Азиз Несины нэг өгүүллэг байдаг даа. Цоо эрүүл хүнийг хотын даргаар  сонгоод орхихоор л галзуурчихдаг тухай. Тэр хотынхон өнгөтэй өөдтэй болгоноо даргаболгоод дуусгасан түүхийг тэнд өгүүлнэ.

Манайд ч ялгаа алга. Гудамжинд явахдаа биднийгээ сорлож явсан хэсгийг  дээш нь сонгож хөнөөсөөр сайн хүний нөөц ч багасч байх шиг байна аа.

Сүүлийн хорин жилийн ардчиллын түүхийн нэг хэсэг нь сайн нам, сайн гишүүн хоёрыг хайсан эрэл байлаа. Сонгууль бүрийн өмнө  бидний дундаас хүний дээдүүд тодорч эхэлнэ. Өөрийгээ сайн хүн болохыг өөрөө мэдсэн байдалтай сурталчилна. Өнөөх Балба, Төвдийн сүм хийдийн ханын зураг  их төлөв “өөрөө тодорсон домогтой” гэдэг шиг.

Өчигдөрхөн л бидэнтэй адилдаа адил, годил явсан нэгэн маань ариун шагшаабадыг сахисан хүний хайлан байсан нь илэрнэ.  “Аяа нүд байв ч сохор ажээ” гэгчийн үлгэрээр бидний дунд ийм сайн хүн байсныг хараагүй өдий хүрснээ гайхахад хүрдэг байлаа.Гэвч сонгоод гаргаад ирсний  маргааш  өнөөхийн зэс цухуйж эхэлнэ. Маниасаа долоон дор амьтас байсан нь илрэнэ... Сайн гэдэгтээ итгүүлээгүй бас муугаа таниулаагүй тийм нам, улс төрч ховордож байх шиг байна.

Энэ бүхэн бидний хуучин итгэл үнэмшилтэй холбоотой. Монгол орныг “МАХН гэдэг сайн нам жолоодоод л өдий зэрэгтэй болсон, Цэдэнбал гэж сайн удирдагч удирдаад хөгжүүлж байгаа”гэж ухуулж явсны үр. Хуучин “Богдын авралаар жаргаж байна” гэж найдаж явсан улсыг ингэж итгүүлэх амархан ч байсан биз.  Аврагчийн дүрийг солиод л гүйцээ.

Бүхий л илтгэл, айлтгал “МАХН-ын зөв мэргэн бодлогын үрээр ард түмний материаллаг аж байдал соёлын хэмжээ тасралтгүй дээшилж...” гэсэн  утгатай бэлэн оруулгаар эхэлдэг байсан даа. Ард түмний жаргалын нарыг нөхөр Д,Сүхбаатар, Х. Чойбалсан нар авчраад, одоо нам төрийн гарамгай удирдагч Ю.Цэдэнбал бидний толгой дээр  түүнийг мандуулан гийгүүлэх аж. Ийм сайн нам, ийм сайн жолоодогч, удирдагч байгаагүй бол хувь заяа ямар байхыг төсөөлөх аргагүй болохыг тэр үеийн суртал нэвтрүүлэг нотолдог байлаа.

1990 оны ардчилсан хувьсгалаар нүд нээгдсэн монголчууд мөнөөх МАХН  нь ухуулга суртал нэвтрүүлэгт гардаг шигээ тийм ч төгс төгөлдөр биш болохыг анзаарч эхэлсэн. Түүний гарамгай удирдагчид ч гэсэн амьд бурхан бус бидэнтэй л адилхан идэж уудаг, илүүдэл ялгаруулдаг, мах цусанд төрсөн амьтан байсныг таньж урам хугарав.

Уул энэ сургамж бидэнд “Бидэнд төгс төгөлдөр улс төрийн бүлэглэл, нам гэж байхгүй. Хүний сайн чанар бүхэн нэгэн дор цогцолсон удирдагч  төрдөггүй” гэсэн дүгнэлт үлдээсэн боловч нийгмээрээ бараг л анзаараагүй.

Ингээд  сүүлийн хориод жилд монголчуудын хийсэн улс төрийн сонголт нь “төгс төгөлдөр шинэ МАХН юмуу, Цэдэнбалаас ч сайн Цэдэнбалын эрэл” болон үргэлжилжээ. Өмнөхөөс ялгаатай нь, бэлэн зэхээний манлай нам, манлайлагч хоёрыг хийгээд өгдөг ЗХУ байхгүй болсон. ЗХУ-ын үүрэг хариуцлага сонгогч ард түмэн дээр шилжин ирсэн ажгуу.

Ийм эрэл угаасаа утга учиргүй тул ард түмэн сонголт бүрийн араас сэтгэл дундуур үлдэнэ.  Ил тод нээлттэй нийгэмд удирдагч нарынх нь  аж байдал ил харагдана.  Хүн л юм хойно шунал хүсэлтэй, алдаа оноотой нь тодорхой болно. Ингээд л дараагийн МАХН, шинэ Цэдэнбалын  төгсгөлгүй эрэл үргэлжилж “АН-д итгээд үзсэн цаадуулаасаа ялгаа алга”, “МАХН- дахиж сонгодог л алдас боллоо” гэсэн гоморхол үргэлжилнэ.

Гэтэл Өрнөдийнхэн бидэнтэй л адилхан хүсэлтэй шуналтай, иддэг ялгаруулдаг атлаа  төрөө цэмцэгэр аваад яваагийн учир юундаа байгааг гайхах болов. Тэндээ хүн шиг л байсан зарим “баруун”-ы хүн энд ирэхээр мануустайгаа л адилхан хулгай худлаас буцахгүй нэгэн болоод байгааг ч үзэв.

Эцэстээ шударга бус хүн ч очсон шударга байхаас өөр гарцгүй болдог нэг юм тэнд байгааг мэдэрч эхэллээ. Энэ бол төрийн зөв механизм, ухаалаг төрийн тухай яриа.

Бид төрийг удирдах бүлгийг чанаржуулах асуудлыг голлоод  байснаас бус, төрийн тогтоц, механизмаа сайжруулж, хэн ч удирдсан ялзрахгүй зөв бүтэцтэй болгох талыг орхигдуулжээ.

Энэ зуур “сайн удирдагч ирээд л янзална” гэж итгэн  зөнд орхисон төрийн механизм өөрөө ялзарчээ. Ялзраад зогсохгүй энгүүн явахдаа цэвэр тунгалаг байсан иргэн төрөөр дайраад өнгөрөхдөө үнэр ороод гараад ирдэг болж. Төрийн албаар хүмүүжинэ, төлөвшинө гэж ярьдаг байсан бол өнөөдөр төрд ажилласнаасаа болоод эвдэрдэг, гэмт хэрэгтэн болдог гажиг үүсч байна.

Ял эдэлсэн хүн хүмүүжих явцдаа шоронждог. Суллагдсан хойно оо нийгэмших гэж зовдог явдал бий. Яг үүн шиг төрийн алба хааж байхдаа “хүнээ байсан”  улсыг халагдаж, солигдсных нь дараа нийгэмшүүлэх  асуудал манай нийгэмд тулгамдсан үзэгдэл боллоо. Дөрөвхөн жил эрх барихдаа  шаггүй төржсөн АН-ынхан 2000  оны сонгуулиар хусагдаад нийгэмших гэж хэдэн жил зовлоо. Засгаас салахгүй явсаар “жирийн хүнээ байсан”  МАН-ынхан сүүлийн хоёр жил нийгэмших, хүний ёсоор амьдарч сурах гэж хичнээн үйлээ үзэж байгааг бас харчих.

Энд хүрээд монголын улс төрийн ардчиллын нэгэн үе дуусч байгаа юм. Сайн хүн, сайн нам хоёрыг сонгоод, сонгоод эндээс цааш явахгүй. Ардчилсан хувьсгалын шинэ шат бол ямарч  нам барьсан завхрахгүй, хэн ч очоод удирдсан хэлтийхгүй зөв бүтэцтэй төр бүтээх үе билээ. Үүнийгээ бид “Ухаалаг төр” хэмээн томьёолж байна. Өөрөөр хэлбэл шударга сэхээтэн ороод “үндэсний удирдагч” болж хувирдаг  байсан төрийг, “үндэсний удирдагч” ороод шударга сэхээтэн байхаас өөр замгүй болдог механизмаар солих тухай ярьж байна.

Хүн болгон шуналтай. Энэ хорвоогийн шинж бол хүсэх, шунах явдал болох тухай Будда ч сургаж. Тэгэхээр хулгай хийх, завших хүсэл бүгдэд бий. Тийм болоод хулгайч, залилагч нар бишгүй байдаг. Буруу хүслээ ерөндөглөсөн учраас эс өгснийг авдаггүй улсууд бидний дунд байгаа. Харин үлдсэн хэсэг нь боломж олдохгүй учраас л хулгай хийдэггүй юм гэсэн.