Монгол эр хүний бяр чадлын бэлгэдэл, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэдэн жилийн өмнө компьютер сурталчилж билээ. Түүний “Хамгийн хүчтэй” гэж цоллосон Hewlett Packard-ийг өнөөдөр манайд хэн хэрэглэдэг юм, бүү мэд. Харин тэрбээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар "цэвэр гартан" имижтэй өрсөлдөж Ц.Элбэгдоржийг бажигдуулав. Хоёр тохиолдлын аль алинд Бадмаанямбуу аавтай Бат-Эрдэнэ гол дүрд тоглосон ч үр дүн нь тэмээ ямаа шиг зөрүүтэй гарчээ. Цагийг эзэлсэн аваргын “дүрүүд” яагаад ийм цаг хугацааны ялгаатай байгаа нь сонирхолтой юм.  

“Хар пиар” ба буян

“Монгол хүн компьютер бол бөхчүүдээс харь хол зүйл гэж бодож явтал мань эрийг тийм юманд тоглуулчихаар хэн ч хүлээж авахгүй” гэж “Нирун фильм” студийн захирал Р.Батсайхан Hewlett Packard-ийн сурталчилгааг тайлбарлав. Харин сонгуулийн тухайд Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар "Бат-Эрдэнийг танихгүй хүнгүй. Товчхондоо шүтэх талдаа. Ихэнх айлын хойморт намын гишүүнчлэл үл хамаараад Далай ламын зурагтай хамт заларч байсан” хэмээв. Улс төр бол биеэр бус тархиар барилддаг наадам юм гэдгийг ард түмэнд ойлгуулах л хамгийн хүнд ажил байсан гэнэ. Чухамдаа өнгөрсөн сонгуулийн гол зовлон үүнд байсныг Ц.Элбэгдоржийн “пиар баг”-ийнхан ярьж байна. Энд авсан жишээний аль алинд нь монгол хүний менталитет шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Бидний аливаа юм, үзэгдэлд өгөх үнэлгээний цогцыг менталитет гэвэл түүнийг ямарваа нэг үйл хөдлөлд уриалан дуудаад зогсохгүй, үйлдүүлдэг мэргэжилтнийг манайхан “пиарчин” гэх болсоор арав гаруй жилийг үджээ. Гэвч өнөө хэр сайнаар дуудсан нь ховор шигээ бас ойлгосон нь үгүй.

Пиарыг “хар, цагаан” гэж ялгах явдал Орос, Монгол хоёроос өөр газар үгүй. "Дарга, ялаа хоёрыг сониноор алдаг гэдэг шиг бусдыг “хусдаг” үйл ажиллагаа технологийн асуудал болохоос пиарын тусдаа төрөл биш" гэж Р.Батсайхан хэлэв. Хэн нэг нөхөр хүний анхаарал татах үг хэлж, үйлдэл гаргавал бид “пиардаж” байна гэж ойлгодог ч угтаа бол асар өргөн ойлголт юм. А.Ганбаатарын эш татсанчлан "Пиар бол маркетинг биш, реклам ч биш”. 2001 оны Хаврын чуулганы нээлт дээр хүний хараанд өртөөгүй явсан “цоо шинэ” Л.Гүндалай Ерөнхий сайд асан Н.Энхбаярын ард бичиг барьж зогсоод хэвлэлийн баатар болсон нь угтаа пиар бус паблисити хэмээх түүний нэг элемент юм. “Янаг дэмий гэж үү” гэгчээр пиар тийм муухай зүйл үү? Энэ салбарт эхнээс нь зүтгэсэн сэтгүүлч М.Буянбадрах “Пиар бол нийгмийн харилцаанд оролцож байгаа талуудын тос маслог тохируулж, харилцааг нь зохицуулан нийгмийн харилцааг эрүүлжүүлдэг буяны шахуу ажил” хэмээн тодорхойлж байна. Пиарыг товчхондоо, талуудын зохист харилцааг бүрэлдүүлэх үйл ажиллагаа гэвэл болохоор аж.

Пиар ба реклам

Анхны ардчилсан сонгуулиас хойш монголчууд юу эсийг үзэв. “Люкс” саван, “Пондс” тосны рекламыг шохоорхож суусан улс одоо түүнээс нэгэнт залхжээ. 2000 он хүртэл улс төрд ч реклам зонхилж байлаа. Зүслэг гарсан цээж зураг бүхий анкетийн хуудсаа нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа мэтээр ойлгож ирсэн. Сонгогч нь ч “Тэр минь, энэ минь” гэдэг гэнэн сэтгэлээр нэрийг нь дугуйлдаг байлаа. Харин өнөөгийн сонгогчид “Ойлгоход улам хэцүү болж байна” хэмээн “Сүхбаатарын талбай” пиар агентлагийн захирал Н.Дэмбэрэл ярьсан юм. Урьд бол хот, хөдөөгийн иргэдийн үнэт зүйл хоёр ондоо үндэстэн шиг ялгаатай байсан гэдгийг М.Буянбадрах онцоллоо. Одоо хөдөөгийнхөн тавган антеннийн буянаар элдэв мэдээллээс хоцрохоо больсон бол хотынхон тэр бүрийг үзээд суух завгүй болсон аж. Нэмэрт нь хотыг чиглэсэн нүүдлийн урсгал ч хүн амын бүтцэд сүрхий нөлөөлжээ. Гэхдээ монголчуудын сэтгэхүйг тийм амар тодорхойлох аргагүй гэдгийг пиар хэмээх салбарт арав гаруй жил ажилласан залуус бүгд дуу нэгтэй хэлж байлаа. Ямарваа зүйлийн давуу талыг ойлгуулах гэсэн реклам ч манайд жинхэнэ утгаараа хөгжөөгүй л байна. Маркетингийн ажилтан гэх үсээ тосолсон, нүдний шилтэй, дэгжин залуугийн youtube сайтаас "туусан" рекламны санаа  захирлынх нь сэтгэлд нийцвэл болоод явчих нь тэр. Рекламны гол дүр маркетингийн албаны царайлаг залуу, хошин шогийн жүжигчин хоёрын хэн нь ч биш, бараа бүтээгдэхүүн юм гэдгийг бид удахгүй ойлгох биз. Зурагтын суваг солих тоолонд гардаг “Банш” Батаа (жүжигчин Б.Баттөмөр) чухам юу рекламдаад байгааг бид одоо хайхрахаа больжээ. Гэхдээ хүнсний үйлдвэрт гологдсон бүтээлээ сонгуулийн нэр дэвшигчид өндөр үнээр зардгаа бодвол хавьгүй дээрдсэн л байж таарна.

“Нирун фильм” студийн Р.Батсайхан пиарыг хоёр хүн хоорондоо бөмбөгөөр харилцахтай зүйрлэсэн юм. Таны шидсэн бөмбөг эргээд ирэхдээ хэрхэн даялахыг нь хараад дараагийн алхмаа төлөвлөхийг “пиар хийх” гэж ойлговол зохих аж. Харин манай улстөрчид хувьдаа ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчихоод өөрийгөө ханатал “пиардах” мэтээр санаж хэдэн төгрөгөө хий дэмий үрдэг улс. Нийгэмд хүргэх гэсэн үзэл санаа хэвлэлээр голчлон тардаг учраас хэвлэл мэдээллийн эзэд, тэр ч байтугай сэтгүүлч нь өөрийгөө “пиарчин” хэмээн тодорхойлох болжээ. Тийм дээрээс байгууллагуудын “пиарчин” гэдэг орон тоог сэтгүүлч бөглөж суудаг гэж www.shuud.mn сайтын захирал Г.Саруул шулуухан хэлэв. Уул шугамандаа бол тодорхой зорилго тавиад түүнд хэзээ, хэрхэн хүрэх арга замаа тодорхойлохоос энэ ажил эхэлдэг гэнэ. Н.Дэмбэрэл “Пиар бол судалгаа шилжилгээний үндсэн дээр хольж хутгах шинжлэх ухаанч процесс, харин реклам бол уран бүтээл” хэмээн ялгааг нь гаргаж байна.

Пиар ба шинжлэх ухаан

“Улстөрчид ч гэлтгүй бүгдээрээ бид нарыг гал команд шиг төсөөлдөг. Асуудалд орчихоороо гэнэт дуудаад үүнийг аргалаарай гэдэг” хэмээн Р.Батсайхан хөгжүүн инээв. Улстөрчид сонгуулийн үеэр л пиарчин хэрэгтэй гэж боддог аж. Бас зөвхөн хэвлэлээр пиар хийчихнэ гэж буруу сэтгэдэг хэмээн Жорж Вашингтоны их сургуулийн магистрант, улс төр судлаач О.Чулуунбилэг ярьж байна. Цаг нь тулаад, хамгийн нэр хүндтэй хэвлэлд хачин сайхан ярилцлага өгсөн ч үр дүнгүй хоцрох нь энүүхэнд гэнэ. Жишээ нь, 2008 оны сонгуулиар орон нутагт нэр дэвшигч өндөр үнээр өдөр тутмын нийтлэл тавиулсан ч тус аймагт уг сонин ердөө 46 захиалагчтай байжээ. Н.Дэмбэрэл ноднингийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Бат-Эрдэнийн төлөө нам нь юу ч хийгээгүй гэж үзэж байгаа ажээ. Харин тэрбээр А.Ганбаатарын удирдсан пиарын баг шинжлэх ухаанч ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. О.Чулуунбилэг “Сонгуулийн ажлын 70 хувь нь зохион байгуулалт, 30 хувь нь сурталчилгаа. Харин зохион байгуулалтын 70 хувь нь тооцоолол” гэв.

Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Багабандиас өөр 60 хувиас дээш санал авсан хүн үгүй. Тиймээс ч 50+1 гэдэг хувилбараар ялагчийг тодруулж ирсэн. Өнгөрөгч сонгуулиар А.Ганбаатарын пиарын баг маш нарийвчилсан судалгаа хийжээ. Сонгогчдын нягтрал, нас, хүйсээс гадна сонирхлын бүлгүүдийг ч тодорхойлж, тухай бүрт нь нийцэх жор боловсруулсан байна. Түүгээр ч зогсохгүй хэн, хаана, юу яривал хүмүүс хүлээж авахыг судалж үзээд бүлэг бүрт тохирох төлөөлөгч илгээсэн аж. Ийнхүү ажилласан шалтгаанаа Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд “Сонгуулийн шинэ хууль өнөөдөр шинжлэх ухаанч байх хандлага руу аяндаа түлхэж байна” гэж тайлбарлав. 2009 онд Ц.Элбэгдорж “Шударга байцгаая”, “Өөрчилье” гэхчлэн довтлох тактик баримталсан бол 2013 онд байр сууриа хадгалах тактик барьсан гэдгийг А.Ганбаатар онцоллоо. Тэрбээр “Энэ удаа манай хүн улстөрийн бодлоготой бус нийгмийн сэтгэлгээний төөрөгдөлтэй өрсөлдсөн, амаргүй тулаан хийсэн” гэж байна. Америкт номын дуу сонсоод ирсэн А.Ганбаатар энэ удаа “инженерчлэл” хийж мэдлэг туршлагаа амьдрал дээр хэрэгжүүлэх сайхан боломж гарсан гэдгийг ч нуусангүй. Мөн М.Буянбадрахын хэлснээр "Энэ удаагийн сонгуулийн пиарыг удирдсан А.Ганбаатарыг довтлохгүй байна” гэсэн хандлага АН-аас байнга гарсан байна. Харин А.Ганбаатарын тактик шатраар бол 2009 онд "Бэрсний гамбит", 2013 онд "Сицилл хамгаалалт" байсан гэв. Түүний нүүдэл зөв байсан нь сонгуулийн үр дүнгээр батлагдсан юм. АН-ын "Зэв" багийн хийсэн тооцоогоор сонгогчдын ирц 60 хувиас давж байж нэр дэвшигч нь 52-53 хувиар ялах тооцоо гарсан нь амьдрал дээр бараг мөргөжээ.
Онцлох хүн: Тактикч Габи

Пиар гэдэг ойлголтыг Монголд нэвтрүүлсэн таван залуугийн нэг А.Ганбаатар “Анхнаасаа л бооцоогоо цэнхэр дээр тавьж ирсэн” гэнэ. Таньдаг мэддэг улс нь түүнийг “Габи” гэнэ. Телевизийн сэтгүүлч хийхийн хажуугаар шоу менежер болон манаргаж явсан энэ залуу “Улс төрийн пиар толгойд цагаан үс нэмдэг. Харин бизнесийн пиараас мөнгө олж болно. Хүмүүнлэгийн пиар бол бүр цэвэр таашаал” гэлээ. Габигийн тухайд “Нирун фильм”-ийн Р.Батсайхан “Маш мэдрэмжтэй сайн менежер. Хэнээр, хэзээ, хаана, юу хийлгэхээ мэддэг” хэмээн үнэлж байна.

Өнгөрсөн хугацаанд Монголд тохирсон пиарын бэлэн жор байдаггүй гэдгийг тэрбээр баттай ойлгож авчээ. Харин өдгөө дэлхий нийтээр PR хэмээх ойлголт өргөжин, өөрчлөгдөж байгаа аж. Англиар Communication strategy буюу “харилцааны стратеги” хэмээн монголоор буулгаж болох ойлголтод пиар багтах болсон байна. Эрх дарх, дур зоргийн хэрээр авирлаж, халуун хүйтэн зэвсэг бариад нэг нэгэндээ бүхнийг тулгах аргагүй болсон энэ цаг үед гагцхүү харилцааны стратегиар дамжуулан зорьсондоо хүрэх нь гарцаагүй юм. “Ардчилсан намын дөрөв дараалан ялсан амжилтыг судалсан судлаач одоогоор алга. Энэ бол докторын зэрэг хамгаалах сэдэв” гэж Н.Дэмбэрэл хэлэв. Түүний бодлоор өрсөлдөгч нам буюу АН-ын сонгуулийн менежер А.Ганбаатар “Сүүлийн үеийн технологиудыг оруулж ирж маш сайн ашиглаж байна. Тэд аль хэдийн өөрсдийн  пиарын платформтой болсон” нь сүүлийн хэдэн сонгуулиар ажиглагджээ. Дөрөв дараалсан ялалт тохиолдол биш, шинжлэх ухаан басхүү технологи юм. Цогт тайж “Мэргэн хүн азанд найддаггүй, өөртөө л итгэдэг юм” гэж кино дээр хэлдэгчлэн Монголын “пиар” шинжлэх ухаанжиж байна.

А.Ганбаатарын хэлснээр, сонгуулийн ялалт бол нэр дэвшигч, нэр дэвшүүлсэн намын чансаа, ард түмний итгэл дээр суурилдаг. Энэ түүхий эдийг зөв менежмент чулуу болгодог. Тиймээс кампанит ажлын гол цөм болсон Ц.Оюундарь (АН-ын генсек), М.Буянбадрах, Р.Батсайхан (Creative баг), Ц.Баатархүү (Зөөлөн бүтэц), О.Чулуунбилэг (судалгаа, тооцоолол), Д.Сайнбаяр (Сошиал медиа) нарыг онцлон дурдах ёстой" гэв.

2009 онд авилгын сүлжээг тас татсан, 2013 онд нийгмийн сэтгэлгээний төөрөгдөлтэй барилдаж давсан; Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх, Монголын пиар ертөнцийн том төлөөлөгч А.Ганбаатар "Энэ ажилд мэдлэгээс гадна туршлага, мэдрэмж хамгаас чухал" гэдгийг онцолсон юм.