Энэ лут зурагт хуудас (плакат) 1950 онд манайд бүтээгдэн түгсэн юм. Ахмад насныхан сайн санаж байж магад. Тэр үеийн Матар (одоогийн Тоншуул) сэтгүүлд анхлан тавигджээ. Империализмыг яллаж шившиглэх үзэл суртлын нөр их кампанит ажлын хүрээнд 1990-ээд оныг хүртэл монголчууд бид мөн ч олон ийм зураг хөргөөр тархиа угаалгасан даа. Тархи угаах юу ч биш. Империализмын эсрэг дайнд тухайн үеийн БНМАУ холбоотноор оролцож, цэрэг илгээгээгүй ч сэтгэл санаа-эд материалын асар их тусламж үзүүлж байлаа. Тийм тусламжийн бэлгэдэл, үр дүн нь Улаанбаатарт уулын аманд ажиллаж асан солонгос хүүхдийн цэцэрлэг байна. Хойд Солонгосын өнчин хэдэн зуун хүүхэд манайд хүмүүжсэн юм билээ. АНУ тэргүүтэй империалистууд, тэдний гар хөл бологч Ли Сын Маны тоглоомын дэглэм социалист Солонгосын энх тайван бүтээн байгуулалтыг бусниулж,  баллаж харгисласан тухай хар түүх бараг 1990-ээд оны дунд үе хүртэл бидний тархинд  бат шингээстэй явж ирсэн нь худал биш. Ахмад насныхан маань ч энэ ойлголттойгоо яваа гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм нэгэн эргэлзээг тайлах үүднээс саяхан би хүүтэйгээ нэгэн чухал музейд зочилсноо толилуулж байна.


1992 онд би Пхеньянд ажлаар очингоо Эх орны чөлөөлөх дайны музей гэж лут цогцолборт бүхэл өдрийг барж байсансан. Энэ бол умард, өмнөд хоёр Солонгосын хооронд дэгдсэн дайны түүхийг (1950.06.25–1953.07.27) өгүүлсэн түүхэн музей байв. Гэм нь дижитал камер гэж байсан биш, би олигтой зураг авч үлдээгүй, гэвч энд хоёрыг нь үзүүлнэ. Тэр дайнд хойд солонгосын талд СССР, Хятад хоёр, өмнөд солонгосын талд НҮБ-ын цэрэг нэрээр АНУ байлдсан ба үхэл хагацал, харгислал, сүйтгэлээрээ бол дэлхийн II дайны багасгасан хувилбар гэлтэй байв. БНАСАУ-ын тооцоолсноор зөвхөн 9 сая энгийн иргэд алагдсан ба алагдсан цэрэг лав 2  саяас давахаар тоо гардаг.


2002 оны намар би гэр бүлээрээ Сөүл дэх Эх орны чөлөөлөх дайны музейн нөгөө нэг цогцолборт нь зочлов. Мөн л  дижитал камергүй очсоноор олигтой зурагтай үлдээгүй, харин энэ удаа ёстой нэг буулгая гэж очсон юм. Тэр нь эх орны чөлөөлөх гэх тодотголгүй, Солонгосын дайны мемориал (дурсгалын музей) гэсэн нэртэй. Нэр нь үзэл сурталжаагүй ч дотор нь ороход нуль үзэл суртал. Пхеньяны Эх орны чөлөөлөх дайны музейд АНУ тэргүүтэй империалистууд, Ли Сын Маны тоглоомын дэглэмийг яллаж шившиглэсэн байдаг бол энд эсрэгээр Ким Ир Сен, түүнийг араас нь дэмжиж тэтгэсэн Сталин,  Мао нарыг яллаж шившиглэхийг зорьжээ. Тэр олон далбаа бол Солонгосын дайнд НҮБ-ын мандатаар оролцсон, цэргээ илгээсэн улс орнуудын төрийн талбаа. Тэр нарийхан, дээшээ үзүүр нь шувтан хөшөө бол дайны 50 жилийн ойгоор босгосон дурсгалын хөшөө.


Сөүлийн төвд орших эл музейн гаднахи лут хөшөөнүүд. Үнэхээр дайчин эрс харагдаж байна. Тэр тэврэлдсэн хоёр цэрэг (ногоон өнгөтэй) бол хөшөөнүүдийн хамгийн классик нь. Солонгосын үндэсний энх тайван, эв нэгдэл, дахин нэгдэхийн бэлгэдэл. Төрсөн ах дүү хоёр – ах нь өмнөдөд, дүү нь умардад цэргийн албанд явж харилцан тулалдаад эцэст нь эвлэрч байгаа нь энэ гэнэ.


1950 оны 6 дугаар сарын 25. Цус нулимс асгаруулсан аймшигт өдөр гэнэ. Хойдуул зуны тэр нэгэн өглөө гэв гэнэт бөөн хүчээр гэнэдүүлсэн халдан довтолсон талаар энд өгүүлжээ. Тэр зурвасхан ногооноор тэмдэглэсэн газар – Пусан хот БНСУ-даа үлдэж, бусад нь хуу эзлэгдсэн юм байна.    


Энэ түрэмгийллийн гэмт буруутныг Солонгосын дайны мемориал (дурсгалын музей) ийнхүү нэрлэж байна. Харин тэр улаан хүрээтэй зураг бол Пхеньяны Эх орны чөлөөлөх дайны музейн зураг. Их жанжин маршал Ким Ир Сен фронт дээр тулалдааныг удирдаж байна. Нүүрэндээ баясгалантай, ялалтандаа эрдсэн баатрын байдалтай. Харин олуулаа зураг дээр энэ дайны олон улсын бүх тоглогчид, авторууд бултаараа байна. Сүүлчийн зураг дээр Солонгосын дайны өмнөдийн баатруудын хүрэл хөшөө, ийм хөшөө тэнд маш  олон байна лээ.


Энэ хоёр зургийг харьцуулаасай хэмээн тавилаа.  Үхэлдэн тэмцэлдсэн цэрэг эрс, галын шугам дээрхи түр амсхийлт. Эхнийх нь Солонгосын дайны мемориал музейн зураг. Хоёр дахь нь Пхеньяны Эх орны чөлөөлөх дайны музейн зураг. Галын дөл, максим пулеметын ард тамхи татан суугаа солонгос эр. Хойд Солонгосын тэмцэл ялалтын бүх түүх энэ нөхрийн нүүр нүдэнд шингээстэй мэт.     


Өмнөд солонгосын дайчдын хүрэл хөшөө. Мөн ширүүн үзэлцэж байна даа гэхээр. Социалист реализм гэдэг маань умардад ч бус, бас өмнөдөд нэн хүчтэй байгаа бус уу?


Хөшөө – уран зургийн хослол. Хойдуулд алуулж хяргуулсан өмнөдийн иргэдийг АНУ-ын десантын хөлөг очиж аварсан, нүүлгэн шилжүүлсэн гэж тайлбарлажээ. Ер нь америкийн ач тус, гавьяаг өгүүлсэн, магтан сайшаасан үзмэр нэг бус байх ажээ.  


Өмнөд солонгосын социалист реалист бүтээлүүд. Хан мөрнийг гатлан ирэх умардын цэргийг тосон байлдах өмнөдийн цэргүүдийг макетаар үнэмшилтэй хийжээ. Тэгснээ хятадын цэргүүд гараа өргөн бууж өгцгөөж байгаа, өмнөдийн авиац умардын баазыг бөмбөгдөж буй, өвлийн хүйтнээр дүрвэн яваа дүрвэгсэд гэхчлэн уран зургууд ар араасаа хөврөх аж.


Өмнөд Солонгос чөлөөлөгджээ. Чөлөөлөлтөө тэмдэглэн ухайлах ар олны дуун. Төрийн далбаагаа мандуулах цэрэг эр.


Ажиглагдсан, зориуд тэмдэглэмээр нэг зүйл байна. 1992 онд би Пхеньянд Эх орны чөлөөлөх дайны музейн цогцолборт анги бүлгээрээ яваа маш олон пионер сурагчидтай тааралдаж байсансан. Хар нялхаас нь АНУ тэргүүтэй империалистууд, Сөүлийн тоглоомын дэглэмийг үзэн ядуулах тархи угаалт гэж ойлгохоор. Гэтэл Сөүлд мөн яг тэгдэг юм байна. Онцлог нь Сөүл дэх эл музейд хүүхдүүдийн тархийг угаах мөртлөө ийм нэгэн газар тоглуулж саатуулан эрхлүүлэх ба зэргэлдээх нэг том танхимд хурим болж байв. Хуримлангаа эх оронч үзлээ тархиндаа шингээх юм биз дээ.


Энэ их ноцтой үзүүлэн байв. Хойд Солонгосоос өмнөдийнхөө эсрэг хийж ирсэн хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаа, хэлмэгдэл хохирлыг нэгд нэгэнгүй баримтаар үзүүлжээ. Бас л умардаа үзэн ядуулах зорилготой. Ерөөсөө 5000 жил бат цул явсан солонгос үндэстэн ХХ зууны хоёр дахь хагасаас хойш хагас зуун жилд ингэтлээ өширхөн үзэн ядалцах нь даан ч харамсмаар шүү.


Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин тугнууд. Эдүгээ НҮБ-ын энхийг сахиулахад цэргээ илгээдэг, нэр хүндтэй, хүн хүч, зэвсэг техник, технологийн хувьд гайгүй  төлөвшсөн томхон зэвсэгт хүч юм байна гэсэн ойлголтыг энэ музейгээс авлаа.


Сөүл дэх Солонгосын дайны мемориал музейн гаднахи зүүн жигүүрийн талбайд зэвсэг техникийн бүхэл бүтэн үзэсгэлэнгийн цогцолбор байрлана. Солонгосын дайнд хоёр талаас ашигласан хүнд зэвсэг, хөлөг онгоц, нисэх онгоц бараг бүх төрлөөрөө тэнд байна. Бидний мэдэх алдарт катюш, Т-34 танкийг олзолж авчраад тавьчихаж. Орчин үеийн зарим зэвсгээ ч дэлгэж үзүүлжээ. Хэрэв Та хүүхдүүдээ дагуулан энэ музейд зочилбол тэр Инчоны операцийн аудио–видео танхимд заавал аваачаарай. 1950 оны намар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр гарсны дараа америк генерал Д.Макартураар командлуулсан НҮБ-ын цэрэг Инчонд газардсан ба тэр явдлыг бүр биетээр хүчирхэг техник дээр (хүүхдийн паркийн галзуу хулганад суусантай адил) мэдэрнэ гээч.


Энэ зүрхэн хэлбэрт хөшөө бол тэр дайны музейд хамаарахгүй. Намсан цамхгийн дэргэд байрлуулсан эв нэгдэл, эрх чөлөө, хайр сэтгэлийн бэлгэдэл шинэхэн хөшөө юм. Намсан уулын оройгоос Сөүл хот ингэж харагдаж байлаа.