон энэ сэдвээр бичиж байгааг харахад яах аргагүй том сенсааци ажээ. Сүүлдээ энэ сэдвийг тойрч мэрсээр байгаад мухардаж байгаа бололтой юм. Энэхүү зодоон болбоос ерөөсөө хоёр намын улс төрийн далд тэмцлийн хурц илрэл юм...гэсэн мундаг мундаг  гаргалгаа ч хийж  үзэж байна. Ерөөсөө нэг нам нь ялагдсандаа хорсоод ялсан намынхаа гишүүдийг сүүлдээ барьж аваад зодож эхэлж байгаа юм байх. У.Хүрэлсүх бол МАН, харин Г.Баярсайхан АН гэнэ. АН-аар ч зогсохгүй монголын ард түмний бодол санааны илэрхийлэгч юм байх. Тэгэхээр монголын ард түмэн парламент дээр болж л байдаг хэрүүл маргааны  үед шууд У.Хүрэлсүхийг боогоосой гэж бодож байсан болж таарах нь. Ард түмний ийм мундаг хүслийн илэрхийлэгч болохоор Г.Баярсайханы зөв гэнээ. Нөгөө У.Хүрэлсүхийн зүгээр л боолгоод зогсож байхгүй зөрүүлээд гараа явуулчихсан үйлдэл нь МАН-ын зүрхний угийн зуулт төдийгүй, манай ард түмэнд өгч байгаа шанаа гэнэ шүү. Сүүлдээ энэ үйл явдлыг тойрсон дүгнэлтүүд дээр эхнэр хүүхдээ булаацалдаж ноцолдсон гэх гаргалгаа ч нэмэгдэж мэдэхээр болов. Энэ сэдвийг тойрсон халилууд иймэрхүү маягийн инээдмээр өрнөж байна.

Болсон явдал юу юм бэ. Өрсөлдөгч намынхаа тавьсан хавханд орчихоод парламентад бүлгээ ч байгуулж чадахгүй байгаа МАН-ынхан тэр өдрийн хуралдааны хэлэлцэх жагсаалтад энэ асуудлыг оруулж өгөхийг шаардан, улс төрийн зорилгоор зориуд гацааж байна хэмээх шүүмжлэлийг УИХ-ын даргад хаяглан илэрхийлсэн. Энэ бол ээдрээтэй нөхцөл байдалд орсон сөрөг хүчний зүгээс тавих л шаардлага, хэлэх л шүүмжлэл. Энэ үеэр АН-ын гишүүн С.Эрдэнийн шүүмжилсэн байр суурь ч зөв. “Хууль горимынх нь дагуу тухайн үед нь орж ирээд бүлгээ байгуулахгүй яасан юм бэ. Тэгээд дараа нь ингэж УИХ-ын дарга руу дайрч давшилж байгаа чинь хэр зүй зохистой юм бэ” гэсэн түүний үг бол хорсоод үхчих гээд байх юм биш. Хажуу хавирганаас нь хошуу нэмж орилсон, хөөрсөн улсууд ч сонин биш. Олонх болсон намынхан найрныхаа халамцууд энэ байтугай л сагаж байдаг.



Г.Баярсайхан У.Хүрэлсүх рүү дайрч “Чи бол шоронд байх ёстой хүн, эд нарт таван хүн буудаж алах юу ч биш юм байна” гэх зэргээр орилжээ. Хуулийн утгаараа бол хүнийг онц хүнд гэмт хэрэгт гөрдсөн, шүүхийн байгууллагыг төлөөлж шууд дүгнэлт хийсэн зэрэг юм илэрч л байна. Уг нь бол Г.Баярсайхан улс төрд шинэ хүн. Хэзээ хаанаас гараад ирсэн юм нэг ийм нөхөр 2008 оны сонгуулд гэнэт нэр дэвшээд гараад ирсэн. Хамт дэвшиж яваад өвдөг шороодсон Р.Бурмаа нь тухайн үедээ гомдоллож, хуурамч дипломны ч билүү, саналын хулгай дээрмийн ч билүү нэг хэргээр сэрдэж өргөдөл гомдол болж шившгээ тарьцгааж байсныг санах юм. Энэ үйл явдлын дараа эмэгтэй юм болохоор нь хөөрхий Р.Бурмааг л олон түмэн авиргүй намбагүйгээр нь дуудаж байсан. Ялагдаж сураагүй хүн яаж улс төрд явах гэсэн юм гэх мэтээр түүнийг зөндөө баалсан. Ялагдаж сураагүйн тухай бид ойрд их ярьж байна. Гэтэл бас ялж сурааүй, ерөөсөө ялж болдоггүй нөхдүүд гэж бас байна. Ялж сураагүй. Юм үзсэн юм шиг голтой, төвшин, элдэв хөөс сахруулахгүй, суурин дээрээ тогтож чаддаггүй, юм л бол год год үсэрч байдаг тавьтаргүй улс бас байна. Бид ялж сурах, ялалтыг хүлээж авч сурах, ялалтыг эдэлж сурах цаг бас болжээ.  

УИХ-д дөрвөн жил сууснаараа улстөрч болчихгүй л дээ. Улс түмэнд үнэлэгдэж хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний хүн болчихсоны дараа бол яаж ч огдогонож, тогдогонож байсан манай ард түмэн нэг их эмзэглэж сүржигнэхгүй улс. Жишээ нь, өмч шамшигдуулсан гэх хэргээр шалгагдаж байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг манай нутгийн хөгшчүүл   ингэж өмөөрч байна лээ. “Улс орныг өр ширнээс нь салгасан, мянганы зам барьсан. Яадаг юм ганц муу амбаар аваа л биз” гэж. Манай ард түмэн бол ийм л цагаан цайлган, барагтай юмыг тоохгүй, аливааг өнгөрөөх дуртай уужим хүмүүс. Тэд одоо У.Хүрэлсүхийг өмөөрч, өнөө муу Г.Баярсайханыг ёстой “унтрааж” байна. Манай ээж хэлж байна. “Амны нь салиа арилаагүй оодонгын тугал шиг буруу зөв давхисан золигыг У.Хүрэлсүх олигтойхон цохих байсан юм” гэж. Их хөгшин хүн л дээ. Бас эмэгтэй. Гэхдээ сонгогч. Энэ улсын иргэн хэвээрээ байгаа. Бид гэртээ ээжийнхээ үгнээс болж элэг хөшиж байгаа ч гадаа нарладаг найзууд нь бүгд л ижил бодолтой байгаа нь ойлгогдож байгаа юм. Ингэж “унтраагдаад” байгаа болохоор Г.Баярсайхан энүүгээр тэрүүгээр гүйж, элдэв юм бичүүлж, өргөдөл гомдол болоод байгаа байх. Амь тэмцэх, давчдах хэцүү л дээ.

У.Хүрэлсүх бол үндэстний хэмжээнд танигдсан, улс төрд унаж босч явсан баялаг түүхтэй улстөрч. Гэхдээ жижиг юман дээр, “жижиг” хүнд бухимдсан нь түүний буруу. Г.Баярсайхан тэндээс хашгираа л биз. Үл тоох хэрэгтэй байсан. Үг хэлний хорон уран хоёроор гишүүд бие бие рүүгээ довтолж л байдаг шүү дээ. Жишээлбэл, урьд нь Д.Арвин гишүүн парламент дээр байнга л АН-ынхныг “алуурчид” гэж загнадаг байсан. Ардчилсан хувьсгалын лидер С.Зоригийг хороосон хүн амины хэрэгт үргэлж АН-ынхныг  холбож, шууд “Та нар алсан” гэж тэмдэглэн хэлдэг байсан. Гэхдээ тэд босч ирээд Д.Арвин дээр тоож очдоггүй байлаа. Эсвэл Д.Арвин хонгилд гарч ирээд шууд хэн нэгийг нь боодоггүй байсан ч юм уу. Ямартай ч аль аль нь тэгэсхийгээд цайдаг, мөр мөрөө алгаддаг л байсан. Хэрэв Д.Арвингийн оронд Г.Баянсэлэнгэ байсан бол шууд л нармайнуудыг нь нээгээд нээгээд явчих байсан байх л даа. Одоо чинь эрэгтэйчүүд эмэгтэйчүүд шиг гомдож гонгиносон туниагүй ааш аягтай болон өөрчлөгдөж, эмэгтэйчүүд харин эрчүүд шиг шууд нүүр лүү нь цохиж байдаг болсон шүү дээ. Юм их хачин эргэж байна.

Хоёр эрхмийн барьцалдаж авсан энэ үйл явдлын дараа нэг томъёолол моодноос гарчих шиг боллоо. Тэр бол “Эр хүн” гэдэг томъёолол юм. Г.Баярсайхан гишүүн зодооныхоо дараа яриа өгөхдөө “Улс төр бол эр улсын тоглоом. У.Хүрэлсүх төмөр мөмөр өргөдөг гээд байсан олигтойхон цохиж чаддаггүй л юм байна ш дээ” гэж мэдэгдсэн. Тэр яриаг нь уншчихаад “Хариугүй л амьтан байна ш дээ, түрүүлж өрчихөөд муу Хүрэлсүхийг эвхийтэл нь элэгдчихгүй” гэж бодож байлаа. Түрүүлээд шууд өөрөө боодог нь тактикийн алдаа. Өөрөөсөө өндөр хүнтэй үзэхээр шийдсэн л юм бол элэгдчих л хэрэгтэй байсан юм. За, энэ наргиан ч яахав.

Уг нь бол “Хэлсэн үгэнд нь эгдүүцсэн Хүрэлсүх ширээ рүү нь явж очоод, чи наад үг хэлээ бод, юу гээд байгаа юм бэ” гэх утгатай үгийг ширүүхэн хэлчихсэн юм гэсэн. Гэтэл манай баатар шууд салаавч үзүүлжээ. Энэ супер салаавч Энхбаярын салаавчны ч рекордыг эвдэв. Чуулганы танхимд салаавч “авсан” У.Хүрэлсүх шоконд ороод бас тактикийн алдаа гаргасан. “За, та нар харсан биз. Энэ хүн чинь ийм хэлээр ярьдаг юм байна шүү” гээд л суудал дээр нь хариуг нь барих байсан. Хариу барих олон арга байна. Гэвч амьдрал тооцоолшгүй олон санамсаргүйгээр дүүрэн шүү дээ. Бүгдийг нягт нямбай, дотуураа санаатай хийх бололцоогүй л хорвоо.

Их хурлын гишүүд чуулганы танхимд өрнүүлсэн элдэв үг хэлнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Үйлдэл хийснийхээ төлөө ч хүлээхгүй. Салаавчийг тооцохгүй. Энэ хууль Г.Баярсайханд үйлчилж байна. Харин танхимыг хүндэтгэсэн У.Хүрэлсүх гарч уулзах гэж яваад босго давав уу, үгүй юу боолгож, ичсэндээ гараа явуулчихаж. Тэрэнтэй бол зөндөө тооцоо болох юм байна. Бараг АН-ын бүх гишүүд л гонгинож байна.  Ёс зүйн хороогоор орох ёстой л гэнэ. Шүүх хуулийн байгууллагаар орох хэрэгтэй л гэнэ. Ийм л юм болж байна. У.Хүрэлсүхийн оронд хэн ч байсан Г.Баярсайханд боолгож  унаж “шараа” болохгүйн тулд хориг арга хэмжээ авна. Ичмээр бөгөөд эр хүний хувьд нэр төрөө алдсан явдал болно биз дээ. Харин эр хүний тоглоом ярьж хээхэлзсэн Г.Баярсайхан одоо жинхэнэ ичмээр юм хийж явна. Юун цагдаа вэ. Юун өргөдөл вэ. Авгай хүүхнүүд ч ингэж гүйлдэхээ больсон цаг юмсан.

Эр хүн гэж манай эрчүүдийн өөрсдийгөө бусдаасаа арай давуу зиндаанд аваачиж тодорхойлдог ойлголт жинхнээсээ үнээ алдлаа. Хууль зүйн сайд нь ч тайлбар хийгээд л, бусад нь ч твиттер энэ тэрээр сүржигнээд л...арай Ерөнхий сайд л энэ сэдвээр мэдэгдэл хийх дутуу байна. Тэгэхээр эрэгтэй хүн шиг байгаа ч дээ л гэж Г.Баярсайханд хэлье дээ.