Улс орноороо нэг юманд орж донтож автаж тэр нь үндэсний хэмжээнд гай тариад ирэхээр ард иргэд улстөрчид эх орноо аврахын тулд хууль гээч юм хийж түүнийгээ мөрддөг. Архи гэдэг ундаанд хөгшин залуу хөрөв нялх, эр эм, залуу хөгшингүй орж эмгэнэл болоод ирэхээр зэрэг архины хууль гаргаж түүнийгээ чангалж янз янзаар л үзэж байна. Бас тамхи ялгаагүй ээ. Тамхидалтаараа монголчууд дээгүүр цохино. Хуулиа овоо л чангалж байна. Хойч үеийг маань, хүүхэд залуусыг маань  архи тамхинаас дутахгүйгээр хордуулж байгаа зүйл бол  улс төр хийгээд шашин болоод байна. Ядаж залуу үеэ үр хүүхдүүдээ улс төрөөс бас шашнаас хол байлгах юмсан. Улс төр хийж байгаа нь энэ гээд  хэрүүл тэмцэл эцэс төгсгөлгүй дайралцаан, үзэн ядалт өшөө хорсол  горим журам цаг хугацаатай баймаар. Хүүхэд залуусын дунд шашин хийгээд улс төр бүүр эмгэнэл боллоо.  Ардчилсан хувьсгалын хамгийн том ололт бол улс төрийн намыг цэрэг цагдаа зэрэг төрийн байгууллагын дэргэдээс холдуулж чадсан.  Бас үйлдвэр албан газар зэрэг аж ахуйн нэгжээс намыг зайлуулж амжсан. Тэгвэл одоо улс төрийн намын дэргэдээс залуучуудаа, элдэв шашнаас хүхдүүдээ салгаж авмаар байна. Улс төрийн бүх нам дэргэдээ залуучуудын болон хүүхдийн байгууллагатай байгаад сайн үр дүнд хүрсэн түүх дэлхийд байдаггүйг бид мэднэ. Орост Лениний комсомол, Монголд бошгыг халах залуучуудын эвлэлийг урдаа барьсан коммунистууд том ярга хийлгэсэн түүхийг мартаагүй биз дээ. Хятадын коммунист нам  яалаа. Мао-гийн “улаан хамгаалагч” гэсэн сайхан нэр зүүж хөөрч сагсуурсан хүүхэд залуусыг турхирч Хятадын эдийн засгийг, Хятадын сэхээтнүүдийг ёстой нэг хүйс тэмтэрсэн дээ. Исламын шашныхан насанд хүрээгүй хүүхдүүдийг бурханы цэрэг армийн суртлаар номлож, зэвсэглэсэн хүүхдүүд өрөвдөх сэтгэлгүй алан  хядагчид  яргачид бэлтгэгдэж байсныг бид баримтат киноноос мэддэг болсон. Гэтэл ардчилсан Монгол Улсын улс төрийн намуудын хуулинд намууд  дэргэдээ залуучуудын байгууллагатай байхыг хуулиар зөвшөөрч бас дээр нь хүүхдүүдийн байгууллага ч байхыг үгүйсгээгүй байна. Залуу нас, залуу халуун  оюуныхаа оргилсон үед тусгай мэрэгжил эзэмших, сурснаа амьдралд баталж, мөнгө олох насандаа улс төр гэдэг мэргэжил бус юмыг дагаж цаг  алдаж байна. Улстөрчид ч залуусыг гар хөлийн үзүүрт зарж, албан тушаал гэдэг  чихрийг цонхны цаанаас долоолгодгийг хуулиар хааж өгч ирээдүйдээ буян үйлдэх цаг болсон. Эзэмшсэн мэргэжлээрээ шалихгүй хэвтэж улс төрийн дон шүглэсэн намын гишүүн залуучууд, намын гишүүн бус залуусын дэргэд хичнээн муухай харагддаг гэж санана. Энгийн залуусын дэргэд намын гишүүн залуучууд хэнхэг, шизотой, долдой, долгинуур ер нь муу залуугийн дүр шиг харагддагийг өөрсдөө мэддэггүй. Ер нь намын ажил гэдэг бол залуу хүний ажил биш хий хуй нь арилсан насны шийдвэр гаргах ажил байдаг. Социализмын үед тусгай мэргэжил эзэмшсэн хичнээн сайхан залуучуудыг намын томилолтоор дарга болгон гайд гаргасан даа. Залуу хүн нам долдойлж албан тушаалд хүрэх биш эзэмшсэн мэргэжил, залуу насны хүч чадал аввяас билэг зааж сайхан амьдарч болох тийм нийгэмд хүрснээ залуучууд ойлгож байнаа. Намын гишүүн залуучуудыг шоолдог боллоо. Намын гишүүн залуучуудыг арчаагүй гэж доромжилдог боллоо. Нийгэм хөгжиж дэвшиж байна. Намын дэргэд хүүхэд залуучуудын байгууллага байгуулахыг хоргилсон хууль санаачилсан гишүүн буян болмоор үе ирлээ. Сургуулийн насны хүүхдийг ч гэсэн элдэв шашин, улс төрийн байгууллагаас хол явуулж тэднийгээ хамгаалах цаг үе ирлээ. Нэг ажил явдлын дараа “алтан хайрцаг” үзүүлэхээр нэг ламынд орсон маань мартагдахгүй юм. Нэг өвгөн ламынд орлоо. Тэр ламын шавь нь бололтой 12-17 насны хоёр бандийн нэг нь багшийнхаа  нүцгэн хөлийг нь, нөгөө нэг банди нь шилэн хүзүүг нь илэн байсан. Энэ хоёр бандиас “Миний дүү нар ном сурч байна уу” гэж асуухад сурч байна гэсэн. Монгол, крилл үсэг мэдэх үү, ном уншдаг уу гэхэд зэрэг үгүй ээ гэв. Ид сургуульд сурах насандаа өвгөн ламын шивэртэй хөл, хуянтай хүзүү атгаж шашны сургаал заалгах ч гэж дээ. Харамсмаар байгаа биз. Насанд  хүрээгүй өөрөө мэргэжлийнхээ сонголтоо хийх чадалгүй хүүхдийг албан ёсны шинжлэх ухаанаас холдуулан аль нэгэн шашны сургуульд оруулах нь, бөө удган болгох нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм биш үү. Ядаж л бөө  лам  болох нь ажил мэргэжил мөн юм уу. Бөө, лам нийгмйн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөхгүй, ажилласан жилд тооцогддоггүй баймаар. Ямар мэргэжилтэй вэ гэхэд  лам, мэргэжил эзэмшсэн гэж хэлэлтэй биш дээ. Шашны шугамаар хичнээн ч олон насанд хүрээгүй хүүхдийг ламын ном сургахаар Түвдэд явуулав даа. Сүүлийн үед  насанд хүрээгүй хүүхдүүдийг зүгээр  нэг Түвдэд ном сураад ир гэж явуулаад зогсохгүй эцэг эх, нутаг усныхны толгойг давхар эргүүлж байна. Тэр бол хойд дүр тодруулах зан үйл  замаа алдав. Дээр үеийн хутагт хувилгаад, зэрэг дэвтэй лам хуврагуудын хойд дүрийг тодруулах ажил төрийн албанаас илүү албархуу ёсорхуу явж, жагар Түвдийн оронд  хүүхдүүдээ илгээх. Аав ээж, ах дүү, нутаг усныхныгаа хоослон алдан байж явсан хүүхдүүд насанд хүрэхээрээ мэргэжилгүй гэж харамсах үе ирэхэд хэн хариуцлага хүлээх бол. Манайхан Түвдэд сор болсон хүүхдүүдээ лам болгож байхад Хятадын удирдагчид Энэтхэг оронд хүүхдүүдээ компьютерийн боловсрол олгох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Залуусыг улс төрөөс, хүүхдүүдийг шашнаас хол байлгах хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн байвал баярлах сан.