Өнгөрсөн долоо хоногийн улс төр нэлэнхүйдээ бужигнаантай байлаа. Том үйл явдлууд ч болов, ар хударгаар нь жижиг сажиг юм ч тасарсангүй. Ирсэн зочид хурал хуйгаа дуусган гэр гэрийн зүг буцах зуур эвслийн засгийн газрын нэгэн гол хамтрагч болох МАХН  хуралдаж У.Барсболд гэдэг нарийн бичгийн даргаа намаасаа хөөчихдөг юм байна. Мөн ч сонин явдал болжээ. Ажиглагчдын зарим “Анзаарав уу, цаана чинь маш сонин юм болж байна” хэмээн сортолзож байхад, зарим нь “улс төрийн хүчин гэхэд хэцүү, урвалдаж уулзалдаж нэгдсэн хэдэн хүн гэнэт  хоорондоо хэрэлдээд нэгийгээ гэрээсээ хөөж гаргаа л биз юун сүртэй юм” гэлцэн үл ойшоож байх юм. Үйл явдлын хувьд энэ бол бас л хачирхалтай явдал.  У.Барсболд нь урьд эртийн МАХН-д Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж явсан хүн юм. Тэрний хүн, энэний хүн гэх нэршил болон угшлаар нь хөөвөл яах аргагүй Н.Энхбаярын үед тодорсон залуу лидерүүдийн нэг. Мэдлэг чадвар, хөрөнгө бэлээр хэнд ч гологдохгүй нэгэн атал яагаад ч юм улс төрийн амьдралдаа цаг үргэлж  нөхөрлөлөөр дутаж яваа хүн шиг харагддаг. Ялангуяа улс төрд яваа өөрийнх нь үе тэр чигээрээ түүнийг “жийдэг”. Жишээ нь, М.Энхболд гэхэд У.Барсболдтой дунд сургуулийн нэг анги. Олны дунд явдаг яриагаар хоорондоо сайнгүй л гэдэг юм билээ. М.Энхболд намдаа дээгүүр зогсдог лидер мөн үү, гэвэл мөн. Нам доторх хамгийн том бүлэглэлийг толгойлдог уу, гэвэл толгойлдог. Гэхдээ л тэд ойр тойрондоо явсангүй. 

У.Барсболдыг хөөх шийдвэрийг МАХН нэг л орой хуралдаад шийдчихэв. Шалтгаан нь их сонин юмнууд яригдаж байна. Түүнийг нам дотор хаалттай хэлэлцсэн нууц асуудлуудыг гадагш задалсан, орон нутгийн сонгуулиар намынхаа төлөө биш эсрэг намын төлөө ажилласан гэх мэт үндэслэлүүдээр буруутгажээ. Нам дотор хаалттай хэлэлцсэн асуудлууд гэдэг нь намын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн намын гишүүдэд хандаж бичсэн нууц захиаг задруулсан хэрэг юм байна. Захиа ч гэж юу юм. Задруулдаг ч гэж юу юм. Иш мухаргүй хар хардлага л байсан болов уу. У.Барсболд бол элдэв ухаангүй юм хийж, хоёрын хооронд хөнгөдөх хүн биш. Тэгсэн хэрнээ цаг үргэлж хардлага сэрдлэгэд өртөж, хавчуулж хяхуулж явах тавилантай төрсөн аж. У.Барсболдыг бараг буурин дээрээ байхаас, МАХН руу ороогүй байхаас эхэлж ажиглагчид түүнийг Н.Энхбаярыг дагаж намаас гарах нөхдүүдийн эхний хүнээр нэрийг нь дугуйлчихаад байсан. МАН ч үгүйсгэж чадахгүй хардлагын нүдээр харж, гарах гарцгүй болгож байв. Хардсаар байгаад Ховдоос нэр дэвшвэл гараад ирэх байсан бололцоог нь шууд хааж гомдоосон. Гомдоод явсан. Очсон газраа харин нутагшиж чадсангүй. Түүн шиг сэхээтэн уг нь тэр намд маш их хэрэгтэй. Гэвч эзэд нь тэгж үзсэнгүй. Одоо Ховдчуудыг турхирсан янз бүрийн хатгалга хэвлэл мэдээллийн хэрэгслээр урсаж эхэлж байна. Хөшөөтийн уурхайг балбасан. Уг нь У.Барсболд тус аймгийн бүх намын хороодыг санхүүжүүлдэг  байсан. МАН-д байхдаа ч, хожим МАХН-д очоод ч тэр ажлаа хийж л байсан. Үнэн хэрэгтээ МАХН ингэж буруу ишилсэн сүх шиг муйхар аашилж байгаа нь цагаа олоогүй харалган явдал. Тэд У.Барсболдыг хий хоосон хардлагаар дөрөөлж намаасаа хөөснөөр гол санхүүжүүлэгчээ алдаж байна гэсэн үг. Тухайлбал, тус намын Санхүү хариуцсан нарийн бичгийн даргаар түүний цус нэгт дүү П.Хангал ажилладаг. П.Хангал ахыгаа ийм доромжлол амсуулан байж энэ намд зүтгэх нь эрэлзээтэй л явдал. МАН доторх хотын бүлгийнхэнд шахуулсандаа уурсан гарч явсан П.Хангалыг дагаж очсон бүх залуус одоо дотроо нэгийг бодож, хоёрыг санаж байгаа. Энэ бүх залуу давалгаагаа МАХН алдахын л цондон.

Хардлага сэрдлэг бол хоёрыг холдуулж, хотлыг самарч байдаг аймшигтай зүйл. Одоогоос арваад жилийн өмнө намын даргын эхнэрт таалагдахгүй л бол будаа болдог үе байсан. Зарим нь бүр хөдөө хээр баригдсан хөшөөн дээр будаг цацсан хэрэгт сэрдэгдэж амьдралаараа хохирч, шахуулж баларч байсан. Өнөөдөр бас л хоосон хардлага тогоог нь самарч эхэлж байна. Хамгийн хорлонтой нь дэндүү гэмээр ойр явсан улсуудаа хэлмэгдүүлж зовоодог ёс цаад нөхдүүдэд байна. У.Барсболдын тавилан урвасан хүнд ногддог нэг талын тамтай тавилан байж болох ч учирснаа урж уйлуулдаг гэм эздэд нь бас байна. Ийм хоёр талтай ээдрээнд У.Барсболд ороогджээ. Ороогдоод өдий насандаа хөөгдөж туугдан гунигт “шийтгэл” амсаж байна. У.Барсболд нарийн бичгийн даргаар сонгогдохдоо эзний даалгавраар биш өөрөө заалнаас нэр дэвшээд гараад ирсэн гэж байгаа. Эндээс эхлээд эзний уурыг хүргэж эхэлсэн байх магадлалтай. Ингэж нарийн бичгийн дарга болчихоод МАХН-ыг шоронгоос удирдлагатай, гэр бүлийн байгууллага байлгахгүй гэж бас үзсэн бололтой юм. Хэрэв энэ үнэн бол хөөхөөс ч аргагүй аюултай босогч болох гээд байсан нэг шалтгаан бодитойгоор харагдаж байгаа юм. Ер нь бол иймэрхүү л үйл явдал тэр айлд өрнөсөн байна. Одоо МАХН У.Барсболд ч үгүй, “Улаан сарнай”- ч үгүй, санхүүжүүлэгчид ч үгүй болох төлөв рүүгээ орчихлоо. Г.Шийлэгдамба Генсекийн хувьд намд элдэв хөдөлгөөн оруулж, дотроо үймэхгүй байлгах талаас нь ихэд хичээж байгааг гишүүд нь ярьж байна. Тэр бол хар бага наснаас хатуужил амссан, олны хүчийг оломгүй далай гэж мэддэг, олноор хүрээлүүлсэн дулаан амьдралын үнэ цэнийг амсаж өссөн хүн. Тийм ч учраас тэр тараахын төлөө биш нэгсгэхийн төлөө л алхах байх. Харин хүч нь хүрч байна уу, үгүй юу?