НЭГ:
Эцгийнхээ үгийг сонс.


Ойлгохоо аваад, хаяхаа хая. Өөрсдөө мэд!

Би та нарыг оюун ухаан муутай гэж ерөөсөө бодоогүй. Одоо ч бодохгүй байна. Би та дөрөвт итгэдэг. Өр зүрхнээсээ хайртай.

Намайг мэдэх үү? Эцэг чинь мөнгөний төлөө. Эд баялаг, эрх мэдэл, аз жаргалын төлөө. Мөнхийн эрэлд хөдөлмөрлөж, тэмцэж мөрөөдөж амьдарсан. Та дөрвөн хүүгийнхээ төлөө шүү дээ. Мөрөөдөлдөө хүрээгүй байж мэднэ. Гэхдээ би мөч бүхэнтэй уралдан, тэмцэж амьдарсан юм даа. Би нэг зүйлийг хэлье. Бобби дөнгөж юм түшээд алхаж, Батка мөлхөж, Туба өлгийтэй, Төрөө төрөөгүй байсан.

Тэр үед мөнгө олох гэж улсын ажил хийж ирээд. Орой нь гэр орныхоо ажлыг амжуулах гэж яаж зүтгэдэг байсныг мэдэх үү? Хоол хийж, юм угааж, түлээ хөрөөдөж, түлш, ус зөөж юу эсийг амжуулдаг байсан гээч. Бидэнд унадаг, угаадаг, халаадаг ямар ч машин байгаагүй юм. Гэр цэвэрлэж хоол хийдэг цэвэрлэгч үйлчлэгч гэж байгаагүй.

Бид хоёр өөрсдөө бүгдийг амжуулдаг байсан юм. Бид өөрсдийнхөө төлөө үр хүүхдийнхээ   төлөө.   Асрагч,   угаагч,   усчин, түлээчин, тогооч, нүүрсчин байсан юм. Бид хоёр баян байгаагүй. Тийм учраас олон найз байгаагүй. Юм бүхнийг хэмнэж гамнаж хүргэдэг байсан юм. Ганц жишээ хэлье! Би өдөр бүр хүүхдийн сүүнд явдаг байл аа. Циркийн хажуугаас 5-н буудал (17-р сургууль хүртэл) 10-аад км газар явган алхдаг байсан. Ирэхдээ, очихдоо, бүтэн 4-н жил алхсан. Автобусанд суухад төлдөг 1 төгрөгөө хэмнэж байгаа нь тэр. Хэний төлөө гээч? Үр хүүхэд, гэр бүлдээ хэмнэж байгаа юм.


ХОЁР:
Сануулах юм байна.


Та дөрөв өөрсдийгөө битгий их тоо. Өөрсдийгөө их чухал хүмүүс гэж битгий бод. Үрээ гэсэн сэтгэлээр хар хөлсөө асгаруулан байж хөдөлмөрлөсөн оёдолчин эхийнхээ зүтгэлээс. Тос ус, хөлс, цусанд хутгадцаж олсон эцгийнхээ мөнгөнөөс... Үдийн бүрийд унтаж, үүрийн харанхуйд босч чадсан бид хоёрын хөлс хүчинд хүн болсон юм гэдгээ санаж явах хэрэгтэй дээ.


ГУРАВ:
Нэг гуйх юм байна


Аавынх нь амьдралын сайн муу атираа нугачаанд, зүрх сэтгэлийн минь гүнд дөрвөн жижигхэн зул бадран асч байдаг юм. Тэр дөрвөн зулын гэрэл та дөрвөөс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, та дөрөв хэдий чинээ арчаатай, ухаалаг, хөдөлмөрч, тууштай, зорилготой амьдарч чадна, төдий чинээ сайн бадран асах ёстой юм. Би үүнд итгэдэг. Та дөрөв хичээх ёстой.

Алив муу юманд өртөлгүй, болгоомжтой, тэвчээртэй амьдрах хэрэгтэй. Хөгжөөнтэй, зугаатай ямар ч сайхан юм байсан, амьдралд чинь хортой, тэгээд хэрэггүй юмны хажуугаар тэвчиж тэсээд өнгөрөх ёстой. Хажуугаар нь нүдээ аниад өнгөр!!. «Дараа нь чи харамсахгүй байсан нь дээр шүү дээ» гэж би та нарт хэлж, бичиж байсан даа. Юм бүхэн нэг өдөр бүтдэггүй юм. Хичээнгүй, уйгагүй, мятрашгүй зүтгэлийн үрээр амьдралаас хүн хүссэнээ авч болдог юм. Аавд нь үлдсэн дөрвөн жижигхэн зулын гэрлийг битгий унтраа. Хайрлаж яв!


ДӨРӨВ:
Нэг чухал санаа


Өөрийн хувийн дутагдлаа ялж дийлж чадахгүй бол. Тэгээд өөрөө чи гавъяа байгуулж олоогүй бол. Албан тушаал, эд хөрөнгө, амжилт бүтээл хэзээ ч чинийх болж чаддаггүй. Удаан оршин тогтнох хувь зохиол гэж түүнд байдаггүй юм даа.

Батжаргалын БАТБАЯР