Юуны өмнө охид, бүсгүйчүүд, эхчүүд та бүхэндээ Мартын  8-ны чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж амжилт, аз жаргал, сайн сайхныг хүсье.

Сайхан хувцасласан, цэвэр цэмцгэр, эелдэг зан аальтай бүсгүй хүн орчноо байнга чимэж, ялангуяа хамт  ажилладаг, ойр орчны эрчүүддээ гэрэл гэгээ болж байдгийг ямагт санаж явах нь юу юунаас чухал билээ.

Нөгөө талаар орчин үед удирдах албан тушаалд эмэгтэйчүүд олноор ажиллах болж албан ёсны хүлээн авалт, арга хэмжээнд оролцох нь хэвийн үзэгдэл болов.   Иймд ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалт ямар байх талаар гадаад, дотоодын ном хэвлэлд бичсэн зүйлд тулгуурлан  товч зөвлөмж бэлтгэснээ та бүхэндээ толилуулъя.


  • Хувцасны өнгийг царай зүсэндээ тохируулах нь чухал Хэрэв таны царай зүс маш цайвар бол улаан, цэнхэр, цайвар ягаан, цайвар ногоон, цайвар шар, цайвардуу бол улбар шар, хөх, шар, цэнхэр, цав цагаан царай зүстэй хүнд цайвар хөх, гадилын өнгө, ердийн арьстай бол улаан дарсны өнгө, ногоон, ягаан, улаавтар царай зүстэй хүнд саарал, хар хөх, хар ногоон, цайвар цэнхэр, шаргал, бага зэрэг боролсон арьсанд элгэн хүрэн, цайвар цэнхэр, улаан, саарал, нэлээн боролсон арьсанд гадилын өнгө, ногоон саарал өнгө илүү зохицдог хэмээн хувцас загварын мэргэжилтнүүд зөвлөдөг.
  • Хувцас өмсөхөд өнгө болгон хоорондоо тэр бүр зохицдоггүй учир өнгөний хослолыг зөв сонгох нь хамгийн чухал. Өнгө бүр олон хувирдаг учраас нэг өнгийн нэн олон хувирлыг ашиглан сайхан хувцаслаж болдог. Жишээлбэл, цайруу саарлаас бараан сааралд аажуу орсон өнгө нь уужуу тайван, цэвэр нямбайг, цагаан цэнхэрээс хар хөх өнгөнд амгалан тайвныг илэрхийлдэг гэж үздэг байна.
  • Та хичнээн тэгш хөлтэй байгаад ч  төрийн ордон, яам, тамгын газар, албан уулзалт хэлэлцээр дээр мини юбка өмсөхийг дэлхийн аль ч оронд хориглодог билээ. Хэрвээ та 40 гаруй насны бол өөрийнхөө хөлний сайхныг гайхуулах гэж хэтэрхий богино юбка өмсөхийн хэрэггүй. Таны юбка өвдөгнөөсөө ялимгүй дээгүүр байхад л болно гэж зөвлөж буйтай санал нэгдэх нь зөв юм.
  • Хувцасаа биедээ тааруулахдаа анхаарах олон зүйлийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тухайлбал, өндөр биетэй эмэгтэйд хоёр өөр өнгөөр хийсэн даашинз, хөндлөн оёдол нугалаастай костюм, өргөн юбка, дугуй залгаастай мөртэй хувцас, дөрвөлжин захтай цамц илүү сайхан зохидог бол намхан жижиг биетэй эмэгтэйд босоо оёдол нугалаастай, нэг өнгийн эдээр хийсэн, жижигхэн захтай халаастай хувцас, нарийхан юбка,  өндөрдүүхэн өсгийтэй гутал, туфль сайхан зохино.
  • Алчуурын өнгө хээг пиджак, цамц, пальто зэрэг аль нэг хувцасны өнгөтэй хослуулан сонгоход анхаарах хэрэгтэй.
  • Урин дулааны улирал эхэлж цэцэг ногоо дэлгэрэх үед тод ногоон өнгийн цамц, эсвэл  футболка дээр ногоон цоохор хээтэй өнгөлөг алчуур зүүвэл сайхан харагдуулна. Хавар, намрын улиралд том хэмжээтэй, торгон гоёмсог алчуурыг пальто, цувны өнгөтэй тохируулан зангидвал таныг чимэглэх нь дамжиггүй
  • Ажил хэрэгч эмэгтэйтэйчүүд өөрийн биеийн галбираас  шалтгаалж гол төлөв  урт, богино юбка, цамцны хослол өмсөх нь зүйтэй гэж зөвлөдөг.
  • Мэдээж таны хувцас биед яг тохирсон, явах, суух, ажиллахад чөлөөтэй, тасалгааны температур, агаар орчинд танд сөрөг нөлөө үзүүлэхгүй материалаар хийгдсэн, хийц сайтай, өнгө зохицсон, цэвэр, бүтэн байх  шаардлагатай.
  • Удирдах ажилтан эмэгтэйн хувьд ажил дээрээ үргэлж костюм биш, харин жемпер, сорочик маягийн цамц, зангиа хэрэглэвэл ажил хэрэгч харагдана.
  • Албан ажилд урт өмд өмсч болох боловч албан ёсны уулзалт болон хурим дээр өмсдөггүй, бүдүүн хөл, бөгстэй бол ямар ч үед нийтийн дунд урт өмд өмссөний хэрэггүй гэж зөвлөсөн байдаг.
  • Ажлын үед үнэт чулуу, олон янзын зүүлт чимэглэл зүүх нь зохимж муутай, учир нь эдгээр зүйлс таны хүлээн авалтын гоёл гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Ер нь ажлын үеийн зүүлт цөөхөн байх тусмаа улам аятайхан харагддаг гэж үздэг.
  • Таны үсний засалт, нүүрний өнгө төрх, тэр ч атугай хумсны засал, будалт ч хувцастайгаа гойд сайхан зохицох учиртайг бүү мартагтун.
  • Албан ёсны хүлээн авалтанд  өмсөх хувцас нь ихэвчлэн юбканы хослолтой ёслолын хувцас байдаг. Ийм арга хэмжээнд оролцохдоо чимэглэл зүүж, үнэт арьсан нөмрөг нөмөрч болохын дээр цагаан өнгийн уртавтар бээлий өмсөж болно.
  • Үдшийн хүлээн авалтанд орох бол урт, богино хувцас, гоёлын туфль өмсөж хувцсандаа зохицсон жижигхэн гар цүнх барих нь зохимжтой. Мөн зүүлт чимэглэлээ зөв хослуулах хэрэгтэй.
  • Үдэш зохион байгуулдаг өндөр хэмжээний дайллаганы үеэр хослол өмсөх нь зохимжтойн дээр биеийн галбир сайтай эмэгтэйчүүд урт өмд, пиджакны хослол өмсвөл илүү сайхан харагддаг гэж зөвлөдөг. Ялангуяа торгомсог материалаар эсвэл бага зэргийн хуниастай материалаар хийгдсэн богиновтор хослол таныг гойд сайхан харагдуулах болно.
  •  Та хувцасныхаа өнгөнд тохируулан урт түрийтэй гутал буюу  зуны гоёлын туфль өмсөн гартаа жижиг цүнх барих нь зүйтэй.
  • Төгсгөлд нь зөвлөхөд  ямар нэгэн шинэ загварын хувцас гарч ирэнгүүт л авч өмсөх гэсний хэрэггүй. Энэ хувцас ямар насны хүнд тохиромжтой, түүнчлэн хэдий хугацаанд шинэ моод хэвээр байхыг наад зах нь 3 сар хүлээх нь зүйтэй гэж зөвлөсөн буй. Ер нь  "Моод монголоор дуусдаг" гэсэн шог  үгийг ч санахад илүүдэхгүй.  


Уншигчдын анхааралд: Та хувь хүний соёлын талаар илүү өргөн мэдээлэл авахыг хүсвэл Ж. Октябрь. “Менежерийн соёл” номыг олж уншаарай. Энэ номыг Интерном их дэлгүүрээс худалдан авах буюу Монгол шуудан, Түгээмэл шууданд захиалан авч болно.