Дэлхийг сөнөөгчид сая ч гараад ирсэн юм биш байна. Тэд хаа сайгүй, үеэс үед “Дэлхий сөнөлөө шүү” гэж анхааруулаад, улмаар үргэлж хойшлуулсаар иржээ. Мэргэч төлөгчид, үзмэрч зурхайчид, шашны элдэв номлогчид, нэрд гарахыг хүссэн хэн нэг нөхөр үе үе сөнөөхийг завдсаар, тэгээд “амьдрах виз” олгосоор ирсэн байх юм. Ламбугай “Юу ч гэсэн бэлэн байхад гэмгүй” хэмээн шавь нартаа хэлж нөөц төлөвлөгөө маягийн юм санал болгон бөөрөнхийлж байгаа бол, тосгоны хятад бүсгүй хэд хоног сайхан амьдраад сөнөчихье гэж шийдэн банкнаас зээл аван наргиж байна. Тааж мэддэг, тамшаалж мэдэрдэг нэгэн их үзмэрч үзлэгийнхээ үнийг 2 дахин нэмж дэлхийг сөнөөхөөр айлган шахамдуулж, дажгүй мөнгө олж байна. Нэгэн загвар зохиогч эр гал дээр тос нэмэн, өөр дээрээ анхаарал татаж, дэлхий сөнөтөл ямар ч хувцас хунар эсгэхгүй хэмээн ажил хаяв. Ертөнцөд галав юүлнэ хэмээн удаа дараа үзмэрдсээр байсан учир бидний чих дөжирч, айхаа больсон тул мөхөл сүйрлийг хойшлуулан арга чарга хийж үйлчилдэг бизнес, даатгалын бүтээгдэхүүн гаргагчид энэ удаа илүү хүчтэй цуу тарааж байгаа юм. Тэрийг нь гэр, лаа, чүдэнзний худалдаачдаас өгсүүлээд, сүлжээний бизнесийн Ориггэрэл, гадаад хэл өөрөө мэдэхгүй ч өрөөлд заачихдаг Орга, хааны нууц хүүхэд Даваагүйнам, суу билгийн үүднээс бөгс бол өтгөнийг гадагшлуулдаг эрхтэн амой хэмээн агуу их тодорхойлолт гаргасан Бут-Атган нарын зэрэг хэвлэлийн баатрууд үлээж гарч байгаа нь тэр. Цуу яаж дэгддэг, хэнд ашигтай вэ? Өмнө хэзээ ямар учраас дэлхий сөнөхөө үргэлж хойшлуулж байсан бэ?

Бүргэдүүд хаанд юу хэлэв?

Эртний Ромыг үндэслэгчийн нүднээ арван хоёр бүргэд харагдсан домог бий. Зөвхөн дарангуйлагчийн нүдэнд харагддаг бүргэд тус бүр Ромын эзэнт гүрний оршин тогтнох хугацааны арван жилийг заасан, календарийн хуудас маягийн мэдээлэл өгөн, хурц нүдээрээ ирмээд байсан бололтой юм.  Ромын түүх нийтийн тооллын өмнөх 753 оноос эхэлсэн гэж үзвэл НТӨ 634 онд сүйрэх байв.

Христосын үхлийн 33-ны жил.
Зарим сүсэгтэн Христос цовдлуулсанаас хойш 33 жилийн дараа ертөнц сүйрнэ гэдэгт гүн итгэж байв.

Муу ёрын 666 он. Сүйрнэ сөнөнө гэсэн айдас хүйдэс төрүүлэх үндсэн арга бол Мобикомын алтан дугаар гэдэг шиг тооны давхцал. Түүн дотроо 6 гэдэг цифр гуравлахаараа бүр их сэтгэгдэл төрүүлдэг, цээжлэгддэг арга хэрэгсэл болно. Байгалийн хуулийг календарийн тоо өөрчлөхгүй нь энгийн логик гэлээ ч олон тохиолдолд энд ухамсар бус айдас хүйдэс, сэтгэл зүйн өөрчлөлт хөдөлгөөн үйлчилдэг гэсэн үг.

Мянган он. Мөн л өвөрмөц давхцал, содон тоо. Мянган нэрийн барааны дэлгүүр гэхээр содон байдагтай адилхан гоёмсог сонин огноо. Бүх Европ даяар айдас хүйдэс, цуурхал гал авалцах мэт тарж байжээ. Хүмүүс ажлаа хаяж, сүм дуганд мөргөл үйлдэцгээн, байшин шилтгээнээ орхицгоож байсан баримт сэлт их байдаг юм байна. Аянга буух бүрт олон мянгаараа залбирч, солир буусан, улаан өнгийн бороо орсон нь ус цаг уурын хүрээлэн байхгүй тэр цаг үед бүр ч их олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэжээ. 21 дүгээр зуунд ч сумын засаг дарга хиймэл дагуулын биений хэлтэрхийг өрөөндөө залж, хадаг зүүн тахисныг бодоход тэр эрт цагийн хүмүүс айн хирдхийж таарна.    

Христос нас барсанаас хойших мянга дахь жил 1033 он. Цар хүрээ ихтэй, хаант улсуудыг хамарсан ээлжит айдас. Христосыг нас барсаны мянга дахь жил гэдгээс үүсчээ.

Исламын 666 дахь жил. Дэлхийн сүйрлийн тухай сэдэв шашин хоорондын үзэл суртлын зэвсэг болж эхэлсэн. Ромын Пап гуравдугаар Иннокентий нэг бус удаа 1284 онд сүйрэл нөмөрнө, учир нь Ислам шашин үүссэнээс хойших 666 дахь муу ерын тэрслүүд жил хэмээн зарлажээ. Аз болоход “дэлхий сөнөх” ёстой тэр жилээ зарласан хүн нь үзэж амжаагүй. Амьд сэрүүн байсан бол ямар нэг тайлбар бодож олох хүндхэн асуудал хүлээж байсан хэрэг.

Дэлхийтэй нар мөргөлдөө больчихсон 1603 он.
 Доминиканы лам, зохиолч, одон оронч Томазо гуай Дэлхий нартай мөргөлдөнө, сүйрэл зайлшгүй хэмээн зарласан. Ирээдүйг зөгнөн харах чадвартан гэж алдаршсан ламтан 1638 онд нүд аньсан бөгөөд андуурч будилсанаа эвтэйхэн тайлбарлаж чадсан бололтой. Учир нь рейтинг нь нэг их унаагүй, нэр алдартай хэвээр байсаар мөнх бусыг үзсэн гэнэ.

Христофор Колумбийн хэлсэн 1658. Америк тивийг нээсэн гэх агуу их аялагч 1658 онд хүн төрөлхтөн мөхнө гэж бичиж байжээ.

Эм тарианы бизнесийн ашиг дагуулсан 1910 оны 5-р сарын 18. Галлейн сүүлт од манай гариг дээр унана гэх айдас Европыг бүрхэж байжээ. Ийм зүйл мэдээж болоогүй ч, од ойртсоноос цианитаас үүдэлтэй хот хий тархана гэх цуу дэгдсэн. Харин хорт хийг эсэргүүцэх үйлчилгээтэй гэх эм тариа нийлүүлэгчид зах зээлээс их хэмжээний ашиг олсоноор дууссан байна.

Энэтхэгийн зөн билигтнүүд ба 1962 оны 2-р сарын 4-нөөс 5.
  Сансрын долоон том биет түүний дотор нар, сар шүргэлцэж буйг энгийн нүдээр тольдон  харж орхисноос үүдсэн айдас.

Икар од заналхийлсэн 1966 он.
Энэ тухай монголчууд сайн мэднэ. Дэлхий сөнөхөөс өмнө нэгдлийн хонь алж идэн найрласан, харж явсан бүсгүйгээ дараад авсан, өвгөн, эмгэн хойр залуугийн нүглээ бие биендээ хэлж баларсан зэрэг олон адал явдал тохиолджээ.

Дөрвөн сая ширхэг номны ашигтай 1988 он. Эдгар Уизенант хэмээх сансрын техникийн салбарын инженер овсгоо гарган, ийм сэдвээр ном бичсэн нь эзнээ саятан болгожээ. Заасан хугацаанд юу ч болоогүй тул овсгоотой инженер сөнөх хугацааг 1989 он болгон хойшлуулсан хоёр дахь номоо гаргасан боловч хүмүүс ахиж хуурагдсангүй.

Христос дахин мэндлэх 1994 оны 9-р сар. Америкийн инженер Харольд Кэмпинг Христ хоёр дахиа дэлхийд ирэх хугацааг арифметик тооцоогоор гаргалаа, тэгэхэд сүйрэл зайлшгүй хэмээн зарлажээ. Ном нь хэдийгээр хэдэн мянган ширхэг борлогдсон ч хүмүүс зургаан жилийн өмнөх заль мэхийг санаж байсан учраас амжилт олсонгүй.

Гурван тэг давхцсан 2000 он. Дэлхийн сүйрлийг урьдчилан хэлэгчдийн хувьд маш ашигтай огноо. Хэд хэдэн банкны компьютер доголдсон нь бүр сайхан далим болсон хэрэг. Ер нь Балжинням, Дашням давхарладаг шиг тоо цифр дараалах нь сүйрлийн тухай бизнес эрхлэгчдийн ашигладаг ов мэх гэж хэлж болно.

2006.05.04-ний 01 цаг 02 минут 03 секунд. Бүх тоо дараалсан байдалтай. Энэ удаа биш гэхэд дараагийнх нь яг 61 жилийн дараа болно, байж байгаарай, за юу хэмээн олон ангитай сериал хэлбэрт шилжсэн. 06.06.06 гэсэн дараалал айдсыг өдөөх маш ончтой огноо болдог. Энэ мэтээр жагсаалт үргэлжилдэг.

Ёолкны өмнөх 2012.12.21
Энэ удаагийн 2012.12.21-ний шуугиан мөн л өмнөх үеийн дуулиантай адилхан цифр дараалан давхацсан байна. Эх сурвалж нь индианы Майя омгийнхоны гаргасан гэх хуанли. Тооны машингүй, индиан омгийнхон тэртээ эрт үед яаж тамшаалж мэдэрч, тааж тооцсон байж таарах вэ? Тэдний хуанли энэ хүрээд дуусч байгаа болохоос дэлхий яг сөнөнө гэдэг мессеж дагуулаагүй юм байна. Хүүхдээ ханиад хатгаагаар алдчихдаг, нүцгэн биеэрээ гуугалж бүжиглэсэн, мөхсөн соёл иргэншлийн зэрлэг омгийнхон ч буруутан биш. Мэдээлэлжсэн, мэдлэг, шинжлэх ухаан хөгжсөн 21 дүгээр зуунд хэсэг хүн хөөрхий хэлмэгдсэн омгийнхоны нэрийг барин цуу дэгдээсэн хэрэг. Кинотеатрууд л олон жилийн өмнөөс дэлхийг дэлгэцэн дээр удаа дараа сөнөөж байгаа, бодитой аюул 2012 онд байхгүй гэж НАСА-гийн мэргэжилтэн ярьжээ. 

Дэлхий сөнөхийг ахиад хойшлуулав 2026 бас 2033 он
Бизнес үргэлжилж байх ёстой гэдэг үүднээс энэ удаад мөн биднийг ахиад л ”харж үзэн” 2026 болгон хойшлуулж эхэлжээ. Христосоос хойших хоёр мянга дахь жилд буюу 2033 онд бүр их дуулиан дэгдээж таарна.

ХУАНЛИЙН ГОЁ ТООНООС БИШ ЦӨМИЙН ДАЙН ЗЭРГЭЭС СӨНӨХ АЮУЛ ӨДӨР БҮР БИЙ


Байгаль, экологийн сүйрэл, дэлхийн дулаарал явагдаж байна. Хүн төрөлхтөн ногоон эдийн засаг,  ногоон хөгжлийн төлөө бодитой алхах нь нь энэ аюулаас сэргийлэх ухамсарт үйл явц болно. Мэдээж цөмийн дайн гарах эрсдэл хоёр лагерьт хуваагдаж байсантай харьцуулахад багассан ч дэлхий даяар атомын цэнэгт хошуу ярайж, Умард Солонгосын пуужингийн хэрэг явдал гэх зэрэг сануулга дохио хангалттай бий. Сансрын томоохон ослын магадлал байна уу гэвэл байна. Гэхдээ эртний хүмүүсийн хадан дээр бичсэн календарийн содон давхцсан огноо нь үндэслэл биш. Байгалийн хуулийг зөрчсөөр хүрээлэн буй орчныг эвдэн сүйтгэх хүний үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа нь өөрөө сүйрэл билээ.