Одооны залуучууд бүх эрх чөлөөнүүд дот­роос зөвхөн сонгууль өгөх­гүй байх эрх чөлөөг бахтайяа эдлэх юм. Өм­нөөс нь гомдож  халагла­маар. Бид хэнд зориулж яах гэж энэ Монгол орны эрх чөлөө, тусгаар тогт­нолын төлөө бүх л үеийн турш үхэн хатан тэмцсэн юм бол хэмээн ахмад үе шүүрс алдаж байгаа биз ээ. 

Арван залуугийн ес нь төрөө сонгох ажилла­гаанд ирэхээ болилоо. Тэдэнд Монголын төрд хэн байх, ямар сонголт хийгээд байгаа нь падлий алга. Энэний оронд Солон­гос руу ажилчин авах  зар тавьсан бол яасан их гүйлдэж ирж байгаа бол.

Сонгуульд хот суурин газрынхан илүү хойрго оролцох боллоо. Гадаа­дыг дуурайж байгаа юм гэнэ. Тэгвэл гадаадад, Америкт сая болдог сон­гуулиар хүн амын жаран хувь нь оролцлоо шүү дээ. Тэрийг яагаад дуу­рай­сангүй вэ. Биднээс өөр газар хүмүүс эх орон­доо тийм их хайртай бол­чихож. Өнөөдөр маш олон үндэстэн ястнууд тусгаар тогтносон улс болох гээд ард нийтээрээ санал асуулгад оролцох болжээ.

Тун удахгүй эртний уламж­лалт Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Англид хүртэл шинээр тусгаар улс бий болж магадгүй тухай ярьж байна.

Гэтэл монголчууд яасан их эрх чөлөө тусгаар тогт­нолдоо ханаж бялуурчихсан одоо бүр өөрийн гэсэн төр засаг хэрэгцээгүй болсон мэт байдал тогтном. Ийм засаг замбараагүй нөхцөл байдал улс орон даяар, аймаг, сум, дүүрэгт хавтгайрвал эрх мэ­дэлд хэн ч очиж болох боломж үүснэ. Дурын гадаад  орны төлөөлөгч Монголын иргэд болцгоон сонгогдоод гараад ирэх юм уу ямар нэгэн ма­фижсан байгууллага засаг­лалыг хуулийн дагуу ав­чих­сан байвал бид өөрсдөө л  хожим баларна шүү дээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор байдаг юм. Энэ бол тоглоом биш шүү.

Төрийн сонгуульд орол­цох нь хэн нэгэн Засаг даргыг биш өөрийгөө хүндэтгэж бай­гаа хэрэг. Өөртөө сайн ёрыг бэлгэшээж, үеийн үед энхжин мөнхжин тогтносоор ирсэн Монгол их улс гүрнээ арав­най­лахад даган баяссан яв­дал юм. Цаана чинь санал өгөх эрхгүй, саналаа өгөх эх оронгүй үй олон үндэстэн ястан, элэг нэгтэнгүүд хүртэл "Үүд"-ээс, "Үд"-ээс цааш үргэл­жилдэг шүү дээ.

Сонгууль өгөх сонгогчдыг хариуцлага тооцох тухай нэгэн саналыг урьд нь өнгөр­сөн хавар бичиж байсан би­лээ. Тэрнийгээ дахиад давтъя. Сонгууль явуулдаг байгууллага ээлжит сонгууль болохоос өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг даа. Тэгэхдээ зарлах юм уу шаардлагатай гэж үзвэл өөрийн биеэр очиж яг санал өгөх сонгогчоо мэдэж бүртгэж авна.  Яахав хүний эрх юм чинь саналаа угаасаа өгөхгүй гээд байгаа, эсвэл мөд бү­тэхээргүй бичиг баримт хая­гийн маапаантай этгээ­дийг нэрсийн жагсаалтаас харил­цан тохиролцоод хасна. Са­налаа өгөхгүй гэсэн нөхрийг хожим элдвээр хавчихгүй. Хамгийн гол нь өгнө гэчихээд өгөх өдөр ирэхгүй байгаа нөхөртэй л тохирсон хариуц­лага хүлээлгэдэг тогтолцоонд шилжих нь зөв.

Санал хураах өдөр саад гай таарах, хүндэтгэн үзэх шалтгаан мянгад нэг л то­хиолддог. Үгүй ядаж урьд­чи­лаад битүүмжилсэн байд­лаар, эсвэл эмнэлэг дээр хайрцаг барьж очоод санал авч болно. Сонгуулиас өмнө тухайн тойрог орчин дээр хэн саналаа өгөх нь тодорхой болчих юм бол нэр дэв­шигч­дэд ч амар, сонгогчид ч амар. Хулдаасан дээр зураг хөргөө гаргах, сонин, телевиз ца­райчлан хайран мөнгө үргүй урсах шаардлага ч гарахгүй. Тэнд зарцуулаад байгаа мөн­гийг сонгох гэж байгаа сон­гогчдодоо зориулах гарц бо­дож олцгооё. Реклам суртал­чилгаа, хээл хахууль, сон­гуулийн ажилтанд авли­гад­даг илүү зардлыг хэмнэж түүгээр гудамж хорооны хо­гийг нь цэвэрлээд өгсөн ч эдийн засгийн үр ашигтай.

 Сонгуульд зориулж төр ба хувь этгээд баахан мөнгө салхинд хийсгэдэг. Тэрнийг ихэвчлэн сонгуульд оролцдоггүй гудамжны архи­чин, оролцсон ч шударга бус сонголт хийхэд нөлөөлдөг этгээдүүд завшаад бүр ам­т­шиж байна. Энэ нь нийт ард түмний нийтлэг хүсэл мөрөөдлийг төөрөгдүүлэн, буруу ойлголт төрүүлснээр "ингэж байхдаа таарсан тэнэг ард түмэн" болгож орхидог. Сүүлдээ аль ч нам хүчний нэр дэвшигч ялгаагүй хэрэгтэй ухаалаг, алсын хараатай санаа дэвшүүлээд урам хугарч зөвхөн луйвраар ялагч тодрох нөхцөл үүслээ. Хэрэв сонгогч тодорхой болчихвол тэдэнтэй сонгогчдын боловс­рол гэдэг сэдэв яригдах бо­ломжтой болно.

Үргэлжийн нүүж шилжиж явдаг Монголын нөхцөлд төр засаг байтугай бид өөрсдөө ч зарим төрөл садангаа хаана явааг мэдэж чаддаггүй. Тэр 1.8 сая сонгогчийн нэрс нь байлаа ч хаяган дээрээ суурин иргэд шиг амьдраад байдаггүй. Тэгэхээр саналаа өгнө гэж амлангуут эргүүлээд хариуцлагын машин ажил­луу­лах тухай санаа юм. Ялан­гуяа энэ саналаа өгдөггүй залуучуудтай тулж ажиллаж жаахан эх оронч болгохгүй бол Монголоо тавиад туучих нь байна шүү. Залуучууд сонгуульд саналаа өгөхгүй байгаа нь бидний л эмгэнэл юм даа хэмээн харуусахаас өөр яалтай билээ.