Энэ жил ардчилсан хувьсгалын 25 жилийн ой болно. Ер нь аливаа том түүхэн үйл явдлыг  25, 50, 100 жилийн ойгоор нь сүр бараатай тэмдэглэдэг. Үнэхээр Ардчилсан хувьсгалын ойд ач холбогдол өгч байгаа бол өдийд Ерөнхийлөгч, УИХ,  Засгийн газар бахархан ярьж ажил болгож,  төсөв мөнгө гаргаж дээр, дооргүй анхаарч бэлтгэх ёстой. Гэтэл 25 жилийн ой нь тохиож байгаа ардчилсан хувьсгалын тухай төрийн томчууд нь авиа ч гаргахгүй байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой хувийн барилгын компанийн 20 жилийн ой, нэг сумын 90 жилийн ойгоос дор болж өнгөрөх нь тодорхой боллоо. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн Монголын ардчилсан холбооноо \МоАХ\-ноос  25 жилийн өмнө хувьсгалд оролцож явсан хувьсгалчдыг \партизануудаа\ бүртгээд дотооддоо бөөн горьдлого, хүсэл, хэрүүл тэмцэл эхлүүлчихлээ. МАН ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг  сүр дуулиантай тэмдэглэхийг дэмжиж давхихгүй нь  мэдээж . Гэвч Хувьсгалд оролцож байсан ахмадуудаа партизануудаа тэтгэж дэмжих талаар МАН-д арвин туршлага бий. 1921 онд ардын хувьсгал хийсэн партизануудаа МАН  өргөж, өргөмжилж, бүх хангамжаар хангаж  сайхан асарч хамгаалж дуусгасан.  Дараа нь 1939, 1945 оны дайнд оролцож явсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүдийг ч байр орон сууцаар хангаж өргөж тээж явлаа. Өөрөөр хэлбэл, МАН өвгөд хөгшдөө сайхан асарч явдаг сайн хүү. Харин АН ахмад гэхээр түүхгүй болохоор ахмад үеэ харж хайрлах талаар туршлагагүй.  Ардчилсан хувьсгалын партизанууд өөрсдийгөө МАН-ын партизанууд хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүдээс дутахааргүй гавьяа байгуулсан гэж үздэг юм. Үнэхээр ч тийм. Аймшигт коммунист дэглэмийг түлхэн унагаахад амар байгаагүй. Хэдийгээр цус урсаагүй боловч шинэ залуу ардчилагчид ямар их хохирол амссаныг тооцох арга байхгүй. Партизануудаа бүртгэж байгаа МоАХ-ыг дуурайгаад. Тэр үеийн ардчилсан социалист хөдөлгөөн Социал демократ нам, шинэ дэвшилт холбоо, Үндэсний дэвшлийн, Монголын оюутны холбоод ч хөдөлгөөнд орж ардчилсан хувьсгалд оролцож явсан ахмадуудаа бүртгэж эхлэв. МоАХ 1990 оны хувьсгалд оролцож явсан партизануудаа таван хүний тодорхойлолтоор бүртгэж байгаа юм байна. Бөөн хэрүүл тэмцэл эхэлчихэж. Би байсан чи байгаагүй, тэгэж яривал тэр чинь бүүр сүүлд орж ирсэн гээд л бөөн хэрүүл тэмцэл. 25 жилийн ойгоор гэсэн горьдлого, тодорхойлолт, бүртгэл нь  хойноосоо элдэв цуу үг дагуулж явна. Хүн бүрт ялангуяа 1990 онд хувьсгалд гар бие оролцож, өлсч, жагсч, зохион байгуулж явсан бол орон сууцанд орох дугаар авч байна гэж ярих хүнтэй тааралдлаа. Хөдөөгийн партизанууд ердөө тодорхойлолт авах ажлаар хот орж ирэн, тэр үед хувьсгалд оролцож явсныг гэрчилж тодорхойлолт хийж өгөх хүний эрэл суралд гарчээ. Ардчилсан хувьсгалын хамгийн их хар бор ажлыг хийсэн, хамгийн их зовлон, үзсэн хамгийн их гадуурхагдсан иргэд гэвэл ардчилсан хувьсгалыг сум, аймаг, дүүрэг, ажлын газар дээрээ хийсэн партизанууд. Үүнийхээ төлөө насаараа хэлмэгдсэн нь маш олон хүн бий. Одоо тэд үнэхээр хамгийн ядуугийн ядуу эгнээнд орчихоод л. Тэд маань миний нам ялсан, миний Ерөнхийлөгч гарсан одоо л харж үзнэ. Холбоо намд 25 жил хийсэн ажлын үр шим тодорхойлолт байхгүй бол өнгөрлөө гэж давчдан ийш тийшээ гүйх. Аргагүй ээ. Хорин тав зургаан жил тэмцсэн тэмцлийн үр дүн гарч дэмжиж байсан нам нь бүх шатандаа ялсан. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нийслэл хот гээд газар бүр Ардчилсан намын нөхөд нь эрх барьж байгаа. Яг энэ үед партизанууд 25 жилийн ой юм чинь том баяр болно. Амьдрал дээшилнээ. Ардчилсан хувьсгалд оруулсан хувь нэмрээ үнэлүүлнэ гэж үнэн голоосоо итгэж горьдож байнаа. Гэтэл ардчилсан хувьсгалын партизануудын хувь нэмрийг үнэлэх харж үзэх тухай дээд түвшиндээ, ярьсан, шийдсэн ямар ч  баримт байхгүй байгааг би мэдэж байгаа. Сураг сонсвол иймэрхүү хуулийн төсөл УИХ-ын гишүүн МоАХ-ны ерөнхийлөгч, сайд  Х.Баттулгын аль нэг ширээн дотор яваа сураг байна. Бас нэг иймэрхүү хуулийн төсөл УИХын гишүүн сайд Ц.Оюунгэрэлийн зөвлөх дээр байна билээ. Бас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч  партизануудаа одоо л харж үзэхгүй бол хэзээ харж үздэг юм. Тоолоод ир гэдэг үүрэг өгсөн гэнэ гэсэн яриа чихнээс чих дамжин  тодорхойлолтын их аян сүүлдээ паян болж яригдаад байна. Дэлхийд коммунист дэглэмийг нураасан баатрууддаа хүндэтгэл үзүүлж элдэв ахуйн хангамжаар хангаж, алдар хүндээр харж үздэг нь жишиг болсон зүйл. Гэтэл манайд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тэмдэглэх УИХ, Засгийн газрын комисс ч байхгүй. Улсын төсөвт суусан улаан мөнгө байхгүй ээ. Тэхээр партизануудад цонхны цаанаас чихэр долоолгож байгаа гэсэн үг. Яахнав дээ муусайн партизануудыг нэгийг нь нэгээр нь тодорхойлуулж бөөн ажил удаад. Тэд бүүр итгэчихсэн. Хоёр өрөө байр гэж үнэн үү. Чи намайг мэднэ тодорхойлолт хийж өг гээд  байж суулгахаа болилоо. Партизануудыг хуурсан нь ганцхан энэ ч биш юм. Дөрөв, таван жилийн өмнө “Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн” гэсэн нэг цэнхэр тэмдэг гарч тэр тэмдгийг зүүсэн партизануудыг эхэлж байранд оруулна гэсэн бас нэг цуу гарсан юм. Партизанууд бараг бүгдээрээ тэр тэмдэг авсан. 3000 хүн болж явна гэсэн яриа байсан. Яг үнэнээр нь бүртгэх юм бол 25 жилийн өмнө итгэл үнэмшлийнхээ төлөө амь, бие хайргүй явж ад болж алуулахаас бусдыг үзэж явсан партизануудаас тийм ч олон үлдээгүй юм билээ. Нэг аймаг тухайлбал, 27 сумтай Төв аймгийн хэмжээгээр 100 хүрэхтэй үгшйтэй хүн үлдсэн байна билээ. Партизануудын  бараг гурван хүний хоёр нь бурхан болжээ. Партизануудаас УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий прокурор, хотын дарга хийгээд гялалзаж яваа хүмүүс байхад ядарсны улмаас юун ажил хийх манатай дөнгөн данган явж байгаа нь их юм болсон хэсэг олон байна. Тэд нам ялсан, 25 жилийн ой болсон, биднийг харж үзнэ гээд саргар тэмдгээ зүүчихээд Ерөнхийлөгчийнхөө зургийг залчихаад доголон нулимстой залбирч явна. Ядаж байхад тодорхойлолт гэж горьдоогоод яах нь вэ. Монголын түүхэнд гарсан хамгийн том хувьсгал бол 1990 оны Ардчилсан хувьсгал гэдгийг манайх төдийгүй дэлхий үнэлдэг юм билээ л.