Твитерт нэгдээд хэдэн сар болж байна. Нэг ёсондоо жиргээчин болчихлоо. Энд ерөөсөө бичихгүй сэдэв гэж алга. Хөгжлөөр ирсэн бас нэг шинэ ертөнцөд хөл тавьснаас хойш тэдний нэг болоодохсон хойно нийтийн жишгээр ёсыг нь дагалаа.  Ертөнцийн хуу­ль­тай л адил авах, гээх аль, аль нь энд байна. 

Энд үзэл бодлын дайн, тэмцэл, хараал, ерөөл, ойл­голцол, мэдэмхийрэл, агуу ихийн дэмийрэл, яруу найраг, дуу хөгжим, онигоо, түүх, нө­хөрлөл, хайр дурлал, до­ромж­лол, зар сурталчилгаа, зөвөлгөө, сайхан сэтгэл, мэ­дээ мэдээлэл, зураг, хөрөг  юу л бол юу байна. Ерөнхийдөө жиргээний ертөнцөд жигтэй сонин зүйл олон.

Идсэн хоол, уулзсан хүн, уншсан ном, бодсон бодол, сонссон дуу, таалагдсан хар­хүү, бүсгүйгээ, харсан үзсэ­нээ жиргээчид жиргэнэ. Зарим нь зөвхөн нэг сэдвээр л жиргэнэ. Байнга л зүйр цэцэн үг хэлж суудаг нэгэн  байхад яруу найраг, яруухан үгсээр уяраа­даг нь ч байна. Жиргээнд нэгдсэн хэрнээ ямар нэг зүйл бичдэггүй бусдын жиргээг уншиж, мэдээлэл авч байдаг хэсгийнхэн энд бас бий.   Бүгд­тэй нь хэрүүл хийж суудаг нь ч бий. Жиргээч бүхэн өөр өөрийн гэсэн нэг ертөнц. Мөн захиалгат жиргээчид гэж бай­на. Магадгүй цалин хөлс ав­даг байх. Ялангуяа сонгуу­лийн үеэр тэд маш их идэвх­жинэ. Дагагчдаа олон болго­хын тулд хөөрхөн бүсгүйн зураг тавьсан эрчүүд нууц хаягаар үзэл бодлоо тулгана. Түүнийг нь мэдсээр байж жиргээчид дагачихна. Дараа нь шогширч амаа барина. Өөрийнхөө зургийн оронд өөр зураг тавьж, хуурамч хаяг нээчихвэл зоригтой байдаг бололтой, хэнийг бол хэнийг хэл амаар доромжлох нь бас байна. Нууцлагдсан хэрнээ намбатай жиргэдэг нь бий. Твитер ертөнц гэдэг аран­шингийн, үзэл бодлын цуг­луулга гэлтэй. Нэг талаасаа нийгмийн толь юм уу даа. Бас өөрийгөө илэрхийлэх том талбар. Эрх чөлөөний том илэрхийлэл. Мэдээллийн ар­вин сан. Саяхан Сүхбаата­рын талбайн нэрийг Чингэ­сийн талбай болгоход жир­гээч­дийн олонх нь эсэргүүц­сэн. Олон нийтийн санаа бодол ямар байгаа нь ерөн­хийдөө эндээс харагдчихаж байгаа юм. Шат шатны сон­гуулийн үед ч жиргээчдийн үзэл бодлоос нийгэм аль намыг илүү дэмжиж байгааг анзаарч болохоор.

Ямар ч зүйл сайн, муу хоёр талтай байдаг. Японд эмэг­тэйчүүдийн эрхийг хам­гаалах үүднээс хэтэрхий чан­га хууль гаргасан нь эргээд сөрөг нөлөө авчирсан гэж үздэг юм билээ. Гудамж, баар ресто­ранд, өөр хаана ч юм таа­лагдсан эмэгтэйтэйгээ та­нил­цахаар  оролдлого хий­хэд эрс­дэлтэй.  Бүсгүйд  таа­лаг­дахгүй бол эрх чөлөөнд халдлаа гээд шүүхэдвэл өнөөх эр асуудалд унах нь тэр. Үүнээс үүдэлтэй  интер­нэтээр танилцах явдал маш ихэссэн.  Харамсалтай нь бие биенээ таньж мэдээгүй, тө­сөөллийн хүнтэйгээ гэрлэс­нээс болж таарч тохирохгүй салах, түүнээс ч муу үр дага­вар гарах нь ихэссэн гэх юм би­лээ. Эмэгтэйчүүдийн эр­хийг хамгаалахад ахиц гарсан хууль ч гэлээ сөрөг талууд авчирсан гэж япончууд хэлдэг. Үүнтэй л адил твитер ч мэдээллийг түргэн шуурхай авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог ч  сөрөг талууд бас  бий. Тухайлбал, хэн дуртай нь бусдыг доромжилно гэдэг бол эрх чөлөөнд нь халдаж буй­гаас ялгаагүй. Мөн хэтэрхий их нээлттэй байдал нь хувь хүнийг нууцгүй мэт бол­гочихдог шиг санагддаг.  

Одоогоор  твитерт 500 сая хүн бүртгэлтэй байдаг мэдээ­лэл бий. Өдөрт 340 сая хая­гаас жиргэж байдаг аж. Бай­гуулагдсан цагаасаа хойш топ арван сошиал сүлжээний нэг хэвээр байгаа. Шувуудын жиргэхийг илтгэсэн  твийт гэсэн үг нь  энэ сошиал сүл­жээг бий болсноос хойш дэл­хийд хамгийн түгээмэл хэрэг­лэгддэг үгсийн нэг  болжээ. 

Твитер амьдралын  салшгүй хэсэг нь болчихсон нөхөд олон бий. Хамгийн сүүлийн судалгаагаар  твитер  донтуулдаг, бүр тамхинаас илүү донтуулдаг гэсэн байна лээ.  Үнэхээр ч донтчихсон бололтой нь бас бий. Цаг ямагт л жиргээд сууна гээч. Хэзээ нь унтаж амарч, ажил­лаж амьдардаг юм гэмээр.

Твитерчдийг жиргээчин гэнэ. Бэлгэ тэмдэг нь хөх өнгөтэй шувуухай. Шувуухай хүссэнээрээ л шулганадаг. Энд авах юм ч байна, хаях зүйл ч байна. Зарим нэг нь өөрөө өөрийнхөөрөө байж, өөрийн­хөө дотоод сэтгэлийн илрэ­лийг олон нийттэй хуваалцах нь тийм ч зөв зүйл биш гээд энэ ертөнцөд хөл тавихыг хүсдэггүй бол нөгөө хэсэг нь дэлхий ертөнц хүмүүсийг ойртуулж, санаа бодлоо ху­ваалцах том талбарыг орхиж чадахааргүй болчихож.

Жиргээнд албан ёсны болон албан бус хуулиуд бас байна. Дагаж, дагуулах нь бол заавал байна. Гадаад, дотоод хол ойр гэхгүй. Ажиглаад байхад ихэнх нь цөөн хүн дагаж олон хүн дагуулах сонирхолтой бай­даг. Хэнийг ч дагадаггүй хэр­нээ, хэдэн саяар нь дагуулсан хүн бий. Далай лам хэнийг ч дага­даггүй хэрнээ, хэдэн сая хүн түүний юу жиргэхийг харахын тулд дагаж байдаг. Дагана гэдэг нь  хэн нэгний жиргээг уншихыг хүсч байгаагийн илрэл гэж ойлгож болно. Эсрэгээр олон сонир­холтой зүйл жиргээд байвал таны жиргээг унших сонир­холтой хүмүүсийн тоо нэмэг­дэнэ. Олны танил эрхмүүд,  улстөрчдийг бол олноороо дагана. Монголын хамгийн олон дагагчтай жиргээчдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Х.Баттулга нарын хүмүүс тэргүүлнэ. Тэд байнга жиргэхгүй ч,  жиргээ нь олны анхаарлыг татна. Жиргээч­дийн хэлэлцэж ярилцах нэг сэдэв болно.

Дагагчаа олон болгохын тулд элдэв арга хэрэглэх нь бий. Бэлэг сэлт амлахаас эхлээд хэсэг бүлгээрээ уул­залт зохион байгуулна. Таа­лагдсан жиргээгээ дэмжиж байгаагаа илэрхийлж favorite дардаг бол өөрийнхөө дагагч­дад уншуулахын тулд бусдын жиргээг retweet хийж болно. За их дургүйцвэл дахиж тэр хүний жиргээг уншихгүйн тулд block дараад дуусаа. 

Мөн дагагч худалдаж авна гэсэн ойлголт байдаг юм билээ. Хэрхэн ямар замаар ингэдгийг нь мэдэхгүй. Ингэх нь хэнд ч хэрэгтэй юм. Ямар ч байсан энэ бол зөв ч юм биш, хэрэгтэй ч юм биш.

Ямар нэг асуудал босоод ирэхэд жиргээчдийн шулга­нах нь ихсэнэ дээ. Сонгууль болоход хэд талцаад хэрэл­дэнэ. Ажиглаад байхад Мон­голын жиргээчид илүү их улс­төрждөг юм шиг. Улс төрийн намууд ч жиргээчдийн хэлсэн үг, үзэл бодлоос сонгуулийн сурталчилгаандаа ашиглах нь элбэг болсон байна лээ. Хэвлэлийнхэн ч “Жиргээчид ингэж ярилаа, тэгж бичлээ” гэх. Зарим хэвлэл тусгай бу­лангаа зориулах болсон. Цаашид твитер ертөнц хэр­хэн төгөлдөржиж, яаж хөгжи­хийг мэдэхгүй ч жиргэж л сууя даа. Олонтойгоо байхад юу нь буруу байхав.