Ухаант хүний мөнхийн мөрөөдөл хаа ч ялгаагүй дээ. Ядаж ах дүү ойр тойрныхноо, чадвал түүнээс  олон хүнийг захирч амьдрах хүсэл байсан аж. Тэгээд л хэн нэгэнд даргалах захирах эрх олгож төр гэж нэг юмыг бий болгосон байна. Түүнээс хойш л  төр барих гэж улайран  албан ту­шаал эрх мэдлийн төлөө булаалдаан алаан хядаан хуйвалдаан, үймээн самуун, дайн байлдаан  бүх л муу муухай  бүхэн гарсан ажээ. Хаант төр ялгаагүй ээ.  Цусан төрлийн хоорон­дох ил далд тэмцэл. Хүн төрөлхтний агуу их нээлтийн нэг  бол "нам" гэдэг юмыг бий болгосон  юм. Нам гэдгийг бүүр амарханаар танилцуулбал ердөө л үзэл бодлоороо, төр барих арга барилаараа, төр авах хүсэл сонирхлоороо нэгдсэн хэсэг  бүлэг хүмүүс. Төр тэднийг "нам" гэж бүртгэн төр булаалдах сонгуульд оролцох эрхийн бичиг буюу тусгай зөвшөөрөл олгодог юм. Монгол төрийг барих тусгай зөвшөөрлийг цагтаа Манж улс эзэгнэн албан тушаал хаших, төрийн бодлого явуулах тусгай зөвшөөрлийг  Монголын хаадуудад өгч байв. Харин 1921 оноос хойш энэ тусгай зөвшөөр­лийг оросууд аван ганцхан МАХН нэртэй улс төрийн хүчинд олгож байв. Харин 1990 оны Ардчилсан хувьс­галаас хойш монгол төрөө барих тусгай зөвшөөрлийг монголчууд өөрснөө мэдэж сонгууль хийдэг болов. Бид одоо гаднын ямар ч орноос хэнээр ч төрөө барихаа асуудаггүй болсон. Төр барих эрхийн төлөө олон намууд өрсөлдөн сон­гуульд орно. Төр булаах зөвшөөр­лийг эзэмшсэн намд 801 хүн элссэн бол хэнд ч хамаагүй өгсөөр баахан намтай болов. Бүүр компанийн нам, ганц хүний нам ч бий. 1990 оноос хойш сонгуульд оролцоод ганц ч ялж үзээгүй нам ч бий. Ердөө ганц хүн дэвшүүлээд түүнийгээ сонгоод бай­даг нам ч бий. Монголд нэг юм хийхээрээ дандаа туйлширна. Нэг нь наймаа хийвэл бүгдээрээ наймаа хийнэ, нэг нь сүлжээнд орвол бүг­дээрээ сүлжээнд орно, нэг нь сонин гаргавал бүгдээрээ сонин гаргана. Нэг нь нам байгуулбал бүгдээрээ нам байгуулна. Хоёр сая хүрэхгүй сонгогч­той улс орон чинь одоо 40-50 намтай болсон. Намуудад өөрсдийн бүртгэл­тэй гишүүдийг тооцвол нэг сая зур­гаан зуун сонгогчидтой улс оронд гурван сая намын гишүүнтэй болоод байна гэвэл үнэмших үү. Статистик ийм байна. Намуудын түүхэн зам­налыг харвал ардчиллын төлөөх олон намууд нэгдэж байж  Ардчилсан намыг бий болгосон нь, уламжлалт МАХН-тай үзэлцэх чансаатай ганц улс төрийн хүчин болж чадсан түүх байна. Улс төрийн нам бий болсноор ямар ч төрд зайлшгүй байсаар ирсэн хуйвалдаан, тэмцэл, ашиг сонирхлын зөрчил булай бүхнийг төрд биш нам өөр дээрээ татсан нь хүн төрөлхтний бас нэг ололт мөн гэхээс яах вэ. Ялсан нам төр авч багаараа бодлогоо хэрэгжүүлээд дөрвөн жил өнгөрнө. Түмэнд таалагдахгүй бол дараачийн сонголтоор хусагдана. Манайд төр барихын төлөө сонгуульд оролцох тусгай зөвшөөрлийг Дээд шүүх ар­хины дэлгүүрийн зөвшөөрөл шиг тарааж хэн дуртайд нь олгож байна. Тэр ч битгий хэл бие даагч гэдэг ганц хүн парламентад сонгогдчихоод олон долоон юм яриад сууж байх юм. Бие даагч ганц хүн төр барина гэвэл нэг бол хаан байдаг нэг бол даран­гуйлагч болдог. Түүнээс ямар ч их хөрөнгөтэй, бурхан ухаантай байсан ч  парламентын засаглалтай улс оронд төр булаах тусгай зөвшөөр­лийг  дуртай нэг бие даагчид өгдөггүй зөвхөн намуудад олгодог жишиг бий. Аль ч улсад дарангуйлагч нам гэж байдаг. Дарангуйлагч нам гэж олон жил сонгуульд ард түмний олонхийн итгэлийг авч удаа дараа төрийн эрх авсан намыг хэлдэг юм билээ. Сон­гууль болоход дарангуйлагч нам нь гарна. Эсвэл тэр дарангуйлагч нам­тайгаа өрсөлдөж чадах ганцхан нам аз таарвал ялж хоёр нам ээлжлэн төр барина. Үүнээс илүү тухайлбал, хоёр намын системээс илүү шударга ардчилсан парламентын засаглал өнөөдөртөө хүн төрөлхтөн олоогүй байна. Улс төрийн намуудын хуулийг өөрчлөх цаг нь болсоон. Улс төрийн нам нь парламентад суугаа гишүүд­тэйгээ хариуцлага тооцдог болох. Нам бодлогоо хэрэгжүүлэх хүнээ дэвшүүлдэг, хэрэв буруу эргэлт хий­гээд  салж давхиад байвал  дэвшүүл­сэн нам нь хүнээ парламентаас эргүүлэн татах эрх эдэлдэг. Намын гишүүн ялангуяа сонгогчдын итгэлийг авсан гишүүн бол үхэх ч эрхгүй болдог. Хэрэв маяглаад байх юм бол нам нь дараагийнх нь хүнийг оруул­даг. Сонгодог парламентын засаг­лалтай улс оронд бол Ерөнхийлөгч нь парламентаасаа сонгогддог. Улс төр хийх тусгай зөвшөөрлийг улс төрийн хатуу шалгуур давсан на­муудад олгоно. Намууд  аж ахуй эрхлэхгүй байх, өөрийн хөрөнгөгүй болох, хэрэв хөрөнгө байвал түмнээсээ асуугаад төрд бэлэглэх хэрэгтэй ажээ. Намууд дэргэдээ залуучууд хүүхдийн байгууллага байгуулахыг хуулиар хориглох. Төр булаалдах тусгай зөвшөөрлийг улс төрийн намуудад олгосон шигээ  улс төрийн намууд хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь  хурааж авдаг болохыг хуульчилдаг юм билээ. Хоёр удаа сонгуульд оролцоод амжилт гаргаагүй намын тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгодог. Намууд тайлангаа худлаа гаргасан бол тусгай зөвшөөрлийг хураадаг. Намын удирдлага нь авлигад өртчихсөн бол тусгай зөвшөөрлийг хураадаг. Хатуу гишүүнчлэлтэй улс төрийн намууд  төрийн эрхийг булаалдаж байгаа бол бүр ч хатуу босго тогтоож хариуцлагыг нь чангатгасан  улс төрийн намын тухай  хууль сонгодог парламентын засаглалтай улс орнуудад  үйлчилсээр иржээ. Төр булаалдах, төрийн эрх авах, улс төр хийх тусгай зөвшөөрөл гэдэг хамгийн болгоомжлох ёстой, сонгуулиас сонгуульд шинэчлэгдэж байх ёстой хууль маань даан ч хоцрогдож дээ.  Энэ тусгай зөвшөөрлийг хэн дуртайд нь олгоод хэн дуртай, мөнгөтэй нь нам байгуулж сонгуульд ороод байвал Монгол орон тусгаар тогтнолоо алдаж байсан гашуун түүх давтагдаж магадгүй. 

Монгол төрийг булааж авах монгол төрийг барих тусгай зөвшөөрлийг Манж юмуу Орос мэддэг байсан тэр үе эргэж магадгүй шүү. Болгоомжлоорой.