Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд – Хэрэв Та сонгогдвол
анхааралдаа аваарай!


Тархи угаагч “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ”... гэж гарчиглаад өнгөрсөн оны 12 дугаар сард (2012.12.14) нэг нийтлэл энэ блогтоо тавьчихсан чинь түймэр дэгдээчих шахжээ.  Уншсан тоо: 73514; cэтгэгдэл: 194 гэсэн тоо байна. Тэр 7 хоногтоо шилдэг нийтлэлд оржээ. “Баярхүү гуайн бичсэн санаа зөв байна. Хэрэгжих цаг үе нь арай биш байх аа”, “Дэмжиж байнаа. Шагнал хавтгайруулахыг одоо зогсоох хэрэгтэй”, “Бид л элдэв төмөр зүүдэг зүүлгэдэг болохоос соёлт хүн төрөлхтөнд огтоос байдаггүй новшийн эд”, “Зөв. Тэнэг хүн тэмдэгэнд дуртай гэж. Тэглээ гээд ямар нэг тэргүүний ажилтныг 400-аар худалдаж авсан хэдэн коммунист л боож үхнэ биз” гэхчлэн сэтгэгдэл ярайж байна. Ихэнхи нь, бараг 100 хувь намайг дэмжсэн байна.

Учирлаж хэлэх өөр нэг тайлбар байна. Бид 1990 оныг хүртэл нэг тогоонд хамт чанагдаж явсан хуучин СССР, Дорнод Европынхны үлгэр жишээ байна. Бид хичнээн сайн, хичнээн ухаантай гээд герман, польш, унгар, чех, болгар, румын, латви, молдаваас хол тасраад, тэднийгээ бараагүй хаячихаагүй байна. Тэд хичнээн ухаан муутай гээд манайхаас дор ороод баларчихаагүй байна. Коммунист бэлгэдэл, элдэв одон медаль, нэр цол, эрдмийн зэргээсээ тэд хавтгайдаа татгалзаж, бүр хориглож, хэрэв ил гаргаж зүүсэн, үзүүлсэн бол коммунист сурталчилгаа гэж үзэн эрүүгийн ялд унахаар болжээ. Элдэв одон тэмдгээс татгалзлаа, шагнахаа болилоо гээд тэдгээр оронд нийгмийн хөгжил нь бүр ч зогсчихоогүй байна.

Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейгаас 2006 онд батласан нэгэн тогтоол бий. “Коммунизмын гэмт хэрэг, түүнийг буруушаах нь зайлшгүй болох тухай” тэр тогтоолд коммунист тоталитаризмыг эрс хатуу шүүмжилсэн ба коммунист бэлгэдэл, элдэв одон медаль, нэр цол чимэг нь тийм тоталитаризмыг бэхжүүлж байсан учраас коммунизмын гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж үзжээ. Европын Парламентын 2009 оны “Европын ухаарал ба тоталитаризмын тухай” гэж бас нэг тогтоол байна. 2008 оны Прагийн тунхаглал мөн “Европын ухаарал ба коммунизмын тухай” гэсэн гарчигтай. Сталинизмд хэлмэгдэгсдийн Европын дурсгалын өдөр гэгчийг Европын Парламент 2009.04.02-нд нэгэн дуугаар батлачихсан. Бүгд л коммунист бэлгэдэлүүдийг буруушаасан агуулгатай.

Шинэхэн мэдээ. 2013.05.22-нд ХБНГУ-ын парламент дахь Христосын ардчилсан нам/Христосын нийгмийн холбоо намын фракцын дарга Фолькер Каудер гэгч хуучин Ардчилсан Германы бэлгэдэлүүдийг хориглохыг санал болгожээ. Хэрэв хуучин коммунист германы бэлгэдэлийг (төрийн далбаа, сүлд, одон медаль, цэргийн форм гэхчлэн) илээр сурталчлах аваас эрүүгийн ялд унагах хуулийн төсөл өргөн барина гэв. Хуучин коммунист германы ардын армийг дурсан санах ТББ-ыг татвараар дарамтлан хөөж тараана хэмээн энэ намын Берлин хотын хорооны дарга, парламентын гишүүн Вегнер заналхийлэв. Эрх баригч энэ намын эвслийн түнш Чөлөөт ардчилсан нам ч энэ тал дээр хууль тогтоомжийг чангатгана хэмээн фракцын дэд дарга Линднер тэмдэглэв. Ялалтын баярын өдрөөр Берлиний Трептов парк дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хуучин коммунист германы ахмад дайчид цэргийн формтойгоо очиж цэцэг өргөснийг БНАГУ-ын дарангуйлалд хэлмэгдэгсдийг өдөөн хатгасан, доромжилсон хэрэг хэмээн эрх баригч консерватив хүчнийхэн үзэж байгаа аж.  

Унгарын Үндсэн хуулийн шүүхээс (Цэц) коммунист эрин үеийн бэлгэдлүүд – алх хадуур, БНУАУ-ын төрийн сүлд, далбааг бүрэн хориглохыг хуульчилжээ. Иймэрхүү хууль Латви, Литва, Польш, Эстон, Чех, Гүрж зэрэг 8 улсад мөрдөгдөж байгаа ба алх хадуур, таван таван хошуут тэмдэг, сүлд дээрхи таван хошуу зэрэг нь яргалал, дарангуйллын бэлгэ тэмдэг гэж үзэгдэж байгаа юм байна. Латви, Эстон, Литвад бол коммунизмын үеийн одон  тэмдгүүдийг нацист одон тэмдгүүдтэй адилтган хуулиар тас хориглосон ба түүхийн хичээлд үзүүлэнгийн маягаар ашиглах, эсвэл музейн үзмэр болгохоос өөрөөр ашиглаж болохгүй аж.

2009 онд Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский зарлиг буулгаж, зөвлөлтийн ба коммунизмын бэлгэдэл бүхий одон тэмдэг, туг дарцаг, эд зүйлсийг худалдан авах, тараах, хадгалахыг хоригложээ. Гүржэд 2011 онд парламент нь “Эрх чөлөөний харти” батлаж, коммунист ба фашист бэлгэдэлүүдийг тус улсын нутаг дэвсгэрт тас хориглосон ба СССР-ийн үеийн түүх, гавьяаг мөнхжүүлсэн хот тосгодын бүх нэрийг өөрчлүүлэв. 2012 оны хавар Молдов улсад мөн ийм шийдвэр гаргахдаа Зөвлөлт Молдавын үед тэр улсад тогтож байсан коммунист дэглэмийн гэмт хэргийг давхар буруушаав. Ахмад дайчид, хөдөлмөрийн ахмадууд СССР-ийн үед энгэр цоолсон бүх одон медаль, тэр бүү хэл цусаа урсгаж байж  олж авсан Эх орны дайны одон тэмдгүүдээ ил гадуур зүүж явахыг хориглож, хэрэв тэгж зориглох аваас захиргааны хууль зөрчсөн гэж үзэн 3000 хүртэл лейгээр (мөнгөн тэмдэгт нь) торгуулих аж. Парламент нь 2012 оны намар энэ хууль дээрээ дахин нэмэлт өөрчлөлт оруулаад доозыг нь арай хэтрүүлжээ. Завхруулга ч байж магад. Юу гэвэл өмнөх дэглэм буруушаагдмагц Эх орны дайнд оролцогч ахмад дайчдыг хуулиас гадуур гэж үзжээ. СССР-ийн үед энгэр цоолсон одон медалиа зүүхгүйгээс гадна ахмад дайчид нь сэтгэгдлээ ярих эрх чөлөөгөө хасуулах нь тэр. Коммунист пропаганд гэж үзнэ гэнэ.

Украинд одоогоор бүх улсын хэмжээнд коммунист бэлгэдэл, элдэв одон медаль, нэр цолыг хориглоогүй ч хэсэгчлэн бүс нутгууддаа хоригложээ. Львов, Тернополь, Ивано-Франковск, Волынск мужид аль дээхнээс тас хориглож, коммунист ба нацист ямар ч одон тэмдэг, бэлгэдэл, эд зүйлсийн сурталчилгааг зогсоосон байна.
 
Ердөө дээрхи хэдхэн жишээг өөрсдийнхөө энэ их одон медалийн хур, “ардын”, “гавьяат”, “тэргүүний” цолны төлөө толгойгоо тасдаж өгөхөөс буцахгүй бoлcoн сэтгэхүйгээ харьцуулаад үз. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” гэдэг чинь цаана чинь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн болчихсон байна шүү дээ. Аль дивангараас коммунист суртал нэвтрүүлэг болж ирсэн цол, социалист одон медалийн төлөө юундаа бид ингэтлээ оочерлож нойроо хагаслана вэ?

Манайхны нэг айлын герман хүргэний гайхшралын үгс байна. Улсын баяраар монгол гэргийтэйгээ хадмындаа зочлоод гайхшаа бараад хэлсэн үгс нь. Хөөрхий хадам эцэг нь торгон дээлээ өмсөөд хамаг одон тэмдгээ ярайлгаад зүүчихсэн сүрлэг угтаад хариуд нь хүргэнээсээ сонссон нь:

-    Манай хадам аав маань ийм их гавьяа зүтгэлтэй, тэрийг нь төр нь ингэж их үнэлсэн юм бол яагаад ядуу амьдраад байдаг юм бэ? Яагаад биднээс дандаа мөнгө авч байдаг юм бэ? Яагаад би Германаас ийшээ мөнгө гуйвуулж байдаг юм бэ?

Өвгөнд хэлэх үг олдсонгүй!