МАН-ын дарга нар цуглаан зохиогоод өрөөлийг гөвших синдромондоо халуурч “улам чанга гөвшөөд бай” гэж уухайлан гөвшиж гарсан чинь өөрийгөө зөнд нь гөвшиж орхижээ. Эмзэглэх мэдрэмжтэй хүмүүст бол эвгүй жагсаал болсон. МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчийн үгнээс сэжиглэж хамраа шантайлгасан тэр чигтээ шантайсаар жанжны талбайн салхинд гарч дөнгөж амьсгаа авуут, нүүрсээ экспортолж чадалгүй хил дээр уул овоо шиг овоолсон засгийн газрыг бут ниргэсэн чинь Сү.Батболд Даш.Зоригт нар Чалкотай үзэглэсэн алдаатай гэрээнээс болоод нүүрсээ гаргаж чадахаа больсон МАН-ын паян тодроод ирэв. Дуугай л байдаг байж. Өөрсдийнхөө тарьсан асар их хор хохиролтой булхайг сөхсөн даргынхаа үгийг хөгшид сайн ойлголгүй уухайлан дэмжиж, шүгэлдсэн чинь өөрсдийгөө даажигнасан шүгэлдэлт болж хувирчээ. 

Сү.Батболд Даш.Зоригт нарын Чалкотой хийсэн гэрээгээр манайх ашиг олох нь бүү хэл нэг тонн нүүрс тутмаас 10 ам. доллар алдах аж. 10 долларын алдагдал хаанаас гараад ирэв гэвэл нэг тонн нүүрс олборлоход 65 ам. доллар зарцуулдаг атлаа 55-аар зарах хачин гэрээ хийжээ. Чалкогоос зээлсэн 350 сая ам. долларынхоо 170 саяд нь 21 сая тонн нүүрс гаргасан агаад үүнээс Монголд юм унах нь байтугай тонн тутмаас 10 доллар алдаж буй юм чинь 21 сая тонныг экспортлоод 210 сая доллар алджээ. Ийм алдагдлаар нүүрсээ 100 хувь Чалкод 2018 он дуустал нийлүүлэх бөгөөд 2018 оноос хойш бүх олборлосон нүүрснийхээ 80 хувийг зөвхөн Чалкод экспортлох заалт гэрээнд оруулжээ. Нүүрсээ уул овоо шиг овоолчихоод, гаргаж чадахгүй байгаа шалтгаан ердөө энэ.  

Ам халсан МАН-ын дарга цааш нь, шинэ засгийн газар гадаад хөрөнгө оруулалтын 60 хувийг үргээв гээд яллаж гарсан чинь жагсаалыг оройлон удирдагч “Г.Занданшатарын хууль”-иас болж гадаад хөрөнгө оруулалт зогссон аж. МАН-ын санаачлан зүтгүүлж байж баталсан “Занданшатар”-ын гэх гайтай хуулийн гор эдүгээ шинэ засгийн газрын үед  илэрч, улс орныг хямруулж буй юмсанж. Монгол улсад орж ирэх байсан гадаад хөрөнгө оруулагчдын 2,3 их наяд ам. доллар өмнөх Их хурлын баталсан “Занданшатар” хуулиас болоод буцжээ. Мөн томоохон хөрөнгийн биржүүд дээр Монголд бүртгэлтэй компаниудын ханш “Занданшатар”-аас гайтаж 70 хувиар унав. Занданшатар их юм амжуулсан хосгүй лидер ажээ. Улс төржилгүй Монгол улсыг гацааж буй бодит баримт яривал ийм байна.

“Занданшатар хууль” яагаад гарах болов? Канадын компани “SouthGobi Resources” Таван толгойн хувь эзэмшлээ Хятадын төрийн өмчит Чалкод худалдах хэлцэл хийгдэж буй сургаар Хятадыг зөвлөлт инерциэрээ хэт харддаг манайхан “Чалкод манай стратегийн том орд очлоо... ингэж болохгүй” гэж сүржигнээд тэр үеийн Гадаад хэргийн сайд Г.Занданшатарын гялс боловсруулсан хуулийг 21 гишүүн хэлэлцэх нэрээр маазарч суугаад, сүүлд орж ирсэн хэдэн гишүүнээ нэмж ирцээ бүрдүүлсэн болоод баталж орхисон нь эдүгээ ийнхүү том гай тарьсан хууль болоод байна. 

Монгол улс хүнд байдалд ингэж унасны улмаас шинэчлэлийн засгийн газар арга буюу “Занданшатар”-ын гайтай хуулийг үтэр түргэн өөрчлөхөөр хуулийн өөр төсөл УИХ-д өргөн бариад байна. Америкт хууль санаачилсан хүнийх нь нэрээр, жишээ нь “Г.Занданшатарын хууль”, “Ц.Нямдоржийн хууль” гэж нэрлэдэг гэнэ. Нямдоржийн санаачилсан алтны гэнэтийн ашгийн 68 хувийн хуулиас болж хичнээн тонн алтаа буруу замаар алдснаа Америкт бол түүнтэй аль хэдүйнэ тооцоо бодсон байх ёстой юмсанж. Нямдорж Занданшатар хоёр Америкт төрөөгүй нь азны юм.

МАН хоосон ядуу борчууд байж үзээгүй, ямагт саарал ордонд ард түмний хөрөнгөөр бялуурч суусан болохоор жагсаал хийж сураагүй нь аргагүй. Жагсаал зохион байгуулсан МАН-ын удирдагчдын суган доогуур уг нь жагсагч явсан Лхагважавын хулчгар нүүр хулгайгаар цухас цухас гээд байсан. Тэр золиг жагсаал хийж үзээгүй дарга нартаа жаахан юм заагаад өгчихгүй яасан золиг вэ. Эсвэл хүсэл нь ханасан албан тушаалаа авч чадаагүй яваа золиг юм бол уу. Тэгвэл ч бас аргагүй хөөрхий. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд сойж буй Ө.Энхтүвшин амьдрал мэддэгээ ард олондоо гайхуулахаар үхрийн нэг кг цул махны үнэ замбараагүй өсөж, нэг мянга хоёр зууд хүрлээ гэж будилж, тэнд цугларсан өөрийн намын ахмад голдуу гишүүдээ бас шүгэлдүүлэв. Энэ шүгэл дэмжсэн шүгэл үү дооглосон шүгэл үү мэдэхгүй.

Засгийн газрыг огцруулах тэмцэлд уриалан дуудагч нь ядаж хэргийн эзэн Занданшатар тодорсон нь жагсаалын үнэ цэнийг унагав. Занданшатар казинодож 14 тэрбумаар улсыг хохироож аавын хаалга татаад эзэрхэг түрэмгий намынхаа сүр хүчинд ялгүй мэнд мултарснаа хүн мэдэхгүй юм шиг дүвчигнэж гарав. Бодвол намдаа өрөө төлж буй нь энэ юм байлгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хуулийн 30-40 заалт зөрчсөн гэж буй нь нотлогдвол түүнийг үг дуугүй огцруулах ёстой. Харин Орос Хятад хоёр нефтийнхээ хоолойг Монголын нутгаар тавьсангүй гэж ерөнхий сайдаа огцруулах зөв үү? Нефть хийн хоолойгоо манайхаар дайруулаач гэж бид урьд нь гуйсаар хариу авч чадалгүй өдий хүрсэн биз дээ. Ерөнхий сайд сөрөг хүчнээс огцруулах мэдэгдэл өгөөд байхад үл тоомсорлон олон хүний амь дэнслэн ууланд авирч төөрсөн нь хариуцлага тооцох асуудал мөн. Симба Батаа үнэг хөөж нисдэг тэрэг унагасан, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нисдэг тэргээр гахай намнасан явдалтай ерөнхий сайд Н.Алтанхуяг барьцах эрхгүй.      

МАН-ын удирдагчид дайснаа дээгүүр гөвшвөл цус, доогуур гөвшвөл буртаг гээд гөвж гөвж орхисон чинь сайн тунгаавал өөрсдийгөө гөвсөн сүрт жагсаал болж өндөрлөжээ. Тоогүй гэхэд багадмаар, харамсмаар гэхэд ихдэмгүй, жагсаал болж өнгөрөв. МАН-ын удирдах зөвлөл хаврын синдромоор занимаалдах гэж хорхойсож буй бол хэд хоногийн түргэвчилсэн курст суухгүй аваас өөрсдийгөө шоглосоор доог болох нигууртай харагдлаа. Баасан хатагтай багшилбал та нартаа элбэгдэнэ дээ. Төлбөрт өгөх мөнгө та нарт байхгүйн зовлон байх биш. Наад зах нь эрх чөлөөний ордон түрээсийн мөнгө цутгаж буй.

Буйдантай суултыг ийнхүү өөрсдийгөө гөвшсөн цуглаан залгав. МАН-ын дарга нар жагсаж сурахын төлөө хэд хоног захын гэр хороололд ядуусын амьдралаар өлсөж цангаж, даарч хөрч үзвэл уг нь жинхэнэ үнэмшилтэй шударга хохирогчид болж харагдахаас гадна үг чинь үнэн болно шүү. Намаа аврахын төлөө гээд л сүржигнээд байх юм. Нам чинь сонгуульд ялагдаж цөөнх болсноос бус сөнөчөөгүй юм байгаа биз дээ. Амлалтын бэлэн мөнгөөр ард түмэн дэвжээгүйтэй адил МАН асар их мөнгө тарааснаар олонх болж чадаагүй гашуун сургамж үлдсэн нь их олз. Хахир өвөл улирч 4-р сарын 15-наас бүтээн байгуулалт эхлэнэ. Шинэ засгийн газрыг дулааны улиралтай зэрэгцэн ажлаа яаж эхлэхийг нь ядаж харъя л даа. Мөнгөгүй улс цалин тэтгэвэр яаж нэмэх вэ. Сангийнхаа авдарны ёроолыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа малтаад тойрогтоо тараачихсан биз дээ. 

Ер нь бүх юм сонгуулийн амлалтаас гайтсан. Тархи нь ширгэж буй хөгшдийг төлөөлж би “сая таван зуугаас татгалзъя” гэсэн санал сонинд 4 жилийн тэртээ бичиж байв. “2 сая 700 мянган иргэндээ 1,5 саяыг тараавал манай муу дорой орны бэл бинчин үгүйрч, монголчууд буян хишгээ нэгмөсөн гүвэх гээд буйг сануулъя. Ганц удаа эх оронч зориг гаргаад сая таван зуугаас татгалз. Хувь хүн хувхайрахыг яс махаараа эдэлж буй гуйлгачин олон. Өрх гэр үгүйрэхийг туулж яваа айл цөөнгүй. Тэгвэл эх орон хоосорвол яана. Эх орноос үнэтэй нь орчлонд үгүй. Хувьсгалт нам худал хэлээ л биз яадгийм. Түүхэндээ өчнөөн хүн яргалж тамласныг нь өнгөрөөсөн юм худал амласныг нь өнгөрөөж улсаа аваръя. Сая таван зууг архинаас өгөөд гударчих хүн олон. Хэдхэн хоног тансаглаад өнгөрөх үрэлгэн айл зөндөөн. Бурхнаас заяасан толгодоо хоёр намын амлалтын төлөө үгүй хийх гэж үү? Үгүй ээ, тэгэх ёсгүй” гэж бичсэнээ 4 жилийн дараа дахин толилуулъя. “Икс байгаагүй бол” номын 253 дахь тал.                                    
                              
Аль ч нам ялгаагүй ард түмнийхээ үгийг тоохгүй юм. Гэхдээ яая гэхэв эх орон үр удмынхаа төлөө сэтгэлээ чилээсэн хөгшүүл үхэн үхэтлээ үглээд л сууж байя. Ирээд л гөвшив гэж.
                                                                                            
  2013-04-07