Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд болох Баабар, Баярхүү нар “Манай зууны хөрөг” хэмээх хамтын бүтээлээ 1997 онд уншигчиддаа толилуулсан. Түүнээс хойш олон жил өнгөрч, шинэ зуун гарч, уг номд бичигдсэн улс төрийн зүтгэтнүүдийн үүх түүхийг баяжуулах үйл явдал дэлхийд чамгүй ихээр өрнөжээ. Олон улсын харилцааны агуулга, дүр төрх ч эрчтэй өөрчлөгдөж шинэчлэгдлээ.  Шинэ зууны хөргийг бичилцэж буй улс төрчид ч олноороо төрөн гарч ирлээ. Иймд хоёр зохиогч маань хамтын бүтээлээ нэмж баяжуулан “Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид” хэмээх шинэ бүтээлээ туурьвиж дуусч байна. Шинэ номд орж буй нэг зүтгэлтнээр  төлөөлүүлэн нэг хэсгийг нь уншигчиддаа урьдчилан танилцуулъя – baabar.mn  
     
Давид Бэн-Гурионы араас Голда Меир хэмээх хатагтайг оруулж бичихээс аргагүй юм. Ерөөсөө ХХ зууны Израилийн түүх, ХХ зууны хоёр дахь хагасын Ойрхи Дорнодын олон улсын харилцааны түүхийг бүтээгчдийн нэрсийн жагсаалтад энэ эмэгтэй зайлшгүй хүндтэй, сонирхолтой байр эзэлдэг юм. Жүүдүүд 2000 жилийн түүхэндээ бүсгүй хүнээр төрөө удирдуулж байсангүй, одоо ч удирдуулаагүй байна. Мэдээж 2000 жилийн доторхи 5 жил гэдэг тооцож үзээд байх хугацаа биш. Гэхдээ энд ХХ зууны хоёрдугаар хагаст жүүдүүд төр улсаа сэргээснээс хойшхи 60 гаруй жилээр авч үзэж байна.  

Меир хатагтайн амьдрал тэмцлийн туулсан замналыг ажихад тэрээр жүүдүүдийн амьдрал буцалсан түүхэн гурван нутагт насаа өнгөрөөжээ. Тэр Хаант Орост хүүхэд насаа айдсын дунд өнгөрүүлсэн. Түүний төрсөн хот Киевт жүүд нарыг хэрхэн ад шоо үзэж, хомроглон дайрч давшилж, довтолж түйвээж байхыг балчирхан охин Голда марташгүй болтлоо тархиндаа хадгалсан. Өсвөр насны охин байхад нь тэднийх АНУ руу дүрвэж, тэнд айдас хүйдсийг үл мэдэн сурч гэгээрч хүн төрхөө олсон, ханиа сонгосон. Тэр амьдралынхаа ихэнхи насыг төрөлх Израильдаа өнгөрөөсөн. Палестинд шилжин суурьшаад 27 жил болоходоо кибуцэд ажиллаж амьдарч, сионист хөдөлгөөнд оролцож, үйлдвэрчний эвлэлийг толгойлж явсан. Израилийн төр улсыг тунхагласан анхны түүхт Тунхаглалд гарын үсгээ зурж мөнхжүүлсэн 38 жүүдийн дотор хоёрхон эмэгтэй байсны нэг нь Голда Меир байх хувь түүнд заяасан.       

Зөвлөлтийн еврей (оросоор еврей гэж нэрлэдэг тул тэр үгээр нь бичлээ–Зох) сэхээтнүүдийг Сталин дэлхийн II дайны дараа дахин хэлмэгдүүлж эхэлсэн тэр үед Голда Меир Москвад суух анхны Элчин сайдаар томилогдож ажилласан. СССР улс Израилийг хүлээн зөвшөөрлөө, анхны Элчин сайдыг нь хүлээн авлаа, тэр нь Киевт төрж өссөн эмэгтэй байна гэдэгт баярлаж бахдсан, уухайлсан мянга мянган еврей түүнийг угтахаар Москвагийн гол синагог Рош-Гашанд цуглаж байсныг Сталин ёстой нэг хариулах шиг болсон доо. Коммунист нам, Зөвлөлт төр, хэрэг дээрээ Сталины өөрийнх нь дэглэмд муусайн еврейчүүд бодит заналхийлэл учруулж эхэллээ гэсэн хардлагаар синагогт цугларагсдын ихэнхийг нь ГУЛАГ-ууд руу цөлж шийтгэсэн. Ер нь еврейтэй холбоотой сонин хэвлэл, олон нийтийн байгууллагуудыг бүгдийг хааж тараасны дотор Эх орны дайнд түүхэн үүргээ гүйцэтгэсэн Антифашист еврейн хороо ордог. Тусгаар тогтнолынхоо төлөө дайны жилүүдэд Чехословак, Югославаар дамжуулан Зөвлөлтөөс зэвсэг–техникийн үлэмж тусламж авч чадсан нь хатагтай Элчин сайдын чармайлтын үр дүн гэж бичсэн нь бий. Тэр Зөвлөлтийн удирдлагынхантай найрсаг харилцааг чадлын хэрээр хадгалж байхыг зорьсон ч Сталин, түүний дотоодыг хамгаалахынхны мөрдлөг  хавчлага хэрээс хэтэрсэн учраас Москваг орхин нутагтаа буцсан. Гэхдээ л түүхэндээ Зөвлөлтийн еврейчүүдэд хамгийн их сэтгэгдэл төрүүлж, хамгийн их нөлөөлж чадсан жүүд хүнээр тэр тодорсон юм.

Нутагтаа эргэж ирээд Хөдөлмөрийн сайд, Гадаад хэргийн сайдаар халаагүй ажилласан. Эх орон нь 1956, 1967 оны дайнуудыг туулсан. Гадаад хэргийн сайд байх үед нь тус орон олон улсын тавцанд нэр хүнд, нөлөөгөө улам бэхжүүлсэн. Харин СССР-тэй харилцаа тасарсан. Ер нь 1950-иад онд коммунист эвслийн Дорнод Европын орнуудад жүүд нарын байдал үлэмж хурцадсан. Сталинч маягийн яргалал хэлмэгдүүлэлтэд коммунист жүүд удирдагчид, Зөвлөлтөд жүүд эмч нар, сэхээтнүүд олноороо хэлмэгдэж, энэ хэрээрээ Израильд коммунист ертөнцийн нэр унасан. Эцэстээ коммунист орнууд дахь антисемитизмээс болж харилцаа тасарсан. 1960-аад онд Африкийн өдий төдий улс орнууд үндэсний тусгаар тогтнолоо байлдан олсны дараа Африкийн шинэ тулгар олон оронд Израилийн тусламж очиж, энэ тивд Израилийн нэр хүнд өсч, хоёр талын харилцаа бэхжсэн билээ.     

Голда Меир Леви Эшколыг залгамжлан 1969 онд Ерөнхий болсон нь түүний хувьд, улс орных нь түүхийн хамгийн сонин онцгой үе байсан юм. Тэрээр Ерөнхий сайд болтлоо хөрш палестины арабчуудын талаар хамгийн хатуу бодлого баримтлагчдын нэг байсан. Эрец-Исраэль буюу палестины араб улс Израильтай  зэрэгцэн оршихын эсрэг анхнаасаа Голда тэмцсэн. Жүүдийн өөр нэг шинэ улс Палестинтай зэрэг оршихыг эсэргүүцсэн Арабын хэсэг орон Израиль Улс тусгаар тогтнолоо зарлаад ганц ч хоноогүй байхад хэдэн талаас нь халдан довтолсны улмаас Голдад тийм хатуу үзэл төлөвшсөн болов уу. Энэ дайн жил тойрон үргэлжилж “палестины араб дүрвэгсэд” гэх томхон хамтын нийгэмлэг олон улсын тавцанд бий болсон. Палестины араб улс Израильтай  зэрэгцэн орших албагүй, тэднийг СССР-ийн Дундад Ази руу нүүлгэн аваачиж, хагас сая хүн ам бүхий өөртөө засах муж буюу холбооны бүгд найрамдах улс байгуулъя хэмээн Зөвлөлт Украины төлөөлөгч Д.З.Маниульский 1948 оны намар НҮБ-ын индэр дээрээс санал дэвшүүлж байсныг бодохул энэ нь тухайн үеийн Зөвлөлт Засгийн газрын байр суурь байсан байх. Тиймдээ ч  Палестины тусдаа улс байгуулахгүй гэсэн Голда Меирын хатуу үзэл анхнаасаа түүнд төлөвшсөн байв уу, Москвагийн нөлөөгөөр үүсэв үү гэдэг нь ялгаж салгахад бэрх асуудал аж. Ямартай ч 1969 онд Ерөнхий сайд болсноосоо хойш Голда Меир тэр үзлээсээ эргэж зөөлөрсөн юм. Араб-Израилийн мөргөлдөөнийг эв зүйгээр, хэлэлцээний замаар зохицуулах, хөрш Египеттэй олон арван жилээр сунжирсан дайны байдалтай байгааг зогсоох талаар чармайлт гаргаж эхэлжээ. Тэгэхдээ энэ дайн мөргөлдөөнд эх хүний сэтгэлээр хандсан. Египетийн цэргүүд алдагдаж байж л энх тайван тогтож байна хэмээн Египетийн Ерөнхийлөгч Гамаль Насер үздэг бол израилийн цэргүүд алагдсаар байх нь түүний хувьд, эх хүний хувьд хамгийн хөндүүр сэдэв нь байсан юм.

Энэ шаналал нь 1973 оны дайны дараа бүр ч даамжирчээ. Жүүдүүдийн шашны баярын өдрийг далимдуулан Египет, Сирийн цэрэг гэнэт шөнөөр халдан довтолж, гэнэт балмагдсан израилийн олон зуун цэрэг унтаагаараа алагдаж, дараагийн өдрүүдэд байлдаанд нийт 2700 цэргээ алдсан юм. Тэрээр дайны аюул ойртон буйг мэдэрч байсан, хөрш Иорданаас ч тиймэрхүү мэдээ ирж байсан. Гэм нь зөвлөхүүд нь тайтгаруулснаас болж нөөц цэргээ татаж авчраагүйн гайгаар тэгж их хүнээ алдсан хэмээн өөртөө буруу өгсөөр хорвоог орхисон юм. “Арабчуудыг би уучилж чаддаггүй цорын ганц шалгаан бол тэд өөрсдийнхөө хөвгүүдийг алуулах аргагүй байдалд манай хөвгүүдийг хүргэдэгт л байгаа юм” хэмээн Голда Меир дурсамждаа бичиж үлдээжээ.   

“Төмөр хатагтай” хэмээн Британийн Ерөнхий сайд асан танил хатагтайг нийтээрээ шахуу нэрлэдэг. Харин жүүдийн төр улсын энэхүү эмэгтэйг тэгж нэрлэсэн нь ном зохиолд төдийлөн тааралддаггүй. Тэгвэл яалт ч үгүй түүхээр шалгагдсан төмөр хатагтайгаар Израилийн 5 дахь Ерөнхий сайд Голда Меирийг эргэлзээгүй нэрлэмээр байна.

* * *