М.Энхсайхан нь Х.Баттулгаа дуэльд дуудав.Женко нь М.Энхсайханыг танихгүй гэлээ.Тэднийг зөрчилдүүлж буй төмөр замын цариг өргөн, эсвэл нарийн байх нь тийм чухал уу.Улстөрд унаж босч явсан тэд хэний төлөө ингэж байр суурьтаа хэт фанат хандана вэ.Буруу нь хувь хүмүүсийнх биш, манай төрийнх.Царигийн өргөн, нарийныг улстөрчөөр хагалуулах гэж бусдын олз болж, хөршүүдийн өмнө хамаг юмаа дэлгэх нь эрх баригчдын л буруу.УИХ ашигт малтмалын ордуудаа стратегийн, стратегийн бус гэж тогтоолоор ангилсан. Үүнтэйгээ адилхан далайд гарцгүй Монгол Улсын хувьд төмөр зам стратегийн тээвэр, геополитик мөн эсэхийг эхэлж тогтох учиртай.

Хэрвээ төмөр зам геополитик бишээ, эдийн засгийн утга нь илүү гэвэл, маргаангүй нарийн цариг.М.Энхсайханы зөв. Үүнийг миний бие төмөр замын инженерээр таван жил сурсны хувьд цөөхөн үзүүлэлтээр нотолж чадна.Манай мэргэжлийн багш “дугуй эргээд л мөнгө” гэдэг байлаа.Нүүрс тээвэрлэх шинэ төмөр замыг мөнгө гэж харвал хамгийн зөв сонголт нь нарийн цариг.Шууд урагшаа тавина.Шилжүүлэн ачилтын нэмэлт зардалгүйгээр Хятадын төмөр замтай холбогдоно.Зардал хэмнэнэ, цаг хугацаа хожно.Ачаа эргэлт хурдан болно.Технологийн хувьд ч нарийн цариг илүү.1435 мм-ийн нарийн цариг бол Хятад, Япон, Солонгос, барууны орнууд, АНУ гээд олон улсад өргөн хэрэглэдэг дэлхийн стандарт.1520 мм-ийн өргөн цариг ОХУ, түүний бүрэлдэхүүнд байсан улс орнуудад ашигладаг нэг улсын л стандарт.Эдгээрээс Латви, Литва, Эстон нарийн царигт шилжсэн.Казакстан, Украйн шилжихээ мэдэгдсэн. Өргөн царигийн хөдлөх бүрэлдэхүүн ашиглалтын зардал өндөртэй. ОХУ-д 60 хувь, манайд үүнээс ч өндөр. Нарийн царигийн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын зардал хамаагүй бага.Зарим улсад наймхан хувь байх жишээтэй. Өргөн царигийн зүтгүүр тээвэрлэсэн ачааныхаа ашгийн 60-аас дээш хувийг өөрөө “иддэг” байхад, нарийн царигийнх 10 хүрэхгүй  хувийг зардал болгодог. Өргөн царигийн вагон зүтгүүр овор ихтэй, хурд авахдаа удаан, хүнд даацтай гэдэг ч үнэн. Иймд манай зарим инженерүүд өргөн царигийн хөдлөх бүрэлдэхүүнийг “зовлогоо чирж явахад зориулагдсан технологи” гэж хошигнодог. Өргөн царигийг сонговол вагон, зүтгүүр, сэлбэг хэрэгслээ ганц Оросоос авна. Улаанбаатар төмөр зам шиг ганц зах зээл-нэг улсаас хараат  болно. Нарийн царигийг сонговол дэлхийн олон орноос өрсөлдөөнөөр авах нээлттэй зах зээлтэй болно.Зардал бага, ашиг өндөртэй дэлхийн стандартаар явъя гэвэл нарийн цариг илүү. Эдийн засгийн ашиг, технологийн дэвшил  хамаагүй ээ, одоогийн нэгдсэн сүлжээндээ захирагдаж Оростойгоо хамт явнаа гэвэл өргөн цариг нь дээр. Зүйрлэхэд орчин үеийн америк, япон машинтай байя гэвэл нарийн, харин бензин иддэг хуучны орос машин нь дээр гэвэл өргөн цариг  илүү. Хоёр царигийн давуу ба сул тал ерөнхийдөө иймэрхүү.

Хэрвээ төмөр зам Монгол Улсын хувьд геополитик мөн гэвэл цариг өргөн, нарийны аль нь байх тухай ярилцах учиртай.Төмөр замаар ерөнхийдөө Тавантолгойн нүүрсийг л зөөнө. Төмөр зам геополитик мөн гэж үзвэл манай нүүрсний гол зах зээл нь Хятад байхад, түүнд хүргэх тээвэр нь Оросын стандарттай байхад буруугүй. Үүгээрээ өргөн царигт үнэнч Х.Баттулга сайдын зөв бөгөөд энэ нь хоёр хөршийнхөө тэнцвэрийг хадгалах манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалтай ч таарах юм. Борлуулагч ба худалдан авагч, эсвэл худалдан авагч ба тээвэрлэгч хоёр нь нэг байж бараг болдоггүй зах зээлийн зарчимтай ч нийцнэ. Өргөн царигтай байвал шилжүүлэн ачилтын нэмэлт зардалтай. Гэхдээ тэрхүү нэмэлт зардалтай дүйцэх геополитик гэж хаана ч байхгүй. Нүүрс шиг нурмаг ачааг шилжүүлэн ачдаг  жишиг дэлхийд байдаггүй, агаарт дэгдээд хаягдал ихтэй гэх М.Энхсайханы яриа бол тархи угаах талдаа. Улсын Ерөнхий сайд байсан хүн “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмал, бас жонш зэрэг нурмаг ачааг яаж тээврэлэдэгийг мэдмээр л юм.Хамгийн багадаа хоёр тоннын багтаамж бүхий сайн чанарын уутанд шуудайлж тээвэрлэдэг.Вагоноос вагонд тэрхүү ууттай нь шилжүүлж ачдаг. “Big bag” буюу энэ аргыг нурмаг ачааных нь хувьд адилхан нүүрсэнд хэрэглэж болно.

Харин Х.Баттулга сайдын байр сууринаас хоёр зүйл тун ойлгомжгүй. Гашуунсухайтын чиглэлд хувийн компани эрсэдлээ бүрэн даагаад өөрийнхөө мөнгөөр төмөр зам тавьж байхад ажлыг нь хүчээр зогсоогоод төр өөрөө барина гэж бонд босгон нийт ард түмнээ хүүгийн өрөнд оруулж байгаа нь ойлгомжгүй. Үүнийхээ оронд төрийн өмнөөс цариг болон технологийн бусад стандартын шаардлагаа тулгаад хэн тавих нь хамаагүй, улсдаа төмөр замтай болох нь хамаагүй дээр байв. Ердөө хоёр хоногийн өмнө “Coal Mongolia” гэж хөрөнгө оруулагчдын чуулган болов.Ийм уулзалт анх болсноос хойш гурван өвөл өнгөрөхөд бид ганц ч км төмөр зам тавиагүй, хаашаа яаж тавих төрийн шийдвэрээ ч эцэслэн гаргаж чадаагүй сууж байна.Жилээс жилд энэ уулзалтын Монголын Засгийн газрыг төлөөлж индэрт суудаг сайд нар нь л солигдоод байхаас биш, төмөр замаа тавиач гэж гадныхны гуйдаг нь, манайхны нүүрсний нөөцөөрөө гайхуулдаг нь яг хэвээрээ байх жишээтэй.Сайд Х.Баттулгын ойлгомжгүй нөгөө шийдэл нь Хятадад зарах, хамгийн ойроор нь Хятадаар дамжуулж гуравдагч зах зээлд хүргэх нүүрсийг заавал хойшоо, Оросын нутгаар тойруулж хүргэнэ гээд байгаа явдал. Оросын төмөр замыг тээвэртэй-ажилтай байлгах нь манай улсын геополитик биш бөгөөд хойд хөршийнхөө өмнө бид ийм үүрэггүй. Монголын нүүрсний хувьд эхний очер нь гол зах зээлдээ ойр зай, богино эргэлтээр холбогдох болохоос, өргөн царигтаа баригдаж нүүрсээ үндсэн хэрэглэгч, худалдан авагчаас нь төөрүүлэн зам тойрч аялах нь эдийн засгийн ашиггүй. Бас зүүн, баруун тийшээ төмөр зам тавина гэж шороо овоолох нь цагаа олоогүй шийдэл. Үүнийхээ оронд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг хурдан тавьж эргэлт бий болгон тэндээс олсон ашиг, хуримтлалаараа бусад чиглэлийн төмөр замаа санхүүжүүлэх нь илүү дээр.

Царигаас чухал технологи, төрийн бодлого шинээр тавих төмөр замд бий.Тэр нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гол, төвлөрсөн удирдлага хаанааас байх тухай.Энэ бол бараг геополитик.Галт тэрэг бол машин биш.Тогтсон замтай, хугацаа нь секунд, хэмжээ нь мм-ээр хэмжигддэг нарийн технологитой.Төвлөрсөн удирдлага нь гол замаасаа байдаг.Гол зам нь салаа замаа удирддаг нь төмөр замын онцлог.Хилийн цаана тулж ирээд байгаа Хятадын төмөр зам бол тус улсын гол замаас салбарласан салаа зам.Түүнийг Гашуунсухайтаар дайруулж Тавантолгойтогоо холбовол бүх удирдлага нь цаад талаасаа болно.Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол Хятадын гол замаас салаалсан тус улсын салаа замын шууд үргэлжлэл болохын дээр төвлөрсөн удирдлага нь тэндээс байх болно.Хэрэв ингэвэл өмнөд хөрш маань их гүрэн учраас манай нүүрсийг том өрөөнийхөө тоосыг соруулж байгаа юмшиг л дор нь сорчихно. Иймд МТЗ компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа яаж төвлөрүүлэн удирдах юм, хэрвээ өргөн царигаар тавьбал одоо байгаа гол замтайгаа яаж холбох, нарийн байвал төвлөрсөн удирдлага нь манай талаас байх технологийг хэрхэн шийдэх нь хамгийн чухал. Энэ бол жинэхэнэ төрийн бодлого байх учиртай сэдэв.

Магадгүй төмөр зам манай улсын геополитик биш байж болох юм.Гэтэл Монголын төмөр зам хөршүүдийн маань геополитик гэдгийг мартаж болохгүй. Өргөн цариг гэвэл оросуудын эрх ашгийг хангана, нарийныг сонговол урд хөршийнхөө сонирхлыг гүйцээнэ. Өргөн, нарийн цариг бол хөршүүдийн геополитикийн л үргэлжлэл. Энэ бол хэн ч үгүйсгэхгүй үнэн.Монголын нүүрсний тээврийн багалзуурыг хэн нь атгах өрсөлдөөн хөршүүдийн дунд явна.Урд хөршийн шахалт, “манай төмөр замын бодлогын төлбөрийг оросууд төлсөн” гэх М.Энхсайханы мэдэгдлээс ч энэ нь харагдана. Харин Монголын эрх ашгийг хамгаалсан, хөршүүдийнхээ тэнцвэрийг хадгалсан,  монголчуудын өөрсдийнх нь дэвшүүлсэн төрийн бодлого хаана байна вэ.  Төмөр замыг улстөрчдийн бизнесийн түшиц газар болгож харах, манайхыг төмөр замаар нь бужигнуулах хөршүүдийн сонирхлыг дэвэргэх, дотроо талцаж хуваагдах нь манай төрийн бодлого биш ээ.Төмөр замгүй учраас нүүрсээ үндсэн хэрэглэгчдэд нь хүргэж, зах зээлийнх нь үнээр борлуулж, эрэлтийнх нь хэмжээнд хүссэнээрээ нийлүүлж чадахгүй буйгаа бид сайн ойлгодог.Харин төмөр зам Монгол Улсын геополитик мөн эсэхээр төрийн нэгдсэн бодлогогүй байж төмөр замын бодлоготой гэж будилах юм.Шинээр тавих төмөр замынхаа төвлөрсөн удирдлага, хяналтын крантыг яаж Монголдоо байлгах технолгио ярихгүй байж, хөршүүдийн сонирхлыг дэвэргэж царигаар талцах юм. Өргөн, нарийн царигийн аль нь ч манай улсын зуун хувийн эрх ашиг биш. Царигийн маргаан бол Монголын нүүрсний тээврийг багалзуурдах, шуудайлж зардаг ченжийн тогтолцоонд улсаар нь байлгаж нүүрсийг нь үнэгүйдүүлэх хөршүүдийн сонирхлыг агуулсан өгөөш. Энэ схемээр бид гурван жил талцав. Одоо төмөр замаа мэддэг нь, мэдэлтэй нь ярьдаг газраа ярьж Монголынхоо эрх ашгийг хамгаалсан төрийн бодлогоо гаргая.