МАН, Монголын боловсролыг хорлох нэгэн мэргэн арга бодож олсон гэлтэй. Энэ нь ямар арга вэ. Хүний сурсан эрдэм мэдлэг, боловсролыг үнэгүйдүүлэх буюу боловсролгүй харанхуй бүдүүлэг байлгах гэж болох юм.  Нүүдэлчдийн удам малчид хэдий бүдүүлэг ч гэсэн үр хүүхдээ “мал дагуулж мал болгож байхаар”  эрдэм номын мөр хөөлгөе гэж боддог юм л даа. Тэгээд л хүүхэддээ их дээд боловсрол олгохоор ард иргэд маань байдаг хөрөнгөө хүүхдийнхээ боловсролд зориулж, өөрсдөө ядуусын эгнээнд очиж байна. Үүний үр дүнд боловсролын бизнес ч хүчээ авч хэрэндээ хөгжлөө. Өндөр үнэ төлж байж сайн боловсрол олно гэсэн зах зээлийн хуулийг олон түмэн ойлгож эхэлсэн шүү. Тэгээд ч одоо хувийн их дээд сургууль 200 шахам болоод байна. Чанар муутай сургуулиуд гэж олон түмэн шүүмжилдэг нь үнэн. Гэхдээ ямар ч  том, дээд зэрэглэлийн зочид буудал, ресторанаас ямар ч муу их дээд сургууль хамаагүй дээр гэсэн нэгэн үг бий. Өнөөгийн оюутнууд төгсөөд мэргэжлийн ажлын байр олдохгүй худалдагч үйлчлэгчхэн хийж байгаа ч гэсэн, эцэг эхээ хоослон байж мөнгө зарж авсан дээд боловсрол гэдэг үнэхээр сайхан. Саяхан Ардчилсан намаас нэр дэвшигч, өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар дэлхийн тэргүүний 100 их дээд сургуульд монгол хүүхэд шалгалтыг нь өгөөд элсэн орж чадах юм бол төлбөрийг нь 100 хувь төр дааж байхаар боллоо. Үүнтэй барьцаад МАН их дээд боловсролыг бүх хүнд үнэгүй олгож байх хуулийн төсөл санаачлав. Энэ шинэ санаачлагаа олон түмнээс  өндөр оноо авна гэж горьдов бололтой. Бас МАН-аас нэр дэвшигч ч боловсролыг үнэгүй болгох тухай уулзалтууд дээр ярьж байх юм. МАН-ын төлбөрт нэвтрүүлгээр сонгогч ингэж ярьж байна. Мянган их дээд сургууль төгсөөд яах юм бэ. Залуу, хойч үе маань сайхан сэтгэлтэй жудагтай, хүчтэй бяртай байхад л болоо гэнэ. Ер нь гадаад дотоодын нэр хүндтэй их дээд сургууль төгсөөд юугаа хийнэ. Эрдэм мэдлэг, олон хэл, эрдмийн зэрэг, цол бүүр ч хэрэггүй. Тэрний оронд монгол заншлаа сайн мэддэг, морь, бөхийн соёлоор хүмүүжсэн байхад л болоо гэсэн ухуулга явж байна. Үүнийг баталгаажуулж их дээд боловсролыг бүх хүнд үнэгүй олгох хуулийн төсөл хүртэл бэлэн болжээ. Хүн болгон бага, дунд боловсролыг үнэгүй авах боловсролын хуулийг өнөөдөр мөрдөж байна. Үнэгүй ч гэж дээ. Бага, дунд боловсролын бүх зардлыг монгол улсын төр өөрийн хөрөнгөөр даадаг юм.  Дээр нь нэмээд их дээд боловсролыг ямарч насныханд бас үнэгүй олгох юм гэнэ. Хүн хэдэн ч сургуульд суралцаж болох төсөл УИХ-д оруулахад бэлтгэж МАН-ынхан  ажиллаж байна. Боловсрол бол хүн үхэн үхтлээ насан туршаа тасралтгүй мэдлэгээ дээшлүүлж боловсорч байх үйл явц. Гэтэл насан туршын боловсролыг үнэгүй олгох юм гэнэ дээ. Бас дээр нь оюутны тэтгэлэг авна гээч. Жишээлбэл, 60 хүрч байгаа би ШУТИС-д сурна, тэгээд тэтгэвэр дээрээ оюутны тэтгэлэг авна. Бас дахиад Анагаах ухааны сургуульд давхар сурна гэж бодож байх. Бас л үнэгүй тэтгэлгээр сурч мэдлэг олж авна. Онцлог нь бүх хүн үнэгүй сураад л ажил хийхгүй, бүтээн байгуулалтад оролцохгүй байж болно гэсэн үг. Дөнгөж хөл дээрээ өндийж байгаа хувийн хэвшлийн сургуулийг унагаж “сайн боловсрол өндөр үнээр олддог” гэсэн зах зээлийн хуулийг сөнөөх ямар эрх ашиг МАН-ынханд байна.  Ер нь МАН ялагдсанаасаа хойш, сөнөөж сүйрүүлэх бодлого илт барьж арай л муухай өшөө авалт хийгээд байна. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн кандидатын шалгуурч гэсэн өндөр боловсролтой олон зуун мянган сэхээтнүүдээ доромжилж байгаа юм шиг болсон байна. Б.Бат-Эрдэнэ аварга бөхийн хувьд мундаг бие хааны хувьд сайхан монгол эр. Харин төр удирдаж аваад явах хэмжээний боловсролын цэнэг аваагүй хүн. Цагдаагийн дээд сургууль төгссөн хуульч гэдэг. Цуг төгссөн ангийнх нь ингэж ярьдаг. Бат-Эрдэнэ гэдэг нэр ангийн журналын эхэнд байдаг. Бат-Эрдэнэ аварга улсын наадамд түрүүлж гадаад дотоодод барилдахаар явж, хичээлд суух байтугай ангийхан нь ч бараг уулзаж чадалгүй төгсцгөөсөн гэх. Үнэхээр бөхийн аваргад хуульчийн диплом, нутгаас нь сонгох УИХ-ын гишүүн гэдэг ердөө л түрүү бөхийн шагнал байсан гэж би боддог. Харин Монгол улсын Ерөнхийлөгч гэдэг том албан тушаал түрүү бөхийн шагнал шиг байж таарахгүй. Тэгээд ч МАН  Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тааруулж байгаа юм шиг их дээд боловсролыг үнэгүй болгоно гэдэг нь ямар хорлогчин бодлого вэ. Хүн өндөр үнээр сайн боловсрол олж авбал тэрийгээ насан туршийн хоол, нэр төрийн хэрэгцээ болгож эрхэмлэнэ. Үнэгүй олж авсан боловсролыг  миний хоол, миний эрхэмлэх зүйл юм даа гэж ойлгохгүй л болов уу. Ард түмэн хүүхдээ их дээд сургуульд сургахаа болино. Зүгээр л миний хүү боловсролоор яах юм бэ дээ. Ном шагайхын оронд бөх мөх, уяач муяач болоод л... Мэх сураад л.. Эр хүний 13 мэхнээс эхлээд л өрсөлдөгчөө унагах сайн мэх сураад л...  Сум, аймаг, улсад барилдаад улмаар УИХ-ын гишүүн болж болно гэсэн ойлголтыг сонгогчдод өгч байна. Боловсролоор яах ч юм билээ бөх болгоё. Суманд түрүүлсэн бөхийг сумын Засаг дарга, аймагт түрүүлсэн бөхийг аймгийн Засаг дарга, аймаг улсад хэд хэд түрүүлсэн бөхийг Улсын их хурлын гишүүн, Улсын наадамд арав түрүүлсэн бөхийг Ерөнхийлөгч болгоё гэсэн шог үгч гарчээ. МАН монгол улсыг боловсролгүй болгох хорон санааг бодож олно гэдэг бас л гайхамшиг юм даа. Үнэгүй боловсрол үнэгүй л байдгийг ард түмэн мэддэг болсон доо.