- Монгол Улс энэ эрчээрээ эрчимтэй хөгжих тохиолдолд гаднаас ажиллах хүч авахгүй бол хүний нөөцийн хомсдолтой тулгарна гэж Дэлхийн банк зөвлөж байна-

“Өдөрт 500 хятад Монголд орж ирж байна. Төр засаг арга хэмжээ аваач ээ!” гэсэн матаас, шургаа фэйсбүүкээр дүүрэн. Дор нь “өмхий п-нууд” гэсэн хараал чихээстэй. Хариуг нь өгмөөр санагдаад болдоггүй.

Тийм ээ, төр засгийн авч байгаа арга хэмжээний дагуу тэдгээр ажилчид Монголд орж ирж буй юм. Одоо дөнгөж тал нь орж ирээд байгаа, цаашид ч тэд ирнэ. Энэ бол өнөө жил Засгийн газраас баталсан ажиллах хүчний 14 мянган квотоор орж ирж буй хөлсний ажилчид юм. Өмнөх жилүүдэд 28 мянган “хужаа” ирсэн юм. Харин ч энэ жил цөөхөн байна. Тэд Монголд ирэхээр яагаад болдоггүй юм бэ, юуг нь үзэн ядаад байгаа юм бэ гэж асуумаар байна. Ер нь юу хийхээр ирж байгаа гэж бодоод “охид хүүхнүүдийг маань буртаглах нь...” энэ тэр гэж хараагаад байгааг ойлгохгүй юм. Үнэндээ бол тэдэнд монгол залуусын бодож байгаачлан “тийм” зав гарахгүй. Яагаад гэвэл тэд хөлсний ажилчид. Тэр тусмаа тодорхой эзэн, хаягтай компаниудын захиалгат ажлын байран дээр хуваарилагдах мэргэжилтнүүд юм. Тэдгээр компаниудын ихэнх нь барилга, уул уурхай, замын ажил хийдэг буюу монгол залуусын голдог газар шорооны хар бор ажлыг гүйцэтгэдэг компаниуд юм.

Монгол залуусын хувьд амарч зугаалдаг, наргиж цэнгэдэг наргиантай сарууд эхэлж байна. Харин яг үүнтэй зэрэгцээд урин дулаанд уралдаж амжуулдаг барилга, уул уурхай, газар шорооны ажил эхэлдэг. Төр засгийн томчуудаасаа эхлээд “бүтээн байгуулалт” гэж гоё нэрлэдэг болохоос биш үнэндээ үүний ард хүн хүч, хөлс цус шаардсан хүчир ажлууд өрнөдөг. Хоногийн уртад хүний олноор нугалж, өрсөхгүй л бол “зуны сар зургаа биш” гэгчээр долдугаар сар гарав уу үгүй юү бороо цутгаж, наймдугаар сар эхлэв үү, үгүй юу намаршиж орхино.  Хэрэв жилийн турш налайж байдаг урин дулаан орон сон бол яая гэхэв. Монгол залуус маань зугаалж ханаад мөнгө нь дуусахын цагт ажил гуйгаад ирнэ гээд хүлээж байх сан. Даанч залхуучуудыг ажил гуйгаад ирэхийг нь хүлээх цаг зав бүтээн байгуулагчдад байхгүй. Яагаад гэвэл зуны сар зургаа биш ердөө гуравхан.

Жилээс жилд хотод суурьшигч, орон сууц хүсэгчдийн тоо өссөөр. Барилгын салбарынхан эрэлтийг нь гүйцэж чадахгүй, банкны секторынхон зээлийн хүсэлтийг нь барагдуулж амжихгүй тэвдээстэй. Иргэд нь нэхээстэй, эрх мэдэлтнүүд нь шахаастай. Гэтэл биднийг зуны хэдэн сар зугаалж яваад ирэх хооронд бэлэн сайхан барилгууд сүндэрлээд, банкны мөнгө боодол боодлоороо хэвлэгдээд гараад ирсэн байх ёстой залуус маань эндүүрээд байх шиг. Үнэндээ зуны хэдэн сар зогсоо зайгүй ундардаг хар бор ажлыг маань өнөө муу нэртэй, луу данстай хятад ажилчид л нугалж өгдөг. Бүр хоёр гурваараа биш, хорь гучин мянгаараа ирж ажиллаж байж эмхэлж өгдөг аж.

Хятад ажилчдыг хямд хөлсөөр авч ажиллуулах гэсэндээ биш үнэнийг хэлэхэд монголчуудаас хамаагүй илүү гүйцэтгэлтэй, зохион байгуулалттай учраас квот авдаг гэж нэгэн гүйцэтгэгч компанийн инженер ярилаа. Уг нь монгол залуустай мөнгийг нь өгмөөр байна, гэхдээ тэдний хэмнэлээр ажиллана гэвэл барилга босохгүй шүү дээ гэж учирлав. Тэд өглөө ажилдаа цуглах гэж бөөн нажид. Өдөр нь ажлыг шавдуулах гэж түмэн нерв. Орой тарахад нь “архи уув аа” гэж захих нь бөөн лай ланчиг гэж бас нэмэв.

Харин квотын хятад ажилчид дэргэдээ байрлах учраас өглөө, орой цуглах, тарах гэж зовлон байхгүй. Бас цалин голохгүй, тав тухтай нөхцөл шаардахгүй. Мөн квотоор авсан хятад ажилчдын тооноос хамаараад тухайн компаниас Засгийн газар татаас авч, хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлдэг байсан, одоо яадаг болсныг нь мэдэхгүй гэж мөнөөх инженер ярив. Хятадууд ажлыг маань хийж өгдөггүй байсан бол... гэсэн бодол өөрийн эрхгүй төрмөөр.

Монголчууд бид түүхэндээ боолчлогдож үзээгүй үндэстэн. Бас капитализмыг алгасч, социалимз гэх цэнгэлийн манлайд амьдарч үзсэн ард түмэн. Тийм болоод ч тэр үү, “ажиллах, хөдөлмөрлөх” гэдэг “генийн код”-гүй хүмүүс бололтой. Ажил гэдгийг зөвхөн карьер л гэж ойлгодог орчин үеийн залуусын арми өсч торниж байна. Өвөлдөө оюутан болж цалин авна, зундаа алжаалаа тайлж, амарч зугаална. Хар бор ажлыг маань хийж өгөхөөр ирсэн хятад ажилчдыг хялайж, эгээ л Чингис лугаа “Тангуд улс мөхөөгүй гэж өдөр бүр сануул” гэх ухааны юм ярина. Цаашид бид хаанаас хэнийг авчирч ажлаа хийлгэх юм бол? Бид цөөхүүлээ. Тэр дундаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадавхи хүн ам сая хүрэхгүй цөөхөн. Гэтэл өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээгээ хэний хүчээр яаж хангах вэ. Импортоор бэлэн бараа зөөгөөд бүгдээрээ хаан лугаа “хэрэглэгч” болж, голж шилэн таамшаалаад сууж болно л доо. Харин газар шорооны ажил, барилга байшингаа хэнээр бариулах вэ. Дэлхийн банкны мэргэжилтнүүд бидэнд хэдийнэ зөвлөгөө өгөөд эхэлсэн. Монгол Улс цаашид энэ эрчээрээ эрчимтэй хөгжинө гэвэл гаднаас ажиллах хүч авахгүй бол хүний нөөцийн хомсдолтой тулгарна гэж тэд зөвлөж байгаа. Тэгэхээр өөрсдөө ажиллаж чадахгүй юм гэхэд ажил хийхээр ирсэн харийнхны харааж ерөөж, голж гоочилж суухаа болимоор юм даа, залуус аа.