Нэг. Ц.Элбэгдоржид хэн өс хонзон өвөрлөж явдаг билээ.

Цахиагийн Элбэгдорж  яаж ч болохгүй 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг. Коммунист дэглэмтэй Монгол оронд ардчилсан хувьсгалын удирдагчдыг улс төрийн хайр энэрэл тосоогүй юм. Түүнийг дүүжлүүрийн олс, автомат бууны сумнаас бусад нь тоссон. Ардчилсан хувьсгалын удирдагч нарыг хэлэх хэлэхгүй үгсээр 1989 оноос эхлээд гутаасаар байгаад одоо  бүүр ижил дасал болчихсон юм. Элбэгдорж Хятадын эрлийз, Зориг Оросын эрлийз, Бат-Үүл буриад гээд л хорин таван жил зүхэв дээ. МАХН одоогийн МАН-ынхан Ц.Элбэгдорж нарт өс хонзон өвөрлөхөөс яах юм. Хязгааргүй аллага үйлдэж, халаагүй ноёрхож байсан МАН-ыг сонгуульд гараад ир, тэгээд л төр барь гэсэн зарчимтай үндсэн хуультай болгочихсон. МАН-ын коммунист үзэл суртал гэдэг Монголын ард түмний, бидний үеийн цусанд байгаа. Тэгээд л тэд Ц.Элбэгдорж гэдэг нэрийг сонсохоороо шүд нь тачигнаад, нүд нь хорсоод ирдэг юм. МАХН-ын нэг их хурал болж байсан чинь Ц.Элбэгдорж “Авлигачдын их хурал болж байна” гэж мэдэгдээд баахан шуугиан тарьж байсан даа. (Тэр үнэн үг байсан дараа нь тайлбарлая Г.Д)

 Коммунистууд хичнээн харааж зүхсэн ч гэсэн ард түмэн 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар олж авсан ардчиллын үнэт зүйл, түүний удирдагчиддаа хайртай байдаг юм. Ц.Элбэгдорж ба түүний нөхөд улс төрд орж ирж ирэхээрээ авлигачид руу довтолдог. Харин авлигачид ямар нэгэн аргаар тэднийг улс төрөөс хөөдөг . АН 1992 оны парламентад ердөө таван хүнтэй байв. Эрх баригчдын “Айбекс-Моломын хэрэг”, “Хятадын агентлагуудын хэрэг”, “Нэгдлийн өмч хувьчлалын хэрэг” гээд тэр үедээ МАН-ынхан найдвартай холбогдож байсан хэргүүдийг илчилж орхисон чинь Ц.Элбэгдорж нарыг парламентад байх суух газаргүй болгож, тагнуул цагдаа нь мөрдөөд болоогүй. Арга ядахдаа тэд парламентаас “Олуулаа болж ирнэ” гээд гарч байсан. 1996-2000 онд Олуулаа болж ирсэн ч парламент ямар ч хууль батлах тэнхэлгүй МАХН-ын барьцаанд байв. МАХН дөрвөн засгийн газраар туг тахин харин өөрсдөө хязгааргүй идэж уух эрх мэдлээсээ салаагүй юм. Дараа нь Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон 2006 оныг саная. Авлигачид гааль, татвараас эхлээд бүх салбарт ил цагаандаа гарч галзуурч байлаа. Гааль дээр 22 компани ногоон гэрлээр орж гарч, зөвхөн хар төмрийн конторбанд 110 тэрбумд хүрч, гаалийн даргаас нам нь 100 сая төгрөг авснаа бичгээр хүлээж авлига ил тод болсон үе. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж гааль, татвар, уул уурхайн авлига руу оров. Гэтэл МАН 2006 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг огцруулав. Ингээд авлигачид оодрох нь тэр. Авлигачид бүх газрын нэгдүгээр гарын үсгийг зурж байсан нь хэвээрээ үлдэв.  Ц.Элбэгдоржийг ард түмэн 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгохдоо авлигачдыг дараад өгөөрэй гэсэн юм. Гэвч Авлигачидтай тэмцэнэ гэдэг Ардчилсан хувьсгал хийхээс ч амаргүй байлаа. 2008 оны УИХ-ын сонгуульд АН-ыг ялуулсан нь авлигачдын хувьд үхлийн цохилт болж байна. Харин одоо ард түмэн Ц.Элбэгдоржийг эхлүүлснээ гүйцээлгэх янзтай.

Хоёр. Ц.Элбэгдорж ялна. Энэ авлигачид одоо яана аа.


Ардчилсан нам УИХ, Засгийн газар, орон нутагт ялаад ирсэн чинь авлигачдын олон арван хэрэг, мөнгөний тоо хоёр хэцүү болоод ирлээ. Гэвч үүнийг гайхаад байх хэрэггүй л дээ. Хэдэн арван тэрбумаар эргүүлдэг их сургуулиас авахуулаад гурван сая төгрөг эргүүлдэг цэцэрлэг хүртэл. Хоёр зуун тэрбум төгрөг эргүүлдэг том агентлагаас эрхлээд 20 сая төгрөг нааш цааш болгодог сумын Засаг даргын тамгын газар хүртэл төрийн мөнгийг хулгайлдаг байв. Сумын дарга тамгын газрынхаа цалинг тавихгүй тэтгэврийн цалингийн зээл ажилтнууддаа авч өгчихөөд л, сумын даргын авгай нь өнөө мөнгийг нь аваад Эрээн рүү явдаг нь ерийн үзэгдэл болсон юм. Зарим том хулгайчууд нь банкин дахь мөнгөнийхөө тоог байтугай гэр бүлийнхээ дансны тоог мэдэхээ больчихоод байв шүү. Та нар МАН-ыхныг хараад л байгаарай Ц.Элбэгдорж руу хэн их дайраад нүд, шүд нь гялалзаад байна. Тэр хүн л үнэндээ том хулгайч байх юм. Төсвийн мөнгөнөөс хулгай хийхийгээ мөнгө угаах гээд сайхан нэр олоод өгчихжээ бас. Мөнгө угаах гэдэг нь бохир мөнгийг олж илрүүлж, цэвэр мөнгө болгож эргэлтэд оруулах үйлдлийг хэлдэг. Харин манайхны энэ бол зүгээр л хулгай юм шүү дээ. МАН-ын хулгайч нар түүний хамсаатанг ажлаас халлаа, төрийн албан хаагч гэж гоншигноно. Хулгайч түүний хамсаатныг халахад төрийн албан хаагч юуны хамаа байна. Ц.Элбэгдорж ялнаа ялна. Харин авлигачид одоо яанаа. Тэднийг өршөөгөөрэй.

Гурав. Ерөнхийлөгч  түрүү бөхийн бай биш

АН-аас Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд  дахин дэвшихийн сургаар МАН-ынхан үнэндээ айсан юм. Их хурлын дарга, гишүүд, Ерөнхий сайдаас авахуулаад багийн дарга хүртэл хийж байсан МАН-ынханд энэ 25 жилд мөнгөтэй холбоогүй нэг ч хүн үлдээгүй. Тэгээд л их бага элдэв юм гараад ирнэ гэж хаширлаад аварга бөхийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлсэн юм. Тэрнээс Ерөнхийлөгч болох хүн мэргэжлийн улс төрч байх ёстой. Ядаж Ерөнхий сайд, намын дарга хийж явсан өндөр боловсролтой нэгэн байх ёстой гэдгийг МАН мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдсэн ч гэсэн ард түмнийг хууртана гэж нэг заль шүү юм хийж, ард нь өөрсдөө нуугдаж байгаа юм . МАН бөхийн хувьд нэр хүндтэй цагийг эзэлсэн аврагаа баллаад хаячихлаа. Өнөө Бат-Эрдэнэ аварга намын хэдэн пиарчин хэдэн залуугийн хэлснээр бүжиглэ гэвэл бүжиглээд, жүжиглэ гэвэл жүжиглээд, шүлэг унш гэвэл шүлэг уншаад сонгуулийн сурталчилгаанд явж байна. Монголчууд бөхдөө хайртай. Бөхийн сайхан  бие галбир, бөхөд гаргасан их хөдөлмөрийг байнга үнэлж байдаг. Аварга гэдэг цол, нэр хүнд, хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн, доктор моктор, диплом, мөнгө төгрөг юугаар ч спортын амжилтыг урамшуулж болно. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал түрүү бөхийн бай биш гэдгийг ард түмэн мэдэхтэйгээ. Ардчилсан нам засагт гараагүй бол энэ их нүдний булай болсон авлигачид илрэх үү. Харин МАН-ынхан энэ бүгдийг аваргаар хаацайлуулаад ард нь өөрсдөө жаалж суух мэхийг олж харсан байна.