Ц.Мянганбаяр: Энэ улсад надаас муу хүн байхгүй юм биш үү
“Ярилцъя” булангийн шинэ зочин “Монгол газар” компанийн ерөнхий захирал Ц.Мянганбаяр. Уншигчид маань түүнтэй уулзуулж өгөхийг хүссэн юм.
“Ярилцъя” булангийн шинэ зочин “Монгол газар” компанийн ерөнхий захирал Ц.Мянганбаяр. Уншигчид маань түүнтэй уулзуулж өгөхийг хүссэн юм. Бидний яриа “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүүгийн өгсөн ярилцлагаас үүдэлтэй ч Монголын бизнесийн ертөнцийн хүнд хэцүү орчин, түүн дотор зүтгэж яваа бизнесмэнүүдийн зовлон руу л орчихоод байлаа. Ингээд уншигч танд өөрөө мэдэрч, өөрөө тунгаах боломжийг олгож байна. Хүлээн авна уу.
-Өмнө нь тантай нэг биш удаа ярилцаж байлаа. Өнөөдөр бас л нэг шинэ нөхцөл байдлын дунд бид ярилцах гэж байна. Юутай ч хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө миний зочноор “Жаст” группийн захирал Ш.Батхүү уригдсан. Үүний дараа уншигчид маань Ц.Мянганбаярын тайлбарыг сонсмоор байна гэсэн санал олноороо ирүүллээ. Тэгээд л танд хандсан нь энэ.
-Та ч Ш.Батхүүгээр баахан юм яриулж над руу бөмбөгдчихөөд дараа нь надтай ярилцана гээд л. (инээв) Ш.Батхүү юу ярьсныг би мэдэхгүй юм. Хүмүүс л надад тэгж тэгж хэлсэн байна. Ингэсэн байна гэж хэлсэн. Гэвч тэр хүний юу бодож, юуг буруутгах нь өөрийнх нь асуудал.
-Энэ бол миний ажил шүү дээ. Зүв зүгээр сууж байгаа хоёр нөхрийг “зодолдуулж” байгаа мэтээр арай хүлээж авч байгаа юм биш биз дээ?
-Үгүй дээ. Тоглож байна. Ажлаа хийж байгааг тань ойлгож байгаа учраас уулзаж байна.
-За, тэгвэл яриандаа оръё. Олон нийтийн дунд өнөөдрийн байдлаар Ц.Мянганбаярын “Олон овоот”-ын алтны төсөл нь өөрийнх нь мэдлээс гарсан. Тэгээд тэр төслийн хувь заяа ч ээдэрсэн. Дээр нь банкуудын хямралд таныг маш их буруутай гэсэн ойлголт л бий болчихсон. Өнөөдөр таны байдал яг ямар байна вэ. Хамаг төслүүдээ зогсоож, хаалга үүдээ барьсан гэх юм.
-Бизнес хийж байхад аль нэг төслөө зарах, дараагийн төсөлд хөрөнгө оруулах, санхүүгийн хүндрэл бэрхшээлд орох, түүнээс нь болж олон нийтийн хандлага нөлөө өөрчлөгдөх гээд олон л юм үзнэ шүү дээ. Би өнөөдрийг хүртэл төр, түмнээсээ худал хэлж, хулгай хийгээгүй явсан даа. Арай ч түмэнд нүүрээ барчихаагүй байна. Хэд хэдэн төсөл эхлүүлээд явж байна. “Олон овоот” төсөл бол бидний хэрэгжүүлж байсан нэг л төсөл шүү дээ.
-Арай эвгүй өнгөтэй асуучихлаа. Олон овоотын ордын талаар та нэг сайн танилцуулаач. Ер нь яг ямар орд юм?
-”Олон овоот”-ын орд бол Ханын хэцийн раойнд хамаардаг, 25 км орчим үргэлжилдэг том талбай юм. Бид нийт талбайн багахан хэсэгт буюу 2-3 км газар, доошоо 200 метрийн гүнтэйгээр өрөмдөж хайгуулын ажил хийсэн. Цаашаа үргэлжлүүлбэл өрөмдлөг хайгуулын маш их ажил байгаа. Манай компани ялангуяа алтны эрэл хайгуулын хувьд мэргэшсэн, мөн алтны баяжуулах үйлдвэр болон бага агуулгатай уусгалтын үйлдвэрийн талд дээр Монголдоо анх удаа шинэ технологийг нэвтрүүлж, үйлдвэр байгуулсан туршлагатай хамт олон. Энэ Олон овоотын орд дээр бид Австралийн “Межик дриллинг” өрмийн компаниар 65 мянган тууш метр өрөмдлөг хийлгэсэн.
Нөөцийг нөгөө муу нэртэй Ц.Мянганбаяр бодож тогтоодог юм биш шүү дээ. Мэргэжлийн хүмүүс бодоод, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталдаг ийм учиртай. Түүнээс биш бид дураараа тэдэн тонн байна гэж тогтоохгүй. Маш нарийн тусгай шинжлэх ухаан, тусдаа мэргэжлийн баг ажиллаж тогтоодог юм. Энэ ажлыг хийдэг Эрдэс баялгийн зөвлөлийн мэргэжилтнүүдийг дандаа худлаа тооцоо судалгаа хийдэг, худалч, муу улсууд байдаг гэж би хувьдаа бодохгүй байна. Манайх нөөцийг 2005 онд 18,5 тонноор хамаалсан.
-Канадын “Вордроп инженеринг” компани мөн энд нөөц тогтоосон байгаа. Энэ компанийг та урьж нөөцийг дахин тогтоолгосон уу?
-Тийм. Бид ордын нөөцийн үнэлгээ хийдэг “Вордроп инженеринг” гэдэг дэлхийд алдартай, хагас зуун жилийн түүхтэй компаниар нөөцийг шалгуулсан. Шалгуулаад тэдний гаргасан нөөцийн үнэлгээний тайланг бид хүлээж авсан ба 25 тонноор батлагдсан. “Вордроп инженеринг” компанийн гаргасан тайлан дүгнэлтийг олон улсын хэмжээнд эцсийн дүгнэлт гэж үздэг юм.
-Олон овоотын үйлдвэрийг та барьсан. Маш том ажил байсан байх?
-Олон овоотын үйлдвэр, ил уурхайн ажлыг хэрэгжүүлэхэд бидэнд хоёр том бэрхшээл байсан. Нэгдүгээрт, өндөр хүчдэл байхгүй. Үйлдвэрийг дизель станцаар ажиллуулах, хөрс хуулалт хийхийн тулд дизель түлш хэрэглэх ёстой. Энэ нь бол нийт зардлын 65 хувь байсан. Хоёрдугаарт, монголчууд урьд өмнө нь хэзээ ч ийм алтны баяжуулах үйлдвэрийн технологи нэвтрүүлж байгаагүй. Тэгэхээр энэ талаар мэддэг хүн бараг байхгүй гэсэн үг. “Бороо гоулд” мэтийн бусад гаднын хөрөнгө оруулагчид дээр очоод хамтарч ажиллая гэхээр урдаас “Бид 70 хувийг нь авъя” л гэдэг. Ингээд бид өөрсдөө зүтгэсэн. Бид зургаан жилийнхээ хөдөлмөрийн үр дүнд жилдээ хоёр мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, дэлхийн стандартад нийцсэн хүдэр боловсруулах сайхан үйлдвэрийг барьсан. Манай хамт олон хийж чадсан.Энэ бол бидний бахархал.
-Одоо Монголд ганцхан байгаа тэр баяжуулах үйлдвэр “Монгол газар” компанийн өөрийн хөрөнгийн бүртгэлд байна уу. Олон овооттойгоо хамт арилжигдчихсан уу?
-”Олон овоот гоулд” компанид бид бүх техник, тоног төхөөрөмжүүд, хамрагдах лицензүүдийг шилжүүлсэн, Зөвхөн “Комацу”-гийн техник гэхэд 40-50 сая орчим доллар.
-Энэ бүгдийг хамт шилжүүлсэн юм уу?
-Тэгэлгүй яахав. Бүгдийг нь. Ажилчдын хотхон гээд л бүгдийг нь.
-”Комацу”-гийн тэр техникүүд таныг бас нэлээд зовоож байж босч байсан санагдана. Зээлийн хөрөнгөөр оруулж ирж байсан биз дээ?
-Тийм.Чи ч манайхыг үүх түүхээр нь мэдэх юм байна. Би нөөцийн тухайд нэг үгийг бас хэлмээр байна. Манай хайгуулчид, геологичид өөрсдөө олборлох гэж байж хэзээ ч нөөцийг худлаа тавьдаггүй. Хэзээ ч үүнийг худлаа хийдэггүй. Тийм зүрх сэтгэл бидэнд байдаггүй. Ш.Батхүүгийн хэлж байгаа шиг дөрвөн тонн байгаа юмыг 20 тонн гэж бичнэ гэдэг бол байж боломгүй зүйл.
-”Олон овоот” төслийг гаднын болон дотоодын банкуудын дунд үнэтэй барьцаа болгож байсан гол хүчин зүйл “Вордроп инженеринг”, Эрдэс баялгийн зөвлөл хоёрын тогтоосон нөөц байсан. Явсаар байгаад “Жаст групп”-ийн нэр дээр шилжиж ирсний дараа тэднийх ахин гаднын компани ажиллуулж нөөцийг тогтоолгосон. Одоо бол тэдний тогтоосноор дөрвөн тонн л алтны нөөц байгаа болж таараад байна. Энэ төсөл рүү орж үйлээ үзсэн дотоодын компани тэгж мэдэгдэж байгаа шүү дээ. Эрдэс баялгийнхаа зөвлөлд монголчууд бид итгэж таарна. Тэгэхээр энэ асуудалтай холбоотой гомдол босч ирэх юм шиг билээ?
-Олон улсад бизнесийн зарчим бол зарчим л байдаг. Дэлхий “Вордроп инженеринг” гэх мэтийн олон жилийн туршлагатай, хариуцлагатай компаниудынхаа мэргэжлийн ур чадвар, хариуцлагад итгэдэг. Тэд ч зарчмаа баримталдаг. Манай Монголын эрдэс баялгийн мэргэжилтнүүд ч ур чадвар, мэргэжлийн ёс зүй өндөртэй. Тийм л учраас “Олон овоот”-ын төсөл гаднынхны өмнө ч, дотоодынхны өмнө ч нүүр улайх юмгүй төсөл гэж үнэлэгддэг юм. Ер нь ч тэгээд өнөөдөр Ш.Батхүүгийн гаргаж тавьж байгаа асуудал бол дэндүү хариуцлагагүй, хувиа хичээсэн мэдэгдэл. Асуудал байгаа гэж бодож байвал гаргадаг газар нь гомдлоо гаргаад, хөндлөнгийн шинжээчдээр дүгнүүлэх хэрэгтэй. Надаас авахдаа ч өөрсдөө хяналтын өрөмдлөг хийгээд “ОК” байна л гэж авсан.
-Энэ асуудлаар танайх “Вордроп инженеринг”-д хандаж байгаа юу?
-Бид яагаад хандах ёстой гэж. Яагаад гэвэл “Олон овоот” төслийг бид “Жаст групп”-т худалдсан шүү дээ. Тийм учраас одоо хэрэв хандах ёстой бол Ш.Батхүү ч юм уу, Г.Алтан, хэн байдаг юм нэг нь хандах ёстой байх. Монголбанк хандсан байх. Сүүлд би тэгж сонссон. Нөөцөө бид хамгаална гэсэн сураг дуулсан.
-Нөөцөө тогтоолгохдоо мэдээж нэлээд өртөг төлсөн байгаа биз дээ?
-Ерөөсөө л өөрсдийн нөөц тогтоодог, баталгаажуулдаг үнийн тарифаараа л авдаг.
-Өөрөө үйл ажиллагаа явуулж, ордыг ашиглах гэж байж, өөрийнхөө эсрэг гэмт хэрэг хийхгүй, өөрийгөө хуурахгүй шүү дээ гэж ярилцлагын өмнө хэлж байсан. Тэгэхээр нөөцийг худлаа тогтоолгох шаардлага байхгүй юм аа гэж хэлж байх шиг байна. Гэхдээ...
-Гэхдээ байхгүй. Уучлаарай, би яриаг тань таслачихъя. Ц.Мянганбаярын үгэнд итгэхгүй байж болно. Би чинь муу нэртэй хүн шүү дээ. Монголд ер нь надаас өөр муу нэртэй, муу хүн алга. Хэрвээ үнэхээр нөөц байдаггүй юм бол “Вордроп”-ыг олон улсын шүүхэд өгч болно. Та энэ баримтуудыг үз. Бүх захирал нь гарын үсэг зураад, нөөцөө баталгаажуулсан баримт байна. Бүгд олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн докторууд. Та үз дээ. Ямар нэр хүндтэй, ямар түүхтэй компани билээ. Тийм ч учраас эдний баталгаа чинь олон улсын зах зээл дээр үнэлгээ болоод явдаг юм шүү дээ.
-Уул уурхайтай орон болгонд ажиллаж байсан Канадын “Вордроп”. Би ойлгож байна. Та надад хоёр жилийн өмнө энэ ордын нөөцийг хэдийгээр ингэж тогтоосон ч үүнээс ч илүү их байх магадлалтай гэж хэлж байсан.
-Тэгсэн. Яагаад гэвэл хайгуулын ажлыг бид 200 метрээс доошоо өрөмдлөг хийгээгүй. 200-гаас доош 250 метрт өрөмдөхөд бол алттай хүдэр байж л байсан. Гэвч бидэнд тийм гүний уурхай ашиглах техникийн бололцоо ч, туршлага ч алга байна л даа. Доошоо ахиад нөөц нэмэгдэнэ. Тэр бол ойлгомжтой. Баруун тийшээ ч, зүүн тийшээ ч бас нэмэгдэнэ. Бас дахиад “Олон овоот”-ын бүс нутаг доторх миний өгсөн тэр лицензүүд дотор байгаа “Мөргөцөг”, “Гоёот улаан” гээд алттай хэсгүүд байгаа. Ордтой. Энэ талбайнуудад өрөмдлөгийг гүйцэд хийж чадаагүй. Бас “Бурхан дэл” гээд одоо энэ “Вордроп инженеринг”-ийн тайланд орсон таван тоннын нөөцтэй орд тусдаа байна л даа. Олон овоотоос 10 км-ийн зайтай. Нэг л орд байхгүй юу. Тэрний жоохон хэсэг дээр нь л бид ажиллаж байсан хэрэг. Тэрний таван тонныг ч бид доош нь өрөмдөж чадаагүй. Хоёр гэлүү гурван тонн гэж баталсан байсан. Сүүлд нь “Олон овоот”-ынхон 4.8 тоннын нөөц батлуулж ашиглалтын “А” лиценз авсан байна лээ. Тэрний хайгуулыг бас нэмж хийх шаардлагатай. Үнэхээр нягт нямбай ажиллагаа хэрэгтэй байдаг юм шүү дээ. Хэрвээ бид Оюутолгой шиг 500 метрийн гүний цооног, 1200 метрийн гүний цооног өрөмдвөл мэдээж нөөц өсөх нь ойлгомжтой. Гэхдээ одоохондоо бидэнд тийм гүний уурхай хийх туршлага алга байна л даа.
-Алт баяжуулах үйлдвэр барих нь таны олон жилийн мөрөөдөл байсан. Энэ тухай ярьж байсныг тань санаж байна. Гэвч та мөрөөдлийн үйлдвэрээ маш хүнд нөхцөлд зүтгэж байгуулаад “Олон овоот” төсөлтэйгөө хамт өгчихсөн юм байна. Өнөөдөр энэ хөдөлмөрийн үнэлэмжийг хэн ч хөндөхгүй. Ц.Мянганбаярын өр, Ц.Мянганбаярын тарьсан балаг л гэдэг ойлголт бий болж. Тэгэхээр би танаас ядаж Ц.Мянганбаярын өрийг энэ чухал үйлдвэрээ хүртэл алдан байж хэр хаасан юм бэ гэж асуух гээд байна л даа?
-”Олон овоот” бол үнэхээр сайхан төсөл.Тэгэхдээ ийм уул уурхайн төслийг санхүүжүүлж авч явах санхүүгийн бүтэц, банкны систем, хууль эрх зүйн орчин өнөөдөр манайд алга. Өөрөөр хэлбэл “Олон овоот”-ын төсөл бол гаднын нэг ч хувийн оролцоогүй зүтгэж хэл ам таталсан ганц төсөл шүү. Уул уурхайн бусад бүх төслийн 85 хувь нь гаднынхны мэдэлд байгаа. Дөнгөж ардчилсан хувьсгалын дараа ч биш саяхан 2000 оноос л бид үйлдвэр барьж эхэлж байгаа улс шүү дээ. Ийм нөхцөлд хаанаасаа тийм жар, далан сая долларын хөрөнгө монгол хүнд байх юм бэ. Бүр ойлгомжтой биз дээ. Тэр тусмаа ямар ч дэд бүтэц байхгүй, Өмнөговь аймгийн хамгийн алслагдсан сумын нутаг дэвсгэрт алт үйлдвэрлэх үйлдвэрийг, тэгээд тэр дэд бүтэцтэй нь байгуулна гэдгийг лав барууны нэг ч хүн хүсэхгүй л байх. Мандал-Овоо сум чинь алслагдсан сум шүү дээ. Нөхцөл байдал ийм л байхад бид мөрөөдөл, залуу нас хоёроороо дайраад л хийж чадсан. Энэ бол гайхамшигтай амжилт. Гэвч бидний олсон үр дүн ийм л байдалд орох шив дээ. Ганчимэг ээ, уучлаарай. Манайд бол бизнес улс төргүйгээр явдаггүй юм. Би бол хүнд хүчээр орд өгчихдөг, хүнд хүчээр үйлдвэрээ өгчихдөг тийм хүн бас биш шүү дээ. Хүчээр л өгчихсөн юм шиг ярьцгаах юм. Би бол буланд шахагдаад, олон төрлийн дарамтан дунд л өгсөн хүн шүү дээ. Түүхэнд хэрвээ гэдэг ойлголт байдаггүй гэж би танд тэр үед хэлж байсан. Одоо нэгэнт өгөөд, болоод өнгөрсөн явдал шүү дээ. Гол нь төсөлтэй холбоотой өр төлбөрийг асуудалгүй төлнө гэж бүхэл бүтэн зургаан жилийн минь хөдөлмөрийн үр дүн болсон орд, уурхай, үйлдвэр, бас олон лицензийг минь авчихаад, өрөө ч төлсөн юмгүй, өнөөдөр ийм юм яриад сууж байгааг нь гайхаад байх юм.
-Харамсал дүүрэн л сонсогдож байна.
-Би үүний төлөө харамсдаггүй. Өгөх ёстой л байсан юм байлгүй.
-Танд тэднийг мэхлэсэн зүйл үнэхээр байхгүй гэж үү?
-Би тийм хүн мэхлээд байх жудаггүй хүн биш. Хэрвээ үнэхээр намайг мэхлэсэн гэх юм бол би өгсөн юмаа өртэйгөө хамт буцаагаад авч болно.
-Юу гэнэ ээ, та үнэхээр ингэж хэлж байгаа юм уу?
-Тийм ээ. Тэгэхэд бэлэн байна. Ш.Батхүү захирлыг сайн хүн, сайн залуу гэж би боддог. Би мэднэ. Гэхдээ бид хоёрт бас нэг ялгаатай тал байгаа юм. Би бол багаасаа гудамжинд өссөн, олон жил айлаар явж, хатуу хөтүүг үзэж өссөн хүн. Энэ амьдралаас бэрхшээлийг туулах чадвар надад суусан болов уу даа. Тэрэндээ одоо би бурханд баярладаг. Би компаниа анх байгуулахдаа л ерөөсөө л үйлдвэрлэл явуулдаг болъё гэж зорьсон. Өнөөдөр хүртэл амьдарч, тэсч ирсэн манай компанийн давуу чанар юу вэ гэхээр бид ордыг олж чаддаг, бас үйдвэрлэлийг хийж чаддаг тийм чадвар суусан маань юм. Түүнээс биш бусад хүмүүстэй адилхан Сашагаас 100 доллароор бензин аваад Дондогт авчирч 110 доллароор өгдөг, эсвэл Туяа Дорж хоёрын мөнгийг зээлж аваад Ганаад нь өгөөд дундаас нь ашиг олдог ч юм уу тийм төрлийн бизнест үнэхээр маруухан. Би бас гайхдаг л байсан. Ш.Батхүүг маш олон дампуурсан махны үйлдвэрүүдийг аваад л, дампуурч байгаа хоёр гурван банк аваад л, дараа нь манай ордыг аваад л байхаар энэ бүгдийн ард гарч чаддаг л юм байх даа гэж гайхаж л байсан. Эсвэл банкаараа дагнаад, эсвэл манай “Олон овоот”-ын ордыг авчихаад уурхайгаараа дагнаад явмаар л харагддаг байсан.
-Таныг өрийг нь өгөхгүй байсан болохоор өрөө авах гэж тантай хамтарсан гэдэг?
-Тэр бол аль ч уурхай, шатахуун нийлүүлдэг компани хоёрын хооронд байдаг л асуудал. Гэлээ гээд би Ш.Батхүүтэй хамтарсан нь миний хамгийн том алдаа байлаа гэж хэзээ ч хэлэхгүй, бизнес бол хатуу тоглоом, чадахгүй бол бүү тогло гэдэг биз дээ.
-Хэр хэмжээний өр байсан юм бэ?
-18 орчим тэрбум байсан санагдаж байна. 18 тэрбум төгрөгийн өрөө авахын төлөө 186 тэрбум төгрөгийн өрийг өөр дээрээ аван байж хүний алтны үйлдвэрийг авах уу. Зөвхөн өрөө авах гэж ийм юм хүн хийдэг юм уу. Алтны үйлдвэрлэлд их хэмжээний мөнгө эргэдэг. Ингээд л тайлбарлах гэхээр маш олон зүйлийг хөндөхөөс аргагүй байдаг. Ерөөсөө манай энэ эдийн засаг үндсэн системээрээ буруу байгаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл баялаг бүтээдэг систем биш байгаа байхгүй юу. Жишээ аваад хэлье л дээ. Монгол Улс гурван сая хүнтэй. Сүүлийн 20 жилийг харахад монголчуудад баялаг бүтээсэн түүх ерөөсөө байхгүй. Үндэсний бүтээн байгуулалт гэж байхгүй. Жишээ нь, одоо энэ эмэгтэйчүүд та нарын дуртай “LOUIS VUITTON” гээд нэг францын фирм байна шүү дээ. Тэр жижигхэн фирм гэхэд 10 мянган салбартай. Цэвэр ашиг нь жилдээ дөрвөн тэрбум доллар. 1988 онд Монголын “МОНЕЛ” гээд электроникийн анхны компани байгуулагдаж байсан санагдаж байна.”САМСУНГ”-тай нэг өдөр байгуулагдсан байдаг. 1988 онд шүү дээ. 88 он гэдэг чинь саяхан байхгүй юу. Тэгтэл 12 жилийн дараа “Самсунг электроникс” “Сони”-г гүйцсэн гээд бод доо. 15 мянган хүнтэй, жилийн цэвэр ашиг нь 23 тэрбум доллар. Монголчууд бид тэр солонгосуудаас, цүнх түрийвч хийдэг тэр улсуудаас тэнэг юм уу, хаашаа юм бэ. Харьцуулахад энэ бол маш энгийн зүйл. Энгийн. Гэтэл одоо бид 1,5 тэрбум доллар гаднаас зээлж авчирчихаад тэрэн дээрээ цөмөөрөө баярлаж байгаа гэж яана. Баахан өр тавьчихаад улс нийтээрээ баярлаад. Ямар дүр зураг харагдаж байна вэ. Уул уурхайн үйлдвэрлэл дээр систем буруу байгаа учраас уул уурхайн бирж манайд байдаггүй. Уул уурхайн төслийг санхүүжүүлэх банкууд байхгүй. Өөрөөр хэлбэл уул уурхайн төсөлд хөрөнгө оруулалтаа нөхөх 5-6 жил хэрэгтэй байдаг. Жишээлбэл, “Комацу”-гийн 50 орчим сая долларын тэр олон техник, манай босгочихсон үйлдвэр байж байна. Энэ бүхнийг юугаараа босгох юм бэ. Хөрөнгө оруулалт, санхүүжилт, зээлээр л босгоно шүү дээ. Тэгээд тэр зээлээ төлөхөд үйл ажиллагаа явж эхэлсэнээс хойш дор хаяж таван жил хэрэгтэй биз дээ. Одоо Оюутолгой гэхэд 2025 он болтол монголчууд ашиг авч чадахгүй. Яагаад гэвэл оруулсан хөрөнгөө бүтээгдэхүүнээрээ нөхөж авах ёстой. Ийм бололцоог хангах банк санхүүгийн систем алга. Тэрийг чинь жишээ нь, “Жаст” групп харж байна шүү дээ. Одоо цаг нь болсон, энэ Ц.Мянганбаярт техник нь байгаа юм байна, орд нь байгаа юм байна. Одоо ингээд цааш нь аваад явъя гээд. Мэргэжлийн үүднээс л ухаагүй болохоос.
-Өөрсдөө юу?
-Үнэндээ бол тэд мэргэжлийн нягт үйл ажиллагаа явуулаагүй.
-Тэгвэл та яах гэж орж ирэхэд нь 50:50 хувийн хөрөнгө оруулалттай “Олон овоот гоулд”-ыг байгуулалцсан юм бэ?
-”Жаст”-тай хамтраад ажиллах бололцоо байсан. “Жаст” төсөлд хувь эзэмшсэнээрээ нэмэлт шаардлагатай санхүүжилтийг олж ирэх үүрэг хүлээсэн ч тэр нь бүтээгүй. Тэгээд ч уул уурхайг ойлгохгүй хүнтэй уул уурхай хийнэ гэж байдаггүй юм байна лээ. “Олон овоот”-оос өөр манай компанийн бусад том төслүүд байна шүү дээ. Тэгээд ч би дээр хэлсэн. Тал бүрийн дарамт байсан гэж.
-Гэхдээ та Монголын бүх банкны барьцаанд энэ ордыг тавьчихсан байсан юм биш үү. Бүх банкинд өртэй байсан?
-Бүх банкинд өртэй нь ч хаашаа юм бэ. Энэ төсөл дээр хамтарч ажиллаж байсан банкууд гэвэл “Анод”, “Зоос”, “Голомт” байна. Энэ гурван банктай ажиллаж байсан. Миний хамтарч ажиллаж байсан “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банк эд нар дампуурчихаагүй л байгаа биз дээ.
-”Анод”, “Зоос” банкуудын дампуурлыг тантай л холбож олон нийт ойлгочихоод байна шүү дээ. Хэдийгээр нэг харилцагчтай ийм сэдвээр ярьж байгаа маань дэндүү жижиг явдал ч би асуух ёстой.
-Хамгийн гол нь Монгол Улсын компаниуд, Монгол Улс нийтээрээ баялаг үйлдвэрлэдэггүй тийм тогтолцоонд яваад байна шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарыг хар л даа. Би саяхан Ховдод нутагтаа очоод ирсэн. Ховдод хүмүүсийн орлого, амьжиргааны төвшин маш доогуур байна. Улаанбаатар бол томруулсан Ховд хот л байна шүү дээ. Өнөөдөр бид ямар экспорт хийгээд байгаа юм бэ. Улаанбаатарчууд ямар экспорт хийж байна. Ямар ч экспорт байхгүй байна шүү дээ. Тэгэхээр чинь банкууд нь олигтой ажиллах уу. Хоёрдугаарт нь асууя. Нэг төслөөс болоод дампуурдаг банк гэж байх уу .Би танд нэг үг хэлье. Ерөөсөө банкийг залилдаг хүн гэж хорвоод байдаггүй юм. Хэн ч банкийг залилж чадахгүй. Тэд чинь судалж байж, судалгаан дээрээ тулгуурлаж бизнесээ явуулдаг, судалгаан дээрээ суурилж барьцаатай мөнгөө зээлдүүлдэг юм байгаа биз дээ. Би лав мэдэхгүй юм байна.
-Та чадсан юм биш үү. Монголын банкуудын барьцаанаас “Олон овоот”-ын лицензүүдээ суллаж аваад “Голдман сакс”-ын барьцаанд аваачаад өгчихсөн байсан шүү дээ.
-Та аан гээд сонсоно уу. Хэзээ ч зээлтэй үед банк лиценз сулладаггүй, сулласан ч баталгаа, батлан даалт гаргуулж байж сулладаг юм. Ц.Мянганбаяр гэдэг хүн л энэ банкуудыг хуурч мэхлэчихсэн гэдэг бол байж болшгүй ойлголт. Тийм ойлголт хорвоо дэлхийд байхгүй. Нэгд, энэ. Хоёрт, бид “Голдман сакс”-тай гэрээ хийсэн нь үнэн. 100 сая долларын гэрээ хийлээ. 100 сая долларын хөрөнгө оруулалтыг тэд бидэнд өгөх гэж байлаа шүү дээ. Олон овоотын ордын нөөцийг өөрсдөө бас хөндлөнгийн гуравдагч компаниар шалгуулж тогтоолгосон. Дэлхийд нэр хүндтэй компаниар.
-“Голдман сакс” өөрсдөө?
-Тийм. Тэгээд манай дээр гурван дүгнэлт гарч байгаа юм. Үйлдвэр баригдаад төгсгөлийн шат руугаа орж байсан. Нэгдүгээрт, үйлдвэр нь байна уу. Хоёрдугаарт, яриад байгаа тэр нөөц нь байна уу. Гуравдугаарт, боловсон хүчин нь байна уу. Ийм гурван шалгалт хийдэг юм билээ. Ингээд бидэнтэй 100 саяын гэрээ байгуулаад эхний 30 сая долларыг өгсөн. 30 сая доллар аваад “Иточу”, “Зоос” банк руу шилжүүлж байгаа юм. Ардаа эргэлтийн маш бага мөнгөтэй хоцорсон. 5-6 сая доллартой л хоцорлоо. Тэгээд бид өдөр шөнөгүй ажиллаж байж жил гаруйн дотор 25,8 сая доллар “Голдман сакс”-д алтаар өгсөн. Алт экспортолж байна шүү дээ, биет алт. Тэгэхэд бидэнд хүндрэлтэй юм юу байсан гэхээр эргэлтийн бага мөнгөтэй хоцорсон учраас хөрс хуулалтан дээр олигтой ажиллаж чадаагүй, үнэнийг хэлэхэд. 30 саяыгаа аваад бид 25,8-ыг өгчихлөө шүү дээ. Ш.Батхүүд хүлээлгэж өгсөн “Голдман сакс”-ын өр бол хүү, торгууль тийм л дүн байсан. Бидэнд өөр нэг том дарамт юу байсан гэхээр нөгөө 68 хувийн татвар байсан. Маш их дарамт байсан. Найман тэрбум төгрөг бид улсад тушаасан. Дээр нь эргэлтийн мөнгө бага. 68 хувийн татвараа тушаахгүй бол гаалийн зөвшөөрөл өгөхгүй.
-”Жаст” орж ирээд бүх юмыг шилжүүлээд авахад дутсан мөнгө энэ л хүү, торгуульд явсан мөнгө үү?
-Тийм. Хүү, нөгөө “Комацу”, “Иточу”-гийн техникүүдийн үнэ байна. Төсөл хэрэгжүүлэхэд оролцож байсан бусад аж ахуй нэгжүүдийн өр ч бий. Ингэж байтал гэнэт “Зоос”, “Анод” хоёр дампуурахгүй юу. Тэгээд хамгийн их зээлтэй байсан харилцагчийг зарлана, цоллоно биз дээ. Жилийн дараа гэхэд алтны үнэ дэлхийн зах зээл дээр хоёр дахин өсчихөж байгаа юм. “Голдман сакс” биднээс 26 сая долларын алт авсан бол нөгөөдөх нь 50 сая долларын алт болчих жишээтэй. Ингээд асуудал дуусчихаж байгаа байхгүй юу. “Голдман сакс” ямар их хожсон нь харагдаж байгаа биз дээ. Тэд зээлийг доллароор төлөхийг зөвшөөрөөгүй. Биет алтаар төлүүлсэн. За, ингээд “Анод” банк, “Зоос” банк хоёр дампуурлаа гээд бөөн юм болсон. Монголын сонин хэвлэлүүд шуугисан. Нөгөө муу Ц.Мянганбаяр руу чинь дайрч өгнө биз дээ. Тэгэнгүүт “Голдман”, “Өө, Монгол газар” чинь ийм их өртэй байсан юм уу. Бид одоо харилцахгүй ээ, bye bye гэсэн.
-Аймаар том ашиг хийчихсэн, монголчууд бужигнаад эхлэхээр “Би энэ наадмыг үзэхгүй ээ” гээд гараад явчихаж байгаа хэрэг үү?
-Шууд л баяртай гэсэн. Тэгэнгүүт би “Иточу”-гийнхантай уулзаж байгаа юм. Хүүш таминь ээ, та нар наад баталгааныхаа мөнгийг төлөөч ээ, энэ банкийг ингэж болохгүй гэхээр “Өө, наадуул чинь “Алтандорнод” дээр бас аккредитив нээсэн. “Алтандорнод” дээр бас төдий хэмжээний авлагатай байгаа. “Зоос”, “Анод”-оор дамжуулсан. “Монгол газар”-ын юмыг бид шүүхийн шийдвэр гарвал төлнө өө. Бэлэн байгаа. Баталгаандаа эзэн болно гэсэн. “Зоос”, “Анод”-ынхон бас уулзсан юм билээ. Урдаас нь “Алтандорнод” компани дээр нээсэн аккредитив болон тэдний төлбөрийг “Зоос”, “Анод” тэгвэл бас хариуц гээд. “Алтандорнод”-ын асуудал саяхан шийдэгдсэн байгаа. Манай “Комацу”-гийн техникийн төлбөрт зориулж “Зоос”, ”Анод”-оос авсан зээлүүд “Иточу”-гийн баталгаатай явж байсныг Монголбанкныхан мэдэж байсан. “Иточу”-г олон улсын шүүхэд өгөх асуудал Монголбанкинд нээлттэй байгаа. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэн ч гаргаж тавиагүй байгаа.
-Монголбанк Монголынхоо бизнесийг хамгаалахын төлөө ер нь юм хийдэг юм уу. Ажлаа хийхгүй сууж байгаад л банкуудыг дампууруулдаг, эрх хүлээн авагч оруулж ирж адилхан бужигначихаад л байж байдаг газар юм биш үү?
-Монголбанкны хуулийн хэлтэс л ажиллах тухай асуудал шүү дээ. “Алтандорнод”-ын асуудал шийдэгдсэн байна. “Голомт”-ын асуудал шийдэгдсэн байна. Энийг судлаад, бидэнтэй уулзаад, “Иточу”-тай уулзаад ажиллах ёстой. Тэгээд “Иточу” эхлээд батлан даалтын үүргээ биелүүлэх ёстой. Авах юмаа, “Олон овоот”-оос авна уу, “Монгол газар”-аас авна уу. Хоёр компанийн хоорондын асуудал болж хувирна шүү дээ.
-”Жаст”-тай та энгийн харилцаан дээрээ ч учраа олоод ажиллаагүй юм билээ шүү дээ. Оруулахгүй гэдэг, алт гарвал өгөхгүй гэдэг. Сүүлд “Олон овоот” дээр ахин тохироо хийгээд та гарах болоход тэднийх танд 2,5 сая доллар өгсөн байдаг.
-Хөрс хуулалт их үлдээсэн нь үнээн. Хөрс хуулалтыг би их үлдээсэн. Гэлээ гээд өнөөдрийн байдлыг үүсгэчихээр ч байгаагүй. Бас тэд манай талаас бараг мэргэжлийн гэх хүн үлдээгээгүй, баахан шинэ хүн авч ирж ажиллуулсан нь их том алдаа болсон.
-Энэ хоёр зүйл дээр таны буруу юу?
-Манайхны авсан баталгаат мэдээллээр бол “Жаст”-ынхан бидний хүлээлгэж өгснөөс хойш гурван жилийн хугацаанд доошоо 20 метр л суусан байна билээ. Бид ажиллуулах хугацаандаа дөрвөн тонн алт олборлосон байдаг.
-Суулаа гэдэг нь ухлаа гэсэн үг биз дээ?
-Тийм. Бид сая хэмжилт хийгээд баталгаажуулсан. Манай мэргэжлийн улс өгөгдөл мэдээллүүд дээр нь ажилласан. Тэгэхэд “Жаст”-ынхан ердөө л 20 метр л доошоо суусан байсан. 20 метр суусан юм чинь нэг тонн л авна ш дээ. Доошоо 200 суучихаад асуудлыг ярьж байгаа бол өөр. Энд мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн хүмүүс хоёрын ялгаа зааг гарч байна шүү дээ.
-Ямартай ч хоёр банкны дампууралд таныг л буруутгадаг. Та өөртөө учирсан бүх хүндрэл, нөхцөл байдлуудын талаар ярьлаа. Гэхдээ хоёр банк байхгүй болсон уу, болсон. Хүссэн ч эс хүссэн ч энэ асуудалтай таны нэр холбоотой л явах байх.
-”Анод” банк, “Зоос” банкинд ганцхан зээлдэгч нь би байсан юм уу. Зөндөө олон зээлдэгч байна. “Зоос” дээр гэхэд нийт зээлдэгч дотор нь томоохон зээлтэй нь “Жаст” манай хоёр хамт л байсан байх. Манай зээлийн хугацаа болоогүй байсан. Үйлдвэрлэл явж байна. Бидэнд чинь ядаж хөрс хуулах хугацаа хэрэгтэй биз дээ. Тийм л хугацаа өгдөггүй. Тэгээд өөрсдөө дампуурчихдаг. Тэгэнгүүт буруутан нь би л болдог. Би бас тэгж байгаад хамаагүй хүн л дээ. Юу л гэж хэлнэ, юу л гэж гутаана тоодоггүй.
-Та банкуудын дампуурал, саяын “Жаст”-ын дампуурал гээд ер нь маш олон юманд буруутгагдаж байна шүү дээ. Та хогийн сав юм уу. Яагаад хэнд ч ойлгогдож чадахгүй өдий хүртэл явдаг юм бэ?
-Би монгол хүн. Монголдоо баялаг бүтээх гэж төдийгөөс өдий хүртэл зүтгэж яваа л нэг эр хүн. Алдаа оноо байгаа л байх. Гэхдээ л Монголынхоо ганц байгаа үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд зуун хэдэн сая долларын өрөнд тавьчихгүй ээ. Надад тийм хүмүүжил байхгүй.
-Монгол Улсын Засгийн газар “Буян” компанийг “Марубени”-гаас зээл авахад нь баталгаа гаргаад л өгч байсан шүү дээ. Жижиг орны зүтгэж яваа компаниудаа Төр нь баталгаа гаргаж өгч яагаад болохгүй гэж?
-Юунд баталгаа гаргах, юуг дэмжихээ бид өнөөг хүртэл ойлгоогүй л явна. Улс орныхоо эдийн засгийг өөд татах үйлдвэрлэлийн төслүүдэд баталгаа гаргаж байгаа бол тэр зөв, харин таван цаасаар аваад таван цаас нэмж зардаг худалдааны бизнест баталгаа гаргаад олон улсын өмнө өрөнд ороод сууж байгааг л би ойлгохгүй байна.
-Бидэнд бензин хэрэгтэй биз дээ. Одоогоор бидэнд өөр ямар арга байна вэ?
-Тиймэрхүү үйлчилгээний бизнес байж болно оо болно. Сервис бизнес гэж. Миний хувьд үйлдвэрлэл, юм бүтээх нь Монголд хэрэгтэй гэж л боддог учраас шүүмжлэлтэй хандлаа.
-Адилхан бизнесийн ертөнцөд зовлон бэрхшээл туулж ирсэн улс. Та ч зовж л явна. Тэр ч банк руу ороод хоёр жижгэвтэр банкийг нэгтгэж үзээд, уул уурхай руу орж ажиллах гэж нэг зүтгээд туршлага дутаад, ядуу орны хөрөнгөгүй бизнесмэн өөрийн эрхгүй тал талын шахаанд унаж байна шүү дээ.
-Унаж байгаа гэж та яагаад бодож байгаа юм бэ.
-Бас тийм ээ, тийм. Бүр ч тэгж харахгүй байгаа. Таны юу хэлэх л сонин байлаа.
-Би бол тэгж огт бодохгүй байгаа. Би дан ганц алтны орд өгсөн юм биш шүү.
-Тийм л дээ. “Х” лицензтэй олон мянган га талбай яригдана биз дээ?
-Нийт 16 лиценз өгсөн. Тэр 16 лиценз дотор Монголын нэг номерын жоншны орд бий. Үүнийгээ би Ш.Батхүүд өөрөө барьж гүйж очоод өгсөн. Үүнийг Ш.Батхүү ч санаж байгаа. Геологич бидний харж байгаагаар 6-7 сая тонн жонш гарах болов уу гэж тооцож байна. Үйлдвэрлэлийн зэргээр бол 4-7 сая тонн гарах байхаа. Энэ чинь Бор-Өндөрөөс илүү жонш шүү дээ. Бор-Өндөрийн нөөцөөс илүү сайхан нөөцтэй том жоншны орд боллоо. Хамгийн чухал нь жоншны чанар нь Бор-Өндөртэй харьцуулахад хорт хольц байхгүй. 92 хувийн жонш. Жоншны баяжмал бол дэлхийн зах зээл дээр унадаггүй. Тодруулбал, 3-4 тонн коксыг нэг тонн жонш оролдог байхгүй юу. Тэгэхээр чинь ган хайлуулахад ямар их хэмжээний зардал хэмнэж байна. Жонш бол Япон, Солонгос, Герман гэх мэт олон худалдан авагчтай. Жоншны баяжмал 400 доллар. Долоон саяыг 400 доллароор үржүүлээд үзэхгүй юү. Хэр зэрэг том орд болохыг нь ингээд л хар л даа. Эд нар одоо үйлдвэрлэлийн зэргээр гурван саяыг хамгаалчихсан байж байна. Ахиад дөрвөн сая нь бэлэн байж байна. Долоон сая орчим тонн жонш бэлэн. Ирэх жил төмөр зам Тавантолгой дээр хүрээд ирнэ. Тавантолгойгоос ойрхон юм чинь. 100 км жоншны баяжмал зөөхөд ямар асуудал байх юм бэ. 200 км зөөсөн ч байсан асуудалгүй л байхгүй юу.
-Г.Алтанг эрсдэл рүү орлоо гэж зарим талаар бодож байсан. Асар том ашгийн төлөө тэр ажиллах юм байна.
-Бизнес хүний нүдээр харахад Г.Алтан ч бай, Ш.Батхүү нь ч бай алт нь байна, жонш нь байна. Ойрын 15 жилд олох ашгийнх нь дэргэд энэ нэг банк, хэдэн шатахууны станц юу юм бэ л байхгүй юу. Гэхдээ би хүний хэтэвч шагайх дургүй, хамгийн гол нь хүнээс авсан юм аа байгаагаар нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Одоо дуусгая.
-Нэг асуулт. Таны нэг ордыг Төр стратегийн ордод татаж авах болсноо зарласан. Энэ тухайд таны байр суурь ямар байна вэ?
-Уг нь дэлхий дээр стратегийн орд гэсэн ойлголт байдаггүй. Харин стратегийн бүтээгдэхүүн гэсэн ойлголт бий. Уран, газрын ховор элемент гэх мэт. Том ордыг төр, ард түмэнтэйгээ хуваалцаад хамтарч ашиглах нь миний үүрэг хүсэл шүү дээ.
-Үнэхээр тийм гэж үү?
-Яасан, би таны хүсээгүй хариултыг өгчихсөн үү. (инээв) Зүгээр ээ, гол нь улс маань учраа олох чухал.