“Агаар саатах”-гүй бол төдний дотор ургацаа хураа­чих­маар гэх хэллэгийг залуу­чууд эрх биш ойлгодог биз ээ. Энэ удаа газар тариалан ба ургац хураалтын явцын тухай бичих гээгүй.

Тариа ногооны хувьд мал­чин монголчуудын зарим нь  тариачин болсон нь ХХ зууны эхэн үеэс хамаатай. Хожим “Атар” газар шинээр эзэмш­сэн 1960-аад он гэхэд өнөө­гийн Төв, Сэлэнгийн бүс дэх иргэдийн бараг тал нь тариа, ногоо иддэг, ургуулж сурчих­сан байв. Орос тариачид Сибирь, Буриадаар дамжаад Монголд нутагшихад халх­чууд тэднийг дуурайн газар тариалангийн амтанд орсон. Тэгэхлээр Монголын тариа ногоо орос “школ”-той, улир­лын шинж чанартай. Хаврын улирлын төгсгөлөөр тарьж, намар эхлэнгүүт ургуулсан ургацаа  бушуухан хурааж авдаг. Зуны 100 өдөрт амжуу­лах уг бачуу хөдөлмөрийн арга барил Хятад болоод дулаан орны газар тариалан­гаас өөр, харин Сибирь, Ура­лынх­тай адил. Орос Монго­лын газар тариалангийн сал­бар нь бүтэн жилийн турш амьдрах хоол хийгээд орло­гын хувь заяаг намрын хэдхэн хоногт шийддэг маш эрсдэл бүхий амьдралын хэв маяг юм. Үүн дотор “Агаар саатах” гэгч нь тэр чухал өдрүүдэд юу ч хийхгүй шал дэмий хүлээж сууцгаадаг гай хөөтэй цаг хугацааг хэлдэг дээ.

Түүн лүгээ хүмүүний амьд­рал бас монгол тариалантай их төстэй юм. Манай өнөө­гийн нөхцөлд бие хүн 20-30 насны ид үедээ л бүхнийг зэрэг эхлүүлэх  боломж олд­дог. Гэтэл залуус цагийг их үрэлгэн өнгөрүүлж байна. Мөн түүнээс гадна энэ үеэр  “агаарын саатал” ч их гарах юм. Болчимгүй зан авир, ааг омог дотроос ид хатгадаг нас. Бүр гай тохиож хэрэг төвөгт ч орчихоос сийхгүй. Хүн бүрт тохиолддог юм биш л дээ. Үүнийхээ горыг амсах бол-чихвол хүсэх юм биш. Бүр өчүүхэн замын хөдөлгөөний дүрэм зөрчих төдийд “адгийн зарга арав хоног”-оор саатуулна.

Дараагийн саатал бол эрүүл мэнд. Ханиад нусгай тусахаас эхлээд эдгэхгүй ужиг өвчинд баригдваас эрхэлж буй ажил сургуулиа шууд орхихоос өөр аргагүй. Эмнэ­лэг, эмч царайчлан цаг хуга­цааг элээх зуур бусдаас хо­лоо хаягдах нь тэр. Эхнээсээ л зөв хэвшилтэй, эрүүл мэнд хийгээд хууль ёсыг сайтар анзаарч яв гэж амьдрал сануул­саар ирсэн. Дээрх хоёр “саад” бол ёстой ямар ч хэрэггүй новш юм даа.

Гурав дахь үндсэн сатаа­рал бол тойролгүй дайран өнгөрүүлдэг эрдэмд суралцах хугацаа юм. Хаа нэгтээ дор хаяж дөрвөөс доошгүй жил шавилан сууж сураг алдрах. Одооны боломжтой айлын хүүхдүүд сураад л бас дахин сураад л... Буруу ч юм байхгүй л дээ.

Хүүхэд байхад  ширээний ард шомбойтлоо сууж эрдэм номондоо шамдалгүй яахав. Харин оюутан гэгдэж байх үед л юм юм давхцдаг. Сурах, айл гэр зохиох, мөнгө орлого олох, нэр төртэй болох, ажил албан тушаалд зүтгэх улир­лыг  дараа нь гэж хойш­луулш­гүй.

Их дээд сургуульд элсэх, цэрэгт татагдах зэрэг мөн­хийн залуу байх юм шиг явж байх хоорондуур хамаг юм­наас хоцорсон олон жишээ бий. “Ичнээ” Дэндэвээр жи­шээ авъя. Энэ нөхөр бидний залууд орой үдшийн цагаар лам аятай нөмгөн хоймроо завилчихсан, өмнөө баахан судар дэлгэж сүржигнэдэгсэн. Судар ч биш ээ. Англи орос хэлний толь бичиг байна. Мань эр зав л гарвал ном сонин  уншина. Шүлэг бас бичдэг гэсэн. Янз бүрийн юм зохиож эрэг шурагтай ноцол­до­но. Зүгээр ер суухгүй. Өөрөөр хэлбэл байнга сурал­цаж явдаг нэгэн. Тэгсэн мөрт­лөө арав л төгссөн байв. Хүүхэд байхдаа бөх болно гээд багш дээр очиж байсан нь санаанаас гардаггүй. “...за Дэндэвээ эхлээд унаж сурдаг байхгүй юу...” гэхэд багшийн өөдөөс “Үгүй ээ эхэлж давж сурмаар байна” гээд зөрдөг лүд байгаа юм. “Чи өсч том болоод бяртай болчихвол дуртай хүнээ хаяна шүү дээ” гэхэд Дэндэвийн санаа сая амарч “Тэгвэл тэр болтол өөр юм оролддог хэрэг ээ хө” гээд гараад явчихаж билээ. Хожим Дэндэв юм юмыг л амжуулсан байсан. Нэг хэсэг бөх ч барилд­сан байх. Сургууль соёлын хувьд хүүхдүүдээ оюутан болохоос арай өмнө­хөн дээд сургуулийн босго алхаж багш нарыг хөдөөнөөс хөгшин оюутан  ирээд тамлаж өгсөн сураг дуулддаг.

Амьдралд дүн тавиад эхэлдэг тавиад насны босгон дээрээс одоо харжээ байхад манай Дэндэв л “агаарын саатал”-д өртөлгүй амьдар­чихжээ. Түүний дайчин зам­налд “Тэгэхэд л дэмий юм хийж цаг алдаагүй бол ингэх байсан юмсанж” гэчихээр юм алга. Өнгөрсөн хугацаанд насаараа боломжийн хурган дарга хийж байснаа зах зээ­лийн эхний өдөр л босс бол­чих­сон хүн. Өмч хувьчлалаас гомдохооргүй хувь хүртсэн. Яваагүй үзээгүй газар байх­гүй. Хүмүүс түүнийг андахгүй. Энгэрээрээ дүүрэн одонтой юм билээ. Одоо тэгээд хүүхэд шуухад нь тусдаа гараад явчихсан. Хөгшинтэйгээ хамт жаргаад л хэвтэж байна. Өөр яах юм. Ойрмогхоноос жаа­хан балгаад байгаа гэнэ. Одоо л ууж иддэг нас байсан юмсанж. Тосоор гоож гэж. Бид чинь залуудаа сурч байна гэж шоудацгаагаад биегүй болт­лоо гударцгаасан. Өнөөдөр айлын найран дээр хөнгө­лүүл­сэн хурга аятай айраг ч ууж чадахгүй сэржим өргөөд хурнийж сууна. Ичмээр юм.

Манай найзын охин гэж номонд нэвтэрчихсэн хүүхэд бий. Одоо нас нь бас нэлээд явчихлаа даа. Гуч хол гарч байгаа байх шүү. Хүнтэй суу­гаа­гүй, хүүхэд шуухадгүй ганц бие. Хар нялхаараа Америк явж магистр доктор юу юу ч болов доо. Саяхнаас Мон­гол­доо ирж ажилд орох юм болов. Нуль эрдэмтэй энэ хүүхнийг шинэ төр засаг хадаг барин угтаж сайдаас дээш  албанд зүтгүүлэх байх гээд баахан хүлээв. Сүүлдээ өөрөө гүйж ажил хайтал хийчихмээр алба болгон дээр ажил сурагласан барууны орны диплом барьсан охид хөвгүүд арзаганаж байна гэнэ шүү. Ийм арван хүүхэд ганц орон тоон дээр өрсөлдөнө. Тэгээд бусад нь яах болж байна даа.  Залуудаа Монгол­доо, улсад ажил алба хашиж олонтой байж үзээгүй түүнийг энд таних хүн байхгүй.   Ядаж байхад өнөөдөр боловсро­лын үнэ цэнэ ханш ингэтлээ доошоо унах ч гэж. Энэ “но­мын цагаан солиот”-ыг ажилд авдаг газар манайд л лав алгаа. Одоо мөн л хашрахгүй дахиад сурна явна энд хэрэг алга гээд муу хөгшнийг зовоож байна лээ. Эхлээд эндээ ажиллаж жаал зүг­ширс­ний дараа гадагшаа явахыг тооцоогүй нь алдаа болжээ. Эдний амьдралыг хараад бид чинь яах гэж сур­гууль соёлд тэмүүлдэг билээ дээ гэсэн дэмий бодол төр­сөн юм даа. Залуус “хүнд үзүүлэх” юмны хойноос хөө­цөл­дөөд ямар л бол ямар дипломыг гадаад дотоодгүй цуглуулж ээ дээ янз нь. Сур­гуульд сураад дэмий гэж байгаа юм биш.

Багын л урлаг, спортод дажгүй байх шиг байсан бол яг одоо цааш жаахан яваад үз. Яах ч юм билээ. Энэ сэдэв одоохон нас гуч хүрмэгц чамаас аяндаа холдон одно.

Санамсаргүйгээр дуртай хобби, сурч байгаа мэргэж­лийн ажил гараад ирвэл яваад оч.  Бизнесийн хувьд гадуур юу их үгүйлэгдэж буй талаар мэдээллийг байнга уншиж, судал. Хүмүүс хийх дургүй ч чиний хувьд боломж­той ашигтай  ажил бишгүй л тааралдана. Өөрийг чинь сайн мэдэх ойр дотнынхноос “Би ер нь юундаа сайн бэ?” гэж асуу. Оюутан байхдаа ирээдүйд эзэмших мэргэж­лийнхээ анхан шатны ажлыг голохгүйгээр давхар хийх их сайн. Инженер болох хүн амралтаараа аль нэг бай­гуул­лагын “хар ажилчин” нь болоод тракторыг нь бариад явж байх жишээтэй. Цаашид ашигтай ирээдүйтэй “нүх”-ээ олсон бол заавал тэр танхи­мын сургуульд шигдэж яах гэсэн юм. Чөлөө ав, хойш­луул, орой, эчнээ болго. Харин сургуулиа хаяж болох­гүй. Суралцангаа давхар ажил­ла. Төгссөн хойноо ч дараагийн шатны боловс­ролыг өөртөө болон ажил хамт олондоо төвөг учруу­лахгүйгээр үргэлжлүүл.

“Халуун зунаар саалиа хаяад...” гэгчээр олон залуус алтан үеэ оюутан гэх хувхай гуйлгачингийн ертөнцөд өнгө­рүүлдэг. Тэнд бэлэн гой­мон, буцалсан усаар дөрөв, зургаа, түүнээс ч дээш жилээр аж төрөөд дараа нь хүсээгүй үр дүнд хүрч, дэлгүүрийн лангууны ард зогсдог болсон нь гол харамсал юм. Энэ бол мөн ч хорлонтой “агаарын саатал”. Хожим зах зээлийн нийгэмд байр сууриа тохи­жуу­лах гээд гүрдийж байхад “айхтар айлын хүүхдүүд” аль хэдийнэ босс болчихсон “За одоо Америк явж сурдаг ч юм билүү” гэх нь атаархмаар.