Уудаг сайхан пиавныхаа амтан дээр
Урд хөршийн хэдэн унхайгүй барилгачин дээр
Ууж идэж хандаггүй увайгүй төрийн түшээдийн нүүрэн дээр
Унгас алдатлаа бурах улс төрчдийн аман дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ууугиж баагиж байдаг Улаанбаатарын утаан дээр
Урагшаа ахихаа байсан автозамын түгжээн дээр
Уйлж дуултлаа согтох баарны шоучин залуус дээр
Увайгүй үгээр хараах жолооч нарын машин дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Дээрээс цохиж унагаах зөвшөөрөлгүй барилгын хогон дээр
Доошоо халтирч унах онгорхой траншэйний нүхэн дээр
Дуртай хэлээ заадаг Арго багшын номон дээр
Дэлхий сүйрхийг мэддэг Орифлэймчиний тосон дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Авж дийлэхгүй болсон улаан махны үнэн дээр
Алж барахгүй зуданд үхэх арвин их малан дээр  
Аварч дийлэхгүй болсон уурхайн гүн нүхнүүд дээр
Алт гараар ухдаг аймшиггүй нинжа нарын төмпөн дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Тамхи зээлдэг эгчийн түцэн дээр
Танилцмаар олон охидын аашан дээр
Төлөөд бардаггүй их өрөн дээрээ
Түй гээд дуусдаг цалин дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Голж гоочлогдсон Тусгаад тогтнолын баяр дээр
Гоё шинээр гарсан Чингис хааны төрсөн өдөр дээр
Горойтол залхаасан олон сонгууль дээр
Гоц дээшээ өсөх орон байрны өртөг дээр

Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би