Пак Жөнхый

Эдүгээ бидний өмнө шинэ түүхийн үүр цайж байна. Энэ бол ядуурлын бус хөгжил цэцэглэлтийн түүх, бусдаас хараат бус бие дааж хөгжихийн түүх, хуваагдлын бус нэгдлийн түүх. Энэ бол үнэхээр сэргэн мандалтын гал бадран асч эхэлсэн түүх.

Пак Жөнхыйн “Хэлсэн үг”-ээс



“Нэгэн үеийнхний орших хугацаа нь хязгаартай ч, нэгэн улс үндэстний орших хугацаа мөнх. Өнөөдөр бидний үеийнхний хөлсөө урсгаж бүтээн цогцлоохоор зорьж буй бүхэн зөвхөн өөрсдөө мөр бүтэн, гэдэс цатгалан явах гэсэнд бус, энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн өгч, улс үндэстнээ мөнхөд сэргээн мандуулахын төлөөх үйлс юм шүү.”

“Пак Жөнхый ерөнхийлөгчөөс Сөүлийн Их сургуулийн захиралд
бичсэн захидал”-аас
 
Дээрх мөрүүд бол Пак Жөнхый ерөнхийлөгчийн улс орны талаарх үзэл юм. Би бээр эх орон, ард түмнийхээ төлөө алд биеэ зовоон, бүх хүч оюунаа зориулсан асан түүний удирдлаган дор 18 жил ажилласан билээ. Хүч чадавхаа бүгдийг нь зориулан хөдөлмөрлөсөн тэр он жилүүдийг бодохоор одоо ч сэтгэл огшоод ирдэг юм.

Энэ ном бол Пак Жөнхый ерөнхийлөгч улс орныхоо эдийн засгийг сэргээн хөгжүүлэхийн төлөө хэрхэн сэтгэн, хэрхэн ажиллаж байсан бодит түүхийн тэмдэглэл. Би Пак Жөнхый ерөнхийлөгчийн дэргэд нь байсан ч ерөнхийлөгчийн алдаа оноо, зөв бурууг шүүх байр сууринд буй хүн биш. Гагцхүү, өөрийн мэдэж байгаа зүйлс хийгээд үзэж туулсан үйл явдлуудыг үнэн мөнөөр нь өгүүлэхийг л зорилоо.

Энэ номыг бичихдээ дараах зарчмыг баримтлав. 26 жилийн тэртээд эргэн одож, тэр үеийнхээ албан тушаалын үүднээс үйл явдлыг бичсэн болно. Би Худалдаа Үйлдвэрлэлийн Яамны хэлтсийн дарга байсан үеэсээ Пак Жөнхый ерөнхийлөгчид товч тайлан (briefing) тавьж эхэлснээс хойш 18 жил тийм байдлаар ажилласан бөгөөд тиймээс тэр үеийн брифинг маягаар энэ номоо туурвив.

Энэ номд Пак Жөнхый ерөнхийлөгчийг бүх талаас тодруулсан гэж бодохгүй байна. Харин улс орны хэмжээнд “эх орноо орчин үеийн улс болгосон БНСУ-ын Ерөнхийлөгч”, “эдийн засгийн хувьсгалт өөрчлөлтийг авчирсан удирдагч”, олон улсын төвшинд “хоцрогдсон орныг үйлдвэржүүлэх замаар хөгжүүлсэн төрийн тэргүүн”-ий тухай тэмдэглэл юм.
 
 О.Вончөл