-фельетон-

Шударга ёс дараа дараагаар ялж байна. Гар утасны яриаг минутаар биш секундээр тооцож төлбөр хийхээр болжээ. Энэ дашрамд гар утасны компаниудад баярлаж явдгаа хэлмээр байна. Гайхах хэрэггүй ээ. Тэд утасны төлбөрөө бүтэн ба бүтэн бус цагаар, эсвэл хоногоор тооцоод авж болох л байсан шүү дээ.  Нарийндаа “Утсаа залгаа л бол гүйцээ, бүтэн бус хоног ярьсан гэж үзнэ” хэмээн мөнгө нэхвэл болох байтал тэгээгүй юм шүү, хөөрхий.

Дараагийн ээлжинд таксины тоолуурыг сантиметрийн хуваараар хэмжих цаг нэгэнт болсоон. Нэг метрийн наана цаана буугаад алхахад бишгүй хөөрхөн зөрөө бий гэдгийг явган зорчигч болгон мэднэ. Гэтэл өнөөдөр таксичид метр явсан ч хамаагүй километрээр   тооцон авдаг шударга бус байдалд биднийг дасгасан байна.

Нийтийн хоолны салбарыг ч хэлэлтгүй, бөөн шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө бус байдал дүүрэн. Хүн хоолоо үмх үмхээр иддэг атал тэд “таваг” гэдэг өрөөсгөл хэмжүүрийг бидэндээ тулгадаг. Таваг хоолыг үмх үмхээр хэмжиж үзэхэд  бутархай тоо гарах энүүхэнд гэж үмхэгчид хэлж байна. Мөн цайг балга балгаар уудаг атал аяга хэмээх хэмжээсээр тооцож байна.

Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын шинэ алхмыг хүлээж байгаа дараагийн обьект бол хүний нас гэж үзнэ. Хүний насыг жилээр хэмждэг нь зөв юм уу?  Хүнийг төрсөн даруйд нь  долоо хоногтой, нэг сартай, зургаан сартай гэхчлэнгээр овоо нарийн хэмжиж байснаа “гурван настай” “хорин настай”, “далан настай” болгон бүдүүвчилж эхэлдэг нь тоогүй. Нано тооллын эрин үед хүн өөрөө өөрийнхээ хэмжигдэхүүн дээр ийм хайнга хандаж байгаа нь харамсалтай.



Хүний насыг жилээр биш сараар тоолоход наанадаж илүү сүрлэг тоо гарна. “Дорж гуай 60 настай, Самдангийн 70 насны ой” гэхийн оронд “ 720 сар зооглож буй Дорж гуай тандаа”, “Самдан таны 840 сарын ойд” гэхлчэн ярьж байвал сүртэй. Ер нь олон оронтой бол их сайхан. Жишээлэхэд “5000 төгрөгөө алдлаа” гэхийн оронд “Чиний өрийг өгөх гээд явж байтал хармайнд байсан таван зуун мянган мөнгө  байдаггүй” гэвэл ямар сонсогдох вэ?

Арай цаг нь болоогүй гэх байх л даа. Хүний насыг хоногоор тоолвол дээр өгүүлсэн Дорж гуай гэхэд “ чамайг бодоход юм үзсэн, 21900 хоногтой толгой” гээд ихэрхэж суух болно. За цагаар тоолвол ч аймаар юм гарна. Баргийн хүний амыг “525.600 цаг насалсан хүнтэй чи юу ярих гээд байна” гэж ирээд л таглах юм байна. 

Цаана чинь тамхины тухай аймаар хууль гарч байгаа юм гэнэ. Тамхийг гэрт татахгүй, айлд татахгүй, ажил дээрээ татахгүй, ажлаас халагдаад татахгүй, модон дотор татахгүй, модны гадны талд ч татахгүй юм байна. Түүнчлэн агаарт татах нь шувууны уушгинд муу гэж үзсэн байна. Мөн усан дотор тамхи татахыг хатуу цаазлах юм байна. Усан дотор тамхи татахад загас ихээр хордон найтааж, заламгайгаа гэмтээдэг болохыг судалгаа харуулжээ.

Хууль тогтоогчид,  зарим талаараа хатуу мэт боловч үнэн хэрэгтээ зөөлөн хууль болсон хэмээн хэлж байна. Жишээлэхэд тамхийг усанд, хуурай газарт, агаар мандалд татахыг л хориглоод бусад газарт бол зөвшөөрч байгаа гэнэ. Зөвшөөрөгдсөн газруудад тамхи татахдаа баримтлах журмуудыг бас тогтоожээ. Жишээлэхэд, амандаа зуух,  тамхийг үзүүрээс нь асаах, утаа гаргах, сорох зэргийг хориглох байдлаар журамлажээ.

Хуулийг хэрэгжүүлэхийн тулд УТЕГ (Улсын тамхины ерөнхий газар) байгуулах ба эхний ээлжинд 100 орчим мянган орон тоо, 50 нисдэг тэрэг, ажилтан албан хаагчийн тоогоор шөнийн хараа хэрэгслэл шаардлагатай байгаа гэсэн тооцоо гарчээ. Хотын албан байгууллагуудыг ч яахав хянаж болно. Харин айл бүрт камер суурилуулж гэр бүлийн амьдралыг нь 24 цагийн турш бичээд бичлэгийг нь УТЕГ-т аваачин хянаж байх юм байна. Дээр нь асар уудам хээр талаа өдөр шөнөгүй нисдэг тэргээр эргүүлдэн тамхины утаа манасхийх тоолонг бүртгэх бололтой.

Мөн иргэн бүрийн хүзүүнээс утаа мэдрэгч зүүх төсөл ч яригдаж байна. Хүзүүнийхээ зүүлтийг цамцныхаа цаагуур нуучихаад тамхи татаад байж мэднэ хэмээн эсэргүүцсэн гишүүн ч байна. Тэднийхээр бол утаа мэдрэгчийг иргэдийн хамраас зүүх нь илүү үр дүнтэй юм байна. Ард нийтээрээ боловсон дөртэй болж байгаа юм байх аа.

Хуулинд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн олон сайхан эерэг заалт бас оржээ. Ой модон дотор тамхи татахыг л хориглосноос бус архи уухыг хориглоогүй аж. Мөн тэнд тамхины гал гаргахыг нь хориглоод байгаагаас бус түүдгийн болоод түймрийн галыг зөвшөөрөх юм байна. Дээр нь энэ хууль амны тамхинд л хамаатай болохоос биш хамрын болоод хар тамхинд огт хамаарахгүй юм байна.