“Монголын эдийн засгийн форум 2013” энэ удаа “Монгол брэнд” нэрийн дор Төрийн ордонд хоёр өдрийн турш болж өнгөрлөө. Уул уурхайн баялгаар эдийн засгаа солонгоруулахын тулд Шинэчлэлийн Засгийн газрын санаачилгаар тодорхой, бодитой сэдэвт төвлөрч хэлэлцүүлсэн нь ноос ноолуур, арьс шир, мах, сүү буюу хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт сор (брэнд) бүтээгдэхүүн бий болгон дэлхийн зах зээл дээр хэрхэн гаргах, макро болон микро эдийн засгийн ямар нөхцөл бүрдүүлэх тухай байв.

Брэндийг хэрхэн бий болгох вэ гэсэн асуулт форумын үеэр хамгийн их тавигдсан ч хүн бүр өөр өөр хариулт өгч байсан нь тодорхойгүй хэвээр үлдээв. Энэ асуултад товтой хариулт өгч чадахгүй бол Монгол брэнд дэлхийн зах зээлд гарах гэж их удах нь мэдээж. Энэ хэлэлцүүлэгт нэмэр болох үүднээс брэндийг хэн, хэрхэн төрүүлдэг тухай санал бодлоо хуваалцаж байна.

Дэлхийн зах зээлд өрсөлдөх давуу тал бий болгож чадсан компаниуд сор бүтээгдэхүүнийг бүтээдэг. Энэ орон зайд улс орнууд биш компаниуд өрсөлддөг бөгөөд амжилтад хүрсэн компани бүр глобал стратеги буюу зах зээл рүү гарч ялах урт хугацааны бодлоготой байдаг.

Тэгэхээр энэ глобал стратеги юунаас бүрддэг тухай сор бүтээгдэхүүн төрүүлэхээр төлөвлөж буй салбар бүрт тодорхой ойлголт бий болгож, түүний гээ тойрон хэлэлцэх шаардлагатай байна. Компаниуд өрсөлдөх стратегиа боловсруулахдаа хоёр хүчин зүйлд анхаарах ёстой. Үүнд танай салбарын бүтэц, түүний дотор танай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эзэлж буй байршил хоёр багтана.

Салбаруудын ашгийн түвшин харилцан адилгүй, компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний байршил ялгаатай, өгөөж нь өөр өөр байдаг. Гоо сайхны болон үнэртэй ус зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарын ашиг автомашины үйлдвэрийн илүү ашигтай. Энэ хоёр хүчин зүйлийг аль нэг компани өөрчилж өрсөлдөөний цоо шинэ нөхцөл байдлыг бүрдүүлж ч болно. Жишээ нь, Солонгосын “Самсунг” корпорац гар утасны зах зээлд чип, дэлгэц, үйлдлийн нээлттэй системээрээ зарчмын өөрчлөлт хийж, байршил бүрийн ашигт ажиллагаанд нөлөөлж байна.

САЛБАРЫН БҮТЭЦ

Салбарын бүтэц таван хүчээр тодорхойлогддог гэж Харвардын их сургуулийн профессор М.Портерийн багийнхан үздэг. Үүнд (1) шинэ тоглогч орж ирэх босгоны өндөр, (2) орлож болох бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч ирэх, (3) нийлүүлэгчдийн үнэ наймаалцах чадвар, (4) худалдан авагчдын үнэ наймаалцах чадвар, энэ дөрвөн хүчний голд нь байрлах (5) төсөөтэй компаниуд хоорондын өрсөлдөөнийг багтаадаг. Эдгээр хүчний холбоосыг бас “алмазан”, эсвэл “ромбон” бүтэц гэдэг.

Сонгон авсан салбарт буй хүчнүүдийн нөлөө харилцан адилгүй бөгөөд таван хүч нийлж байж тухайн салбарын ашгийн түвшинг тогтоодог. Тухайн салбарын үндэсний бүтэц нь дэлхийн зах зээлд өрсөлдөхөд суурь нөлөө болж өгдөг. Бас улсын бодлого нь аль нэг салбарт илүү өрсөлдөх боломжийг бүрдүүлж болно. Ашиг сайтай бүтэц бүхий салбарт ажиллагсдын амьдралын түвшин дээгүүр байдаг.

Иймээс тухайн орны хүн ардын амьдралын түвшин нь компаниуд бүтцийн хувьд ашигтай салбарт орж чадах эсэхээс шалтгаалдаг. Тухайн салбарын цар хэмжээ, өсөлтийн хурд, шинэ технологи нэвтэрснээс илүүтэйгээр дээрх таван хүчний үйлчлэл нь бүрдүүлсэн бүтцээс ашиг хамаарна.

Тийм учраас ямар бүтэцтэй салбарт тухайн үндэстэн төвлөрөх гэж байгаа нь нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой нөлөөтэй. Монголчуудын өмнө сор бүтээгдэхүүн бий болгох салбар тус бүрийн таван хүчийг бүрэн зөв тодорхойлж үр нөлөөг нь тооцох цаг ирлээ.

САЛБАР ДАХЬ БАЙРШИЛ

Тухайн салбартаа компани бүр ямар байршил эзэлж байгаа болон эзлэхийг зорьж байгаагаа нарийвчлан тогтоох ёстой. Байршлаа тогтоох гол шалгуур нь өрсөлдөх давуу талыг хэрхэн бий болгохоос хамаарна.

Өрсөлдөх давуу талыг хоёр үндсэн хэлбэрээр тогтоодог. Энэ нь бага өртөг, эсвэл ялгаа юм. Компанийн бүтээгдэхүүний загвар, үйлдвэрлэл ба маркетингийн зардлын өгөөж нь өрсөлдөгчөөсөө илүү байхыг бага өртөг гэж хэлдэг. Ялгаа гэдэг нь бүтээгдэхүүний чанар, зориулалт, борлуулалтын дараах үйлчилгээ нь худалдан авагчдад онцгой, давуу үнэ цэнийг олгохыг илэрхийлдэг. Энэ нь компаниудад гарамгай өндөр түвшинд ажилладаг бүтээгдэхүүн, найдвартай болон шуурхай үйлчилгээгээрээ онцгойрон өрсөлдөж, улмаар бүтээгдэх үүн, үйлчилгээг өндөр үнээр борлуулах боломж олгодог.

Амжилттай өрсөлдөхийн тулд энэ хоёр төрөлд зэрэг анхаарахаас гадна аль нэгд нь илүү төвлөрөх хэрэгтэй. Дээр нь бас хувьсах хэмжигдэхүүн ордог нь өрсөлдөөний хүрээ юм. Компани нь олон төрлийн бүтээгдэхүүний чухам алийг нь сонгох, ямар сувгаар сурталчлах, ямар хэрэглэгчийг сонгох, газар зүйн хувьд аль зах зээлд ажиллах, холбоотой ямар салбарт давхар өрсөлдөхөө тодорхой болгох учиртай.

Салбар бүр дотроо хэсэгт хуваагддаг бөгөөд хэсэг бүр нь өөрийн ялгаатай эрэлт хэрэгцээ, сурталчлах сувагтай. Цамц гэхэд л ердийн болон хувь хүний захиалгаар өвөрмөц хийцтэй байх ба өөр өөрийн ялгаатай хэрэглэгч, сурталчилгааны сувагтай гэсэн үг.

Глобал стратеги нь тодорхой болсны дараа тухайн компани бизнесийн үйлдэл тус бүрийг хэрхэн зохион байгуулж, хэрхэн гүйцэтгэж байгаагаас өрсөлдөх давуу тал гарч ирдэг. Компани бүрийн бизнесийн үйл ажиллагаа нь хэд хэдэн хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээрийг борлуулалтынхны бараагаа худалдаж байгаа, засварынхны үйлчилгээ хийж байгаа, судлаачдын загвараа зохиох, эсвэл процессоо сайжруулж байгаа, санхүүгийнхэн шаардлагатай хөрөнгө босгож байгаа зэргээр нь хувааж үзэж болно.

Тухайн компани яг ямар үнэ цэнийг бий болгож байгааг түүний бүтээгдэхүүн, үйлчилгээг нь авахын тулд худалдан авагчаас төлөхөд бэлэн байгаа мөнгөний дүнгээр хэмжинэ.

Монголын компаниуд глобал стратегиа зөв тодорхойлж, сод бүтээгдэхүүн өрсөлдөн бүтээх ажлаа эхлэх шаардлагатай боллоо. Глобал брэндийг хувийн компаниуд бүтээдэг бөгөөд хэрэв үнэ цэнийн гинжин холбооны тодорхой хэсэгт төрийн оролцоо хэрэгтэй гэж үзвэл тэр нь зөвхөн хувьцаат компанийн хэлбэртэй байж л бид дэлхийд өрсөлдсөн бараа гаргаж чадна.

Глобал стратегийг саяын форумын үеэр яригдсан салбар бүрт бий болгохын тулд салбарын мэргэжлийн холбоод орон даяар өргөн хэлэлцүүлгийг хурдан өрнүүлж компаниудаа оролцуулан, олон улсын туршлагаас суралцан ажиллах цаг боллоо.

Салбар тус бүрээр өргөн хэлэлц үүлгийг онлайнаар хийж болно. Энэ нийтлэлийн доор (www.jargaldefacto. com) санал бодлоо бичиж хэлэлцүүлэг өрнүүлбэл тэдгээрийг эмхэтгэн, цэгцэлж салбар тус бүрээр нийтлэл бичиж болох юм.

www.jargaldefacto.com