Манай яруу алдарт луйварчин дарга нар үнэхээр сүүхээтэй юмаа.  Тэд хүний бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэнэ. Ялангуяа газар дээрэмдэх тал дээр бол бүүр шинжлэх ухаан болтлоо хөгжөөд мэргэшчихсэн хэсэг бүлэг улс  байна. Улаанбаатар хотод байшин барих сул газар байтугай барьсан байшингийн доор байгаа газрыг хүртэл тушаал захирамж гаргаад хэн нэгэн хүнд зарчихжээ. Эрүүл хүний оюун ухаанд бол багтахааргүй асуудал. Гэвч бүгд үнэн байлаа. Хот байгуулна, түүнийг дахин төлөлвлөнө гэдэг хуучин байшингуудыг буулгахаас эхэлдэг. Цагийн эрхээр өвгөрсөн байшингууд шинэ байшинд зайгаа тавьж өгнө. Хөгжлийн шаардлагаар өөр барилга сүндэрлэнэ. Хотын хуучин байшингуудыг буулгаад шинэ байшин барих болоход бөөн асуудал хэрүүл, зарга тулгараад байна. Учир нь  хуучин барилгуудын доорхи газрыг хүртэл худалдчихжээ. Газар авсан этгээд нь дахин дамжуулаад хоёр, гурав дахь хүнд өндөр үнээр сая ам.доллараас дээш үнээр борлуулаад амжжээ. Одоогоор буулгахаас өөрөөр ямар ч аргагүй болсон 40-50-иад орон сууцны барилгын доорхи газар хэн нэгэн хүн аж ахуйн нэгжид оччихсон байна. Ийм замаар газраа алдчихсан мөртлөө түүнийгээ мэдээгүй байрны хоосон ордер хармаалаад зогсч байгаа оршин суугчдыг агаарын оршин суугчид гэдэг юм. Нэг л өдөр байшинг чинь буулгах дээд газрын шийдвэр энэ байна гэж бариад зогсч байвал та нүүхээс өөр арга байхгүй болно. Тэнд баригдах байрандаа таныг үнэгүй оруулна гэж байхгүй ам дөрвөлжин метрийг нь хоёр сая төгрөгөөр авбал ав авахгүй бол гудамжиндаа гар гээд л хөөгөөд явуулна. Ингээд л та гудамжинд гарлаа гэсэн үг.  Яг ийм гомдолтой хэсэг оршин суугчид манай сонинд хандсан юм. Тэд жагсч цуглаад, өлсгөлөн зарлаад, шүүхэд өгөөд яах билээ. Нэгэнт газрыг худалдсан хот, дүүргийн  улс төрийн албан тушаалтнууд нь халагдаад явчихсан. Хэд дахиад дамжигдаад зарагдчихсан байв. Энэхүү нэн шинэ луйврыг одоо яалтай билээ. Хотын шинэ удирдлагуудад гомдол тавьцгаана. Саяхан телевизээр агаарын оршин суугчид зовлонгоо ярив.  Дараа нь МАН-ын дарга Энхтүвшин ингэж ярьж байх юм. Цухас сонсвол “Манай нам орон нутгийн сонгуульд оролцохдоо  дутуугаа гүйцээнэ дундуураа дүүргэнэ” ч гэх шиг. Зүгээр л дотор аягүй болоод явчихлаа. Үнэхээр орон нутгийн сонгуульд  хуучин хот, дүүргийн дарга нар дахин гарч “дундуураа дүүргэнэ” гэж бодоод айсандаа тэр шүү дээ. Хотод одоо метр ч газар байхгүй. Бүгдийг худалдсан. Бас л “дутуу дундуур, дүүрээгүй юм байх даа. Дүүргийн дарга нар газар олгох захирамж гаргадаг.   Ерөөсөө л дүүргийн дарга болохын төлөө. Хуучин дүүргийн дарга байсан нэг нь ядаж албан тушаалдаа үлдэхийн төлөө ядахдаа газрын албаны дарга, мэргэжилтэн болохын төлөө өрсөлдөөнийг орон нутгийн сонгууль гэж даруухан нэрлэж байна. Дүүргийн даргын төлөө энэ тулаан ид дундаа явна . Дүүргүүдийн дарга нар ч энэ завсраар ёстой амжиж байна гээч. Ер нь сонгууль зарласан өдрөөс эхлээд  дүүргийн дарга нарын газар, тендер. төсвийн үлдэгдэл захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хууль хэрэгтэй байна даа.  Хөгжилтэй гэгддэг улс оронд бол байшин, байшин доторхи өрөөнүүдийг салгаж  хувьчилдаггүй юм байна. Харин тус байшингийн доорхи газраас нь хувьчилсан гэрчилгээг өгдөг юм билээ.  Арван давхар нийтийн орон сууц баригдлаа гэхэд хэнд, хэдэн ам метр оногдох нь чухал биш нийтийн эзэмшлийн талбайг оруулаад энэ газраас хувьчлан эзэмших гэрчилгээ оногддог. Өнөөдрийн байшин хорооллынхонд тулгарсан нэн даруй шийдэх ёстой асуудал бол нийтийн орон сууцнуудын оршин суугчдыг  хэдэн метр квадрат өрөө  төдийгүй доор байгаа газрыг нь хамтран эзэмших гэрчилгээг төр баталгаажуулж өгөх хэрэгтэй юм. Ингэж шийдэж өгөхгүй бол байшин хорооллынхон “агаарын оршин суугчид” болж хэн нэг шуналтай дарга, нийтийн орон сууцны доорхи газрыг худалдчихаад сууж байна. Манай сонинд ирсэн “агаарын оршин суугчдын” гомдлыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нарт уламжиллаа. Хувьчилсан нийтийн орон сууцны газрыг оршин суугчдад нь хувьчлах талаар бодлого боловсруулж арга хэмжээ авна. Байшин хорооллын нийтийн байрны оршин суугчид ингэж хохирч үлдэж болохгүй гэж эрхэм дарга нар хариулж байна билээ. Агаарын оршин суугчид газартайгаа болж хэн нэгэн шуналтанд хөөгдөж туугдахгүй болох тэр цаг ирж байна.