Өөрийн бодолтой бай
Бас өөртөө итгэлтэй бай

Нэгдүгээрт:

    Хүн өөрөө амьдрах чадвартай байх ёстой. Юу гэсэн үг вэ гэвэл өөрийн бодолтой бай, бас өөртөө итгэлтэй бай гэсэн үг. Хатуу хүтүүг өөрөө туул гэсэн үг биш. Гэхдээ тийм юмыг хараад ойлгодог бай гэсэн үг. Хэрэв би хүнд байдалд орвол яах вэ? гэдгийг бодож бай гэсэн үг. Чи бүхнийг ганцаараа хийж чадахгүй ч гэсэн чадах бүхнээ өөрийн гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хий гэсэн үг.

Хоёрдугаарт:

    Хүн бусдын төлөө, бүх хүний төлөө үнэнч байж чаддаггүй юм бол ядаж өөрийхөө төлөө, гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийнхөө төлөө үнэнч байх ёстой. Тэднийхээ төлөө хийсэн бүхэн чинь, хийх гэж байгаа бүхэн чинь үнэн сэтгэлээсээ байх ёстой. Бас байгаа бүх бололцоогоо гаргах хэрэгтэй.

Гуравдугаарт:

    Бүх юм чиний хүссэнээр сайн сайхан байх албагүй. Юу ч тохиолдож болно. Гол нь чи амьдралын хүнд хатуу бүхний өмнөөс нулимс дуслуулан сууж хэзээ ч болохгүй. Хэн нэгнээс аврал эрээд ч хэрэггүй. Чамд тохиолдсон зовлонг хэн ч өөртөө үүрэхгүй. Чи өөрөө л хатуу чанга байж чадаж байж, зовлонг өөртөө сөхрүүлж чадна.

Эндээс чи гарч чадах урт богино олон зам бий. Харин чи аль нэгэн  замыг нь зөв гээд сонговол түүгээрээ эцсийг нь хүртэл яв. Бүх чадал, оюун ухаанаа дайчлаад яв. Тэгвэл чи гарч чадна. Түүний дараа чиний өмнө гэрэлтэй сайхан орчлон бий болно. Сайн юм байхад муу юм байдаг. Муу юманд ч бас сайн тал бий гэдэг.

Дөрөвдүгээрт:

    Ээж нь та нартаа хөвгүүддээ өөрөөсөө илүү хайртай гэдэг сэн. Аав нь ч бас адилхан шүү дээ. Үрдээ хайргүй хүн гэж хаа байх вэ. Гэхдээ зөв хайрлах ёстой. Хүн үрээ ухаантай хайрлаж байж сайн хүн, хөдөлмөрч хүн, жинхэнэ хүн болгодог юм. Зовлонгийн өмнө сөгддөггүй, жаргалд ташаардаггүй эр хүн болгодог юм.

Тавдугаарт:

    Хүнд юу ч тохиолдож болно. Хүнд хэцүү үе зөндөө байдаг. Тэр үед хүн аливаа муу юманд өртөх нь амархан байдаг. Та нар заримыг нь мэднэ дээ. Тухайлбал, аав нь арван хэдэн насандаа ээжийгээ, 50 шүргээд ханийгаа, ганц ахыгаа алдсан. Бас өвчин, өнчин ядуугийн зовлонг бишгүйдээ үзсэн. Тийм үед хүнд янз бүрийн муу бодол санаа зөндөө төрдөг. Түүнд автаж лавшруулж яасан ч болохгүй. Өөрөө өөрийгөө зөв жолоодож тэр бүхнээс гарч чадах ёстой. Чадахгүй бол чи цаашаа амьдрах хэрэггүй. Тэр нь дээр. Өөрөөр хэлбэл,  Чи амьдрах уу? үгүй юу? гэдгээ шийд гэсэн үг. Энэ бол хатуу боловч амьдралын жинхэнэ хууль юм шүү.

Зургаадугаарт:

    Мөнгийг хайрлаж яв. Тэгэхгүй бол цаана чинь задгай мөнгөө тоолж хүргэх амьдрал байгаа гэдгийг сана!    

Хайрлаж байгаа гээд өөрөөсөө гэр бүл, үр хүүхдээсээ харамлана гэсэн үг биш. Найз нөхөд, ялангуяа чамд хэрэгтэй, тус болдог тэр хүмүүсээсээ нарийл гэсэн үг ч бас биш. Хаана, хэзээ, хэнд, хэдийг зарцуулж чадах вэ гэдгээ л бодож байх маш чухал даа. Бас юуны төлөө, яагаад чи зарцуулах болсноо санах хэрэгтэй. Ер нь хүнд туслах хэрэгтэй. Гэхдээ хэмжээ бий шүү дээ. Хэрвээ та хоёр байраа сольчихвол цаадах чинь чамтай адилхан байх болов уу. Гэхдээ яах вэ хүн хүндээ тусална гэдэг муу ч юм биш л дээ. Ер нь л хүн бэлэн мөнгө ихтэй явах дэмий байдаг юм. Хэрэггүй юманд үрж, илүү зардал их гаргадаг. Хүн бодолтой амьдрах ёстой. Өдөр бүр орой унтахынхаа өмнө маргааш юу хийхээ мэддэг бай. Бас аливаа юманд эмх цэгцтэй бай. Энэ бол бүр их чухал.  

Батжаргалын БАТБАЯР