Манай гадаад бодлого байрандаа гацчихсан байна

УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

- Монгол Улс хоёр том хөрштэй. Та судлаач, тэр дундаа хятад судлал, аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн, өөрийн тодорхой байр суурьтай улстөрч учраас урд хөршид болж буй үйл явдлаас яриагаа эхэлбэл ямар вэ. Хятадад төрийн удирдлага дөнгөж сая солигдлоо...

- Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын нэгдсэн чуулган жил бүрийн гуравдугаар сарын эхээр хоёр долоо хоног орчим хуралддаг. Хуучнаар манай АИХ-ын чуулган гэсэн үг. Энэ жил нээлтийг нь дэлхийн томоохон мэдээллийн суваг BBC шууд дамжуулан үзүүлсэн. BBC шиг нөлөөтэй мэдээллийн хэрэгслээр дэлхий дахинд шууд дамжуулж байна гэдэг нь Хятадад болж байгаа өөрчлөлт дэлхий нийтэд ямар их нөлөөтэй болсныг харуулж байгаа хэрэг. Олон улсад хүчний тэнцвэрийн шилжилт хаашаа явж байгааг харуулж байна. Энэ бол бидний амьдралд чухал нөлөөтэй үйл явц юм. Цаашдын урт хугацааны хандлагыг цөөн үгээр хэлэх амаргүй. Олон улсын харилцаа, Хятадын ирээдүйд хамаатай томоохон хүчин зүйлсийн нэг нь Хятад-АНУ-ын харилцаа. Энэ харилцаанд зөрчил, өрсөлдөөн, хамтын ажиллагаа зэрэг оршиж байна. Миний бодлоор цаашид Орос-АНУ-ын харилцаа өнөөдрийнхөөс илүү ойртох байх. Улс хоорондын харилцаа хүчний тэнцвэрээс ихээхэн хамаардаг дүр төрх Зүүн хойд Азид бол хэвээрээ л байна.

- Монгол Улсын гадна талд өрнөж байгаа том өөрчлөлтийн талаар та хэллээ. Сүүлийн үед Солонгосын хямралаас болоод бидний эргэн тойронд юу болох гээд байна?

-Яг өнөөдөр бол байдал нэлээд хурцадмал байна. Ази Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Зүүн хойд Азид. Хятад хүчирхэгжиж, цэргийн хүч нь зузаарч байна. АНУ сүүлийн жилүүдэд цэргийн гол хүчээ энэ бүс нутагт татаж байршуулах, энэ бүс нутагт байгаа цэргийн холбоотны харилцаануудаа бэхжүүлэх бодлого явуулж байна. Япон батлан хамгаалах салбартаа хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн томоохон өөрчлөлт, шилжилтийг аажмаар хийж байна. Сүүлийн үед Хятад-Япон болон бусад орнуудын хооронд газар нутгийн маргаан даамжирч байгаагийн цаад шалтгааныг би үүнтэй холбож ойлгодог. Түүнээс бус энэ маргаан сая гэнэт гараад ирсэн биш, хэдэн арван жилээр шийдэгдээгүй яваад л байсан асуудал. Өөрөөр хэлбэл энэ бүхэн Хятад-АНУын хоорондын өрсөлдөөнтэй шууд бусаар холбогдож байна. Дарин дээр давс гэгчээр Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилт хийсэн нь байдлыг даамжрууллаа. Одоогийн их хурцадмал байдал удахгүй намжих түр хямрал байж болно. Сүүлийн нэг жилийн дотор Солонгосын хойгийн асуудалтай хамаатай бүх оронд Засгийн эрх солигдож байна шүү дээ. Гэхдээ л урт хугацаанд ч энэ хямрал тийм ч амар арилахгүй гэж би боддог. Солонгосын дайн угаасаа л Хятад-АНУ-ын зөрчлөөс болж эхэлсэн. Өнөөдөр энэ дайн үнэн хэрэгтээ дуусаагүй хэвээр байна. Энэ дунд хамгийн том шүдний өвчин Хятадад байгаа. Дэлхийн нийтээр хорьчихоод байгаа цөмийн зэвсгийг туршиж, бусад улс оронд зэр зэвсгээ улам нэмэх боломжийг нээж өгөөд байгаа Умард Солонгосыг яах вэ гэдэг. Солонгосын дайнаас хойш үргэлжилсээр байгаа логикоор бол Хятадын хувьд Умардын дэглэмд нөлөөтэй байж, АНУ-ын цэргийн баазыг хил дээрээ авч ирэхгүй бамбай бүсээ хадгалах нь уг нь том сонирхол шүү дээ. Гэтэл Умард Солонгос хүссэнээр нь байхгүй...

-Монголын гадна талд, хол, ойрын хөршүүдийн харилцаанд гарах энэ өөрчлөлтөөс үүдээд бид гадаад бодлогоо эргэн харах ёстой юу?

-Ерээд оны эхээр манай гадаад бодлогод том өөрчлөлт гарч 1994 онд анхны Гадаад бодлогын үзэл баримтлал батлагдсан байдаг. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй, сайн харилцья, бусад орнуудтай, түүн дотроо гуравдагч хөршүүдтэй харилцаа хөгжүүлье гэсэн сайн стратеги. Түүхээсээ өвлөсөн том сургамж. Гэхдээ энэ ерөнхий хүрээн дотор яг яах юм бэ, ялангуяа хоёр хөрштэйгээ ямар байдлаар харьцах гээд байна гэдэг асуудал тийм ч тодорхой биш байна. Энэ нууц зүйл биш шүү дээ. Монголыг анхаарч судалж байгаа болгон нэг иймэрхүү дүгнэлт хэлэх байх. Ялангуяа өнөөдөр эдийн засгийн харилцаа гэдэг улс төрийн харилцааныхаа салшгүй хэсэг нь болсон үе. Хятадтай яг аль аль ордууд, бусад ямар асуудал дээр яаж ажиллах, Оростой бас яг ямар чиглэлээ хатуу барьж харилцаа хөгжүүлэх вэ гэх мэт. Энэ бодлого тогтвортой, тодорхой биш болохоор засаг солигдох болгонд манай байр суурь гуйвж байна. С.Баяр, Сү.Батболд, С.Алтанхуяг гээд сүүлийн гурван Ерөнхий сайдын үед зөвхөн Хятадтай л гэхэд ямар асуудлууд ямар өнгө аясаар яригдаж ирснийг анзаараарай. Энэ нь цаагуураа том гүрнүүдэд ядаргаатай гэхээс илүү манайд муу үр дагавартай тусч байна. Өнөөдөр манай хоёр хөрш орон хоорондоо стратегийн түншлэлийн харилцаатай. Гэхдээ олон улсын харилцааны түүхийг харвал, бас онол ярьсан ч нэг бүс нутагт хил залган оршиж байгаа хоёр их гүрэн сайдаж муудаж явдаг болохоос байнга тэврэлдээд явдаггүй. Энэ бас бидний байнга бодож байх асуудал.

- Гуравдагч хөрш орнуудтай харилцаа хөгжүүлэх нь нэг шийдэл болох уу?

- Гуравдагч хөршийн бодлого чухал бодлого. Гэхдээ үүнийг хэтрүүлэн үнэлж хоёр хөршийн бодлогыг хойш тавьбал том алдаа болно. Манай үндэсний аюулгүй байдлын бодлогод гуравдагч хөршүүд гэж Монголтой сайн харилцаатай, ардчилсан тогтолцоотой хөгжингүй орнуудыг хэлнэ гэж ойлгомжтой бичсэн байгаа. Бид ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэхийн тулд ардчилсан орнуудаас суралцах зүйл их байгаа. Эдийн засгаа бэхжүүлэхийн тулд гадны өндөр технологи, орчин үеийн компанийн засаглалыг давхар авч ирэх өрнөдийн хөрөнгө оруулалтыг чухалчлахаас аргагүй. Бүгд л ингэж явж ирсэн шүү дээ. Монгол Улсад ямар нэг бэрхшээл тохиолдоход үзэл санааны дэмжлэгээс эхлээд бусад боломжтой дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн олон найз нөхөд, түнш орнуудтай болохыг бид улс төр, дипломатын аргаар аюулгүй байдлаа хангахад бэлэн байх гэж ойлгодог.

- Гадаад бодлого илүү тодорхой, тогтвортой байх чухал гэж та дээр хэллээ. Үүний тулд юу хийх ёстой гэж та харж байгаа юм бэ?


-Хуучин олон улсын харилцаа өнөөгийн хавтгай ертөнц шиг байсангүй. Бичиг захидал солилцох, хоорондоо уулзалдах гэж л өчнөөн хоног сар болдог байж. Амьдрал ийм удаан байхад монголчууд амьдралын ухаан, ноён нуруугаараа гадаад бодлогынхоо ерөнхий чигийг нэг их алдчихалгүй бариад явж байж. Ер нь монголчууд бол сэтгэлгээний өндөр чадавхтай, уламжлалт өв сайтай үндэстэн гэж би боддог. Гадаад яам ч үгүй шахуу байсан 100 жилийн өмнө, бас Зөвлөлтийн нөлөөнөөс дөнгөж гарч байсан ерэн онд манай ахмадууд гадаад бодлогын баримжаагаа ямар айхтар тооцоолж байсныг харахад ингэж бодогддог. Харин өнөөдөр ийм хурдацтай өөрчлөгдөж байгаа, мэдээллийн тэсрэлтийн эрин зуунд бид зөвхөн алсаа баримжаалсан зөв бодлоготой гээд тайван сууж болохгүй. Гадаад бодлого боловсруулдаг механизмаа хөгжүүлэх ёстой. Хэн санаачилж, хэн хэн оролцож, хэн тэр бодлогыг баталгаажуулах вэ. Тэр баталсан бодлогоо өнөөдрийн энэ их өөрчлөлт, хөдөлгөөн ихтэй амьдрал дунд яаж нэг цонхоор явуулах вэ. Гадаад бодлого ойлгодог, төлөвлөдөг чадвартай хүмүүс бэлтгэх нь их том асуудал. Наад зах нь өнөөг хүртэл их сургуулиуддаа Орос, Хятад орон судлалын дагнасан ангигүй байна. Орос, хятад хэл зааж байгаагаа ОХУ, БНХАУ-ыг судалж байна гэж ойлгоод байна. Тиймээс бид гадаад бодлого зогсонги байдалд орчихлоо гэдгийг зоригтой хүлээн зөвшөөрч, шинэ алхам хийх цаг болсон.

-Тэгвэл энэ зогсонги байдлаас яаж гарах вэ? 

-Гадаад яамаа дэмжих, тэлэх, бодлогын байгууллага болгож хөгжүүлэх цаг нь болсон байна. Хөрш орнуудын газар гэхэд хоёр том орныг арав хүрэхгүй хүн хариуцаж байхад эндээс бодлого төрөх үү. Тэд маш их ачаалалтай, гэхдээ бодлого хийх биш, протоколын ажилдаа л таарч байгаа нь ажиглагддаг. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг өөрчлөх шийдлийг боловсруулах цаг болж.

Бид явганаар бизнес хийх гээд хий л доороо дэвхцээд байна

- Таны дээр ярьсан хүндрэл зөвхөн гадаад яаманд байгаа биш гэж бодож байна. Манай хууль, төрийн бодлого түүхий гардаг, амьдралд зохицохгүй болохоор нэг бол хуулиа хэд хоноод өөрчлөх, эсвэл зөрчөөд явах болдог?

- Энэ бол нэг салбарын ч биш, нийт Монголчуудын өмнө тулсан асуудал. Өнөөдөр дэлхий хавтгай болчихсон, амьдрал цаг минутаар өөрчлөгдөж байгаа үед хүмүүс машинтай, онгоцтой бизнес хийж байхад Монголчууд бид морьтойгоо, магадгүй бүр явган нааш цаашаа гүйж үймэлдэж, мөнгөний сургаар хий доороо дэвхцэцгээгээд байгаа юм шиг л дүр зураг харагдаж байна шүү дээ. Захын жишээ хэлэхэд Рио Тинто бол маш том засаглалтай үндэстэн дамнасан корпораци. Тэд ямар судалгаа, ямар баг, ямар төлөвлөлттэй ажиллаж байгаа бол. Гэтэл манай Засгийн газар өөдөөс нь ямархуу тооцоо судалгаа, хүн хүчээр ажиллаж ямар хэлэлцээр хийчихээд өнөөдөр ямар байдалд орчихоод байна вэ. Тэгэхээр бид ганц нэгээрээ энд тэнд цэцэрхэж, эсвэл гайхаж гасалж суух биш, нийлээд энд тэнд бодлого, төлөвлөгөө хийдэг Монголын гэх үндэсний чадавхтай болохгүй бол цаашаа явахгүй нь. Энэ чадавх улс төрийн намуудад, бүх салбар яамдуудад, тэр ч бүү хэл хувийн компаниудад хүртэл хэрэгтэй байна. 

- Үүнийг таны ажиллаж байгаа УИХ-аас эхлэх ёстой байх?

- УИХ бүр үлгэрлэж ажиллах ёстой байх. Бидэнд бас бага ч гэсэн дэвшил байна аа. УИХ-ын шинэ дарга УИХ-ын бодлого боловсруулах чадавхи, хууль хийх механизмыг сайжруулахад анхаарч арга хэмжээ авч эхэлж байна. Ингэхгүй бол дуртай УИХ-ын гишүүн нь өнөөдөр нэг хууль бодож олоод маргааш нь бичээд өргөн барьж байна. Улс төрийн намууд бие биеэ барьцаалж, улстөржсөн хуулиуд санаачилж, тэр нь батлагдаж байна. УИХ ингэж ажилладаг байх юм бол энэ улс оронд гавьяа байгуулахаасаа гай болох нь их. Сүүлийн үед УИХ-ын Тамгын газрын бодлого боловсруулах, УИХ-ын гишүүдэд туслах чадавхийг сайжруулах бүтцийн өөрчлөлт, хүний нөөцийн өөрчлөлтүүд эхэлж байна. Хууль зүйн яам хууль хийх үйл явцыг бүтэн тогтолцоонд хөрвүүлж, түүнийгээ хуульчлуулахаар ажиллаж байна. УИХ-ын олон гишүүн үүнийг дэмжиж байгаа. Цаашид УИХ зөвхөн өөрийнхөө чадавхийг сайжруулахын тулд хийх ажил маш их байгаа.

- Бизнес хийх гээд доороо дэвхцээд байна гэдэг үг Монголын компаниудад их хамаатай санагдлаа. 


-Хувийн хэвшил бол манай хөгжлийн гол хөдөлгүүр шүү дээ. Сүүлийн үед талархууштай нь Монголд компанийн засаглалын асуудал их яригддаг болжээ. Байгууллагын стратеги, төлөвлөлт хийх бүтэцтэй, хүний нөөцийн бодлоготой, зах зээлээ судалдаг, дотоод хяналттай компаниуд л томорч байна. Гэхдээ ийм компани нь цөөхөн шүү дээ. Тийм болохоор л манай олонх хувийн хэвшил учраа сайн олоогүй мөнгөний сургаар үймэлдэж байх хооронд гадны арай төлөвшчихсөн нөхдүүд орж ирээд бизнесийн орон зайг эзэлчихэж байна. Бид мөнгө хэрэгтэй гээд байдаг, бондын мөнгө ороод ирэхэд тэрийг шууд шингээхэд бэлэн хувийн хэвшил ч, төрийн компани ч байхгүй л сууж байна шүү дээ. Саалиа бэлтгэхээс урьтаж саваа бэлд гэдэг биз дээ.

Нам хатуу гишүүнчлэлгүй болсноор  асуудал шийдэгдэнэ гэвэл төөрөгдөл

- Сүүлийн үед улс төрийн намуудын төлөвшлийн асуудал, улс төрийн намын хуулийг шинэчлэх яриа анхаарал татаж эхэллээ. Та улс төрийн намын хуулийн ажлын хэсэгт орж байгаа юу? Энэ талаар яриач
.
 - УИХ-д суудалтай бүх намын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Би энэ ажлын хэсэгт байгаа. Зарим хүмүүсийн хандлагыг харахад энэ хаврын чуулганы хугацаанд төсөл дээрээ ажиллаад намар гэхэд өргөн барьж батлуулна гэсэн чигтэй байх шиг байна. Би хувьдаа ингэж хурдан явах эсэхэд эргэлзэж байна. Үнэхээр улс төрийн нам тойрсон асуудал, түүнээс болж улс оронд учраад байгаа хүндрэлүүдийг арилгая гэвэл бид асуудал яг юундаа байна вэ гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Мөн намууд, улстөрчдийн хооронд маш их ойлголцол, улс төрийн хүсэл зориг хэрэгтэй. Миний хувьд улс төрийн намыг өөрчилнө гэдгийг угтаа өнөөдрийн улстөрчид, намын дарга нарын тоглож заншсан тогтлоомын дүрмийг, тэдний ааш араншинг өөрчлөх тухай асуудал байх ёстой гэж ойлгож байгаа. Үүнд тэд өөрсдөө бэлэн байна уу? Эсвэл намын хууль өөрчилнө гэдгээ улсын төсвөөс нам мөнгө авдаг болох юмуу намын гишүүнчлэлийн журмыг өөрчилсөн өнгөн талын засвар хийх төдийгөөр ойлгоод байна уу. Энэ хооронд их ялгаа бий шүү.

- Асуудлыг та яг яаж харж байгаагаа арай тодорхой ярихгүй юу? 

- Бид өнөөдөр яг ямар шалтгаанаар намыг шинэчлэх тухай ярьж байгаа юм бэ гэдгээс л эхлэх ёстой. Шуудхан хэлэхэд өнөөдөр хамгийн их дотоод ардчилалтай гэж хэлж болох Ардчилсан намд хүртэл ерэн оны өмнөх МАХН-ын Улс төрийн товчоо шиг бүлэг, бүтэц үүсчихсэн байгаа. Бусад том, жижиг бүх намд адил. Өнөөдөр амьдрал дээр хэчнээн арав, зуун мянган хүнтэй гэгдэх намуудын өмнөөс хэдхэн хүн л шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тэр хэдэн хүн сонгуульд хэн нэр дэвшихийг шийднэ. Сонгуульд нам нь ялчихвал төрийн албанд хаана ямар халаа сэлгээ хийхийг бүгдийг шийднэ. Тендерийг хэнд хуваарилах, уул уурхайд ямар гэрээ хэлэлцээр хийх, орж ирсэн мөнгийг яаж хуваарилахыг үнэндээ бүгдийг шийднэ. Өнөөдөр намууд, тэр дотроо намын удирдлагад байгаа цөөхөн хүн хуулийн хүрээнд, бас хуулиас гадуур хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлчихээд байгаад л хамаг учир байна гэж би хэлэх гээд байна. Хүн гэдэг эрх мэдэлд дуртай амьтан. Байдал ийм байгаа болохоор л хүмүүс намууд руу хошуураад, талцаж эрх мэдэл, эд хөрөнгөө булаацалдаад явчихаж байна. Намын удирдлагыг тойрсон тойрон хүрээлэгчдийн бүлэг үүсчихэж байна.

-Гишүүнчлэлгүй болчихвол намчирхаж талцдаг байдал багасна гэж үзэж байгаа шүү дээ?

- Энэ бол эндүүрэл гэж хэлмээр байна. Намууд, цөөхөн дарга нар улс орны хамаг эрх мэдлийг төвлөрүүлсэн хэвээрээ л байвал хүмүүс гишүүн гэнэ үү, дэмжигч гэж нэрлүүлнэ үү яаж ийгээд л нам нэртэй энэ мафижсан бүтцээ дагаж хуйлраад, хуваагдаж тэмцэлдээд л явж таарна. Нам гишүүдгүй боллоо гэхэд эрх мэдэл төвлөрсөн л байвал хүмүүс нийгмийн баялгийн болоод албан тушаалын хуваарилалт хийх өөр хэлхээ холбоо бий болгоод л явна. Сайн ч, муу ч улс төрийн намын тогтолцоо байхгүй болчихвол, гишүүнчлэлээ хэт хязгаарлаж явцуурвал харин жинхэнэ манай ангийн хүүхэд, манай нутгийн хүн, эсвэл энэ царайлаг бүсгүй, сайхан залуу гэдэг шалгуур цаана нь үлдэнэ. Ийм орчинд ямар тогтолцоо засах, хөгжүүлэх, бэхжүүлэх талаар ярих болж байна. Тэгэхээр намын гишүүнчлэлийг үгүй хийснээр талцал, хагарлыг байхгүй болчихно гэвэл гэнэн зүйл болно. Өнөөдөр Монголд нутгархах, өмчирхөх, бизнесээрээ бүлгэрхэх явдал газар авч байна. Би үүнийг харин ч улс төрийн намын тогтолцооны гажуудал, сул орон зайг эзэлж байгаа үйл явц гэж боддог.

- Тэгээд энэ их утгагүй талцал, улс төржилтийг үгүй хийх гол арга зам юу байх вэ?

- Үүнийг шийдье гэвэл бид илүү өргөн харж олон жил ярьсан төрийн албаны шинэчлэлээ нэг зоригтой хийчихмээр байна. Төрийн алба улс төрөөс хамаарал багатай, хамгаалалттай тогтолцоо руу ормоор байна. Төрийн алба өөрийнхөө бүтцээр гаргасан судалгаа, саналыг хэдхэн улс төрчид дураараа өөрчлөөд дуртай шийдвэрээ гаргадаг гажгийг арилгах ёстой. Бодлого төрдөг, хэрэгждэг механизм тогтвортой, хамгаалалттай болох ёстой. Тендерийг улс төрчид мэддэггүй, төрийн мэргэшсэн алба нээлттэй хийдэг болгочихвол, албан тушаалтнууд төсвийн мөнгөн дээр дуураараа дургиж авилгад автах нь хэцүү болчихвол хүмүүс яах гэж улс төр рүү, нам руу хошуурах юм бэ. Намд төвлөрсөн хууль бус эрх мэдлийг байх ёстой газарт нь тарааж зөв суурьшуулбал асуудал өөр болно л гэж харж байна.

- Тэгэхээр таны ажиллаж байгаа улс төрийн намын хуулийг шинэчлэх ажлын хэсгийн үүрэг юу юм бэ. Намын шинэчлэл тийм ч чухал асуудал биш юм шиг өнгө аяс сонсогдож байна?

- Үгүй, тийм биш. Энэ хуулиар даруй шийдэх шаардлагатай болсон олон асуудал байна. Хамгийн том зарчмын өөрчлөлт бол цөөн хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлж байгаа, манай бүх намуудад байгаа коммунист маягийн эрх мэдлийн тогтолцоог өөрчлөхөд чиглэх ёстой. Бид түр зогсоод хаана оччихсон яваагаа нэг бодох, ерэн оны шинэчлэлийн үзэл санааг тууштай үргэлжлүүлэх нь чухал байна гэж бодож байна. АН, МАН хоёр намыг л аваад үзье л дээ. Сонгуульд нэр дэвшүүлэхээс эхлээд намын бодлогоо батлах бүх эрх мэдэл АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хуралд төвлөрсөн. Гэтэл хоёр зуу гаруй гишүүдтэй энэ бүтэц өөрөө хэдхэн хүний гарт атгагдсан байдаг. Анхан шатны намын хороодоороо хэлэлцүүлж санал авдаг гэх боловч ихэнх хурлууд нь тэр дээр сууж байгаа хэдхээн нөхрийн хүссэн шийдвэрийг л баталгаажуулж өгдөг. Ингэж л цөөн хүн намын буруу бүтцээр дамжуулаад улс орныг атгачихаж байгаа юм. Тэгэхээр намын дотоод ардчиллыг хамгаалсан хуультай болох, тэр дотоод ардчиллыг амьд байгаа эсэхийг хянаж байдаг, гэхдээ жинхэнээсээ ажилладаг бүтцийг бий болгох нь улс төрийн намын өнөөгийн мафижсан тогтолцоог халах хамгийн чухал эхлэл болох ёстой гэж би боддог. 

- Улс төрийн намууд бодлогын байгууллага байх ёстой гэдэг ойлголт, хандлага сүүлийн үед овоо түгээмэл болж байх шиг байна?

- Намын хамгийн чухал хоёр үүрэг бол нэг нь нийгмийн санаа бодол, судалгаа шинжилгээнд тулгуурлан төрийн бодлого боловсруулахад оролцох, нөгөө нь үүнийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх. Сонгуулиар хүмүүс энэ хоёрыг л харж саналаа өгөхийг хичээдэг шүү дээ. Гэтэл манай намуудад үүнийг хийх бүтэц нь төлөвшөөгүй байна. Тиймээс шинэ хуулиар намуудын бодлого хийдэг, нийгэмтэй харьцдаг албан ёсны бүтэцтэй байх тал руу, гэхдээ намууд өөр өөр сайн дурын бүтцээр явах биш, нэгэн адил бүтэц тогтолцоо руу нь шахсан зохицуулалт хийх ёстой гэж боддог. Намд хүний нөөцийн сайн бүтэц механизм хөгжихгүй бол ёс зүй, зарчим, үнэт зүйлийг хайхардаггүй, хэн илүү аргатай, илүү мөнгө, боломжтой нь эрх мэдлийг булааж авдаг өнөөдрийн гачлангаас гарахгүй.

-Өнөөдөр улс төрийн эрх барьж байгаа нам томилгоог яаж хийдгийг хүмүүс гадарлана. Танил талаар, мөнгөөр... Ардчилсан нам ч бас энэ алдааг давтаж байна. Энэ нь тогтолцооноосоо болж байна гэж үү?

- Хүний нөөцийн оновчтой бодлого, шалгуур, бүтэц байхгүй болохоор өөр яах юм бэ. Тэнд нэг гадаадад сургууль төгсөөд ирсэн гайгүй нөхөр байгаа гэнэ, тэрийг  олоод ир. Эсвэл танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь арай дээр, энэ л арай хулхидчихгүй байх гэнэ. Цааш нь ярьвал олон шалтгаан, үндэслэл хэлнэ дээ. Өнөөдөр ерөөсөө аль ч улс төрийн намд, төрд ч нэг иймэрхүү л байдлаар томилгоо хийж байгаа. Тогтолцоо нь байхгүй юм чинь яах юм бэ. Хүмүүсийн чадвар, туршлагыг үнэлээд гаргачихсан мэдээллийн бааз ч алга. Тэгэхээр өнөөдөр улс төрийн намд хүний нөөцийн тогтолцоо буй болж байж засаглал сайжрах нэг үндэс тавигдана.

-Улс төрийн намын талаарх өнөөдрийн ойлголт, тогтолцоог өөрчлөхийн тулд санхүүждэг механизмыг нь бас өөрчлөх ёстой байх. Намын санхүүжилтийг хэрхэн өөрчлөх бол?

 - Шуудхан хэлэхэд манай өнөөдрийн улс төрийн санхүүжилтийн тогтолцоо олон хүнийг авлига авах, шоронд орох зам руу түлхэж байгаа. Өнөөдөр улс төрийн намууд хуулийн хүрээндээ санхүүжилтээ аваад төсвөөс өгсөн хэдэн төгрөгт баригдаад суувал зорилгоо хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах боломж хомс байгаа. Тэгэхээр яах вэ. Янз бүрийн хүмүүсийн гар харж хандив гуйдаг. Эргээд олон түмнийг төлөөлөх зорилготой энэ байгууллага мөнгө өгсөн хүнийхээ барьцаанд ордог. Сэтгүүлч Баатархуяг нэг нийтлэлдээ МАН бизнесийнхнийг элсүүлдэг байсан бол одоо тэднийхээ хэрэгсэл болоод хувирчихсан гэж хэлсэн байсан. Энэ оргүй зүйл биш. Тэгэхээр улс төрийн нам цаашид цэвэр явья. Улстөрчид авлигаас ангид байя гэвэл улс төрийн санхүүжилтийг өөрөөр харах цаг болсон. Үүнд нэгдүгээрт иргэдээс санал авч, дэмжлэг хүлээж чадаж байгаа нам тэр харьцаагаар төсвөөс  ажиллахад боломжийн санхүүжилтээ авдаг байх. Хоёрдугаарт, санхүүжилтийг тайлагнах үйл явц, хяналтыг нь маш тодорхой зохицуулах болгодог. Хэрэв санхүүжилтээ тайлагнахгүй, хуурч мэхэлсэн бол сонгуульд оролцох эрхийг нь хасах хүртэл хатуу хууль бусад орнуудад байдаг. Манайд яадаг гээч. Хуулиараа хоёр гурван зуун мянган төгрөгний торгууль л төлнө.

УИХ, Засгийн газар холион бантан болсон

- Өнөөдрийн Монголд нүүрлэсэн засаглалын хямрал улс төрийн намуудтай яаж холбогдож байгаа талаар та сайн гаргаж хэллээ. Засаглалыг засахын тулд шийдэх олон өөр асуудал байгаа байх.

-Маш чухал асуудал бол засаглал, эрх мэдлийн хуваарилалт. Засаглал дотроо эрх мэдэл тэнцвэртэй хуваарилагдсан, өөрөө дотроосоо ялзарч дампуурахгүй байх хяналттай, дархлаатай байх ёстой. Манайд энэ байдал санаа зовоох хэмжээнд хүрчээ. Харахад манайх УИХ-тай, Засгийн газартай, шүүхтэй. Өнөөдөр нэг талархууштай нь гэвэл хууль, шүүхийн шинэчлэл найдвар төрүүлж эхэлж байна. Хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг. Их хурал, Засгийн газрын хувьд холион бантан болсоор удаж байна. Амьдрал дээр аль нь алиныхаа дээр, доор байгааг би л лав сайн мэдэхгүй байна. Арваад жилийн өмнөөс, Үндсэн хуулийг дордуулсан өөрчлөлтөөс эхэлж ийм байдал даамжирсан гэж боддог.  Өнөөдөр манайд сайд нар төсвөө төлөвлөөд, өөрөө тэрийгээ УИХ дотор орж ирж заримыг нь хүч түрж, заримыг нь лоббидож батлуулаад, тэрийгээ өөрөө оролцож зарцуулаад, тэгээд нэгэнт Их хурлын гишүүн юм болохоор хяналт тавьсан нэр зүүгээд явж байна. Үүнийг сонирхлын зөрчил гэхгүй бол өөр юуг сонирхлын зөрчил гэх юм бэ. Ийм тогтолцоонд ямар ч бурхан шиг сайд байгаад завхрал гарахгүй байх баталгаа байх уу. Дээр нь аль ч намын эрх барих үед нам дотор хамгийн нөлөөтэй, эрх мэдлийг барьж байгаа хэсэг Засгийн газарт сайд болдог учраас тэд Их хурлаа, намын бүлгээ атгачихдаг нь нууц биш.

- Ерөнхийлөгч энэ байдлыг өөрчлөхийн тулд Засгийн газрын гишүүдийн зөвхөн гуравны нэг нь их хурлын гишүүн байх хууль санаачилсан шиг санагдаж байна?

- Тийм ээ. УИХ үүнийг хэлэлцэж батлах ёстой. Амьдрал дээр эрх барьж байгаа олонх үүнийг барьж аваад шийдэх амаргүй л дээ. Тэр дундаа их хурал дахь улс төрийн хүчнүүдийн харьцаа өнөөдөр шиг эмзэг байхад. Гэхдээ  л бид өнөөдрөө биш, маргаашаа бодож энэ асуудлыг эртхэн шийдэх зориг гаргах ёстой. Бид гэдэг нь гол нь өнөөдөр бодитойгоор эрх мэдлийг атгаж байгаа тэр хэсэг зориглох ёстой.

- УИХ-д байгаа сөрөг хүчинд олонхдоо хяналт тавьж ажиллах том үүрэг ноогдож байгаа биз дээ?


- Мэдэхгүй юм. Уг нь тийм байх. Гэхдээ амьдрал дээр ямар байгааг харах л ёстой байх. Яг өнөөдөр хамгийн том сөрөг хүчин МАН-ын бүлгийн байдлыг ажихад бүтээлч шүүмжлэл, бодлогын өөр шийдэл гаргаж олонхдоо хяналт тавих гэхээс илүү зарим нь өөрсдөө өчигдөр юу хийж байснаа таг мартчихсан мэт хоосон улстөржигсөд, зарим нь хий цээжээ дэлдэж хоосон шүүмжлэгсэд л нэлээд олон байх шиг. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж үг бий. МАН олон жил хэцүү жонхуу зуурсан. Тэр нь энд тэндээс илэрч гарч байна. Намынхан нь өөрсдөө ч хэлсэн байна лээ. “Намайг бариад явчих вий дээ гэсэндээ чимээгүй сууж байдаг” хүн олон болсон гэж. Ийм нөхцөлд сөрөг намын бүлэг цаашид аль хэр үр дүнтэй ажиллаж чадах вэ гэдгийг хэлэхэд хэцүү л байна.

Өөдрөг амьдрах шалтгаан, үндэслэл байна аа

- Ер нь таны харж байгаагаар бид сайн сайхан руу ойртож байна уу, эсвэл улам холдоод байна уу?


- Би ажлын шаардлагаар олон хүнтэй уулзаж ярилцдаг. Олон хүн гутранги байна. Мэдээж их өөдрөг хэсэг ч байна. Эрх мэдэл, эд баялагт ойрхон байгаа хэсэг нь илүү өөдрөг байгаа нь мэдээж. Тэгэхээр монголчууд бид жаргалтай амьдраад байна уу, зовлонтой амьдраад байна уу гэхээр хоёр тийш туйлширсан хариулт гарч байна. Энэ бол бидний цөөхөн монголчуудын эмгэнэл юм. Бид бие биенийхээ зовлон, жаргалыг мэдэрч ойролцоо долгион дээр сэтгэл тайван амьдарцгаавал уг нь сайхан тийм ээ. Би нэг л зүйлийг хэлмээр санагдаад байгаа юм. Саяхан Ерөнхийлөгчийн айлчлалаар Судан яваад ирсэн хүмүүс ярьж байсан. Монголчууд бид үнэхээр Монголд амьдарч байгаагаараа бахархлаа гэж. Ойрхи Дорнодын дайн тулаантай орнууд байна. Улс орнууд яагаад дотооддоо дайнд хүрдэг юм бэ гэхээр амьдралын түвшин хэт ялгаатай болж бие биенээ ойлгохоо болихоор, үг хэлээ ойлголцож чадахгүй нэг нэгнээ хэт туйлширч үзэн ядаад ирэхээр, бодитой зовлон жаргал нь дээд цэгтээ тулаад ирэхээр хүмүүс тэмцэлдэж эхэлдэг юм байна. Олон улс үндэстэнтэй харьцуулахад монголчууд бид сайн сайхан яваа гэж боддог. Гэхдээ ингэж бодоод шийдэх ёстой асуудлаа шийдэхгүй байж болохгүй. Болохгүй, бүтэхгүй зүйлээ хаацайлаад байвал нийгэм улам ялзарч байдал хүндэрнэ. Гол нь бидэнд зөв зарчим, үнэт зүйл, ёс зүйгээ ярьж, бие биедээ шаардлага тавьж, хариуцлагатай амьдрахгүй бол болохгүй үе иржээ.

- Та тэгээд өөдрөг талд нь байна уу, эсвэл нөгөө талд нь уу?

- Би өөдрөг талд нь байгаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн эрх мэдэлд ойр байгаа болохоор биш. Түүхийг эргээд харахаар, ирээдүйн ерөнхий хандлагыг бодохоор. Бас би өөрөө ч тийм гутранги хүн биш л дээ. Монголчууд түүхийн зовлон жаргал, хүнд хэцүү үеүдийг давж туулсаар ямар ч байсан голомтоо таслаагүй, уугисан цогийг ч өрдөж бадраасаар байгаад өнөөдрийг хүрсэн ард түмэн. Үүнээс ч хүнд үед тэсээд үлдэж байсан... Зуун жилийн өмнөх Монгол ямар байлаа. Бид гэтэл өнөөдөр ямар асуудал шийдэх тухай ярьж байна вэ гэдгийг харьцуулаад үзээрэй. Бидэнд хүнд сорилтууд байгаа ч түүнээс илүү их боломж байгаа. Бид цөөхүүлээ, маш их баялагтай. Баялаг гэдэг нь зөвхөн байгалийн баялаг биш шүү. Сэтгэлийн тэнхээтэй байх, ёс зүйтэй байх энэ хоёр л биднийг өөд татна гэж боддог. Ёс зүйтэй парламент байхгүй бол тэндээс ёс зүйтэй хууль гарахгүй. Ёс зүйгүй нийгэм байх юм бол хэчнээн гоё хууль гараад ч харахгүй л бол хулгай хийнэ шүү дээ.

- Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. УИХ-д Ардчилсан нам олонх гэдэг утгаараа энэ хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэж, батлах хууль, шийдвэр бүрийг ирэх сонгуультай холбож ажиллах болох байх?

-Тийм ээ. Бидний өмнө маш хариуцлагатай сонгууль дөхөж ирж байна. Манай улс парламентын засаглалтай ч Ерөнхийлөгч гэдэг хүн маш чухал үүрэгтэй. Тэр засаглалын тэнцвэр дээр зогсч байдаг. Монголын улс төрийн өнгөрсөн түүхийг сөхөөд хараарай. Үнэндээ 1992 оны Үндсэн хуулиас хойшхи бүх Ерөнхийлөгчид, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр гээд хүмүүс ямар ч утгаар нь харсан өөрийн намтай зөрчилдөн байж тэнцвэр барьж ирсэн байдаг. Бүх ард түмнээс мандат авна гэдэг чинь Ерөнхийлөгчийг их өөр хүн болгож байгаа юм. Аль нэг намыг биш, нийт улс үндэстний эрх ашгийг төлөөлөхийг аяндаа шаарддаг. Тэр хэмжээгээр Ерөнхийлөгч болсон хүн өөрөө ямар зан авиртай, юуг эрхэмлэж дээдэлдэг хүн бэ хувь хүнийхээ хувьд хэн байх нь их чухал болж хувирдаг.

- Ардчилсан намын нэр дэвшигч тодорхой гэж ойлгож байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин нэр дэвшинэ биз дээ?

- Манай намын удирдлагууд ийм байр сууриа тодорхой хэлж ирсэн. Би намын гишүүд дотор өөр бодолтой хүн цөөн байгаа болов уу гэж бодож байна. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвлөхийнх нь хувьд гурван жил хамт ажилласан. Миний зөв зүйтэй гэж итгэж үнэмшдэг үзэл бодол, идеалогийг тээж, тэрийгээ үйл хэрэг болгохын төлөө тэмцдэгт нь талархаж явдаг. Тиймээс манай намын сонголт зөв л гэж бодож байна. Өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газрын хийж чадаагүй, хийх ёстой байсан боловч хийгээгүй олон ажлыг Ерөнхийлөгч барьж авч хийсэн, эхлүүлсэн. Хууль, шүүх, цагдаагийн шинэчлэл, иргэний оролцоо, шууд ардчилал, төвлөрлийг задлах, архидалттай тэмцэх, авлигатай тэмцэх, уул уурхайд хяналт тавих гээд Монголыг цочроож доргиосон, хойш татсан олон дорвитой том асуудлыг Ерөнхийлөгч барьж ажилласан. Аль ч Ерөнхийлөгч хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд илүү шийдэмгий ажилладаг. Ард нь дахиад сонгуульгүй учраас тэр. Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч дахиад сонгогдох юм бол дараагийн дөрвөн жилд өмнөхөөсөө илүүг бүтээх байх гэж боддог.

-Та УИХ-д орж ирснээсээ хойш хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллах шиг боллоо. Хэзээ бие дааж хууль санаачлах гэж байна вэ?

-Би УИХ-ын шинэ, залуу гишүүдийн нэг. УИХ-ын үйл ажиллагаанд суралцахад анхаарч ирлээ. Амьдрал баян болохоор цаашдаа ч суралцсаар л байх байх. УИХ-ын өөрийнх нь дэг процедур, УИХ дээр явдаг мэтгэлцээн, бодлого шийдвэр гарах, боловсрогдох үйл явцыг ойлгож, ухамсартайгаар оролцох нь чухал гэж боддог. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл дээр ажилласан.  Одоо бол Боомтын хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хаврын чуулганы хугацаанд багтаагаад батлуулах зорилготой байгаа. Дөрвөн жилийн хугацаанд засаглалыг сайжруулах чиглэлийн хуулиуд дээр илүү анхаарч, цаг зарж ажиллахаар төлөвлөж байна. УИХ-ын гишүүний хувьд өөрөө санаачлахаар бэлтгэж байгаа анхны хууль бол Монгол хэлний тухай хууль. Н.Батцэрэг гишүүн бид хоёр санаа нэгдээд хамтарч ажиллаж байна. Даяаршиж байгаа ертөнцөд бидний өмсдөг хувцас, иддэг хоол, амьдрах хэв маяг бусдаас ялгарах аргагүй болж. Үндэстнийг үндэстнээр нь авч үлдэх хамгийн гол зүйл бол хэл яриа, бичиг. Хэл яриа, бичиг гэдэг тухайн үндэстний сэтгэлгээний тусгал, соёл уламжлалыг үеэс үед дамжуулагч. Би Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн “Үүрийн жавар” гээд их сайхан номыг уншиж байна. Тэр дотор миний сэтгэлд маш их хүрсэн нэг үг байгаа нь “Төр соёлоо хамгаалж чадахаа болино гэдэг адгийн доройтол” гэж. Өнөөдөр монгол хэлний доройтол үнэхээр санаа зовоож байна. Саяхан нэг хэлний эрдэмтэд хотын хүмүүсийн байнга хэрэглэдэг үгсийн 40 шахам хувь нь гадаад үг, орчуулагдаагүй хэвшсэн нэр томъёо байна гэсэн санаа зовоосон судалгаа хэлж байна лээ. Энэ мэтчилэн Монгол хэлбичгийн эргэн тойрон дахь асуудлыг хэдэн цагаар ярьж болно. Бид түргэн түүхий хууль гаргахгүй. Хэлбичгийн эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, сайн хэлэлцүүлж, урт настай хууль гаргахын төлөө ажиллана.

-Танд баярлалаа.