Өнгөрч байгаа он манай оронд болон дэлхий дахинд хамаатны жил байлаа. Манай засгийн тэргүүн хамаатнаа дэргэдээ татахын мөн болж байхад Умард Солонгосын удирдагч болохлоор хамаатнаасаа салахын түүс болж байх жишээний. Батзандан гишүүн өөрийнх нь нэр алдарт сэвтэй байдал үзүүлсэн  тул төрсөн ахыгаа ажил албанаас нь салгахыг шаардаж байхад Улаан сайд  алдар нэрээрээ золио хийн шинэхэн хадам дүүгээ дарга болгохоор хөөцөлдөх байдалтайгаар бичигдэх аж. Сөргүүлээд сонин хэвлэлийнхэн “төрийн алба төрлийн алба болов” гэхчлэнгээр төрөл илчлэх ажилд ханцуй шамлан орж ч байх шиг.

Аяа, төрөл садны татлаа, түтлээ гэж...Америкаас урвасан (Социализмын үеийнхээр бол эрх чөлөөний замаа сонгосон) тагнуулч Сноудений эцэг ньхүүтэйгээ уулзахаар Москваг зорьж, яг үнэндээ бол их мөнгөтэйгээсээ болоод олон жил хоригдсон Ходорковскийг  бие нь муудсан эхтэй нь уулзуулахаар суллаж байхад Туркийн сайд нар үр хүүхдээсээ болоод ажил албаа алдахдаа тулж байнам.

Ураг төрөл, хамаатан садангүйгээр хүний ертөнц орших аргагүй. Хамаатан садантайгаараа, тэднийгээ гэх сэтгэлтэйгээрээ хүн төрөлхтөн адгууснаас ялгаатай. Ураг төрлийн алтан хэлхээ бол яах аргагүй хайр энэрлийн сургууль. Хайр гэдэг хажуу дэргэдэхээ хайрлахаас эхтэй. Бусдыг хайрлах хайр өөрийгээ хайрлахаас эхтэй. Өөрийгөө хайрлана гэдэг нь хувь хүнийхээ нандин ариун чанаруудыг ариглан цэцэглүүлэх  гэсэн санаа.  Өөрийгээ  боддоггүй хүн бусдыг бодох уу, эхийгээ хайрлаагүй байж эхнэрээ хайрлах уу, хажуудахаа энэрээгүй хэвтэж хамаг амьтныг энэрэх үү?!

Манай зарим эх оронч энэ бүх шат дамжлагыг алгасан шууд л улс гүрнээ хайрлагч болж харагдахыг хичээж байгаа нь үсэг сураагүй байж ном уншдаг хэмээн сайрхахтай агаар нэгэн бөлгөө.

Хамаатан садангийн асуудлаар жилжингээ бичигдсэн манай ерөнхий сайд бол мань Ким Зандан-гийн хажууд хүний хайлан, эх оронч болдгийн даваан дээр байгаа хүн. Түүнд хайрлах, энэрэх практик бий. Гагцхүү түүнээ жаахан өргөжүүлэхэд л болоод явчих гээд байгаа юм.

Төр засгийн оройд гарах, улс үндэстэндээ амь амьдралаа зориулах гэдэг нь хамаатан саднаа хагацуулан хасаж, төрөл төрөгсдөө үлдэн хөөхийн нэр биш. Харин ч улам олон хамаатантай болох, хамаг амьтныг төрөл төрөгсөд шигээ үзэхийн нэр. Нэг хүргэнтэй байсан бол 2.900.000 хүргэнтэй болоод бүгдийг нь ажил албатай залгуулахын төлөө зүтгэхийн нэр. Бас монголын бүхий л эхчүүдийг эхнэр шигээ бодон, тэдний ээж аавыг хадам лугаа адил үзэхийн нэр. (Мэдээж, энэ бол хүүхнүүдийг ээлж дараалан эхнэрээ болгоно гэсэн үг биш)

...Түүнчлэн энэ жил олон улсын суллагдалтын жил байлаа. Манай “улсын гуравдах”-аас гараагаа эхэлсэн “суллагдах үзэгдэл” оны сүүлээр эрчээ авч, Орост Ходорковский болон панк хамтлагийн дуучин охидыг сулласнаар оргилдоо хүрлээ. Оросын эрх баригчид тэдний араас ногоон хөдөлгөөний Арктик санрайз хөлгийн багийнхныг түрүүчээс нь тавьж байна.

Орос манай хоёр ч суллаад байгаа юм биш. Сноуденийг өршөөж магадгүй чимээ ч АНУ-аас дуулдаж, Египетийн шоронд суугаа Хосни Мубарак хоёр хүүхдийнхээ хамт цагаадах нь тодорхой болжээ. Харин олон улсын ажиглагчид нэг зүйл дээр санал хуваагдаад байгаа нь “Ц.Элбэгдорж булган сүүлтэй өршөөгч үү” эсвэл “Н.Энхбаяр булган сүүлтэй өршөөгдөгч үү” гэсэн альтарнатив дүгнэлтээс үүджээ.