Ардчилсан намын лидерүүдийн нэг  УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд гурван сая орчим төгрөгтэй нь илэрч улс амьтны нүд нь орой дээрээ гараад байна. Баярцогтын энэ ослоор далимдуулан горьдсон улс төрийн хэрээнүүд баярласандаа бахиралдана. Удирдагч хүн боломжийн мөнгөтэй байх нь  гадаадын банкинд мөнгө хадгалуулах нь Монголд гэмт хэрэг гэж үздэг бололтой юм аа.   Бизнесмэнүүд  жирийн иргэд улстөрчид нь дотоод, гадаадын банкинд  гурваар тогтохгүй сая төгрөгийн  хадгаламжтай л байгаа бол уг нь сайн төдийгүй нэр төрийн хэрэг баймаар. Гэтэл Баярцогтыг төсвийн мөнгө идчихсэн мафийн толгойлогч маягийн юм ярьж, бичиж явуулга хийж эхэллээ. Баярцогтоос болж Засгийн газар огцрох ёстой гэнэ. Баярцогтоос болж намын нэр хүнд уналаа гэнэ. Баярцогтоос болж Ерөнхийлөгчийн сонгууль будаа боллоо гэж хэн нэг нь хэвлэлээр шоудна.  Швейцарийн банк гэхээр л дандаа хар тамхи, хүн, зэвсгийн наймаачдын мөнгийг хадгалдаг газар гэж олон түмэнд ойлгуулж байна. Үгүй ээ. Швейцарийн банк гэдэг бол тэр улсад байгаа энгийн л нэг банк. Хэн ч мөнгөө хадгалуулж болно. Данс манс нээлгэж болно. Монголоос за ер нь дэлхийн хаанаас ч бүр интернэтээр ороод ч банкны төрөл бүрийн үйлчилгээ авч болно. Зүгээр л жирийн хаа ч байдаг л банк. Харин тэдний банкинд нэг онцлог бий. Үйлчилгээ авч байгаа хүнээ мөнгөө л өгч байвал  хар, шар арьстай юу, нацист уу, большевик уу, Ардын намын гишүүн үү, Ардчилсан намын гишүүн үү, сайд дарга уу, жирийн иргэн үү гэж асуудаггүй. Швейцарь улс банкаараа нэрд гарсны бас нэг онцлог нь. Энэ банкинд тэр орны тэр гэдэг хүний гурван сая төгрөг байна. Мань хүн тэдэн жилийн хугацаанд ийм төгрөгийн гүйлгээ хийжээ гэдгийг кинон дээр гардаг шиг багалзуурдаад буу тулгасан ч, хичнээн тамлан зовоосон ч хэлдэггүй хатуу хуультай юмсан. Гэтэл Монголын авьяаслаг улстөрчид авхаалжтай сөрөг хүчин Швецарийн банкинд байгаа бүх хүний дансны үлдэгдлийг мэдчихжээ. Одоо энэ сарын 15-даар гадаадын банкинд хадгалагдаж байгаа дараагийн бүлэг олигархийн мөнгөний тоог гүйлгээтэй нь  зарлана гээд л шуугих боллоо. Тэхээр үйлчлүүлэгчийнхээ хадгалуулсан мөнгөний тоог хэнд ч хэлдэггүй алдарт Швейцарь банк ганцхан Монгол Улсын сөрөг хүчнийхэнд тэр тэдэн төгрөгийн хадгалсан данстай. Жилд ийм мөнгө ийшээ шилжүүлсэн байна гэж мэддэг нь сонин санагдахгүй байна уу. С.Баярцогт бол АН-ын том зүтгэлтэн баруунд бэлтгэгдсэн өндөр боловсролтой сэхээтэн. Улс төрийн дараагийн том карьер нь ойрхон байгаа үзэл бодол, нас туршлага аль аль нь тэгширсэн улстөрч.  Сөрөг хүчний нүдэнд бол Оюу толгойг ашиглах гэрээг Канадын компанитай  хийсэн “гурван том гэмт хэрэгтний нэг”. Гэрээг хийхэд Ерөнхий сайд байсан Сү.Батболд, Сангийн сайд байсан С.Баярцогт, Байгаль орчны сайд байсан Л,Гансүх нар эх орноо худалдсан улстөрчдөөр зарлагдаад байгаа.  Рио тинто зэс олборлолтоороо дэлхийн номер нэг компани юмсан. Монголын улс төрд ашигт малтмалын салбарт хөрөнгөө оруулсан хүн дайсан болж, гадаадын  хөрөнгө оруулагчидтай гэрээ хийсэн хүн хулгайч болдог сонин жишиг тогтоод байна. Монголын улс төр, эдийн засгийг хорлох гэсэн бодлого улаан цайм манай улстөрчдөөр дамжин явагдах боллоо. Оюу толгойгоос Рио Тинтог хөөх, гэрээ хийсэн олигархиудыг устгах шинэ маягийн улс төр манайд ноёрхаож байгаа. Монгол Улс анх удаагаа уул уурхайн томоохон нөөцөө Орос, Хятад хоёрын аль нэгэнд өгөлгүй Канад улсыг сонгосон нь энэ Баярцогтын Сангийн сайд байхдаа хийсэн гэрээ юм. Мэдээж хятадууд хамгийн уурлаж байгаа.  Оюу толгойгоо  манайд өгсөнгүй гэж. Бас оросууд ч мөн адил. Ер нь яаж ийж  байгаад Монголын эдийн засгаас Америк, Канадын хөрөнгө оруулагчдыг ардчилалтай нь хамт зайлуулахыг Хятадууд хүсч байгаа. Тэдний гар, хөлүүд элдэв өнгийн ертөнцийн эзний дүрд хувиран, нэг их шударга царайлсан шоу хийж телевиз, сонин хэсч гүйж явдаг гишүүд ч байгаа.  Оюу толгойн гэрээг саатуулахын тулд юугаа ч хайрлахгүй ганц гүрэн бол Хятад. Канадын хөрөнгө оруулалтыг эн тэргүүнд  хөөх нь мэдээж хөршид  маань ашигтай. Канадыг хөөгөөд явуулчихвал  Оюу толгойд хэн үлдэх вэ. Мэдээж урд хөрш. Тэрийгээ ч янз бүрийн арга мэхээр хийхийгээ урд улс мэдэлгүй яах вэ. С.Баярцогтын Швейцарийн банкинд байгаа мөнгө, дансны гүйлгээний мэдээллийг арай ч нэг сэтгүүлчдийн байгууллага олдоггүй л байхгүй юу. Тэгээд ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага гэж байдаггүйг хэвлэлд хэдэн жил ажилласан хүн бүр мэднэ. Тэгвэл Баярцогтын дансыг хэн илчлэв. Том орны тусгай албадын үйл ажиллагаа яваад байнаа даа. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ бол холоос шидсэн чулуу” гэж нууцхан хэлээд байна. Баярцогт ямар хэрэг хийв. Ерөөсөө л гурван сая төгрөгийнхөө хөрөнгөө нуусан. Үүнийгээ ч хүлээсэн. Гадаадын банкинд данстай байх нь гэмт хэрэг биш. Харин түүнийгээ мэдүүлээгүй байх нь бол зөрчил мөн. Харин манайд бол жигшүүрт үйлдэл юм шиг шаагих юм. Одоо Баярцогт олонд таалагдсан арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэгтэй цагт нь ард түмний хүссэн шийдвэрийг гаргах нь улстөрчийн мэдрэмж байдаг. Ц.Элбэгдорж 1992 оны парламентаас МАХН яг ингэж боорлоод байхаар нь “Би гарлаа эргэж ирнээ. Гэхдээ олуулаа болж ирнэ” гэснийг санаж байгаа байх. Баярцогт алдаагаа засаж чадаад парламентаас инээд алдаад гарахад эргээд үүнээс том орж ирж чадна. Харин гэмт хэрэг гэж юуг хэлдэг юм бэ гэвэл гадаад, дотоодын банкинд хадгаламжтай байхыг хэлдэггүй юм. Харин төсвийн мөнгийг 30, 40 тэрбумаар нь хулгайлчихаад тэр нь баригдаад байгааг хэлдэг юм. Туршлагатай улстөрч С.Баярцогтод ийм хэмжээний соёл, зориг, туршлага байгаа гэдэгт найдна. Сонгогчдын итгэлийг  авч чаддаг жаахан алдаа гаргасан бол уучлал гуйгаад гарч чаддаг, сонгууль болохоор бас дахиад орж чаддаг байх ёстой. Шоронд явна гэж айхгүй, шалгуулж чаддаг парламентаас гарахын өндөр эрэмбэ тогтоож чадах улстөрч бол Баярцогт юм. Баярцогт жижигхээн зөрчлөө засчихаад л буцаад бүүр орж ирнэ. Харин хулгай хийж байгаад баригдаад байгаа улстөрчид бол дахин парламентад орж ирж чадахгүй харин шоронд орно. Баярцогт парламентаас гараад ёстой гялалзтал улс төр хийж яваад буцаад орж ирэх хэрэгтэй юм. Бурхан бүгдийг харж байгаа. Монголын ардчиллыг Баярцогттой хамт доромжиллоо, ганц боллоо гэж бодож байгаа бол баярласан хэрээнүүд бархирах арай болоогүй ээ.