Онцлох учир

УИХ-д 31 суудалтай Ардчилсан нам нь МАХН-МҮАН-ы “Шударга  ёс” эвсэл, ИЗНН-тэй тохиролцож, хамтарсан Засаг байгууллаа. Ямар ч байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг аль нэгэн нам, фракц, эвслийг гомдоолгүй тохиролцож, кабинетаа бүрдүүлсэн. Шинэхэн сайд нарын хэн нь сайн, аль нь саар ажиллаж буйг хэлэлцэх цаг хараахан болоогүй. Гэсэн ч шинэ засгийн өнгөн дээр саар асуудал бас босч ирлээ. АН МАХН-МҮАН-ны “Шударга ёс” эвсэлтэй хамтрах болсноо зарлахаас эхлээд шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойших хугацаанд гадаадын хөрөнгийн биржид IPO хийсэн манай хэд хэн компаний хувьцаа улам бүр унаж эхлээд буйг эдийн засгийн шинжээчид ярьж эхэллээ. 2011 оноос хойш унасан хувьцааны үнэ өнгөрсөн 6, 7 дугаар сараас эхлэн улам бүр унажээ. Шалтгаан нь улс төр, Засгийн газрын бүрэлдэхүүн. Дэлхий нийтэд эдийн засгийн өсөлт саарч, хувьцааны үнэ буураад байна уу? Үгүй аж.

Дэлхийнх өсч Монголынх уруудсаар...


Европын өрийн хямрал, Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг бэрхшээл үргэлжилсээр байгаа ч дэлхийн зах зээл дээрх хувьцааны үнэ ханш тогтвортой өссөөр байгаа юм. Гадаадын хөрөнгийн зах зээлийн ерөнхий чиг хандлагыг илэрхийлэгч хувьцаанууд болох АНУ-ын “DJIA” оны эхнээс 8.1 хувиар, “NASDAQ” 17.7 хувиар, “S&P 500” 12.4 хувиар, Европын “FTSE” 5.1 хувиар, “DAX” 20.2 хувиар, “Stoxx 50” 7.5 хувиар, Азийн “Nikkei 225” 7.8 хувиар, “Hang Seng” 9 хувиар өсчихөөд байна. Гэтэл манай улсын Хөрөнгийн зах зээлийн хандлагыг илэрхийлэгч үзүүлэлт “ТО П-20” индекс яг эсрэгээрээ оны эхнээс 13.8 хувиар унажээ. Монголын хөрөнгийн зах зээлээс гадна гадаадын зах зээл дээрх Монголын компаниудтай холбоотой хувьцааны ханш бүгд уналттай байгааг харж болно. Дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2011 онд 2.6 хувьд хүрч байсан. Харин энэ оны эцэс гэхэд 2.1 хувьд хүрч бага зэрэг саарахаар байгаад нь Европын орнуудын 0.5 хувийн уналт нөлөөлөх ч 2013 оноос эргээд сэргэх төлөвтэй. Хөгжиж буй орнуудын хувьд энэ онд 4.7 хувиар, 2013 онд 5.4 хувиар өсөх таамаглалыг олон улсын эдийн засагчид дэвшүүлээд байгаа. Ингэснээ р цаашид хувьцааны үнэ ханш урт хугацаанд өсөх үндсэн нөхцөл бүрдэнэ. 

Монголын хувьд дэлхийн аль ч орноос илүү өндөр өсөлттэй байгаа. Манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд 15 хувь хүрэх бол ирэх жилүүдэд ч 10-аас дээш хувиар өсөх нь тодорхой асуудал. Нүүрс, зэс , төмрийн хүдэр, газрын тос, цайр, жонш, алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтод суурилж, уул уурхайн компаниудын ашиг үлэмж хэмжээнд өссөөр байгаа. Компаниудын ашгийг дагаад тэдгээрийн хувьцааны үнэ ханш ч шууд пропорциональ өсөх болно. Эдийн засгийн орчны үүднээс тайлбарлавал хувьцааны ханш цаашид тогтвортой өсөх ёстой. Гэтэл өнгөрсөн 2011 оноос одоог хүртэл гадаадын хөрөнгийн зах зээл дээрх манай компаниудын хувьцааны ханш тасралтгүй унасаар байгаа нь эдийн засгийн бус хүчин зүйлээс шалтгаалаад байгаа юм. Шуудхан хэлбэл уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа Засгийн газрын бодлого, “эх оронч” үзлээс үүдсэн элдэв янзийн хязгаарлалтууд, улс төрийн нөхцөл байдал хэтэрхий нөлөөлжээ. Шинэ Засгийн газар, УИХ бүрдсэнээс хойш “эх оронч” нөхөд томоохон албан тушаалд очсон тул хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид бэргэж буй. Хэн тэднийг айлгаад байна вэ?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг




Шинэ Засгийн газар Уул уурхай яамтай болсон. АН-ын “Шонхор” фракцид харьяалагддаг, “Бридж” компаниар овоглодог Д.Ганхуяг энэ яамыг удирдана. Сайдаар томилогдсоныхоо дараа тэрбээр “Оюутолгойтой хийсэн Тогтвортой байдлын гэрээг өөрчилнө, чадахгүй бол огцорно” гэж амалсан тухай мэдээлэл хэвлэлээр тархжээ. Өөрийгөө үндсэрхэг бус үндэсний үзэлтэй гэж тодорхойлсон Д.Ганхуяг сайд эртнээс Оюутолгойн гэрээний эсрэг хатуу байр суурьтай зогссоор ирсэн хүн. Түүнийг эдийн засгийн гол тулгуур уул уурхайн салбарын хөгжилд санаа зовниж явдаг цөөхөн гишүүдийн нэг хэмээн зарим нь үзэж, тус салбарт дорвитой хувь нэмэр оруулна гээд сэтгэл өндөр байгаа сурагтай. Харин “Ройтерс” зэрэг гадаадын хэвлэлийн агентлагууд түүнийг хэт үндсэрхэг үзэлтэн гээд уул уурхайн баялаг, орд газрыг төрийн мэдэлд байлгахыг тууштай дэмждэг хүн гэж дүгнэжээ. 2009 онд Д.Ганхуяг УИХ-ын гишүүн З.Энхболд,
Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн нарын хамт Ашигт малтмалын тухай хуульч нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж байлаа. 2011 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан гаргасан 57 дугаар тогтоолыг мөрдөөгүй хэмээн тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдыг зэмлээд шаардлага хүргүүлсэн 20 гишүүний нэг. 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг тэд гээр 20 гишүүн тухайн оныхоо 10 дугаар сарын 1-ний дотор гаргаж өгөхийг Ерөнхий сайдаас шаардсан байдаг. Шаардлага тавих болсон цаад шалтгаан нь зөвхөн Засгийн газрыг огцруулах зорилготой байсан нь 2011 оны 10-р сарын 21-ны өдрөөр нотлогддог. Анхлан нэгдсэн УИХ-ын 20 гишүүнээс Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Ц.Батбаяр, З.Энхболд, Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн Н.Батбаяр, Ц.Шинэбаяр нарын 9 нь үлдэж, бусад нь буруу хэрэгт ороолцолдсоноо мэдээд Засаг огцруулах тухай бичигт гарын үсэг зураагүй гэдэ г. 2012 онд Д.Ганхуяг УИХ-ын гишүүн байхдаа “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хууль”-ийг батлуулж чадсан санаачлагч.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр




АН-ын “МҮДН” фракцид харьяалагддаг, “Фортуна” хэмээгддэг Н.Батбаяр хэдийнээс л уул уурхайд харшилтай “эх оронч”. 2006 онд Лондонгийн Металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6 000 ам.доллараас давж, тухайн оныхоо эхэн үеэс 40 гаруй хувиар өсөх үед “Гэнэтийн ашгийн татварын тухай хууль”-ийн төслийг З.Энхболд, Ц.Дамиран нартай хамтран санаачлан батлуулсан хүн. Гэнэтийн ашгийн татварын тухай хууль батлагдаж, 68 хувийн татварыг аж ажуйн нэгжид ногдуулахаар болоход алтны компаниуд Монголбанкинд алтаа тушаахаа болиод хилээр нууцаар гаргаад зарчихдаг болсон юм. Улмаар ийм төрлийн гэмт хэргийн сүлжээ үүсч, алтны татвараа улс авч чадахгүйд хүрч байв. Алтны үйлдвэрлэл ч дагаад буурсан. 2011 оны 1 дүгээр сараас эхлээд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хүчингүй болох үед Монголбанкинд алтаа тушаах гэсэн компаниуд урт дараалал үүсгэж байсан нь уг хууль угаасаа хэрэггүй байсныг тод баталдаг. “Фортуна”-гийн санаачилсан тэрхүү 68 хувийн татварыг ганцхан Эрдэнэт үйлдвэр л үнэнчээр төлдөг байсныг иргэд сүүлд мэдсэн . Оюутолгойн гэрээгээр батлагдсан Монголын талын хувь эзэмшилтийг нэмэгдүүлэхийг шаардаж, бидний эзэмшдэг хувь 34 биш ердөө зургаан хувь хэмээн телевизээр сенсаацилаж байсан хүн одоо Эдийн засаг, хөгжлийн яамыг удирдана.

УИХ-ын дарга З.Энхболд




УИХ-ын даргаар сонгогдсон З.Энхболд товчхондоо Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг санаачлагчдын нэг. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Тогтвортой байдлын гэрээг хасахаар хуулийн төсөл санаачилж, Оюутолгойн гэрээтэй холбогдуулж гарсан УИХ-ын 40, 57 дугаар тогтоолыг үргэлжид ярьж, Засгийн газрыг огцруулах тухай гарын үсэ г зурж байв. Мөн “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хууль”-ийг санаачлагчдын нэг тэрээр энэхүү хуулийг батлуулснаараа дараах бэрхшээлийг бий болгосон юм. Уг хуульд эрдэс баялаг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, банк санхүү гэсэн дөрвөн салбарт ажилладаг аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалт гуравны нэгээс 49 хувь хүртэл байвал Засгийн газар зөвшөөрөл өгнө. 49-өөс дээш хувьтай байвал УИХ-аар хэлэлцүүлж зөвшөөрөл өгнө. Стратегийн аж ахуйн нэгжид гадны компанийн эзэмших хувь нь 49-өөс дээш бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс дээш байвал Засгийн газраас өргөн мэд үүлсний дагуу УИХ-аар хэлэлцэнэ. Гадаад эздийн эзэмшил 49 хувиас доош байвал хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн зуун тэрбум байсан ч УИХ-д хамаагүй, Засгийн газар шийднэ.



Гадаадын хувийн өмчит компани бол нэг хувь эзэмшихээр болсон ч гэлээ заавал Засгийн газраас зөвшөөрөл авна гэхчилэн заасан. Энэ хуулийн сөрөг талыг дурдвал:

1. Судалгаанаас харахад ийм хууль гарснаас хойших 10 жилийн дотор үйлдвэрлэл үйлчилгээ зогсон, экспорт импортын хэмжээ муудаж, далд эдийн засаг өргөждөг.
2. Уул уурхайд оруулж байгаа хөрөнгө оруулалтын асар их мөнгөн урсгалыг дагаж, банкууд томрох зайлшгүй шаардлага бий. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарынханд ч ийм шаардлага үүснэ. Томрохын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай ч энэ хуулиар тэдний хөрөнгө оруулалт хийж томрох нөхцөлийг хаагаад зогсохгүй, ажлаа хийхдээ Засгийн газрын гарыг гарах шаардлагатай болсон.
3. Аливаа зөвшөөрөл, бичиг баримтыг дагаж авлига, хүнд суртал ихэсдэг. Засгийн газар хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгодог болсноор авлигын сүлжээ үүсэх магадлал өндөр. Засгийн газрын гишүүд хэлэлцээ хийж авлига авах магадлалтай.
4. Монголд гадны хөрөнгө оруулалттай 514 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашлаад нэмэгдэх магадлалтай хөрөнгө оруулагчид, олон мянган орд, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг зохицуулахад Засгийн газрын үйлчилгээ хүчрэхгүй байх боломжтой.

2011 онд дээр дурдсан нэр бүхий 20 гишүүд нь Засгийн газарт тавьсан шаардлагаас үүдэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийх тухай яриа гарч байлаа. Улмаар Оюутолгойд хувь эзэмшиг “Рио Тинто” компани “Гэрээг өөрчлөх боломжгүй, цөөн хэдэн хүмүүс энэ гэрээг цуцалж, өөрчлөхийг хүсч байгаа нь Монголд хөрөнгө оруулагчдын итгэл алдрахад хүргэж болзошгүй” гэж мэдэ гдсэн юм. Үүнийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжиж, гэрээ өөрчлөгдөөгүй. Харин одоо байдал өөрчлөгдөж, З.Энхболд УИХ-ын дарга болчихлоо. УИХ-ын дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг. Одоо тэрбээр гэрээг өөрчлөхөөр зүтгэх нь тодорхой.

МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл




2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо МАХН-МҮАН-ы “Шударга ёс эвсэл” “Монголоо аврах таван хувьсгал” нэртэй мөрийн хөтөлбөр дэвшүүлж 11 суудал авсан. “Монголоо аврах таван хувьсгал” мөрийн хөтөлбөрөөс авч хэрэгжүүлэх болсноо АН, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл, ИЗНН-ынхан “Тунхаг” бичигтээ баталгаажуулсан байгаа. “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрийн “Эдийн засгийн хувьсгал” хэсэгт “Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ, төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө, Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэ лд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ” гэсэн байдаг. Одоо шинэ Засгийн газарт “Шударга ёс” эвслээс Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд М.Сономпил,  Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар багтсан. Ард түмэн, сонгогчдод амласан амлалтаа биелүүлж, дөрвөн жилийн дараа мөрийн хөтөлбөрөө сайнаар дүгнүүлэх намын даалгавраа энэ дөрөв тээж яваа нь тодорхой. 

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Монгол Улс татварын тухай хуулиндаа дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Ийм замналтай удирдагч нартай улс оронд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадныхан бий юу?! Улс төрийн эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Mongolian Mining Corporation-ы хувьцаа л гэхэд өнгөрсөн 6 дугаар сарын сүүлийн долоо хоногт түүхэн доод рекордоо хэд хэдэн удаа эвдээд байна.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг хэвлэлүүд Шинэчлэлийн хэмээн тодотгоод байгаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг 16 яам 19 сайдтайгаар өөрчилж, үүнийг дагаад 26 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, 15 агентлагийг татан буулгаж өөрчилж байгааг нь зөвхөн тийн тодотгоогүй байх. Гадаадын компаниудыг элдэв янзын татвар, хориг, хязгаарлалтаар зовоосноороо ашиг олж, ард түмнээ жаргааж чадах уу, шинэ Засаг. Эсхүл шинэ Засгаас ширвэж, шилээ харуулах нь олшрох уу?

С.Содбаатар, Д.Нямдаваа

Үндэстний ТОЙМ сэтгүүл. №134
2012 оны наймдугаар сарын 27.