УИХ-ын энэ намрын чуулганаар Каир дахь Элчин сайдын яамыг хаалгах эсэх дээр санал хураалгахаар Засгийн газраас шийдэх гэж байна. Хэрэв УИХ “добро” өгвөл 1967 онд анх нээгдээд 46 жилийн нүүр үзсэн тэр ЭСЯ хаагдлаа. Каир дахь ЭСЯ маань ингэхэд Африк дахь цорын ганц, Ойрхи Дорнод дахь хоёр ЭСЯ-ны ахмад нь. 1960-аад онд анх Гвиней улсад (Конакри хот) ЭСЯ-аа нээж ажиллуулж байгаад хэдэн жилийн дараа хаасан байдаг.  Мали улсад (Бамако хот) ЭСЯ нээх шийдвэр гараад чимээгүй болсон, хожим нь Луандад (Ангол улс) ЭСЯ нээх асуудлыг шийдчихээд бас хэрэгжүүлээгүй, тэгж тэгж энэ Каир, Алжир хоёрт ЭСЯ ажиллуулж байгаад одоо Каир нь үлдсэн.



Би өөрөө Каирт төр улсаа төлөөлөн сууж байсан, нөгөө талаасаа тэр улсыг судалж мэдсэн, одоо ч судалсаар байгаа судлаач профессорын хувьд Египетэд өөрт нь учир шалтгаан байна, бүр хүндэтгэн үзэхээр шалтгаан зөндөө байна гэж үздэг. Тэр бол өрнийнхний ардчилал гэдэг шалгуураас хамаагүй өмнөө ойлголт. Бас Лалын ахан дүүс-ийн дундад зууны шашны тэр үзэл суртал–лалчлал, шариатчиллаас хамаагүй дээгүүр ойлголт. ВВС-ийн сэтгүүлч Юрий Журавель гэдэг хүн 7 шалтгаан тоочсоныг (BBC World, 16 Аugust 2013) би зөв зүйтэй гэж үзээд эшлэх гэж байна. Гэхдээ дотор нь миний нэмэлт тодруулга нэлээдгүй орлоо.

Египет бол Араб ертөнцдөө хамгийн их хүн ам бүхий улс. Энэ сэтгүүлч 82 сая хүн амтай гэж бичсэн байна. Хэвлэлүүдэд 83 сая, 85 сая гэж бичсэн нь бий. Ямар ч гэсэн хүн амын тоогоор Арабтаа нэгдүгээрт, Африкт гуравдугаарт бичигддэг. Нийт арабчуудын 4-ний 1 нь Египетэд буй. Сири, Ирак, Саудын Араб гурав нийлээд Египетийн хүн амд хүрэн алдана. 25 хүртлэх насны залуучуудын тоогоор мөн л Египет толгой цохино. Залуужсан нийгэм, тэгэхдээ улс орон, бүс нутагтаа хамгийн их нөлөө үзүүлэх нийгмийн хэсэг нь тэд гэж хэлж байгаа хэрэг.

Египет бол бүс нутгийн гол улс. Бүс нутгийн гүрэн. Арабын ертөнцийн зүрх. Гамал Абдель Насерын үед панарабизмын үзэл суртлын төв нь байсан ба Анвар Садатын үед Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоон сахиулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн улс. Хөрш орнууддаа сайнаар ч, муугаар ч Египетийн нөлөө айхтар тусна. Хэрэв ардчилал дээр бат зогсож, түүнийг мөрдөж чадвал Арабын ертөнц дагаад ханарч ч мэднэ. Арабын ертөнцийн шинэ эрин үеийг Египет л нээнэ. Армийн ч бай, шашны ч бай диктатур удлаа л бол бусад хөршүүд нь мад сууна. Египетийн хүчирхэг армийг энд орхигдуулж ер болохгүй. Дэлхийд дээрээсээ 11 дүгээрт эрэмблэгдэх арми. Өөрийнхөө төдийгүй Булангийн ба Улаан тэнгисийн арабын улсуудын аюулгүй байдлыг  Египетийн хүчирхэг арми л хангана.

Суэцын суваг гэж чухал хөшүүрэг зөвхөн Египетэд л бий. Олон улсын худалдааны урсгалын 8-12 хувь, далай тэнгисийн чингэлэгт тээврийн 22 хувь нь энэ сувгаар дамждаг. Ази–Европ, Ази–Америкийг холбохдоо энэ суваг далайн тээврийн маршрутыг мянган бээрээр хорогдуулдаг. Хэрэв Египетэд улс төр ганхвал Суэцын суваг хаагдах, дамжин өнгөрөх тээвэр эрс багасах, дэлхийн худалдаанд алдагдал учрах гээд эрсдэл дагуулна. 1956, 1967, 1973 оны дайнуудад Суэцын суваг хэлмэгдэж, бүр 8 жил хаалттай байсан үе бий.

Египет бол Ойрхи Дорнодын энх тайвны баталгаа. 1970 оноос төр барьсан Анвар Садат хэмээх аугаа улс төрчийг Египет төрүүлжээ. Тэрээр Ойрхи Дорнодод энх тайван тогтоохын төлөө ихийг хийсэн. Панарабизмаас зоригтой татгалзсан. Ялалтгүй дайнаас татгалзаж израильчуудтай хэлэлцээний ширээнд суусан. Иерусалимд түүхэн айлчлал хийсэн, Кнессетэд түүх үгээ тавьсан, Менахем Бегинийг Египетэд айлчлуулсан, Кэмп-Дэвидийн энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн, арабын бусад улсуудад адлагдсан, 1981 онд исламистууддаа алуулсан. Хосни Мубарак түүнийг залгамжлаад Кэмп-Дэвидийн энх тайвны хэлэлцээрт үнэнч явсан.

Явж явж Арабын ертөнцөөс хань хамсаатан хайя гэвэл түүхэндээ Египет л өрнийнхний ганц шалгарсан холбоотон нь болж таарна. Анвар Садат 1970-аад онд СССР-ээс зайгаа барьсан ба 1972 онд зөвлөлтийн цэргийн зөвлөхүүдийг буцааж, СССР-тай байгуулсан Найрамдлын гэрээгээ 1976 онд цуцалсан. 1980-аад он гэхэд тус улс АНУ-ын гол холбоотон болж, АНУ-ын тусламж цутгасан. Египетийн арми хамгийн орчин үеийн арми болсон.

Египет бол Арабын ертөнцийн соёлын гол төв. Ертөнц дээрхи хамгийн эртний иргэншлийн өлгий нутаг. Манай эриний өмнөх 10 дугаар зуунаас түүх нь бичигдэнэ. Египетийн эртний түүх дурсгал хосгүй, юутай ч зүйрлэшгүй. Арабын ертөнцийн соёлын загварыг Египет л тодорхойлж хуульчилж ирсэн. Соёлын хөтөч нь гэвэл Египет л байна. Египетийн араб хэлээр бусад арабын орнууд хэлний бодлого чиглэлээ тодорхойлно. Египетийн утга зохиол, уран зохиол, яруу найраг, хөгжим, кино, зурагт Арабын ертөнцийг соронз аятай татан дагуулна. Нобелийн утга зохиолын шагналыг араб ертөнцөөс 1988 онд египетийн Нагиб Махфуз хүртсэн. Египетэд сансрын хиймэл дагуулын 30 телесуваг байгаа нь Арабын ертөнцийн мэдээллийн гол эх сурвалж. Жилдээ 100 гаруй уран сайхны кино бүтээж араб ертөнцийн тархийг угаана.

Даян дэлхийн аялал жуулчлалын үндсэн чиглэлийн нэг нь Египет рүү заадаг. Энэ улсын баялаг ихтэй соёлд жуулчид унаж үхдэг. Гиза дахь их Сфинкс, пирамидууд, Мемфисийн туурь, Карнак, Луксор дахь сүмүүд, Улаан далайн эргийн олон арван курортууд, тэгээд бүр хамгийн хямд үнэтэй гээд жагсаагаад байвал барагдахгүй.

Энэ бүхэн Лалын ахан дүүс-ийнхний тулгасан тэр дундад зууны үзэл суртал, лалжсан нийгмийн байгуулал, лалчлал, шариатчиллаас хамаагүй аугаа биш гэж үү? Ийм аугаа орныг шашны хар там болгож сүйрүүлэх гэсэн исламистуудад хандаж генерал Сисигийн хэлсэн мэргэн үг байна (Egypt army chief al-Sisi: Room for all in Egypt, BBC World, 18 August 2013) Би тайлбаргүй эшлэе.

Мурсийг огцруулаач гэж сая сая египетчүүд шаардаад байхад цэргийнхэн оролцохоос өөр арга байгаагүй шүү дээ!

Манай эх орон нуран унаж, манай иргэдийг  террористчилж байхад бид нүдээ аниад чихээ бөглөөд сууж байна гэж бодоо юу?

Египетэд бүх хүнд орон зай олдоно. Харин улс оронд хүчирхийлэл дэгдэж, дусал цус урсвал цэргийнхэн бид тэвчихгүй, эвлэрэхгүй!

Өнөөгийн хямралыг тайван замаар шийдвэрлэх олон боломжийг бид олгосон шүү дээ! Бид өмнөх дэглэмийн талынханд хандан ардчиллын замыг сэргээж, улс төрийн үйл явцыг зөв замд нь оруулъя гэж хангалттай уриалсан. Мөргөлдье, Египетийн төрт–улсыг нураая гэж хэзээ ч уриалаагүй ээ!

Хүчирхийлэх явдал дахин гаргуулахгүй шүү!



Эндээс ямар дүгнэлт хийх нь уншигч Таны эрх. Аюулгүй байдлын үүднээс Дипломат төлөөлөгчийн газраа хаах, нээх асуудал аль ч улсад тохиолддог тул энд би ямар нэг үзэл бодол тулгахгүй. Харин Кувейтээс Арабын бусад орныг хавсруулах гэвэл цаад улсууд нь сүрхий ундууцаж мэднэ гэдгийг анхааруулах нь зөв болов уу.