Платон ба Парис Хилтон... Нэг нь хэдэн мянган жилийн тэртээ амьдарч байсан Эртний Грекийн суу билэгт философич бол нөгөө нь задгай явдлаараа дэлхийд алдаршсан олны хэлдгээр “задарсан хүүхэн”. Б.Ариунцэцэг ба Баабар... Нэг нь энгийн нэгэн загвар өмсөгч бүсгүй бол нөгөө нь бичсэн болгон нь нийгэмд дуулиан тарьдаг, хэлсэн үг болгон нь хэлц болчих гээд байдаг Монголын хамгийн алдартай нийтлэлч. Эдгээр хүмүүс саяхан хэвлэгдэн гарсан “ЭНГИЙНЭЭС ЭНГҮЙ ХҮМҮҮСИЙН ҮНЭН ҮГС” номон дээр нэг л зүйлээрээ нэгджээ.

Дээрх хүмүүс зохиол бүтээлээрээ, ярьсан яриагаараа, бичсэн зүйлээрээ маш олон “үнэн үгс”-ийг хэлсэн байх юм. Платон “Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай” гэсэн бол Парис Хилтон “Өөрийнхөө хүссэн чиг хандлагаараа л хувцасла. Амьдрал дэндүү богинохон. Бидэнд бусдаас ичиж эмээх цаг зав ч олдохгүй шүү” гэжээ. Загвар өмсөгч Б.Ариунцэцэг “Үүнийг л тэвччих, бүх зүйл түр зуурынх байдаг...” гэсэн бол Баабар “Амжилт олбол үүнд тусалсан бүх хүнд таларх, харин бэрхшээл тохиолдвол зөвхөн өөрийгөө л буруутга” гэжээ. Загвар өмсөгч бүсгүйн ердөө ганцхан үг энэ номд орсон бол Баабарынх нэлээн олон орсон байна.

Энэ бүх үгс бүгд “үнэн үгс”. Хий хоосон цэцэрхэл биш, цэцэн мэргэн үгсийн цуглуулга бүүр ч биш ийм л үгс энэ эмхэтгэлд багтжээ. Хамгийн гол нь хэлсэн хүмүүс нь эгэл нэгнээс энгүй суутан хүртэл үнэн л үг хэлсэн бол тэдний үгсийг багтаахыг хичээсэн. Тэр байтугай, үнэн үгийг заавал сайн талаараа алдаршсан “манай талын баатар” ч хэлэх албагүй. Зартай алан хядагч Осама бин Ладен, коммунист дарангуйлагч Сталин, халхын шоронгийн алдартан Дашийн Мундаа гээд л үргэлжилнэ... Дашийн Мундаагийн хэлсэн “Хамгийн зөв зам бол гэртээ харих зам” гэсэн үгнээс илүү үнэн үг хаана байна вэ? Насаараа шоронгоор явсан түүний зөвдөж буруудсан амьдралаас нь өөрийн эрхгүй л энэ үг хэлэгдсэн байх.

Ариун гэгээн Буддагаас авахуулаад сайн талын баатруудын үг бол тайлбарлалтгүй, тэдний хэлсэн үнэн үгсийг хангалттай багтаажээ. Улсын ерөнхийлөгчөөсөө авахуулаад уул овоо шиг мөнгө луйвардсан гэгддэг “90 саяын Гансүх”-ийн үг хүртэл энэ номд бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өөрөө сайхан амьдарч чаддаггүй, өрөөлийг сайхан амьдруулдаггүй хүнийг коммунист гэдэг юм” гэсэн бол алдарт Б.Гансүх “Миний амьдралын өнгөрсөн үе миний ирээдүйг захирах ёсгүй, миний амьдралын ирээдүй өнгөрсөнтэйгээ заавал адилхан байх албагүй” гэжээ. Үнэхээр хэлэх гэж хэлсэн биш өөрөө л аяндаа хэлэгдсэн амьдралын үнэн үгс...

Эцэст нь, энэ эмхэтгэлийг хийх санаа хэрхэн төрсөн талаар хэдэн үг хэлье. “Хичнээн ядуу хүнд ч савангийн мөнгө олддог л байхгүй юу...” гэсэн үгийг сонсоод л нээрээ хүнд хэрэг болох, ухаарал нэмэх үнэн үгийг заавал хэн нэг суутан хэлдэггүй эгэл жирийн хүн ч хэлдэг юм байна гэдгээс л энэ номын ажил эхэлсэн юм. Дээрх үгийг “Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар Б.Тунгалаг хэлсэн билээ. Зөв цаг үед, зөв газар, зөв үгийг хэлсэн үед үг хэмээгч үнэхээр хүчтэй ажээ. Тунгалаг энэ л үгийг хэлснээр Монголын ард түмэнд таалагдаж нэвтрүүлэг гарсны маргааш өглөө л “25-р суваг” телевизийн гадаа элэгний хүнд өвчин туссан түүнд туслахаар зуу зуун хүн цугласан байсан. Түлээний мод зардаг нь модоо бариад, илүү зурагттай нь зурагтаа бариад, илүүчлэх мөнгөтэй нь мөнгөө бариад л, гайхалтай! Сэтгүүлч Г.Алтантүрүү түүнд туслахыг үзэгчдээс уриалаагүй, харин түүний зөв асуултын хүчээр Тунгалаг энэхүү оновчтой үнэн үгийг хэлж тэрээр өөрийнхөө болоод хоёр хүүхдийнхээ хувь заяанд тусалсан юм.

Ийнхүү онч мэргэн үгийг Платон, Сократ гээд дандаа суутнууд хэлэх албагүй, бидний эргэн тойронд байгаа хүмүүс ч амнаасаа алт шиг үнэн үг унагаж л байдаг. Үнэн үг л жинхэнэ онч мэргэн үг юм. Үнэн үг л хамгийн амттай, хамгаас сургаалтай ажээ. Энэхүү номын үнэн үгс бусдад ч бас таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Аливаа зүйл энгийн үнэн байх тусмаа л хамгийн үнэ цэнэтэй байдаг шүү дээ.