Дэлхийн шоу бизнест Латин Америкийн дуу хуу­рыг үнэд оруулж чад­сан гол төлөөлөгчийн нэг бол Рики Мартин. Түү­нийг үеэ өнгөрөө­сөн, ид үе нь ард хоцорсон гэж өөрийнхөө­рөө дүгнэх хэ­сэг бүлэг байх. Гэвч нэ­гэнт цомог нь бүх цагийн үеийн хам­гийн борлуу­лалттайгаар тодорч л байсан бол на­сан турш­даа бүр таалал төгссөн хойноо ч од хэ­вээрээ үлд­дэг бичиг­дээ­гүй хууль бий. Грэммийн шаг­нал­тан түүнийг Авст­ра­лиар аялан тоглох тухай тав­дугаар сард хэв­лэлүү­дээр нь бичиж, ба­га­гүй шуугиж байсан юм билээ. Мэдээж дэлхийн од түү­ний тоглолт сонин байж таарна. Түүнээс гадна АНУ-ын "X factor" шиг Австралийн "Voice" нэвт­рүүл­гийн шүүгчээр сууж, эндэхийн үзэгчдийн хайрыг татаж чадсан уч­раас австраличууд түүний тоглолтыг бүр илүүтэй хүсч хүлээж байжээ. Дэл­хийн 60 гаруй оронд аялан тоглож байсан тэр­бээр арваад жилийн дараа дахин Австралид аялан тоглосон нь энэ. Энэ аравдугаар сард  Авст­ралийн таван том хотод тоглолтоо толи­луулж байгаа бөгөөд Өм­нөд Авст­ралийн нийслэл Аделейдэд ирэх үед тог­лолтыг нь үзсэнээ уншиг­чидтайгаа хуваалцаж бай­на. Өмнө нь манай сонин Женифер Лопе­сийн Шанхайд болсон тоглолтыг сурвалжлан хүргэж байсныг уншиг­чид санаж буй биз ээ.

Тасалбар дээрээ 19.30 цагаас гэж товло­сон  ч дэлхийн хэмжээний одыг хүлээх нь ёс мэт зүйл хэмээн эндэхийнхэн яри­на. Тогтсон цагаас гучин минутын өмнө тоглолт болох газарт хүмүүс би­түү цугларч, Рики Марти­ны цомог, нэрийг нь бич­сэн уут, зурагт хуудсыг авахаар хүмүүс дугаар­лан зогсоно. Цомог нь 30 австрали доллар, даа­вуун уут 20 австрали дол­лар гэх аж. Тэрбээр 70 гаруй сая цомог борлуул­сан уран бүтээлч билээ.

Үзэгчдийн хувьд дийлэнх нь эмэгтэйчүүд. Тэр дундаа нас тогтсон нь элбэг байх юм. Гэхдээ Австралид ямарваа нэгэн тоглолт болоход залуу­чууд нь гэхээсээ нас тогт­сон үеийнхэн хамгийн ихээр үздэг гэх юм билээ. Бас бааранд ороход за­луучууд биш нөгөө ажил­тай албатай, орлоготой тэр насныхан л байдаг гэж байгаа. За энэ ч яа­хав, Рики Мартины галзуу улаан фэнүүд хүүхнүүд байсаар ч ирсэн, бэлгийн чиг хандлагаа өөр гэж зарласан ч тэд үнэнч хэвээрээ үлджээ гэмээр. Дуучны талаар товчхон өгүүлбэл, Рики Мартин Өмнөд Америкийн Пуэрто Рико улсаа мөн Lатин Америкийн урла­гийг дэлхийд хамгийн тодоор харуулж чадсан уран бүтээлч юм. Латино урсгалыг үнэд хүргэж чад­сан нь түүний гавьяа.

Түүнийг бага байхад эцэг, эх нь салж авга эмээгийн­хээ асрамжид  өссөн байна. Аав нь түүнийг есөн настай байхад нь анх телевизийн рекламд тоглуулснаар урлагийн хаалгыг татсан байдаг.  Тэрбээр 13 настай байхдаа тухайн үедээ ихээхэн нэр хүндтэй "Менудо" хэмээх хөвгүү­дийн хамтлагийн гишүүн болов. Нас бага, намхан гэж гологдож байсан ч түүний тайзан дээр биеэ авч яваа байдал, жүжиг­лэлт нь продюссорын анхаарлыг эрхгүй татаж байсан тул шинэ гишүүнээр  тодорсон аж. Балчир хөвгүүн хамт­лагтайгаа маш олон улс орноор аялан тоглож, арав гаруй цомгийг гаргасан байна. Ачаалалтай, байн­гын аялал, тог­лолт дунд өсвөр насаа өнгөрөөх­дөө 18 насанд хүрэхийг л яарч байжээ. 17 нас хүрээд хамтлагаа­саа гарч, нутагтаа очиж сургуулиа төгсгөсөн бөгөөд жилийн дараа 18 нас хүрээд АНУ-ыг зорьсон байна. Хүүхэд ахуй цагтаа хөдөлмөрлөж олсон мөнгөө зарцуулах эрхтэй болмогцоо тэр мөрөөдөл болсон АНУ-ыг зорьжээ. Багагүй хуга­цаанд чармайн зүтгэ­сэн тэр ерээд оны дунд үеэс тодорч эхлэх болов. Түүнийг мэд­дэггүй байсан олон хүн 1998 оны Францад бол­сон хөлбөм­бөгийн ДАШТ-ий дараагаас андахаа байсан билээ. Дэлхийн аваргын тэмцээний сүлд дуу "Livin La Vida Loca"-г ч түүний тоглолтыг үзэх­дээ сонсч чадна гэж най­даж байсан маань талаар болоогүй билээ.

Эхлээд Австра­лийн нэрд гарч яваа дуучин нэлээд хэдэн дуу дуулж, үзэгчдийг доргиосны дараа зав­­сарлага болов. Өнөөх од маань хэ­зээ гарч ирэхийг үзэгч­дийн хэн ч мэ­дэх­гүй. Гэхдээ тэд үүд рүү гарч, энд­хийн­хэн үзвэр бүртээ ёс мэт болсон зан­шил ёсоор цагаан, улаан дарсаа барь­саар орж ирнэ. Дарс хийх зориулалтын гоёмсог хөлтэй хун­дага нь шилэн биш, нэг хэрэглээнийх. Аде­лейд хотын бү­хий л том соёл, спор­тын арга хэм­жээ бол­дог "Adеlaide Enter­tain­ment centre" 12 мян­ган хүний суудалтай юм билээ. Анх орж ирэхэд Миланы Ла Скалад ороод ирсэн мэт сэт­гэгдэл төрөх нь улаан хүрэн сууд­луудтай, тэр нь нэлээд огцом дээшээ засагд­саных байх. Рики Мартин үзэгч­дийг бас ч тэгтэл чилээсэнгүй. Тээр алсад испани хөг эгшиг цуурайтах шиг болонгуут л хүмүүс алга ташаад эхлэв. Шахам­дуухан засагдсан шиг санагдаж байсан тайзыг тусгаарласан цагаан хөшиг гэнэт унаж, бөөн гэрэл дундаас өнөөх Рики Мартин цав цагаан хослолтой дуулж эхлэ­хэд танхим тэр аяараа орилсон. Сүүлийн синглдээ багтсан "Come with me"-гээ дуулсныхаа дараа "Livin La Vida Loca"-гаа дуулж хүмүүсийг бүр хөөргөөд авлаа. Түүний тоглолт эхнээсээ л халуу­хан болж байв. Оргилуун цоглог. Үзэгчдийг дор­гиох, халаах шаард­лага ерөөсөө байхгүй үзэгчдээ хүндэлсэн даруу байдал нь, бас маш их эрч хүч нь найрсч нийлэхээ­рээ арав гаруй мянган хүнийг дор нь босгож байх шиг санагдсан. Тэгээд ч бүх дуу­нууд нь хүмүүст хүрч, танил болсон байдаг боло­хоор хит дуугаа төгс­гөлдөө дуулна гэж нөөцөлдөггүй ч юм уу гэмээр. Нэг дуу дуулаад жижиг боловч хувцас солих ажил­лагаа заавал хийнэ. Нэг хантааз сольж өмсөх ч юм уу, тайлах зэр­гээр өөрч­лөлтүүдийг хоёр дахь дуунаа­саа л хийгээд явчих юм билээ. Тэгэхээр түүнийг нь үзэгчид аяндаа хүлээж, дараагийн дуунд юу өмсч гарч ирэх бол гээд хүлээгээд эхэлчихэж бай­гаа юм. Тэрбээр хар бариу цамц, нарийхан өмд, ув улаан гутал, бас хоёр гарын бул­чин дээрх шивээс нь ил хараг­дах савхин хантааз, бас өмдөн дээр урт цамц юм уу, хормой­той ч юм уу гэж харагдах цамц, саан оруулга гээд олон өвөр­мөц хувцас өмссөн бай­сан. Гэхдээ бүгд түүнд гайхалтай зохиж байсныг хэлэх хэрэг­тэй. Түүнийг энэ тоглолтын турш 10-15 удаа хувцсандаа өөрчлөлт хийсэн талаар эндэхийн хэвлэл дээр бичсэн билээ. Гэхдээ ихэдсэн мэт сэтгэг­дэл төрүүлэхгүй бага, багаар шилжилт хийж хувцсаа сольдог нь анзаарагдаж байсан. Ер нь Рикигийн тоглолт эр, эм бүжигчид төдийгүй хөгжимчид нь ядаж нэг удаа хувцсаа сольдгоороо бусдаас ялгагддаг гэх. Тэрээр нэг дуун дээрээ бүсгүйчүүд түүнийг эргүүлж харин өөрөө тоохгүй явж байгаа зохиомж гарган бүжиглэн­гээ дуулж байв.

Өнгөрсөн он жилүүдэд тэр өөрий­­­­гөө ижил хүйстэн гэж мэдэгд­сэнийг эс тооцвол түүнтэй холбоо­той элдэв сөрөг мэдээлэл ховор оддын нэг. Хүмүүнлэгийн ажил олныг хийж, хүүхдүүдийн сайн сайхны төлөө багагүй хөрөнгө зарж ирсэн. Тэрбээр 2010 оны гуравдугаар сард өөрийн вэб хуу­дас дээрээ "Би хувь төөргөөрөө ижил хүйстэн нэгэн болж төрснөө хэлж буйдаа бардам байна" гэж бичсэн нь багагүй дуулиан тарьсан билээ. Тэрээр Мехсикийн телеви­зийн хөтлөгч бүсгүйтэй 14 жилийн турш дотно харилцаатай явж ирж, 2005 онд хоёр тийшээ болсон бөгөөд 2008 онд үр тээгч эмэг­тэйгээс хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Харин өөрийнхөө олон жилийн турш нууцлан явж ирснээ дэлгэх болсноо "Би хүүхдүү­дийн­хээ өмнө хуурмаг амьдрахыг хүсээ­гүй" хэмээсэн байдаг. Од болох зам нь нээгдэх он жилүүдэд эмэгтэй биш эрэгтэй хүнд татагддагаа тэр мэ­дэрсэн бөгөөд түүнийгээ өөрчлөх гэж, хэл амнаас айж багагүй он цагийг алдсанаа сүүлд ярьсан бай­даг. Тэрбээр өөрийнхөө бэлгийн чиг хандлагаа зарласны дараа чөлөөлөлтийг мэдэрсэн бөгөөд дахиад арван жилийн өмнө үүнийг дэлгээгүйдээ харамсч халаглаж байжээ. Гэхдээ тэр хэн гэдэг нь хэнбугайд ч падгүй, зөвхөн гайхал­тай уран бүтээлч гэдгээр нь үзэгчид түүнийг хайрлаж байгааг тоглол­тынх нь үеэр мэдэрч байсан. Тэ­рээр шинэ залуу уран бүтээлчдийг гаргаж ирэхдээ хоёргүй сэтгэлээр дэм болдог нь австраличуудад ихээхэн таалагдсан гэдэг. Өөрийн­хөө тоглолт дээр түүний багт бай­сан залуу дуучин Лук Кенниди, Катерина Торрес нартай хамтран дуулсан нь ёстой "алаад хаясан". Тэрбээр тайзныхаа дороос гарч ирэх найруулгыг энэ тоглолтдоо ашиглажээ. Үсрээд тайзан дороос гарч ирэх бөгөөд доод тавцан хаагдах үед тэр газардаж таарах жишээтэй. Бүх үзэгчдээ босгож, бүгдийг нь ижил хөдөлгөөнөөр бүжиглүүлж чадна гэдэг шоу биз­нест хүч үзэж яваа хүмүүст амаргүй л даваа байх. Гэхдээ тэр чаджээ. Түүний тоглол­тын талаар эндхийн хэвлэлүүд бичсээр л байна. Нэгэн сэтгүүлч бичихдээ "Тэр хэзээ ч секси байх гэж оролдож, дүр үзүүлж байгаа­гүй. Тэр зүгээр л заяанаасаа тийм" гэхчилэн дүгнэсэн харагдана лээ. Рики Мартин  хувцсаа солих гээд тайзыг хэсэгхэн орхих үед том дэлгэцнээ бичлэг гарч эхлэв. Шивээснүүдийг нь тооцвол өмссөн зүйл байхгүй энэхүү зураг авалт эртний грекчүүдийг санагдуулам. Тал талаас өнгө өнгийн будаг цацарч, биед нь наалдаж байгаа мэт компьютерийн аргаар бэлд­жээ. Харин бичлэг дуусахад улаан будаг цацарсан мэт цамцтай Рики Мартин гарч ирэх жишээтэй. Тог­лолтын найруулга нэг иймэрхүү. Гэхдээ манайх шиг тэгтэл их нүсэр, удаан үргэлжилсэн тоглолт бол­доггүй бололтой. Тоглолт нь ердөө нэг цаг хагасын хугацаанд болсон. Энэ хугацаанд тэр амсхийлгүй бүжиглэж дуулсан. Өнөөх л урьд нь бичлэгээс харж байсан гоёмсог хөдөлгөөн, бүжгээ эрч хүчээр дүүрэн хийсээр. Хоёр залуу од хамт дуулсныг эс тооцвол түүний тоглолт түүнийх л байдаг аж. Сүүлд нь нэг алга ташуулж гарч ирээд ганц сайн бут ниргэж өгөөд талархлын үгсийг харамгүй хэлээд төгсгөж байсан.

Түүний хөгжимчид бүжигчдийн ёсолгоо харин өнөөх нэртэй одоо­соо давсан бардам болж байсныг хэлэх нь зөв байх. Рики Мартинаа­саа удаанаар тайзан дээр ёсолгоо хийж, бөмбөрчин нь цохиураа үзэгчдэд дурсгал болоод шидчих юм билээ. Хүний нүд цохичихоогүй байгаа гэж санаа зовсон шүү. Гэхдээ өнөөх хэд нь баярлалдаад авч байхыг харвал гайгүй бололтой. Нээрээ тасал­барын хувьд үнэ нь 99 австрали доллараас эхэлнэ. Тэгээд 150 болж, тайзанд ойртох тусам үнэ нь 500 гэх мэтээр нэмэгдсээр оройн хүлээн авалтад хамт орж, зургаа татуулах гэх мэт нь 1000 доллар болж өснө. Рики Мартины тоглолтыг үзсэнээ уншигчдадаа үгээр товч боловч дүрслэхийг оролдлоо.