Манай улс төрийн театр ээлжит үзвэрээ тавилаа. Үнэхээр үзүүштэй үзвэр учраас үзэгчид пиг дүүрэн байна. Сүүлийн үед манай улстөрчид Youtube, Twitter-т зассан тайзан дээрээ байн байн жүжиг тавьж байдаг болсон. Тэдний театр чуулганы танхим байсан бол одоо хүрээгээ тэлсэн нь энэ. Юун тухай бичих гэж буйг минь одоо бараг гадарлаж байгаа биз ээ.

“М.Энхсайхан Монголын сайд, дарга нартайгаа ойлголцоогүй асуудлаараа БНХАУ-ын сайд дарга нартай яаж ойлголцов” гэсэн тайлбартай нууцаар хийсэн бичлэгийг Youtube-д Засгийн газрын гишүүдийн нэг байрлуулжээ. Саяхан ажлаасаа зарим сайд нартай үл ойлголцсон шалтгаанаар гэнэт халагдсан, МҮАН-ын дарга М.Энхсайханы яриаг дэлгэсэн уг бичлэг араасаа олон асуулт дагуулж байна. Уг бичлэгт чухам юу бичигдсэнийг зарим уншигч маань дуулаагүй байж магад. Заримд нь нэг их сүртэй юм биш ч санагдах байх. Үнэн хэрэгтээ надад ч бас нэг их сүржигнээд байхаар яриа санагдаагүй. Харин Засгийн газрын гишүүд нууцаар бичлэг хийгээд сууж байдаг болсон нь л аймшигтай санагдаад байгаа юм. Үнэхээр аймшигтай шүү. Ингэхэд М.Энхсайхан юу ярьсан бэ. Уг бичлэгт “Хувийн харилцааны шугамаар Хятадын Төмөр замын яамтай холбогдоход ирж яаралтай уулзаач гэж урьсан. Тэгээд би хоёр хоног ухасхийгээд ирдэг юм уу гэж бодож байна. Нэлээд дээд төвшний улсууд нь хэлэлцье гээд байх шиг байна лээ” гэсэн М.Энхсайханы яриа бичигджээ. 

Харин ноён М.Энхсайхан болсон явдлын талаар ”Хэн хийснийг тааж ядах юмгүй. Тэр бичлэгийг Х.Баттулга УИХ-ын гишүүдэд үзүүлээд явж байна гэж надад УИХ-ын хэд хэдэн гишүүн хэлсэн” гэж мэдэгдлээ. Тэр ийн шууд Х.Баттулга руу заасан нь жаахан гайхаш төрүүлэм юм. Халагдсаныхаа дараа тэрээр сайдыг халз мэтгэлзээнд дуудсан. “"Монголын төмөр зам" Х.Баттулгын хувийн компани биш биз дээ” гэж мэдэгдсэн. Гэхдээ ийм хачин хардлагаар хүртэл “байлдаан”-аа үргэлжлүүлнэ гэдэг хачирхам юм. Гэхдээ тэр энэхүү нууц бичлэгийг төрийн сайд хүн хийж, тэрийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан явдлыг илүү ноцтойгоор хүлээж авч байгааг бодолцох хэрэгтэй.

Х.Баттулга үнэхээр тэр бичлэгийг хийсэн бол гишүүдэд үзүүлэх байсан гэхэд итгэмгүй. Баахан гэрчүүд бэлдчихээд дараа нь Youtube-д тавина гэж үү. Тэр ийм салан задгай ажиллагаа хийдэггүй л хүн дээ. Үнэхээр өөрөө гар утсаараа бичлэг хийчихээд тэрийгээ гишүүдэд үзүүлсэн нь үнэн бол тийм хэмжээнд итгэж нөхөрлөдөг гишүүд байж таарна. Гэтэл тэд нь хоёр үзүүртэй зүүнүүд байж таарлаа. Гишүүд гэж ховын туламнууд болжээ. Эрчүүд угаасаа хов живэнд эмэгтэйчүүдийг гүйцэд түрүүлдэг нь нэгэнт батлагдсан үнэн ч энэ явдал хэм хэмжээ арай хэтэрснийг  харуулж байна.

Уг яриаг Ерөнхий сайдын өрөөнд бичсэн гэх мэдээлэл үйл явдлыг илүү анхаарлын төвд авчирч байгаа юм. М.Энхсайхан ч “Ерөнхий сайдын өрөөнд би төмөр замын асуудлаар илүү дэлгэрэнгүй ярьсан. Үүнийг шалгах ёстой” гэж мэдэгдэж байгаа. Учир нь Ерөнхий сайд бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний өрөөнд нууц бичлэг хийнэ гэдэг өөрөө хэрээс хэтэрсэн ноцтой явдал. Асуудлыг ноцтой гэж үзэх шалтгаан ердөө л энэ юм.

Хэрэв Ерөнхий сайдын өрөөнд болсон яриа хэлэлцээрүүд энэ мэтээр дэлгэгдээд байх юм бол цаашид юу болох вэ. Яагаад манай Төр ийм дархлаагүй, хамгийн энгийн утгаар хэлэхэд үнэ цэнгүй газар болж хувирав аа. Энэ асуултыг хүмүүс толгой сэгсрэн тавьцгааж байна. Урьд нь ийм явдал гарч байгаагүй болохоор хүмүүс ёс зүйн талаар хөндөхөөсөө урьтан үндэсний аюулгүй байдал, төрийн дархлаа зэрэг чухаг ойлголтууд руу асуудлыг хөтөлж байгаа нь буруу зүйл биш юм.

Өмнөх парламентын үед Б.Бат-Эрдэнэ аварга тоглоом наргиан дундаа Сайхансамбуугийн салаавч гаргасан зургийг аваад сайтуудад өгчихсөн марзан явдал гарсан. Энэ явдалд ч олон түмэн тун эгдүүцсэн. Үнэхээр жудагийн туйл гэж хүндлэгддэг байсан аваргын зүгээс гаргасан жудаггүй явдал тэр байсан. Одоо Сайхансамбуу улс төрийн театрт тавигдсан гарын эвгүй хөдөлгөөнтэй үзүүлбэрүүд дотроос Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нартай өрсөлдөгчгүй эн зэрэгцэн чичлүүлж байдаг болсон нь манай буян заяа төгс аваргын маань хийсэн “гавьяа” юм. Гэхдээ энэ явдал саяны дэгдсэн хэргийн дэргэд дэндүү жижиг явдал. Ёс зүйгүй, нэг нөхрийнхөө рейтинийг унагасан увайгүй явдал байсан ч Ерөнхий сайдын өрөөнд улсынхаа хэрэгжүүлэх гэж буй хамгийн чухал төслийг тойрсон яриа хөөрөөг нууцаар бичээд олон нийтэд дэлгэчихэж байгаа явдалтай яаж жиших вэ дээ.

Манай төрөөр үнэхээр элдэв улс орж гардаг болжээ. Төрд бэлтгэгдсэн хүмүүс гэх ойлголт тасалдаж, Төрд сахилга, хариуцлага гэх мэтийн хуучинсаг сонсогддог ч чухал зүйлс хаашаа ч юм хийсчээ. Тагнуулын байгууллага гэж бүлэглэлүүдийн элдэв хуурамч “бараа” шахаж байдаг газар болсон. Шошго мошготойгоо тэр чигээрээ хуурамч бараа Ерөнхий сайдын тушаалаар л өнхөрөөд ороод ирж байх юм. Тийм ээ, бараа гэж шууд утгаар нь хэлээгүйг уншигч авхай та мэдэрч байгаа байх. Мэдээж би хүний тухай ярьж байгаа юм. Мэргэжлийн бус алиа салбадайнууд ҮАБЗ, ТЕГ зэрэг байгууллагуудаар холхиод эхэлбэл улс төрийн цаг агаар улам л ээднэ гэдгийг анхаараасай. Хов жив, аман “аллага”-нууд газар авч, бусдын хувь заяаг зүгээр л санааныхаа зоргоор шийддэг болсон тухай нь амтай болгон шивнэлддэг болсон болохоор эл сэдвийг орхиж чадсангүй.

Үнэхээр сонин сонин юм болдог болжээ. Хууль зүйн сайд гэж хүүхнүүдийн сүрдүүлгэнд өдөр, шөнөгүй өртөж байдаг хүн байна. Х.Тэмүүжин сайд захиа, мессеж гэх мэт эр хүнд бол тансаг зэрэглэлийн “халдлага”-д таатайяа өртөх болсоор удаж байна. Сүүлдээ мань сайд утсандаа ирсэн мессежүүдээ шуудхан л twitter-ээр дэлгэчихдэг болсон нь сонин. Энэ янзаараа тэрэнд дурлах ч хориотой байх шүү. Хайр дурлалын сэдвээр мессеж бичиж байж булай болов хүүхнүүд минь. Эрчүүдээс сүүлийн үед гол харламаар өөдгүй юм их илрэх болсон. Тэд энэ ертөнцийн хамгийн увайгүй болгоныг хийж байх болж. Тэдний ертөнцөд урвах шарвах, бие биенээ худалдах, байнга нэг нэгнийхээ өмнө нүх ухах, авилга хээл хахуульд автах зэрэг бол нутагшсан. Харцгаа, хамгийн сүүлийн жишээг нь.