Одоогоос 10-аад жилийн өмнө би “Шүдтэй тулмууд” нийтлэлдээ нэгэн санаа хөнджээ. Сийрүүлье: “Хотоо утаагүй болгохын тулд юуны өмнө газар дорх халуун, хүйтэн, бохир усны болон халаалтын хоолойнуудын байгууламжаа захын гэр хороолол руу тэлж, иргэдээр өөрсдөөр нь хувийн байшин бариулж, газар доогуур хашаа гэрт нь дөхөж очсон сүлжээнд холбож өгье. Хэн ямар хээнцэр, хэдэн давхар байшин барихаа өөрсдөө шийдэг. Хоршино уу, дангаараа барина уу, өөрсдөө мэдэг. Тэдэнд мэргэжлээрээ туслах барилгачин архитектор бизнесменүүд өрсөлдөг. Иргэд маань тансаг байшин барихын тулд мөнгөө хурааж сураг” гэж бичжээ.

Олон жилийн өмнөх улирсан баларсан өгүүлбэрээ би дахин сануулсны учир гэвэл элдвийн хэрэгтэй хэрэггүй юм эрээчих донтойдоо дээрх санааг би л бичсэн болохоос тийм бодол өвөрлөж яваа иргэд зөндөөн бий. Би тэдний зөвхөн нэг нь. Ард олныхоо нийтээр сайн ухаараад буй энэ асуудлыг Төр Засаг мэдэхгүй явна гэж баймгүй. Утаагүй зуух, утаагүй түлш хэмээх өрөвдмөөр төсөл 20-иод жилийн эцэст юун өрөвдөх манатай уур барж гүйцлээ. Бусдад халгүй бизнесээр мөнгө олох чадваргүй цэвдэг шуналтнууд хотын утааны гамшгийг далимдуулан элдвийн болхи зуухнууд хийж, мөн нүүрс үхрийн баасны хольцоор төрөл бүрийн шахмал завааруулж, утаагүй зуух, утаагүй түлш гэж сүр бадруулан рекламдаад тендер нэрээр хүн амын татварын мөнгийг олон жил гударлаа. Утаа багасах нь байтугай хөдөөнөөс хотод нүүж ирсэн айлын тоогоор жилээс жилд ихсэв. Арын хаалганы асар их мөнгөний тендерээр бүтдэг утаагүй зуух, утаагүй түлш гэх новшийн юмыг хэрэглэж буй айл алга. Ашигтай байсан бол айлууд өрсөлдөөд л хэрэглэх байсан. Японд атомын цахилгаан станц цунамиас болж дэлбэрч байхад манайд утаагүй зуух дэлбэрч ядуу айл өрхийг сүйд хийх шахаж байв. Луйварчдын заль мэхэнд гэр хорооллын борчууд хууртаагүй. Тэдэнд албан шаалтаар дэлбэрдэг зуухаа дээрээс шахсан билээ. Төр Засаг харин албаар, санаатай, утаагүй зуух, утаагүй түлшинд “хууртдаг” байх. Одоо хотын дарга Э.Бат-Үүл болон шинэ Төр Засаг утаагүй зуух, утаагүй түлшний нууц ноёдод бүү хууртаасай.

Би бээр өөрийн дэвшүүлсэн санаагаар сайрхсандаа бус Э.Бат-Үүл баатрын хотын дорх шугам сүлжээний ухаалаг төслийг дэмжиж дуу хоолойгоо нэмэрлэх гэсэндээ ийнхүү дахин сануулж байна. Монголд задгай газар мундсан биш ганц хотынхоо төв рүү яагаад шахцалдан барилга бариад байгаа юм бэ гэвэл цэвэр бохир ус болон халаалтын хоолой руу дайраад буй хэрэг. Энэ гацаа тээгийг анх Э.Бат-Үүл төр засгийн бодлогын хэмжээнд өргөн тавьж, хийж гүйцэтгэх газар нь хотын захиргаа хэмээн өөрөө сайн дураараа УИХ-аас НИТХ-д өрсөлдөж, хотын дарга болсонд би маш их баярлаж байна. Хот гэдэг газар, нүдний өмнө сүндэрлэж байдаг барилга байшин төдийгүй газар дор асар их шугам сүлжээ оршдогийг нүүдэлчин гарлаасаа болоод бид хайрахгүй шахам явж иржээ. Э.Бат-Үүлийн зориглосон хөтөлбөрийг хотын иргэд бүгд дэмжвэл нийслэлчүүд удахгүй зүлэг цэцэрлэг болсон ногоон хашаандаа өөрийн дур сонирхлоор барьсан халаалт, усан хангамжтай байшиндаа тохилог амьдрах ирээдүй ойрхон санагдана. Би үүнд итгэж буй. Алийн бүр хоосон улс-төрөөр хэрэлдэх вэ. Айл бүр дор дороо хоолой тавих Э.Бат-Үүлийн ажлыг хамжилцъя. Хэрэгцээтэй бол 60-70 оных шиг суваг малтсан ч яадаг юм. Газар дорх инженерийн байгууламжид Төр Засаг мөнгө харамгүй зоригтой төсөвлөж, тендер даруй зарлахыг алга ташин дэмжье. Эхлээд байшингаа бус газар дорх байгууламжаа барихгүй явснаас гацаанд орсныг Э.Бат-Үүл анзаарчээ. Утаанаас салах үүнээс илүү найдвартай арга гэж нэг ч байхгүй. Харин хоолойнуудаа хонгилийн системээр тавивал олон жилийн даамай эдэлгээтэй болохыг эхнээс нь хатуу баримтлах хэрэгтэй. Бид муу юм халтуурдаж асар их хөрөнгөөр жил болгон засвар хийдэг муу зуршлаасаа хаширах цаг аль эрт болсон шүү. Газар дээр өчнөөн төчнөөн мянган айлын орон сууц барих асар их хөрөнгө гэлгүй зөвхөн газар дорх шугам сүлжээг угсрах юм чинь өртөг нь хямд агаад амархан бүтнэ. Гагцхүү айлууд хувийнхаа байшинг барих хөрөнгө босгохын төлөө мөнгөө эртнээс хурааж, дэмий үрлэгээ хас. Брэнд болох хувийн байшингийн загварын төлөө бизнесменүүд хар аяндаа уралдаж эхлэнэ, харж байгаарай. Хувийн байшин барих өндөр мэргэжлийн барилгачдад ажлын байр өч төчнөөн гарч, тэдний орлого өсч, амьдрал нь дэвжинэ. Тал талдаа хэн хэндээ ашигтай ажил аяндаа бүтдэг жамтай.

Хотын хамгийн захын шугам сүлжээний хоолойнуудаас залгаад гадагш нь шинээр шугам сүлжээ угсарч таарна. Харин цэвэр бохир ус, халаалтынхаа уур хийн хүчин чадлыг нэмэх асуудлыг хамтад нь шийдэх хэрэг гарах нь мэдээж. Энэ ажил орон сууцжуулах ажлыг орлоно гэсэн үг биш. Орон сууцны хороолол барих ажил явдгаараа явна. Түүнд саад болохгүй. Гагцхүү газар дорх байгууламж барих шинэ компани олноор төрж, тэдэнд бас өрсөлдөн хөгжих боломж нүүрлэж, хотын бүтээн байгуулалтыг хурдасгах таатай нөхцөл бүрдэнэ. Нүдэнд сүндэрлэх гоё хороололгүй юм гээд инженерийн шугам сүлжээг тоохгүй байгаад хамаг учир байна. Халаалт, халуун хүйтэн, бохир усны сүлжээ айлуудаас төлбөрөө найдвартай авдаг тул зардлаа хялбархан нөхөх ашигтай бүтээн байгуулалт гэдгийг сануулъя. Ийм олон давуу талтай асар их өгөөжтэй бүтээн байгуулалт учраас баатрынхаа төслийг дэмжицгээе. Надад амины хаус хороололд амьдрах нас хүрэхгүй ээ. Гэвч өөрт хамаагүй юмны төлөө санаа тавьж байдаг зохиолч хүний зан араншингаар сэтгэл догдлон дэмжиж байна.
 
                                                                                                          2012-08-21